Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 368

 

 


2016 оны 06 сарын 10 өдөр     Дугаар 156/ШШ2016/00368    Хэнтий аймаг


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00320/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд  хийсэн  хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 08 дугаар баг Баянбүрд гэдэг газарт оршин суух Г.Ганболдод холбогдох,
Нэхэмжлэгч: “Оч манлай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "халаалтын төлбөр 1 770 937 төгрөгийг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батболд, хариуцагч Г.Ганболд, гэрч Д.Цагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Гантөмөрийн Ганболд нь “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа “Оч манлай” ХХК-тай дулаанаар хангах гэрээ байгуулан  хэрэглэгчээр дулаан авч байсан бөгөөд дулаан халаалтын төлбөрийн үлдэгдэл 1 089 358 төгрөгийг төлөхгүй 05 жилийг үзээд байна. Иймд халаалтын төлбөр 1 089 358 төгрөг, алданги 544 679 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Г.Ганболд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь “Оч манлай” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан дулааны төлбөр нь хувь хүн миний хэрэглэсэн төлбөр биш бөгөөд “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын төлбөр юм. Миний бие тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, аль эсвэл хувь эзэмшигч биш бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тухайн ажлыг хүлээлгэн өгсөн болно. Мөн тухайн ажлыг хүлээлгэн өгөхийнхөө өмнө дулааны төлбөрийн 50 хувь болох 1 000 000 (нэг сая) төгрөгийг хувиасаа гаргаж өгч байсан болно. Иймийн тулд уг нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй болно. Дулааны төлбөрийн үлдэгдэлтэй гэх “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зогсож татан буугдсан байгууллага юм гэжээ. (хх-ийн 19-20 тал)

Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани “Дэлхийн зөн”-гийн харьяа байгууллага болох “Хан Хэнтийн Хамтын хүч” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ганболдтой 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дулаанаар хангах гэрээ байгуулсан. Уг гэрээнд дулааны төлбөрийг сар бүрийн 25-ны өдрөөс 30-ны хооронд бичилт хийж гэрээгээ дүгнэнэ гэж заасан байдаг. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээнд тодорхой заасан байна. Манай байгууллага дулааны төлбөр төлөхийг нь 2010, 2011, 2012 онуудад хүлээсэн. Би Г.Ганболдтой ярьж байгаагүй. Ажил үүргийн дагуу манай байгууллагын нягтлан бодогч, нярав нар 94450418 дугаартай утсаар ярьдаг байсан. Энэ хугацаанд “Дэлхийн зөн”-гийн даргатай олон удаа уулзаж байсан. Г.Ганболд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөгийг манай байгууллагын нягтлан бодогчид авчирж өгсөн байсан.  Уг 1 000 000 төгрөг нь кассын дэвтэрт орлого болж орсон. Үлдэгдэл мөнгөө нэхэмжлэх гэтэл утас нь холбогдохгүй холбоо тасарсан. 2014, 2015 онд Дэлхийн зөн байгууллагын захирал Цэцэгсайхантай уулзахад та хүлээж бай би Г.Ганболдыг олж төлбөр тооцоог нь барагдуулъя гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би хүлээж байгаад эргээд Цэцэгсайхантай уулзтал та одоо ханддаг газар нь ханд гэж хэлсэн. Би Г.Ганболдыг эвлэрүүлэн зуучлалд өгөх гэтэл хаяг нь тодорхойгүй учир аваагүй. Тэгэхээр нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн. Цагдаагийн орлогч дарга Баярхүү та байж бай. Би Г.Ганболдыг олох гээд үзье гээд хэсэг хугацааны дараа олдохгүй байна. Та тахарын албанд ханд гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тахарын албанд өргөдөл бичиж өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Ганболдыг Хэнтий аймгийн Хэрлэн сум 8 дугаар баг “Баянбүрд” гэдэг газар оршин суудаг болохыг нь албан тоотоор мэдэгдсэн.Тэгэхээр нь би эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч би төлөхгүй байгууллага маань татан буугдаж би хувийнхаа зүгээс 1 000 000 төгрөгийг өгсөн гэсэн тайлбар гаргасан. Ийм учраас би шүүхэд хандах болсон. Учир нь миний мөнгө биш компанийн орлогод байх ёстой мөнгө. Халаалтын зуух нь олон хүний хүч хөдөлмөрөөр босдог үйлдвэрлэл юм. Нэг ээлждээ гурван хүн ажилладаг. Олон хүний хөдөлмөрөөр босдог үйлдвэрлэл юм. Тухайн үед уг байгууллагын даргаар ажиллаж байсан Г.Ганболдтой холбогдохоор өөр аргагүй. Би хувиараа Г.Ганболдыг эрж олох гэж үзсэн. “UBS” телевизийн улс төр манлайлагч нэвтрүүлэгт оролцож байна гэж сонсоод хариуцаж байсан хүнийх нь утсаар ярьж  Г.Ганболдын утсыг нь өгөөч гэтэл хувь хүний нууц учраас өгөхгүй гэж хэлсэн. Ийм учраас энэ бүхий л үе шатыг дамжиж хамгийн сүүлд шүүхэд хандах болсон гэв. 
 “Оч манлай” ХХК нь “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагатай 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дулаанаар хангах гэрээ байгуулсан. 2010 оноос 2012 онуудад манай компаний зүгээс хугацаа өгч хүлээсэн. Хариуцагч Г.Ганболд нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеэр  1 000 000 (нэг сая) төгрөгийг бэлнээр авчирч өгсөн нь манай компанийн орлогод орсон байсан. 

Хариуцагч Г.Ганболд нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Дэлхийн зөнгийн харъяа “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж эхэлсэн. “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байсан. Нийгмийн даатгалын хэлтэс, газрын алба, холбооны газар, татварын хэлтэст маш их өртэй байгууллага байсан. Би ажиллаж байх үедээ нийгмийн даатгалын хэлтэс, холбооны газар, газрын албаны маш их өрийг дарсан юм. 
Миний зүгээс байгууллагын ажилчдыг цомхотгож, аль боломжтой бүхнээр дайчлан ажиллаж байсан. Ингээд би 2010 оны 10 дугаар сард харъяа байгууллага болох “Дэлхийн зөн”-д “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгуулагын  тамга, тэмдэг бүх зүйлийг хүлээн өгсөн. Би 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеэр  1 000 000 (нэг сая) төгрөгийг бэлнээр “Оч манлай” ХХК-ийн нягтлан бодогч Д.Цагаан гэдэг хүнд өгсөн. Үлдсэн мөнгийг нь “Дэлхийн зөн” гаргаж өгнө гэж хэлсэн. Би өчигдөр Цэцэгсайхан даргатай уулзаж татан буугдсан байгууллага, санхүүжилт нь зогссон гэсэн тодорхойлолт авч ирэх гэтэл ажлаа хүлээлгээд өгсөн байсан. Би хувийнхаа зүгээс 1 сая төгрөг гаргаж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг нь гаргаж өгч чадахгүй. Би одоо цалингүй, санхүүгийн боломжгүй байна. Мөн өөрөө өртэй, дүү маань хүртэл өртэй байна. Албан байгууллагыг халаасан болохоос биш намайг тойруулж пар тавьсан биш. Дээрээс нь мөнгө зээлж залилж явсан биш. Би луйвар хийсэн гэж бодохгүй байна. Д.Батболд ах заримдаа намайг луйварчин гэж загнадаг. Энэ бол байгууллагатай холбоотой асуудал юм. Намайг “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын тамга, тэмдгийг нь хүлээлгэж өгснөөс хойш тухайн байгууллага татан буугдсан байсан. Дэлхийн зөн нь тухайн байгууллагад санхүүжилт өгч чадахгүй гэсэн учраас татан буулгасан байсан. Холбогдох бичиг баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн.
Нэхэмжлэлд дурдагдсан дулааны төлбөр нь хувь хүн миний хэрэглэсэн төлбөр биш “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллагын нэр дээр гарсан төлбөр юм. Тухайн үед “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллага долоон өрөөнд сууж ажлаа хийцгээж байсан. Би нэг өрөөнд нь нярав Цогоотой хамт ажилладаг байсан. Манай байгууллага нь их өртэй байгууллага байсан тул татвар, нийгмийн даатгал, холбооны газрын өрийг төлж барагдуулсан. Би 2010 оны 10 дугаар сараас хойш ажлаа хийгээгүй. Манай байгууллага нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй хүмүүст үнэгүй тоног төхөөрөмж авч өгөөд гутал засвар болон оёдлын ажил хийлгэж  “Дэлхийн зөн” байгууллага халаалтын төлбөр төлнө гэсэн боловч 2010 онд санхүүжилт нь орж ирээгүй  тул төлбөр гарсан. 
 “Дэлхийн зөн”-гөөс гарсан бүлүүдэд бизнест хөл тавьхад нь боломжийг олгодог. Би “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагаас 2010 оны 10 дугаар сараас хойш ямарч цалин авч байгаагүй. “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллага нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр татан буугдаж үйл ажиллагаа явуулахаа больсон. 

Гэрч Д.Цагааны шүүх хуралдаанд өгсөн: 2013 оны хавар Г. Ганболд халаалтын төлбөр 1 сая төгрөгийг бэлнээр надад авчирч өгсөн. Үлдэгдэл төлбөрийг “Дэлхийн зөн”-гийн Цэцэгсайхан төлнө гэсэн. Би дахиж халаалтын төлбөр өгч чадахгүй, хувиасаа 1 сая төгрөг өглөө гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК нь хариуцагч Г.Ганболдоос 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 04 дүгээр сар хүртэлх халаалтын төлбөр 1 089 358 төгрөг, алданги 544 679 төгрөг, нийт 1 634 037 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзлээ.

 Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагатай дулаанаар хангах гэрээг бичгээр байгуулсан байна. (хх-ийн 6-7 тал) 
Тухайн үед “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын даргаар Г.Ганболд ажиллаж байжээ. (хх-ийн 6 тал)
Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК нь хариуцагч “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагаас халаалтын төлбөр, алданги, нийт 1 634 037 төгрөгийг гаргуулахаар Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Г.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. (хх-ийн 19 тал)

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн  75.2.1-д заасан: гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгуулага нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр татан буугдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани “Дэлхийн зөн”-гийн харьяа байгууллага болох “Хан Хэнтийн Хамтын хүч” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ганболдтой 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дулаанаар хангах гэрээ байгуулсан. Уг гэрээнд дулааны төлбөрийг сар бүрийн 25-ны өдрөөс 30-ны хооронд бичилт хийж гэрээгээ дүгнэнэ гэж заасан байдаг. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээнд тодорхой заасан байна. Манай байгууллага дулааны төлбөр төлөхийг нь 2010, 2011, 2012 онуудад хүлээсэн. Би Г.Ганболдтой ярьж байгаагүй. Ажил үүргийн дагуу манай байгууллагын нягтлан бодогч, нярав нар 94450418 дугаартай утсаар ярьдаг байсан. Энэ хугацаанд “Дэлхийн зөн”-гийн даргатай олон удаа уулзаж байсан. Г.Ганболд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөгийг манай байгууллагын нягтлан бодогчид авчирж өгсөн байсан.  Уг 1 000 000 төгрөг нь кассын дэвтэрт орлого болж орсон.
2. Хариуцагч Г. Ганболдын  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: Нэхэмжлэлд дурдагдсан дулааны төлбөр нь хувь хүн миний хэрэглэсэн төлбөр биш “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллагын төлбөр юм... Тухайн үед “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллагынхан 7 өрөөнд сууж ажлаа хийцгээж байсан.... би нэг өрөөнд нь нярав Цогоотой хамт ажилладаг байсан. Манай байгууллага нь их өртэй байгууллага байсан тул татвар, нийгмийн даатгал, холбооны газрын өрийг төлж барагдуулсан... Би 2010 оны 10 дугаар сараас хойш ажлаа хийгээгүй. 
Манай байгууллага нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй хүмүүст үнэгүй тоног төхөөрөмж авч өгөөд гутал засвар болон оёдлын ажил хийлгэж  “Дэлхийн зөн” байгууллага халаалтын төлбөр төлнө гэсэн боловч 2010 онд санхүүжилт нь орж ирээгүй  тул төлбөртэй гарсан юм. ”Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллага нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр татан буугдаж үйл ажиллагаа явуулахаа больсон гэсэн тайлбар.. ( хх-ийн 19-20 тал )

3. Гэрч Д.Цагааны шүүх хуралдаанд өгсөн: 2013 оны хавар Г.Ганболд халаалтын төлбөр 1 сая төгрөгийг бэлнээр надад авчирч өгсөн.... үлдэх төлбөрийг “Дэлхийн зөн”-ийн Цэцэгсайхан төлнө гэсэн. ... би дахиж халаалтын төлбөр өгч чадахгүй... хувиасаа 1 сая төгрөг өглөө гэж надад хэлсэн  гэсэн мэдүүлэг.

4. Гааль, татварын ерөнхий газрын харъяа Хэнтий аймгийн татварын хэлтсийн тодорхойлолтод: .... манай албанд бүртгэлтэй байсан 1040634 тоот регистрийн дугаартай “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн байгууллага нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр татан буугдсан гэжээ. (хх-ийн 25 тал)

5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  тухай лавлагаанд “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллагын ажилтан Г.Ганболдын 2010 оны 7 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг бичсэн байна. (хх-н 27 тал) зэрэг болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан: Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэсэн байна.

Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн нягтлан бодогч Д.Цагаан, захирал Д.Батболд нар нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шаардах эрх зөрчигдсөн тухай 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаагүй байна.
Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д. Батболд нь  Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үе буюу 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд шүүхэд гомдлын шаардлага гаргаагүй байна. 
Нэхэмжлэгч компани нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тухайн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаад хандаж байжээ. (хх-ийн 13 тал).
Мөн Хэнтий аймгийн нэгдүгээр тойргийн тахарын албанд хандсан талаарх бичгийг шүүхэд өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй нотариатчаар батлуулаагүй байна. (хх-ийн 6 тал).

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг баримтлан Г.Ганболдод холбогдох, “халаалтын төлбөр 1 634 037 төгрөгийг гаргуулах” тухай “Оч манлай,, ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.                            
                                        
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Оч манлай,, ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
                         
3. Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЦЭРЭНДУЛАМ