Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч  С.П-нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С.П-т холбогдох эрүүгийн 1822002730101 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг, “Бутад хошуу” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гучин овгийн Самбын С.П- /Регистрийн дугаар ЗП61121816/

 

Шүүгдэгч С.С.П- нь 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Баянмөнхийн биед халдаж, баруун гар хэсэгт нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч С.П-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Д.Баянмөнхийг мал ноослож байхад нь очиж мэнд мэдээд малыг нь ноослолцож байгаад Баянмөнхөд танайд очъё гэж хэлсэн. Тэгэхэд чи манайд очиж яах юм бэ, манайд ус байна  гээд надад хогтой ус хийж өгсөн. Би хогтой ус уумаар байна уу гэж хэлээд санамсаргүй өшиглөсөн. Муудалцаж янз бүр болсон зүйл байхгүй. Баянмөнх мэдүүлэг дээрээ намайг танихгүй, надаас архи нэхсэн гэж хэлсэн байсан. Би архи нэхээгүй. Миний үйлдлээс гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна ...”гэв.

              -Хохирогч Д.Баянмөнхийн “...С.П- намайг явъя, танайд очиж архи ууя гэсэн. Тэгэхээр нь би манайд архи байхгүй, рашаан л байна даа гэсэн чинь С.П- хогтой ус уудаггүй гэж байсан. Тэгээд доошоо хараад хургаа хяргаад сууж байтал гэнэт хашаа давж орж ирээд миний баруун гар руу өшиглөөд авахаар нь яаж байгаа юм бэ гээд босоод ирсэн. Тэгээд тэндээ нэг их хэрэлдэж, маргалдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

              -Гэрч Ш.Даваасүрэнгийн “...С.П- ирж архи нэхэж байгаад гэрт юм байхгүй, хар ус байна гэж хэлснээс болоод С.П- чи надад хар ус өгөх гэлээ, өмнө нь чи намайг уяа руу харж шээлээ гэж байсан зэргээр хэрүүл хийж байсан. Бас тэр Сугиржаргал гэх залууд айлд мал түрээслүүлнэ, мал ялгана гэсэн чинь Сугиржаргал өө яршиг өөрсдөө ирээд ялгадаг юм байгаа биз гэж хэлтэл Баянмөнхийг өшиглөөд авсан...” гэх  мэдүүлэг/хх-ийн 11-12/

          -Гэрч Н.Сугиржаргалын “...Баянмөнх хашаанаас гарч ирээд С.П- гуайг цохиод авч байгаа харагдсан. Тэгээд би юу болсон бэ гээд яваад очтол Баянмөнх надад С.П- гуай миний гар руу өшиглөчихлөө гээд байж байсан. Тэгээд маргааш, нөгөөдрөөс нь Баянмөнх манайхаар орж, гарахдаа С.П- гуайд өшиглүүлсэн гар өвдөөд байгаа гэж ярьж байсан...”гэх мэдүүлэг  /хх-ийн 13-14/

- Гэрч Б.Алтанзулын “...Баянмөнх манайд архи байхгүй, ус байна гэсэн чинь С.П- гуай би танайд ус уух гэж очих уу гээд Баянмөнхийн баруун гар руу нь нэг удаа өшиглөөд авахаар нь би С.П- гуайг боль гээд татаад авсан. Баянмөнх нөгөөдөр нь манайхаар орж ирэхдээ гар өвдөөд байгаа гээд улаан утсаар ороочихсон, гар нь нилээн хавдартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

- Яллагдагч С.П- “...Би Цагаандэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр отроор явахдаа Баянмөнхийг хүмүүстэй малаа ноослоод сууж байхад нь очоод мэнд мэдээд,  Пүүжээ ах мал барьж өг  гэхээр нь хонь барьж өгсөн. Тэгээд би Баянмөнхөд хандаж танайд очъё гэтэл Баянмөнх надад хандаж хар ус л байна, өшөө юм алга гэхээр нь би доромжиллоо гэж дургүй хүрээд баруун хөлөөрөө гаранд нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /

-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №180200260 дугаартай “Д.Баянмөнхийн биед баруун шууны тахилзуур яс далд хугарсан гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх 2018.08.07-ны өдөр үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25/

-Хэрэгт цугларсан бусад бичгийн баримт зэргийг  шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  дээрх баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч С.С.П- нь  2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Баянмөнхийн биед халдаж, түүнийг өшиглөсөн, үүний улмаас иргэн Д.Баянмөнхийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учирсан болох  нь  тогтоогдож байна.

Мөрдөн  байцаалтын  шатанд  шүүгдэгч  С.С.П-ыг   хүндрүүлэх  нөхцөлгүйгээр  хүний  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол  санаатай учруулсан  гэж  үзэж  Эрүүгийн  хуулийн  11.4 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар  Эрүүгийн  хэрэг  үүсгэж, яллагдагчаар  татах  тогтоол болон  яллах дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл  тохирсон  байна  гэж  шүүх  үзлээ.

Иймд шүүгдэгч С.С.П-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн  нөхцөл байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь баримтаар 253244 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй  байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.П- нэхэмжлэх эрхтэй болохыг нь зааж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Гучин овгийн Самбын С.П-ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн  хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.С.П-т 800 нэгжээр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.П-т  оногдуулсан  торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.П- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас  цагдан  хоригдоогүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С.П- нь хохирогч Д.Баянмөнхөд 253.244 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.Баянмөнх нь эмчилгээтэй холбогдон гарсан болон цаашид гарах зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.П- нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                                    Г.МӨНХБАТ