| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00087/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ
Улсын яллагч:Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Ч.Сайнжаргал
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхбат
Шүүгдэгч М.Б-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Б- холбогдох 1822002350094 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх дүүгийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг “Их дөрвөлжин” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Малчин овгийн М М.Б- /РД:ЗМ01291511/
Шүүгдэгч М.Б-нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 22-90 ДУЗ улсын дугаартай марк тодорхойгүй мотоцикль ашиглан Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Жирэмийн 5-6 тоот хашаанд байх иргэн П.Алтанцэцэгийн эзэмшлийн модон байшингийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж дотор нь байсан 77 килограмм тэмээний ноосыг удаа дараагийн үйлдлээр хулгайлан хохирогч П.Алтанцэцэгт 1.155.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Насанд хүрээгүй шүүгдэгч М.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 6 сарын сүүлчээр жонш ухах гэж гэрээсээ гарсан. Тэгээд ажиллаж байтал жонш хаасан. Жонш хаахаар нь Алтанцэцэг гуайн тэмээг нь ноослолцож дуусгасан. Байшиндаа тэмээний ноос хийснийг нь би мэдсэн. Тэгээд сүүлд нь Алтанцэцэг гуайн байшин руу нь нэвтэрсэн. Эхлээд аавын 22-90 дугаартай мотоциклиор Алтанцэцэг гуайн байшинд шуудай авч очиж, цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгоод шуудайн дотроо ноос хийгээд явсан. Тэгээд байрлаж байсан хашаандаа очоод маргааш өглөө нь 15 цагийн үед Цэрэндаш гэдэг ченжид тэмээний ноосоо өгөхөд 6 килограмм ноос болж байсан. Тэгээд хилийг нь 15.000 төгрөгөөр бодоод 180.000 төгрөг болсон. Тэр өдрөөс хойш 6 хоногийн дараа дахиад 23 цагийн үед аавын мотоциклийг унаад Алтанцэцэг гуайнд очиж цоожийг нь нөгөө төмрөөр хөшиж онгойлгоод, хоёр шуудайгаар тэмээний ноос дүүргэж аваад явсан. Цоожийг нь байсан хэвээр нь цохиж эвлүүлээд хашаандаа очиж тэмээний ноосоо тавьчихаад маргааш өглөө нь Одгэрэл эгчийн зүүн талд байрлах ченжид өгөхөд 13 килограмм ноос болсон. Нэг хилийг нь 13.000 төгрөгөөр тооцож, нийт 143.000 төгрөг болсон. Тэр орой 20 цагийн үед Алтанцэцэг гуайн хашаанд дахиж мотоцикльтой очиж нөгөө төмрөөр цоожийг нь дахиж хөшиж онгойлгоод дотроос нь нэг шуудай ноос авч яваад 21 цагийн үед ченжид үзүүлэхэд 23 килограмм ноос болсон. Шороотой байна гээд 1 килограмм ноосыг 10.000 төгрөгөөр бодож аваад, нийт 230.000 төгрөг болсон. 17-ны орой 12 цагийн үед дахиж очиж цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгоод үлдсэн шуудайтай ноосыг авч, хашаандаа очсон. Маргааш өглөө нь 11 цагийн үед ченжид өгөхөд 27 килограмм ноос болж, нэг килограммыг нь 10.000 төгрөгөөр бодож аваад, нийт 270.000 төгрөг болсон. Ноос борлуулсан мөнгөөрөө мотоциклийн сэлбэг авсан, ойр зуурын идэж, уух юм авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна ...”гэв.
- Хохирогч П.Алтанцэцэгийн “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хулд суманд хөдөө гэрээсээ нөхөр Бат-Эрдэнийн хамт зүүн жирэмийн 5-6 тоот хашаандаа ирээд модон байшиндаа түлхүүрээр онгойлгоод ортол байшингийн зүүн хойд хэсэгт байсан 3 шуудайтай ноос алга болсон байсан. Анх тэмээний ноосоо 2018 оны 07 сарын эхээр хийсэн. Тэрнээс хойш 10 хоногийн дараа хөдөөнөөс ирээд байшиндаа байсан тэмээний ноосоо үзэхэд мөн байсан газраа хэвээрээ байсан, ойролцоогоор 80 шахуу килограмм ноос байсан. 2018.07.19-ны өдөр түлхүүрээр нь нээж ороход хэвийн ажиллагаатай байсан. Жаахан удаж байгаа цоож, бороо шороонд нороод харлаад зэвэрсэн болохоос бусдаар бол зүгээр л ажилладаг цоож. Хүн гараараа онгойлгож чадахгүй, ямар нэгэн төмөр зүйлээр хөшвөл онгойж магадгүй. Манайх 2018 оны 6 сард тэмээгээ ноослоод хагас ноосоо зараад үлдэгдэл ноосоо байшиндаа хийсэн. Манайх тэмээгээ ноослох үеэр М.Б- гэх хүүхэд ирж ноослолцож байсан юм, мөн манай хүүтэй найз нэг анги, өөр хүн мэдэж байгаагүй. Би 2018 оны 6 сард 1 килограмм ноосыг 15000 төгрөгөөр бодож зарж байсан. Одоо ч тэмээний ноосыг 15000 төгрөгөөр гадуур ченж нар авч байгаа. Хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол санал алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
-Гэрч Ц.Цэцэгсүрэнгийн “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Одгэрэлийн хамтаар ноос авч байгаад гэртээ ирээд охин Өлзий-Оршихоос ноос авсан уу? ямар хүмүүс ирж өгсөн бэ? гэж асуухад өнөөдөр 27 килограмм тэмээний ноос авсан, уг ноосийг Мөнхбат ахын хүү М.Б- ирж өгсөн гэж хэлсэн. Тэр өдөр манай нөхрийн дүү Одбаяр ирээд явахдаа, уг ноос өгсөн М.Б-ийг Мөнхбат ахын хүү нь байна гэж Өлзий-Оршиход хэлсэн юм байна лээ. Тэгж л би М.Б- гэх Мөнхбат ахын хүүг тэмээний ноос өгсөн гэдгийг мэдсэн юм... 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхэлж, хонь, тэмээний ноос авч эхэлсэн юм. Нөхөр Одгэрэл бид хоёр ажил гараад гадагш дотогш эзэнгүй яваад байсан юм. Тэр хойгуур манай хоёр охин ноос ноолуур авдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
-Насанд хүрээгүй гэрч О.Өлзий-Оршихын “...Манайх Хулд сумын төвийн урд хэсэг өвсөн фондний зүүн тапд байдаг. Манай ээж аав хоёр болох Цэцэгсүрэн, Одгэрэл нар тэмээ, хонины ноос авч байсан. Би төрсөн эгч Буян-Оршихийн хамтаар ээж, аавыг байхгүй үед ноос ноолуур авдаг юм. Тэгсэн 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр15 цагийн үед Мөнхбат гэх хүний хүү нь болох М.Б- мотоцикльтой ирээд цагаан даавуун шуудайтай тэмээний ноос өгнө гэхээр нь жинлэж үзтэл 13 килограмм байхаар нь 1 килограммыг нь 11000 төгрөгөөр бодож, нийт 143000 төгрөг өгсөн юм. Тэгсэн орой нь мөн 21 цагийн үед ахиад мотоцикльтой ирэх үедээ хоёр годгор шуудайтай тэмээний ноос өгөх гэхээр нь жинлэж үзхэд нийлээд 23 килограмм болсон. Би 1 килограммыг нь 11000 төгрөгөөр бодож нийт 270000 төгрөг М.Б-т өгсөн юм. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед ээж аав хоёр байхгүй байсан юм. Тэгсэн М.Б- мотоцикльтой ирээд 27 килограмм тэмээний ноос өгсөн. Цагаан том даавуун ууттай байсан. Надад өгөхөөр нь үзтэл нилээн шороотой байхаар нь 1 килограммыг нь 10.000 төгрөгөөр бодож нийт 270.000 төгрөг өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
-Гэрч Ж.Мөнхбатын “...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хөдөө гэртээ байж байтал багийн дарга Болормаа сумын төвөөс утсаар яриад суман дээр ир мөрдөгчтэй уупзах хэрэг гарлаа гэхээр нь хүү М.Б-ийн талаар юм байна, нэг асуудал тарьсан байна гэж бодоод иртэл хулгайд холбогдсон байсан. Хөдөө гэрээсээ анх 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр жонш ухах санаатай явсан. М.Б- жоншинд явдаг, жонш руу явж ирээд, гэртээ ирдэг хүүхэд байсан юм. Тэгсэн жонш хаасан, М.Б- сумын төв дээр байна гэж дуулддаг. Гэртээ ирэхээ байсан хүүхэд. Хаана байгааг нь сурахаар манай сумын төвийн хашаанд блокон жижиг байшинд байгаа сураг дуулддаг. Миний цэнхэр өнгийн мотоцикль өөрт нь байдаг юм. Тэрийгээ унаад л сумын төвөөр цагдаа нараас зугтаасан зөрчил гаргасан гэж цагдаа, төлөөлөгч хүртэл манайд ирж М.Б-ийн талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27/
-Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хүү маань ийм гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байгаа. Энэ гэмт хэрэгт холбогдосноос нь хойш хүүгээ өөрийнхөө хажууд байнга байлгаж байгаа. Манайх 500 гаруй бог малтай, мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Хүүд маань хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Би өөрийн хараа хяналтандаа байлгах боломжтой...” гэв.
-Гэрч Ц.Цэрэндашийн “...2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байх Хулд сумын төвийн баруун урд гэр хороололд байх хашаандаа би тэмээний ноос худалдан авч байсан юм. Уг өдрийн 15 цагийн үед байх гэж бодож байна. Ж.Мөнхбатын бага хүү болох М.Б- гэх жаахан шар хүү цэнхэр өнгийн муухан хуучирсан мотоцикльтой ганцаараа ирээд шуудайтай тэмээний ноос өгөх гэхээр нь би жинлэж үзэхэд 5 килограмм билүү 6 килограмм орчим болж байсан. Би нэг килограмм ноосыг 13000 төгрөгөөр бодож, нийт 80000 төгрөгөөр худалдаж авсан санагдаж байна. М.Б- ахиж ноос өгөөгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 28/
-Гэрч М.Бөхбатын “...М.Б- бол миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү хүний үгэнд их сайн ордог, хөдөө мал маллаж амьдарч байна. Манай гэрт эрхэлсэн тодорхой ажилтай хүн байхгүй, мал маллан амьдарч байна. Дүү одоо 17 настай. Дундговь аймгийн Хулд сумын ЕБС-ийн 9-р ангид 2007-2016 онд сурч байгаад өөрийн хүсэлтээр хөдөө гарч, одоо мал маллаж аав ээждээ тус болж байна. Архи тамхи хэрэглэдэггүй, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, ажилд их хичээнгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
-Гэрч Ж.Одончимэгийн “...Миний хүү одоо 17 настай.Дундговь аймгийн Хулд сумын ЕБС-ийн 9 ангид 2007-2016 онд сурч байгаад сургуулиас өөрийн хүсэлтээр гарч, одоо хөдөө мал маллаж аав, ээждээ тус болж байна. Архи тамхи хэрэглэдэгүй урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, ажилд их хичээнгүй, хүний хэлсэн үгнээс огт гардаггүй хүүхэд байгаа юм. Ангийн багш нь Г.Эрдэнэтуяа байгаа юм. Яагаад хулгайн гэмт хэрэг хийснийг нь ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
-Гэрч Г.Эрдэнэтуяагийн “...Сурагч М.Б-жаахан зөрүүд гэмээр зантай хүний үгэнд сайн орно, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байсан. Суралцаж байх хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг холбогдож байгаагүй, хааяа нэг хичээл тасалдаг, тэгээд уулзаж ангид нь авч ирдэг байсан юм. Дунд зэрэг сурдаг байсан юм. Өөрийн хүсэлтээр сургуулиас гарч одоо мал маллаж байна.Сургуульд сурч байхдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй 9-р ангийн эхний улиралд сургуулиас гарсан юм...” гэх мэдүүлэг /хх- ийн 35-36/
-Насанд хүрээгүй яллагдагч М.Б- “...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн үед би ганцаараа Хулд сумын 3-р багийн иргэн Г.Алтанцэцэг гэх хүний эзэмшлийн зуны модон байшингийн хаалганы цоожийг нь төмрөөр эвдээд дотор нь орж тэнд байсан 1 шуудайтай тэмээний ноосыг нь хулгайлсан юм. Тухайн үед би 22-90 ДУЗ улсын дугаартай мотоцикльтой очсон юм. Тэгээд би хулгай хийсэн тэмээний ноосоо сумын төв дээр ноос авч байсан Цэрэндаш гэх хүнд 1 килограмм 15000 төгрөгөөр бодоод зарсан юм.Тэгээд би тэр хүнээс 85000 төгрөг авсан юм. Дараа нь би 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 00 цагийн үед дахин ганцаараа мотоцикльтой очоод модон байшингаас нь 2 шуудай тэмээний ноос хулгайлаад сумын төв дээр Цэцэгсүрэн гэх хүнд 13 килограмм ноосыг 1 килограммыг нь 11000 төгрөгөөр бодож зарж, нийт 143000 төгрөг авсан юм. Дараа нь би 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед иргэн П.Алтанцэцэгийн модон байшинд 3 дахь удаагаа орж 1 шуудай тэмээний ноос хулгайлсан юм. Тэр ноосоо сумын төвд Цэцэгсүрэн ченжид зарсан юм. Би тэр хүнээс 230000 төгрөг авсан юм. Тэр мөнгөөрөө би унаж явсан мотоцикльдоо сэлбэг авсан үлдсэн мөнгөөр нь ойр зуурын хүнсний зүйлд зарцуулсан. Би нийт 3 удаа хулгай хийж 77 килограмм ноос авч 1155.000 төгрөгний хохирол учруулсан. Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/
-Сайнцагаан сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 38-39/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-7/ --Шүүгдэгч М.Б- төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 62/
-Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63/
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 12-15/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 83/
Хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч М.Б-нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Жирэмийн 5-6 тоот хашаанд байх иргэн П.Алтанцэцэгийн эзэмшлийн модон байшинд хууль бусаар нэвтэрч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр 77 килограмм ноосыг 22-90 ДУЗ улсын дугаартай марк тодорхойгүй мотоцикль ашиглан авсан, уг үйлдлийн улмаас хохирогч П.Алтанцэцэгт 1.155.000 төгрөгний хохирол учруулсан болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б- хулгайн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ нь бага хэмжээнд хамаарч байгаа боловч хууль бусаар буюу эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдын байшингийн цоожийг эвдлэх аргаар нэвтэрч 77 килограмм тэмээний ноос хулгайлсан, уг гэмт хэргийг үйлдэхдээ мотоцикль буюу машин механизм ашигласан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, М.Б- холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.М.Б-ийг тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б-нь 2001 оны 9 сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 10 сартай, хэргийг шүүхээр шийдвэрлэх үед 17 нас 1 сар 7 хоногтой байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-64/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-66/-аар тус тус тогтоогдож байна.
Хохирогч П.Алтанцэцэг нь хохиролд 1000.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 69-рт/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б- хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, прокурорын санал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч М.Б- ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар оногдуулахаар шийдвэрлэв.
Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүгдэгч М.М.Б-ийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг эхэд даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Алтанцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн шуудайтай тэмээний ноос шуудайтайгаа 7 килограмм, бэлнээр хураагдаж ирсэн 120.000 төгрөг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ком гильц /кольц, файлц, гильц, поршень/, ком жийрэг 1, кравераторын хаймар хоолой, ууттай ком түлхүүр, мотоциклийн цэнхэр өнгийн суудлын бүрээс, миллний араа, хонсны тросс зэргийг болон энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн Ж.Мөнхбатын эзэмшлийн марк тодорхойгүй 22-90 ДУЗ улсын дугаартай 100.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг улсын орлогод оруулах саналыг гаргаж байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн аав болох Ж.Мөнхбатын эзэмшлийн марк тодорхойгүй 22-90 ДУЗ улсын дугаартай мотоциклийг ашигласан, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо ком гильц /кольц, файлц, гильц, поршень/, ком жийрэг 1, кравераторын хаймар хоолой, ууттай ком түлхүүр, мотоциклийн цэнхэр өнгийн суудлын бүрээс, миллний араа, хонсны тросс зэргийг худалдаж авсан гэж мэдүүлж байгаа боловч үүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого, түүний үнэ гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизмыг хураан авалгүйгээр битүүмжилж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эцэг Ж.Мөнхбатын эзэмшлийнх байх тул эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ 53 сантиметр урттай төмрийг байшингийн цоож эвдлэхэд ашигласан бөгөөд түүнийг эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Малчин овгийн Мөнхбатын М.Б-ийг машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад 1155.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.М.Б-ийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг Ж.Мөнхбат /эцэг/, Ж.Отгончимэг /эх/ нарт даалгасугай.
4.Шүүгдэгч М.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу цагаан өнгийн шуудайтай тэмээний ноос, 120.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 53 см урттай төмрийг устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж, мотоциклийн ком килц , ком жийрэг, зөөлөн хаймер 1 ширхэг, цэнхэр өнгийн мотоциклийн суудлын бүрээс 1 ширхэг, 1 ширхэг ууттай түлхүүр багаж, миллний араа, хонсны тросс зэргийг М.Б- буцаан олгосугай.
7.Эрүүгийн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018.08.24-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б- урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХБАТ