| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2022/07979/И |
| Дугаар | 210/МА2023/01377 |
| Огноо | 2023-07-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2023/01377
| 2023 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2023/01377 |
А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02197 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б-д холбогдох,
59,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б-тэй "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамъян гүний-12, олимпийн гудамж-3, "Гранд оффис" төвийн Б1 давхарт байрлах талбайд "Сэлфи ворлд" төслийн ажлын зураг, төсөв, ажлын графикийн дагуу ажлыг чанарын өндөр түвшинд хийлгэхээр тохирсон. Гэрээт ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 60,905,999.00 төгрөгөөр хийлгэхээр тохиролцоод 56,800,000 төгрөгийг Б-д шилжүүлсэн.
Гэтэл гүйцэтгэгч нь гэрээний 2.3, 6.1-д заасныг зөрчиж чанар, стандартыг хангаагүй, гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй тул 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн хийж гүйцэтгээгүй, хангалтгүй хийсэн ажлыг дахин өөр ажил гүйцэтгэгчээр 25,000,000 төгрөгөөр ажлыг гүйцэтгүүлж хохирол учирсан.
Гэрээний 6.7-д 0,5 хувиар алданги тооцох болохыг заасан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх нийт 408 хоногийн алданги нь 115,872,000 төгрөг боловч хуульд нийцүүлэн 28,400,000 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн хувьд "Сандэй" ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр "Ажлын байр түрээслэх гэрээ" байгуулсан бөгөөд хариуцагчаар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон өрөөнүүдийг нэг сарын 3,150,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаандаа хийж гүйцэтгээгүйн улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй тул 2 сарын түрээсийн төлбөрт 6,300,000 төгрөг төлж хохирсон.
Иймд гэрээг цуцалж, хариуцагчийн хийж гүйцэтгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн төлбөрт 25,000,000 төгрөг, алданги 28,400,000 төгрөг, учирсан хохирол болох түрээсийн төлбөр 6,300,000 төгрөг, нийт 59,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Уг ажлыг чанаргүй, хангалтгүй хийж алдагдалд оруулсан гэдгийг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй, ажлыг 95 хувийн гүйцэтгэлтэйгээр чанартай хийж гүйцэтгэсэн.
Захиалагчийн анхны шаардлага эцсийн шаардлага харьцангуй зөрүүтэй байснаас мөн хуучин шил ашиглах, таазны өнгийг хүсэлтийн дагуу бүтэн өөрчлөх, Хятадаас захиалсан материал нь ирээгүйгээс нэмэлтээр хийсэн ханын чимэглэл, зураг зурах, материалын хомсдолоос буйдан удсан, зарим материалын зардлыг өөрсдийн хөрөнгөөр шийдэх зэрэг асуудлуудаас ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар хариуцагч Б-өөс 59,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн.
Хариуцагч үүргээ биелүүлээгүйг нотлох зорилгоор шүүхэд хариуцагч Б-тэй холбоотой 7 бичлэгийг шүүхийн зааврын дагуу флаш диск дээр хуулан хэрэгт бэхжүүлсэн бөгөөд улмаар энэхүү бичлэгүүдэд шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үзлэг хийсэн. Үзлэгийн явцад хариуцагч Б- байсан бөгөөд шүүгчээс ...бичлэг дээрх ярианд оролцож байгаа Засал Дөк гэх нэртэй эрэгтэй хүн нь хариуцагч мөн юм уу гэхэд хариуцагч Мөн гэж, нэхэмжлэгч талаас хариуцагчаас ...Засал нь болохгүй байна. Энэ юм чинь болохгүй байна. Би эсхүл өөр хүн оруулах уу яах вэ гэж чамаас асуухад чи тэг гэж хэлсэн биздээ гэхэд хариуцагч Би тэгж хэлсэн. Тэр чинь ийм утгатай. Тэр үед би өөрөө ажлаа хариуцаад явж байсан. Бид нар нэг заслаа, хоёр заслаа, үнэхээр өөрчлөгдөхгүй байгаа юм бол чи хүмүүсээ аваад ир би засуулаад өгье. Тэгээд наад хүмүүст чинь би төлбөрийг нь төлнө. Дараа нь төлбөр тооцооны асуудлаа шийднэ гэж ярьж байсан юм. зэргээр хариуцагч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь талуудын үзлэгийн явцад гаргасан тайлбар болон үзлэгт авагдсан баримтаар нотлогдсон. Анхан шатны шүүхийн үгүйсгэсэн нотлох баримт нь шүүхийн заавраар хэрэгт авагдсан, мөн талуудыг байлцуулсны үндсэн дээр бэхжүүлсэн нотлох баримт бөгөөд хэт нэг талыг баримталж, нотлох баримтуудыг бүрэн үнэлж дүгнээгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн хэргийн 101-117 дахь талд авагдсан гэрэл зураг нь хариуцагч этгээдийн гүйцэтгээгүй ажлыг гуравдагч этгээд болох З.Дэлгэрсуурьтай байгуулсан гэрээний дагуу бэлэн болсон ажил болох талаар тухай бүр тайлбарыг мэдүүлж байсан бөгөөд энэхүү баримттай хариуцагч тал танилцсан, мөн хариуцагчаас тухайн зургийг үгүйсгэсэн талаарх аливаа тайлбарыг гаргаагүй, хариу тайлбарын хавсралтаас ирүүлсэн гэрэл зургуудаас ялгаатай байгаагаар бүрэн нотлогддог.
4.2. Шүүх бусдаар гүйцэтгүүлсэн ажлын төлбөр болон алдангийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, энэхүү гэрээний дагуу иргэн З.Дэлгэрсуурьд гэрээний ажлын төлбөрийг бэлнээр олгосон баримт, түүнээс ажил хүлээн авсан талаарх фото зургуудыг хэрэгт бэхжүүлж өгсөн. Хэрэгт авагдсан баримтаар бусдаар гүйцэтгүүлсэн ажлын талаарх баримтууд авагдсан байхад шүүх энэхүү үйл баримт нотлогдохгүй хэмээн дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шүүхийн шийдвэрийн үндсэн шаардлагад нийцэхгүй байна.
Хариуцагч гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгэж чадаагүй бөгөөд энэ нь шүүхийн үзлэгийн явцад хариуцагч нь гэрээний үүргийн хугацаа хэтэрсэн, мөн хэтэрсэн хугацаанд Иргэний хууль болон ажил гүйцэтгэх гэрээний 6.7-д заасан алданги төлөхөө хүлээн зөвшөөрсөн нь нотлогддог.
Шүүх хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүй, түүний ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, үүнээс үүдэн нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах, ашиг олох байсан боломж үгүйсгэгдсэн зэргийг харгалзан үзэж алдангийг тодорхой хэмжээнд багасган шийдвэрлэх боломжтой байсан ч огт ийм үйл явдал огт болоогүй байдлаар дүгнэлт хийсэн.
4.3 Шүүгч нь шүүх хуралдааны явцад хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгчтэй адил байдлаар нэхэмжлэгч талтай мэтгэлцэж байсан бөгөөд хэргийг төвийн сахисан байр сууринаас шийдвэрлэхийг хүссэн хэдий ч шүүгч хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан, хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан бүхий л баримтыг үгүйсгэж шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь ажлыг дутуу хийсэн гэдгийг нотолж чадаагүй. Манай зүгээс хийх ёстой ажлынхаа 95 хувийг хийж гүйцэтгэсэн. Ажлаа хүлээлгэж өгөхийн өмнөх орой нь хариуцагчийг шөнөжингөө сууж ажиллаад маргааш хүлээлгэн өг гэж хэлсэн. Цавуу хатаагүй байхад арилгах боломжгүй, нойтон цавуутай байхад цэвэрлэгээ хийвэл бохирдох учраас талуудын хооронд маргаан үүссэн.
Нэхэмжлэгчийн зүгээс материалаар хангах ёстой байсан боловч авчирсан материалууд нь хоорондоо таараагүй. Тухайн материалуудыг буцааж дахин өөр материал авах гэхэд мөнгө байхгүй, та нар өөрсдийн зардлаар хийж, ажил гүйцэтгэсний дараа мөнгийг нөхөж өгнө гэж хэлсэн тул хариуцагч өөрийн зардлаар хийсэн.
Дутуу орхисон ажлыг 25,000,000 төгрөгөөр хийлгэсэн нь нотлогдохгүй. Гуравдагч байгууллагаар хийлгэсэн ажлын хөлсийг шилжүүлсэн талаарх төлбөрийн баримтыг шаардахад бэлэн мөнгөөр өгсөн гэж тайлбарладаг.
Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А-ь нь Б-д холбогдуулан хариуцагчийн хийж гүйцэтгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт 25,000,000 төгрөгийг, гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул алданги 28,400,000 төгрөг, түрээсийн төлбөр 6,300,000 төгрөг, нийт 59,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч Б- нь захиалагчийн талбайд сэлфи ворлд төслийг ажлын зураг, төсөв, ажлын графикийн дагуу гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид актаар хүлээлгэн өгөх, захиалагч А-ь нь гэрээт ажлыг хүлээн авах, ажлын хөлс 60,905,999 төгрөг байхаар харилцан тохиролцсон, үүний дагуу захиалагчаас гүйцэтгэгчид ажлын хөлс 56,800,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ /хх6-10, 20-25, 41-42/.
4. Анхан шатны шүүх гэрээний зүйл, талуудын тохиролцооны шинжээр зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн байна.
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын үр дүнг хүлээсэн авсан талаар маргаагүй бөгөөд харин хүлээлгэн өгсөн ажил нь доголдолтой, дутуу хийгдсэн, хугацаа хэтрүүлсэн учраас өөр гүйцэтгэгчээр нөхөн гүйцэтгүүлсэн зардал, хугацаа хэтэрсэний улмаас төлсөн түрээсийн төлбөр, алдангийг шаардсан байна.
4.2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, уг доголдлыг өөрөө арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд хэрэв ажлын үр дүн зохих шаардлага, хэмжээ, чанарт хүрээгүй гэж үзвэл энэ нь баримтаар нотлогдсон байх ёстой.
Талуудын байгуулсан гэрээний 2.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн талбайд сэлфи ворлд төслийг ажлын зураг, төсөв, ажлын графикийн дагуу гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Гэхдээ нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хэдий хэмжээний ажлыг ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ямар чанарын шаардлагыг хангаагүй байдлаар хийж гүйцэтгэсэн, эсхүл хийгээгүй, хугацаа хоцроосон болохыг баримтаар нотолж чадаагүй байна.
Хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт, З.Дэлгэрсуурьтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. Эдгээр баримт нь өмнө дурдсанчлан гэрээнд зааснаас дутуу хийгдсэн ажлын хэмжээ, доголдолын хэмжээ, чанарын шаардлага хангаагүй үзүүлэлтийн мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар агуулаагүй учир хариуцагчийн хүлээлгэн өгсөн ажлын үр дүн нь гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт хүрээгүй, хугацаа хэтрүүлсэн, доголдолтой байсан, үүнийг нэмэлт зардал гарган З.Дэлгэрсууриар гүйцэтгүүлсэн гэдгийг нотлохгүй.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний хугацаа хэтрэлттэй холбоотойгоор түрээсийн зардал төлсөн баримт хэрэгт авагдаагүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.3. Хариуцагчийн хүлээлгэн өгсөн ажлын үр дүн доголдолтой байснаас шалтгаалан нэмэлт зардал гарган бусдаар ажил гүйцэтгүүлсэн, мөн түрээсийн төлбөр төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй учир нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийн хийж гүйцэтгээгүй ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт 25,000,000 төгрөгийг, гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул алданги 28,400,000 төгрөг, түрээсийн төлбөр 6,300,000 төгрөг, нийт 59,700,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Харин анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах, шаардах эрхийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.4. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч зохигчоос хуульд заасан эрхийн хүрээнд тодруулга асуулт асуусан байх ба ийнхүү асуулт асуухдаа шүүгч төвийг сахих, хараат бус байх зарчмыг алдагдуулсан эсэхэд дүгнэлт өгөх нь тус шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдвал зохино.
5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2-т гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Т.БАДРАХ