Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 367

 

ШИЙДВЭР

2016-06-09    Дугаар 367    Хэрлэн сум

 

 

 

 

                  
                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        156/2016/00042/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
    Нэхэмжлэгч: Монгол-Эмимпекс концерны харъяа Хэнтий-Эм хангамж компанийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн Д-103 дугаар байрны 15 тоотод оршин суух, иргэн Авгадай овогт  Мажигсүрэнгийн Нарангэрэлд холбогдох 
    “58 319 667 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анхмаа, Монгол эмимпекс концерны хуулийн зөвлөх ажилтай, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч                      Н. Дэмбэрэлдагва, хариуцагч М.Нарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Ц. Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. Болор-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:
              Нэхэмжлэгч Монгол-Эмимпекс концерны Хэнтий Эм хангамж ХХК-ийн захирал                 С. Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус “Хэнтий эм хангамж” ХХК нь Улаанбаатар хот дахь “Монгол эмимпекс концерн” ХХК-ийн салбар компани бөгөөд иргэн Мажигсүрэнгийн Нарангэрэл нь “Монгол эм импекс концерн” ХХХ-ийн захирлын шийдвэрээр 2002 оноос 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл манай компаний захирлаар бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан юм. 
    Тийнхүү ажиллах хугацаандаа М.Нарангэрэл нь холбогдох хууль, дүрэм, журмыг бүрэн мөрдөж ажиллагаагүйгээс 58 319 667 төгрөгийн хохирол учруулсан болно. Энэхүү дутагдлын    42 005 609 төгрөг нь нэхэмжлэлд хавсаргасан аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт зэрэг олон нотлох баримтаар нотлогдож байгаа ба 10 300 000 төгрөгийг аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлсөнд, 1 833 616 төгрөгийн уг дутагдлыг  Монгол эмимпекс концерн ХХК-ийн эрх хэмжээнд шалган тогтоох, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэгт гаргасан зардал юм. 
    М.Нарангэрэл нь өөрөө төлбөрийн зарим хэсгийг төлөх талаар бидэнд хэлж байснаас гадна эрүүгийн хэрэгт энэ талаар мөн мэдүүлсэн байна.
    Иймд хариуцагч М.Нарангэрэлээс тус компанид 58 319 667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.            
              Хариуцагч М.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэнтий эм хангамж” ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
    Миний бие төвөөс эм, бараа хүлээж авч худалдан борлуулах үйл явцад хууль, журамд заасны дагуу шударгаар ажиллаж эмийн хугацаа дуусах болоход урьдчилан төв рүү удаа дараа мэдэгдэж дууссан тохиолдолд буцаалт хийх талаар мэдэгдэж байсан боловч төв байгууллагын холбогдох ажилтнууд шаардлагатай арга хэмжээг авдаггүй, цааш танилцуулна гээд хариу агахгүй уддаг, боловсон хүчнүүд ойр ойрхон олон удаа солигдох зэргээр төв байгууллагын ажилтнуудын ажлын уялдаа холбоо муу, дотоод зохион байгуулалтгүй, удирдлагуудын шаардлага хяналт сул байдлаас шалтгаалан эмийн хугацаа дуусах, буцаан татан авалт хийхгүй, өр авлага, агуулахын үлдэгдэл үүсгэх байдлууд гардаг байсан. Би өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг тухай бүр авдаг байсан.
    Гэнэтийн шалгалт хийж тоолохдоо эмийн нэрээ ч ялгаж танихгүй, мэргэжлийн бус, ажилд ороод удаагүй хүмүүс тоолж эм дутагдуулсан гэж тогтоосон тул ямар ч үндэслэлгүй юм.
    Мөн хугацаа дууссан эм буцаан авч явахдаа тоолоогүй, надтай баримтаар хүлээлцээгүй, замбараагүй ачиж явснаас хэдийн хэрийн эм тариа авч явсан нь тодорхойгүй.
    Намайг яаруулж шахамдуулах, цагдаа шүүхэд хандах гэх мэтчилэн ярьж төөрөгдүүлэн, би өөрөө олон жил ажилласан байгууллагаасаа их эм, бараа дутагдуулсан хүн болох нь уу дээ гэж гайхаж, нэрэлхэх зэрэгцэн танилцсан гэдэг агуулгаар гарын үсэг зурах болсон болохоос дутагдуулснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй юм.
    Аудитын дүгнэлт дээр тус байгууллагын нягтлан санхүүгийн программ дээр буруу ажилладаг, орлого, зарлагыг хүчээр тулгаж бариулдаг гэх мэт алдаатай зөрчилтэй үйлдлүүд хийдэг байсан талаар, мөн удирдах төв байгууллагын хяналт, бүртгэлийн тогтолцоо муу, үйл ажиллагаа нь доголдолтой зэргээс болж алдаа зөрчил гардаг байж гэж дүгнэсэн байдаг.
    Тэгтэл дан ганц намайг буруутан болгож, нэг насаараа, хоёргүй сэтгэлээ хөлс хүчээ өгч ажилласан байгууллага минь гавъяаныхаа амралтанд нэр төртэй гарах байсан намайг цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлж сэжигтэн, яллагдагч болгон олон сарын турш цагдаа, прокурорын байгууллагын үүд сахиулж байцаалган, цаг зав, ажил амьдрал алдуулан энэ насандаа үзээгүйгээр мууг минь үзүүлж, олон түмний дунд нэр хүнд муутгаж ар гэр хамаатан саднаар минь сэтгэл санаагаар унагаж зовж шаналгасанд маш их гомдолтой байна. эрүүгийн хэрэг биш, үндэслэлгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь угаасаа тодорхой байсан. Эрүүгийн байтугай Иргэний хэрэг ч биш шүү дээ. Өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа бож алдагдал дутагдалд орсныгоо над руу тохсон.
    Миний хоёр хүү өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгө, нөхөр бид хоёр хүнсий дэлгүүр олон жил ажиллуулж хуримтлуулсан мөнгө зэрэг дээрээ нэмж банкнаас зээл авцгаан орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулсан. Энэ байдлыг анзааран намайг мөнгөтэй хүн, төлбөрт унагаачихвал төлчих чадвартай гэж тооцоолон ор үндэслэлгүй дахин нэмж тоолох зэргээр өр авлага, дутагдал гэгчийг үүсгэн эмийн хугацаа дуусах гэж байна, дууссан шүү арга хэмжээ аваарай гээд байхад арга хэмжээ авдаггүй зэрэг өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж учирсан алдагдалаа төлүүлэх гэсэн арга гэж бодож байна.
    Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
            Миний бие үндэслэлгүйгээр гүтгэгдэн хуулийн байгууллагад шалгуулах явцад цаг зав, ажлаа нэр хүндээ алдаж олох ёстой байсан орлого, өмгөөлөгч авсны хөлс, эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол зэрэг гэм хор учирсан байгаа. Эдгээрийг өмгөөлөгчтэйгээ ярилцан сөрөг нэхэмжлэл гаргах эсэхээ шийдвэрлэх болно гэв. 
            
           Нэхэмжлэгч болон хариуцагч талууд шүүх хуралдаан дээр дор дурдсан тайлбаруудыг хийж маргаж байна. Үүнд.

           Нэхэмжлэгч байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Анхмаа: “Монгол эмимпэкс концерн” ХХК-ийн харъяа “Хэнтий эм хангамж” ХХК нь М.Нарангэрэлээс 58 319 667 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 42 005 609 төгрөг нь аудитын дүгнэлтээр М.Нарангэрэл дутагдуулсан гэж гарсан эм барааны үнэ, 12 139 626 төгрөг нь аудитын дүгнэлт гаргуулсан мөнгө, мөн шалгалт, тооллогоор ирсэн хүмүүсийн хоол, унааны зардлын үнэ, 4 180 442 төгрөг нь бусад байгууллагуудаас авах авлага байгаа. Ингээд нийт 58 319 667 төгрөгийг М.Нарангэрэлээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.Нарангэрэл нь “Хэнтий эм хангамж” ХХК-ийн захирал, мөн давхар эд хариуцагчаар ажиллаж байсан. 2014 оны 8 сар, 11 саруудад тоолоход ийм хэмжээний дутагдал гарсан бөгөөд М.Нарангэрэл үүнийг хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан байдаг гэв. 
             Хариуцагчийн өмгөөлөгч Ц. Эрдэнэчулуун: Нэхэмжлэгч талаас нэхэмжлээд байгаа дутагдуулсан эм барааны үнэ 58 319 667 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа, яагаад гэвэл нэхэмжилж байгаа эм, барааны үнийг хүлээн зөвшөөрөөгүй, ийм хэмжээний дутагдал гаргаагүй, ийм төгрөгийн бараа хүлээж авсан гэсэн баримт байхгүй. Мөн аудитын дүгнэлт бол бидний буруутай үйл ажиллагаанаас болж гаргуулаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа энэ мөнгийг бүхэлд нь төлөх үндэслэл байхгүй гэв. 
             Нэхэмжлэгчийн байгууллагын өмгөөлөгч Н. Дэмбэрэлдагва: Аудитын дүгнэлтийг мөрдөн байцаах шатанд заавал хийх шаардлагатай байсан учраас хийсэн байгаа. Энэ аудитын дүгнэлтээр 42 сая төгрөгийн бараа дутагдуулсан гэж гарсан бөгөөд үүнийг дараа нь шинжээчийн дүгнэлтээр мөн нотолсон байгаа. Хэрэг прокурор дээр байхад улсын яллагч  М.Нарангэрэлд холбогдох хэргийг хэрэг мөн байна, дээрх төгрөгийн барааг дутагдуулсан нь үнэн байна, гэхдээ иргэний хэрэг байна гэсэн байгаа. М.Нарангэрэл энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед хэлэхгүй яасан юм бэ. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй, нууцын баталгаатай байгаа учраас  энэ дутагдлыг М.Нарангэрэл бүрэн хариуцах ёстой гэж бодож байна гэв.
            Хариуцагчийн өмгөөлөгч: М.Нарангэрэл нь эд хариуцагчийн хувьд 2000 оноос “Монгол эмимпекс” концерныг төрийн өмчийн аж ахуйн нэгж байхаас нь эхлүүлээд ажилласан. Гэхдээ эд хариуцагчаар томилогдсон гэж байгаа боловч “Монгол эмимпекс” концерн, М.Нарангэрэл хоёрын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүсч байгаагийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулагдах ёстой. Гэтэл хэн нэгэн дарга, захирал тухайн хүнийг ажил, албан тушаалд томилсон тушаал гаргачихаад тэрийгээ өөрт нь танилцуулаагүй, өөртэй нь зөвшилцөөгүй, тийм зүйл байж болохгүй. “Монгол эмимпекс” концерн нь цагдаагийн байгууллагад Нарангэрэл гэдэг хүн манай байгууллагаас мөнгө хувьдаа идэж ашигласан, дутагдал гаргасан гэж гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол дээр танай байгууллагаас хувьдаа идэж ашиглаагүй байна гэдэг үндэслэл байгаа болохоос М.Нарангэрэлийг бараа дутагдуулсан нь нотлогдож байна гэсэн ганц ч өгүүлбэр байхгүй. Энэ хохиролтой холбоотой асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь зааж өгсөн болохоос биш яг тогтоосон зүйл байхгүй. Нарангэрэл гэдэг хүн эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 1 зүйлийг тогтмол хэлдэг. Энэ дутагдал гээд байгаа мөнгө тогтоогдох юм бол төлнө гэдэг. Тэрнээс биш би төлнө, төлнө гэдэг ам тангараг өгч, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, ямар нэг байдлаар өршөөлд хамрагдсан зүйл байхгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримт гэж нэг ширхэг ч байхгүй, тийм нотлох баримт ч байж болохгүй. Гэтэл аудитын дүгнэлт бол нэг л нотлох баримтын нэг бүрдэл хэсэг нь юм. Тийм ч учраас бид анхан шатны санхүүгийн бүртгэл,  баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлт тавьсны дагуу гаргаж байх шиг байна. Тийм учраас аудитын дүгнэлтээр энэ хэрэг тогтоогдсон гэж ярьж болохгүй юм. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв. 
              Нэхэмжлэгчийн байгууллагын өмгөөлөгч: Сая хариуцагчийн өмгөөлөгч ярихдаа прокурорын байгууллагаас Нарангэрэлийг дутагдал гаргасан гэж тогтоогоогүй гэж байна. Улсын яллагчийн тогтоол дээр М.Нарангэрэлийг 42 сая төгрөгийн эм, бараа, материал дутагдуулсан болох нь тогтоогдсон гэж маш тодорхой заачихсан байгаа. М.Нарангэрэл нь өөрийн гэм буруугаа эрүүгийн хэрэгт хүлээсэн ба энэ талаар иргэний хэрэгт хавсаргаж өгсөн байгаа.  2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Нарангэрэл нь бусад байгууллагуудад авлага үүсгэсэн 4 сая гаруй төгрөгийг би цуглуулж өгнө гэж баталгаа гаргаж өгсөн байдаг. Гэтэл сая өмгөөлөгч нь М.Нарангэрэлийг ганц ч төгрөгийн дутагдал гаргаагүй мэтээр ярьж байна. Мөн аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж ярьж байгаа боловч яагаад ингэж үзэж байгаагаа хариуцагч тал нотолж чадахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлэлгүй, дутагдал гаргасан. Мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Мөн хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар зохицуулсан байгаа. М.Нарангэрэл нь тус байгууллагатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаад ажиллаж байсан. Сая Нарангэрэл болон түүний өмгөөлөгч нь төв компаниас ямар ч эм бараа хүлээж аваагүй гэсэн зүйл ярьж байна. Бид Нарангэрэлийн талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт бүхнийг хангасан. Яг толгой компаниас хүлээж авсан эм барааг надаас нэхэмжлээгүй гэдгээ өөрөө хэлсэн. М.Нарангэрэл нь 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ 44 сая төгрөгийн дутагдал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Тийм учраас М.Нэрэнгэрэл нь “Монгол эмимпекс” концернтой байгуулсан гэрээний дагуу дутагдуулсан эм барааны үнэ, төлбөрийг төлөх үүрэгтэй нь бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна гэв. 
            Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Нарангэрэлийг 5 сая төгрөгийн баталгаа гаргасан гэсэн асуудал ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол 54 сая төгрөгийг М.Нарангэрэлийг дутагдуулаад, өөрөө хувьдаа ашигласан гэдэг утгаар нэхэмжилж байна гэж ойлгож байна. Харин М.Нарангэрэл нь бусад байгууллагад 5 сая төгрөгийн эм, бараа зээлдүүлээд, үүнийгээ хүлээн зөвшөөрөөд, тэр байгууллагуудаасаа авч өгнө гэж баталгаа гаргасныг нь 54 сая төгрөгийн эм бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол тийм зүйл биш юм. Хоёрдугаарт эд хариуцагчийн асуудал ярьж байна. Тухайн хүнийг эд хариуцагчаар ажиллуулж байгаа тохиолдолд тэр хүнтэй хөдөлмөрийн гэрээ, болон өөр ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах ёстой. Гэтэл тухайн хүнтэй өөртэй нь тохиролцохгүйгээр ямар нэгэн байдлаар Монгол эмимпекс концерн тушаал гаргачхаад, чи эд хариуцагчаар ажиллаж байсан тул чи хариуцах ёстой гэсэн зүйл ярьж болохгүй. М.Нарангэрэл нь тус компанид 2012 оноос хойш эд хариуцагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Харин эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээг 2010 онд байгуулсан байгаа. Бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээний хавсралт болгоод эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байдаг. Салбарын захирлын бүрэн хариуцлагын гэрээн дээр тодорхой хэмжээнд хариуцаж байгаа эд хөрөнгийн хувьд хариуцлага хүлээхээр заасан болохоос биш, яг эд хариуцагчийн хувьд бүрэн хариуцлага хүлээх зүйл энэ хөдөлмөрийн гэрээн дээр нь байхгүй. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн хуулийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад байдаг. Тэгтэл нэхэмжлэгч байгууллага М.Нарангэрэлтэй Хөдөлмөрийн хуульд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэсэн байгаа. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргээ биелүүлэхийг шаардаж болохгүй гэсэн байгаа. Тийм учраас өнөөдөр энэ хүнээс эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг нэхэх, шаардах эрхгүй гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллага нь хүчин төгөлдөр бус гэрээ байгуулчихаад, мөн Хөдөлмөрийн тухай хуулиар давхар эрхэлж болохгүй ажил, албан тушаал буюу удирдах, хяналт тавих албан тушаалыг давхраар эрхэлж болохгүй гэж заасан байхад тухайн салбарын захирал, мөн өөрсдөө эд хариуцагчийн тушаал гаргачхаад, давхар ажил хийлээ гэж энэ хүнд ямар нэгэн цалин хөлс олгоогүй, тохиролцоогүй байж өнөөдөр энэ хүнээс бүрэн хариуцлага нэхээд сууж байх эрх байхгүй юм. Бид өнөөдөр яагаад эм бараа хүлээн авсан, аваагүй гэж яриад байна вэ гэвэл тухайн компаниас тодорхой хэмжээний бараа хүлээж аваад, зарж борлуулаад, ашиг олоод явж байсан нь үнэн боловч дутагдал болгож нэхэмжлээд байгаа тэр барааг яг Нарангэрэлд хүлээлгэж өгсөн гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэгэхээр хүлээж аваагүй барааг дутагдал гэж гаргачхаад, тооллогоо хийхдээ компьютерт нь байгаа бараа, материалыг тулгаж үзэхгүйгээр, өөрсдөө Улаанбаатараас бэлдэж авчирсан, өөр хэн нэгний шивсэн баримтыг гаргаж ирээд тооллого хийгээд ийм дутагдал байна гэж гаргаж ирж байна. Ийм байдлаар 2 удаа тооллого хийчхээд, дутагдал гэж 40 гаруй сая төгрөг нэхэмжлээд байгааг бид төлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Тийм ч учраас тооллого хийхдээ ямар баримт дээр яаж үндэслэсэн, тооллогын комисс хэрхэн хуралдаж энэ дүгнэлтийг гаргасан талаарх баримт байхгүй байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд эд хөрөнгийн тооллогын комисс ямар нэгэн шийдэл гаргавал түүнийгээ баталгаажуулж акт үйлдэж, гарын үсэг зурж тогтооно гэсэн байгаа. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй. Бидний зүгээс санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөөч гэж хүсэлт тавьдаг нь ажил олгогчид бүх баримт байдаг учраас ийм учиртай юм. Аудитын дүгнэлт дотор М.Нарангэрэлийг эд хариуцагч юм гэж дүгнэдэг. Миний дээр хэлснээр эд хариуцагч гэдэг хүн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэрээ, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан хүн байх ёстой. “Хэнтий Эм хангамж” компанийн бөөний тасаг нь Хэнтий аймагт 2012 онд байгуулагдаад М.Нарангэрэлийг эд хариуцагчаар тогтоогоод байгаа асуудал яригддаг.  Үүнээс өмнө зөвхөн захирлын үүргээ гүйцэтгээд явсан байдаг. Аудитын дүгнэлт дотор санхүүгийн программаас авсан excel-ийн файлаар эмийн орлогын журналыг эмийн орлогын падаантай тулган шалгасан боловч орлогын баримт дутуу тул тоо ширхэг, үнийн дүн зөрж бодит байдалд нийцэхгүй байсан тул Maкс болон Даймонд программд орлого авсан барааг үндэслэж Монгол эмимпекс, Хэнтий эм хангамжид өгсөн орлогын бүртгэлийг гаргав гэсэн байгаа. Миний хэлээд байгаагаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримт дээр тулгуурлаж санхүүгийн тайлан, тооцоо, бүртгэл гарах ёстой байдаг. Гэтэл ийм зүйл байхгүй, будлиантай зүйл дээр аудит дүгнэлтээ гаргасан шүү гэж хэлээд байгаа. Мөн Хэнтий эм хангамж компанийн нягтлан бодогч Макс программд эмийн орлого авахдаа падааны үнийн дүнд бариулан барааны нэгж, тоо, хэмжээг өөрчлөн хийсэн нь аудитаар илэрсэн гэсэн байгаа. Тэгэхээр энэ 40 гаруй сая төгрөгийн дутагдал гарахад нөлөөлсөн нэг хүчин зүйл бол энэ нягтлан бодогч тухайн барааг тоо, ширхэг, нэрээр нь биш үнийн дүнд нь бариулан программд орлого хийдэг байсан байгаа. Аудитын дүгнэлт дотор шууд 40 хэдэн сая төгрөг гэхээсээ илүү нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа гэм буруугийн асуудал ярих юм бол хэн нэгэн гэм буруутай этгээдээр төлүүлэх хуулийн зарчим байгаа. Тэгэхээр эндээс хэн гэм буруутай байна вэ, нягтлан бодох бүртгэлийг хэн будлиантуулаад, хийж чадахгүй байна вэ гэдэг асуудал урган гарч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд нягтлан бодогчийн эд хөрөнгийн тооллого хийх, бараа материал бэлтгэн нийлүүлэх, хүлээн авж, тогтоосон хугацаанд тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулах, баримтжуулах энэ бүх үүргүүдийг зааж өгсөн байгаа. Энэ бүх нягтлан бодох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг нь салбарын захирал, нярвын асуудал биш, нягтлан бодогчийн үүрэг юм. Тэгэхээр М.Нарангэрэлийн хувьд хэдэн төгрөгийн бараа хүлээж авсан нь тодорхойгүй, тухайн дутагдал гээд байгаа барааг яг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, ийм зүйл дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаад, нэхэмжлэлийг нотлоод байна гэж байгаа нь боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв
       
           Шүүх хуралдаан дээр зохигчид нь дараах нэмэлт тайлбаруудыг хийсэн. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Худалдах үнэ гэдэг бол эмийн сан руу бараагаа өгөхдөө тооцдог дүн, өртөг үнэ гэдэг бол бөөний төвөөс бусад эмийн сан, хөдөө орон нутаг руу өгдөг дүн байгаа. Манайх одоо бол бөөний үнэ буюу өртөг үнээр тооцож энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Мөн намайг тооллого хийдэггүй байсан гэж байна. Тэгвэл 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өөр нягтлан байсан байгаа. Хэрвээ үнэхээр тооллого тооцоо тийм хийдэг байсан юм бол тэр нягтланг байхад тооллого хийхгүй яасан юм бэ. Тэр санхүүгийн тайлан дээр гарын үсэг байхгүй байгаа нь миний оронд хэдэн сар түр өөр нягтлан бодогч байсан бөгөөд тэр тайлангаа ч гаргаагүй байсан ба тэрийг нь би гаргасан. 2014 оны 3 дугаар улирлаас би өөрөө ажилдаа орсон байсан учраас би өөрөө тайлан гаргаж гарын үсэг зурсан байгаа. Энэ тайлан дээр яагаад зарим нь гарын үсэггүй байна вэ гэвэл хөдөө орон нутаг руу шуудангаар явуулдаг, заримыг нь өөр хүнээр дамжуулж явуулдаг байсан. Энэ гарын үсгийн бүрдлийг эд хариуцагчийн хувьд Нарангэрэл захирал бүрэн хариуцах ёстой байдаг. 
           Хариуцагч: Нягтлан Анхмаа бол 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан юм шиг ярьж байна.  Гэхдээ 1, 2 сард цалин авсан байгаа. Тэгээд өөрийнхөө оронд орж байгаа шинэ хүнийг дадлагажуулна гээд бас хэсэг явсан. Анхмаа өөрийнхөө орны шинэ хүндээ орлого, зарлагаа аваад л явж бай, би удахгүй ирнэ, эргээд ажилдаа орно, бараг 1 дүгээр улирлын балансаа өөрөө гаргачих юм яриад явсан. Тэгээд ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, эргэж орохдоо албан ёсоор хүлээж ч аваагүй. Тэр орлогын баримт, зарлагын баримтуудын хувьд нягтлан надаас гарын үсэг зураагүй баримт авах ёсгүй байх гэж бодож байна. Тэр шинэ нягтлангийн хувьд Анхмаа өөрөө  зааж сургаад, хэлж ярьсан бол гайгүй хийх байсан байх. Гэхдээ Анхмааг байхгүйд орлого, зарлага аваад явсан байгаа. Тэр охин мэдэхгүйгээсээ болоод 1 зүйлийг 2 орлого авсан байсан. Тэрний нэг нь зарлага болж гараад нөгөө нь надад байх ёстой юм шигээр дутагдал болж саяын тооллогоор гарсан байгаа. Мөн программ дээр алдаатай зүйл их гарсан. Жишээ нь л гэхэд Биомикс гэдэг эмийг 311 орлого хийгээд, 311 гэсэн зарлага хийсэн мөртлөө тайлан товчооны үлдэгдэл дээр 200 гэсэн үлдэгдэлтэй явж байгаа. Энэ нь надаас дутагдал болж гарсан байгаа. Макс программд ч мөн алдаа байдаг, би программыг 100 хувь баталгаатай гэж хэлж чадахгүй. Тэр Немон программыг надад зааж өгөөгүй, би мэддэг байсан бол өөрөө хийчихнэ. Гэтэл тэр бол надад зааж өгдөггүй, зөвхөн нягтлангуудын ажилладаг программ байгаа. Би тэр программ дээр ямар зүйлийг хэд ч гэж тавьж байгаа юм билээ мэддэггүй байсан. Сүүлд дутагдал гараад би бичиг цаасаа харъя гээд үзэхэд программд нэг барааг хэд, хэдэн удаа орлого хийсэн асуудал гарч ирсэн.  Шинэ нягтлан баланс хийж чадахгүй байсан. Анхмаа өөрөө ирээд, ажлаа хүлээж аваад тэр тооцоог хараад хаанаа яаж зөрөөд тооцоо нийлэхгүй байгааг мэдэх ёстой. Гэтэл Монгол эмимпекстэй тооцоо нийлсэн зүйл байхгүй байж ийм байдлаар явчихсан байгаа. Нөөцийн агуулахын тооллогыг жилд 1-2 удаа хийх ёстой байдаг. Бараа материалын нэр төрөл гараад, орлого, зарлага хийгдсэн үед тооллого орж хийгдэх ёстой. Жор хүлээн авагч нарт эм өгсөн байгаа, бас 10-аад сая төгрөгийн хугацаа дууссан эмнүүд байсан, үүнийг жилийн эцсээр бүгдийг нь акталж устгаж өгсөн байна лээ. Над дээр бол цаад компани нь эмнийхээ мөнгийг төлсөн учраас 2 400 000 төгрөгийг миний дутагдлаас хасч өгсөн байгаа. Ер нь намайг ажиллаж байх үед 2 жор баригч хоёулаа өр төлбөрт орж, дутагдалд орсон байгаа. Тэгээд хоёулаа цагдаагийн газарт дуудагдан ирж, нэг нь төлбөрөө төлсөн байгаа. Тэгээд хоёулаа ажлаасаа гарсан. Тэгэхээр ганц миний өр дутагдал ч биш, хоёр жор баригчийн өр дутагдал бүгдээрээ нягтлантай холбоотой байх гэж бодож байгаа. Би ганцаараа өр гаргаад, ашиглаж идсэн зүйл байхгүй. Гагцхүү санхүү, нягтлан бодох программ, бүртгэлээс болоод гурвын гурван жор баригч, өр төлбөрт ороод, ажилгүй болчихоод байж байна. Эмийн сан бол сар, сардаа тооллого хийгээд явж байсан, харин Анхмаа дутагдлыг нь дутагдал гэж гаргахгүй явж байсан. Тэгээд эмимпексээс тооллого ирээд л гэнэт их дутагдал гарсан. Миний хувьд нягтлан бодох бүртгэлтэй холбоотойгоор их өрөнд орсон гэж бодож байгаа. Тийм учраас ийм баримтууд дээр үндэслэж гаргасан аудитын дүгнэлт үндэслэлгүй зүйл гэж үзэж байна.  
            Шүүх хуралдаан дээр зохигчдын өмгөөлөгч нарын хэлсэн санал

             Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч: Бид энэхүү нэхэмжлэлийг ямар хууль, ямар дүрэм журамд үндэслэж гаргаснаа тодорхой дурдсан. Шүүх хуралдаан бол аль, аль талдаа адил тэгш боломж олгож, шүүхийн хэлэлцүүлэг өргөн хүрээнд явагдлаа. Нотлох баримтуудын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг хангасан байгаа. Манай зүгээс нотлох баримтын эх баримтуудыг хүртэл гаргаж өгсөн байгаа. Манай талаас сүүлд гаргаж өгсөн баримт бол энэ хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой баримт бус юм. Аудитын дүгнэлтэд төв концерноос хийсэн тооллого, тооцоо, бүртгэл учир дутагдалтай байсныг тодорхой дурдсан, үүнийгээ аудит өөрийнхөө эрх хэмжээний дагуу засаж залруулаад дүгнэлтээ гаргасан байгаа. Гэхдээ манай компаниас явуулсан 2 удаагийн тооллого бол тийм ч үндэслэлгүй байгаагүй нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг болон аудитын дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Аудитын дүгнэлтээс манай тооллогын дүн 700 000 төгрөгөөр л зөрж байгаа. Хариуцагч М.Нарангэрэл сая аудитын дүгнэлт их учир дутагдалтай болсон мэтээр ярьж байна. Аудит дүгнэлтдээ эрүүгийн 1 хавтаст хэрэг, Монгол эмимпекс концерн болон Хэнтий эм хангамж компаниас ирүүлсэн санхүүгийн баримт материалууд, 2013, 2014 оны нөөцийн складын тайлан, анхан шатны баримтууд, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх орлого, зарлагын товчоо журнал, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тооллого хийж, тооцоо бодсон актууд, журнал, 2014 оны 11 дүгээр сарын 09-нд Нарангэрэл, Болормаа нарын хүлээлцсэн эмийн тооллогын бүртгэл, харилцагч байгууллагуудтай тооцоо хийсэн тооцооллын хүснэгт зэргийг аудитын дүгнэлтэд хамруулж, дүгнэлтийг маш тодорхой хийсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа, мөн манайхаас их уян хатан хандсан байгаа. Энэ их дутагдлыг тогтоохын тулд маш их зардал гаргаж ажилласан, мөн миний бие Улаанбаатар хотоос хэд хэдэн удаа ирж, буцсан зардал байгаа, тэрийг огт нэхэмжлээгүй. Тийм учраас манай гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул бүрэн хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

              Хариуцагчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгч байгууллага нь 58 319 667 төгрөгийг М.Нарангэрэлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнээс 42 605 609 төгрөг нь эм бараа дутагдуулсны мөнгө гэж ярьдаг. Гэтэл энэ дутагдуулсан гээд байгаа эм, бараа дотор дутагдал гэж үзэхээргүй, хугацаа хэтэрсэн эмнүүд байгаа, эд нар бол ямар нэг байдлаар дутагдалд орж тооцогдохгүй. М.Нарангэрэл нь эд хариуцагчийн хувьд хөдөлмөрийн гэрээ ямар нэгэн байдлаар байгуулагдаагүй, ямар байдлаар, ямар чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь тодорхойгүй байдаг. М.Нарангэрэл тэр эд хариуцагчаар томилсон 2012 оны тушаалыг өнөөдөр л хавтаст хэрэгт авагдсан байна, сая л харж байна гэж байна. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж үүрэгжүүлсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, хөдөлмөрийн гол нөхцлөө тохироогүй байж эд хөрөнгийн бүрэн хариуцлагын асуудал ярих зохимжгүй юм. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугийн асуудал гарч ирнэ. Тэр дутагдсан гээд байгаа эм, бараа, хугацаа нь дууссан гээд байгаа эм бараа нь М.Нарангэрэл гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болоод дутагдсан бол энэ хүний гэм буруугийн асуудал яригдана. Гэтэл өнөөдөр М.Нарангэрэл гэдэг хүний гэм буруугийн талаар огт яригдсангүй. Өнөөдөр дутагдуулсан гээд байгаа 700 гаруй нэр төрлийн эм, барааг хэзээ өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх дутагдал гэж ярьж байгаа боловч энэ эмийг хэзээ өгөөд, яаж дутагдсан талаарх баримт хэрэгт байхгүй. Бид үүнийг нотолж чадахгүй байна, яагаад нотолж чадахгүй байна вэ гэвэл Монгол эмимпекс концернд бүх нотлох баримтууд нь байгаа учраас нотолж чадахгүй байна. Монгол эмимпекс концерноос гаргасан нотлох баримтууд нь шаардлага хангасан, санхүүгийн анхан шатны баримтуудын шаардлагууд нь ямар хэмжээнд байх ёстой вэ гэдэг нь хангагдаагүй байна.  Тэгэхээр бидний хувьд тэр дутагдал гээд байгаа эм, барааг аваагүй, дутагдал гээд байгаа эмнүүд нь хэдэн сарын хэдний өдөр ирээд Нарангэрэл гэдэг хүн хэзээ, яаж дутаасан нь хавтаст хэрэгт огт байхгүй, нотлогдохгүй байгаа. Хугацаа дууссан эмийн хувьд журам үйлчилдэг байгаа. Гэтэл Монгол эмимпекс концерны хувьд Нарангэрэл гэдэг хүнд энэ журмаа яг танилцуулаад, хэвшүүлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Нотлох баримтуудыг Монгол эмимпекс концерн гаргаж байгаагийн хувьд энэ журмыг хэзээ ч гаргаад, он сарыг нь тавиад гаргаад аудитын газар өгсөн байх боломжтой юм. Нягтлан бодох бүртгэл өөрөө анхан шатны баримтанд тулгуурлаж явагддаг. Гэтэл аудитын дүгнэлтэд танай санхүүгийн анхан шатны баримтууд дээр үндэслэж дүгнэлт гаргах боломжгүй учраас, бүртгэлийн программд тулгуурлаж дутагдлын хэмжээг гаргалаа шүү гэсэн байгаа. Гэтэл энэ санхүүгийн программ гэдэг бол туйлын үнэн зүйл биш юм. Аудитын дүгнэлтэд 181 сая төгрөгийн эм, бараа материалыг санхүүгийн бүртгэлийн программд байна, үлдэгдэл 60-аад сая төгрөгийн бараа программд огт байхгүй байна шүү гэдгийг аудит тогтоочихсон байгаа. Нягтлан бодох бүртгэлийн программ бол хэн нэгэн өөрт ашигтай байдлаар засах боломжтой байдаг. Харин санхүүгийн анхан шатны баримтууд дээр явагдвал нэг барааг нөгөө хүнд өгсөн гэсэн асуудал нь гарын үсгээр харагдана. Нарангэрэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өнөөдөр М.Нарангэрэлийг чи эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө ингэж хэлсэн гээд хүлээн зөвшөөрүүлэх гээд ядаад байна. Сэжигтэн яллагдагч өөрийн гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрөх, нотлох үүрэг хүлээдэггүй учраас энэ мэдүүлэг нь нотлох баримт биш юм гэж үзэж байна. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 11 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд аудитын дүгнэлт гарсан ба энэ хугацаанд 42 сая төгрөгийг дутаах боломжгүй юм. Байгууллагын дотоод тооллого хийсэн асуудлыг шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэчихсэн байгаа. Учир нь Нягтлан бодох тухай хуулийн 22 дугаар зүйлд тухайн барааны үлдэгдлийг тооллогын комисс хуралдаж гаргаж ирээд, аж ахуйн нэгжийн даргаар батлуулаад ирж энэ тооллогыг хийх ёстой. Мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар энэ тооллогыг удирдан зохион явуулах, баталгаажуулах үүрэг нь нягтлан бодогчийн үүрэг юм. Тийм учраас М.Нарангэрэл гэдэг хүнийг захирлаар ажиллахад Монгол эмимпекс концерн ч өөрөө ирж бүрэн бүтэн тооллого хийж байгаагүй, энэ Хэнтий эм хангамж компани ч тооллого хийж байгаагүй учраас санхүүгийн баримт, тайлан тооцоо нь хэрхэн гардаг байсан нь тодорхойгүй байна. Тэгэхээр анхан шатны баримтаар хүлээлгэж өгөөгүй эм бараагаа аудитын дүгнэлт дээр тулгуурлаж 42 сая төгрөгийг нэхэмжилж байна гэдэг нь аудитын дүгнэлт өөрөө санхүүгийн бүртгэлийн программ дээр тулгуурлаж гарсан байдаг учраас туйлын үнэн зөв гэсэн үг биш, нотлох баримтын бүрдлийн нэг нэсэг нь юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэдгийг хэлж байгаа. М.Нарангэрэлийн хувьд эрүүгийн хэрэгт  би санхүүгийн программаар бараагаа асуудалгүй хүлээж аваад дутагдал гарсан бол хүлээхэд бэлэн байна гэдгээ хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бүх асуудлаа үзэж, харж тулгаж нийлэхгүй байж, аудитын дүгнэлт дээр тулгуурлаж нэхэмжлэл гаргаад байгаа юм. Нэгэнт бид 42 сая төгрөгийг ийм байдлаар хариуцахгүй гэж байгаа нь яг энэ дутагдсан гээд байгаа нэр бүхий эм, бараа материалыг Нарангэрэлд хүлээлгэж өгөөгүй учраас холбогдон гарах зардал буюу 10 300 000 төгрөгийн аудит болон шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал, 4 181 442 төгрөгийн бусад байгууллагуудаас авах авлага болон бусад зардал гээд нийт 58 319 667 төгрөгийг төлөх үндэслэлгүй нь эндээс харагдана. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

               Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбарууд, өмгөөлөгчдийн үг санал, болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

                Нэхэмжлэгч Монгол-Эмимпекс концерны харъяа Хэнтий-Эм хангамж ХХК нь хариуцагч М.Нарангэрэлээс Монгол-Эмимпекс концерны харьяа Хэнтий Эм хангамж ХХК-ийн гүйцэтгэх захирал, эд хариуцагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан эм бараа материалын төлбөрт 42 005 609 төгрөг, Мишээл-Од Аудит ХХК-аар аудитын дүгнэлт тайлан гаргуулсны хөлс 9 900 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 400 000 төгрөг, М. Нарангэрэлээс иргэд аж ахуй нэгжид зээлээр эм бараа, материал олгосон /авлага/ 4 180 442 төгрөг, өмгөөлөгч Н. Дэмбэрэлдагвын ажлын хөлс 300 000, хуульч Б. Мөнхбаяраас хуульзүйн зөвлөгөө авсан хөлс 190 516 төгрөг, Монгол Эмимпекс концерноос Мөнгөнбөгж, Баярмаа нарын ахлагчтай 2 ажлын хэсэг 2014 оны 8 болон 11 дүгээр саруудад томилолтоор ирж тооллого, шалгалт хийж ажилласан зардал 1 343 100 төгрөг, нийт   58 319 667 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

               Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр өгч буй тайлбар болон хэргийн үйл баримтуудаас үзэхэд: 

              Нэгдүгээрт: Хариуцагч М.Нарангэрэл нь Монгол-Эмимпекс концерны харъяа Хэнтий-Эм хангамж ХХК-ийн захирлаар 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан./хх-ийн 6х/
 
             Хоёрдугаарт: Менежментийн гэрээг хариуцагч М. Нарангэрэл нь 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол Эмимпекс концерны гүйцэтгэх захирал Б. Болормаатай байгуулсан./хх-ийн 9-14х/

             Гуравдугаарт: Хариуцагч М. Нарангэрэл нь Хэнтий Эм хангамж ХХК-ийн Эд хариуцагч буюу дефектороор өөрийнх нь мэдүүлж байгаагаар 2006 оноос томилогдсон гэх бөгөөд хавтаст хэрэгт байгаа баримтаас үзэхэд Монгол-Эмимпекс концерны гүйцэтгэх захирлын 2012 оны №53 дугаар тушаалаар 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс Хэнтий Эм хангамж ХХК-ийн захирлын ажилтай хавсран эд хариуцагч буюу дефекторын ажлыг гүйцэтгэж байхаар томилогдсон./хх-ийн 7х/

             Дөрөвдүгээрт: Хариуцагч М. Нарангэрэл нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол эмимпекс концерны Тамгын газрын захирал М.Нямсүрэнтэй байгуулсан./хх-ийн 15-16х/

             Тавдугаарт:Хариуцагч М. Нарангэрэл нь 2010 оны 2 дугаар сард Хэнтий Эм хангамж ХХК-ийн захирлын хариуцлага, нууцын баталгаа../хх-ийн 17х/ гарган тус тус ажиллаж байсан байдлууд тогтоогдож байх ба үүн дээр талууд маргахгүй байна.

              Хариуцагч М. Нарангэрэл нь Монгол-Эмимпекс концерны харьяа Хэнтий Эм хангамж ХХК-ийн гүйцэтгэх захирал, эд хариуцагчаар ажиллаж байхдаа 42 005 609 төгрөгийн эм бараа, материалын дутагдал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан Монгол-Эмимпекс концерноос Хэнтий Эм хангамж ХХК- дээр 2014 оны 8 болон 11 дүгээр сард 2 удаа ирж ажилласан ажлын хэсгийн тайлан, тооцоо бодсон актууд, Мишээл-Од аудит ХХК-ийн гаргасан аудитын тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2015.08.18-ны өдрийн №176 дугаартай дүгнэлт, М. Нарангэрэлд холбогдох эрүүгийн 201523000006 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я. Сансарын 2015.12.15-ны өдрийн 5/181 тоот тогтоол болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
             Иймд  Хэнтий-эм хангамж ХХК-ийн зүгээс хариуцагч М.Нарангэрэлээс нэхэмжилж байгаа  Мишээл-Од  ХХК-ийн     гаргасан  Аудитын тайлангаар тогтоогдсон 42 005 608 6 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч компаниас төлсөн  9 900 000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 400 000 төгрөг, хариуцагч М. Нарангэрэлийн иргэд байгууллага, аж ахуй нэгжид эм бараа, материал зээлээр олгосон 4 180 442 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 300 000 төгрөг, хуульчаас хуульзүйн зөвлөгөө авсаны хөлсөнд төлсөн 190 516 төгрөг, Монгол Эмимпекс концерны Мөнгөн бөгж болон Баярмаа нарын ахалсан ажлын хэсэг томилолтоор Хэнтий аймагт ирж ажилласан зардал 1 343 100 төгрөг, нийт 58 319 667 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Монгол эм импекс концерны ХХК-ийн Хэнтий эм хангамж ХХК-д олгох нь зүйтэй байна.

            Хэдийгээр хариуцагч М.Нарангэрэл нь Мишээл-Од Аудит ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй  гэж, түүний өмгөөлөгч Ц. Эрдэнэчулуун нь нэхэмжлэгч талаас нэхэмжлээд байгаа дутагдуулсан гэх эм барааны үнэ 42 005 609 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл нэхэмжилж байгаа эм, барааны үнийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм хэмжээний дутагдал гаргаагүй, дутагдсан гээд байгаа 42 сая төгрөгийн эм барааг                  М. Нарангэрэл нь хүлээж аваагүй,  хүлээж авсан гэсэн баримт байхгүй. Мөн аудитын дүгнэлт бол бидний буруутай үйл ажиллагаанаас болж гаргуулаагүй учраас нэхэмжлэгч талаас нэхэмжлээд байгаа энэ мөнгийг бүхэлд нь төлөх үндэслэл байхгүй гэх зэргээр маргаж байгаа боловч хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлож чадахгүй байх ба, хариуцагч М. Нарангэрэлийн хувьд Хэнтий Эм хангамж ХХК-ийн захирал, эд хариуцагчаар ажиллаж байхдаа толгой компани буюу Монгол Эмимпекс концерн ХХК-аас эм бараа, материалуудыг өөрөө биечлэн хүлээж авдаг байснаа ялангуяа 2014.01.01-ний өдрөөс 2014.11.07 хүртэлх хугацаанд эм бараа, материалуудыг тоо, ширхэгээр хүлээж авч байснаа мэдүүлсэн, тэдгээр хүлээж авч байсан эм бараа, материалын үнэ тарифтай холбоотой ямар нэг санал, хүсэлт гаргаагүй, дээрх эм бараа, материалуудыг дутагдуулаагүй гэж маргаж байх боловч дутагдуулаагүй гэдэг байдлаа баримтаар  шүүхэд нотолсонгүй.

            Түүнчлэн Монгол Эмимпекс концерноос 2014 оны 8 болон 11 дүгээр сард 2 удаагийн ажлын хэсэг Хэнтий Эм хангамж ХХК дээр ирж хариуцагч М. Нарангэрэлийн хариуцсан ажлыг шалгаж, тооллого хийж, тооцоо бодсон актуудыг хариуцагч М. Нарангэрэл нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж байсан байдал, мөн эрүүгийн хэргийн журмаар энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг урьд шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч М.Нарангэрэл нь тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсан зэрэг байдлуудыг шүүх шийдвэр гаргахад харгалзан үзлээ. 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т: Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
            Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т: Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй.
            Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1..2-т: хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан.
           Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т: Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна гэж тус тус хуульчлан заасан байна. 

            Хэргийн үйл баримтаас үзэхэд хуулийн энэ шаардлагыг нэхэмжлэгч Монгол Эмимпекс концерн албаны ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлж хариуцагч М. Нарангэрэлтэй хөдөлмөрийн эрхийн харилцаанд тухай бүрт нь холбогдох гэрээ, контрактыг байгуулж, эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэж ажлын байраар хангаж байсан байна.
            Гэсэн хэдий ч хариуцагч М. Нарангэрэлийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан: ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх,...хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг...сахин биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж Хэнтий               Эм хангамж ХХК-ийн захирал, эд хариуцагчийн хувьд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж дээрх их хэмжээний эм бараа, материалын дутагдлыг гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.


                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлүүдийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, 135 дугаар зүйлийн 135.1.2,135.3, 136 дугаар зүйлийн 136.1, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

         1.  Нэхэмжлэгч Хэнтий-Эм хангамж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М.Нарангэрэлээс 58 319 667 /тавин найман сая гурван зуун арван есөн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэнтий Эм хангамж  ХХК-д олгосугай.
         
         2. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий Эм хангамж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 449 549 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нарангэрэлээс 449 549 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэнтий Эм хангамж ХХК-д олгосугай.
         
         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР
 .