Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Н.М-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М- холбогдох эрүүгийн 1822003290127 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 сарын 6-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, 2 дүү, түүний хүүхдүүд, охины хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 9-р хороо Давааны 1-3 тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Харуулууд овогт Н Н.М- /РД:ПИ93090601/ гэв.

 

Шүүгдэгч Н.М-нь 2018 оны 10 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай  сумын төв орон сууцны 4-2 тоотод насанд хүрээгүй Х.Энхсаруулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

-Шүүгдэгч Н.М-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй...” гэв.

-Насанд хүрээгүй хохирогч Х.Энхсаруулын “...Би 2008 оны 10 дугаар сарын 1-ний өдөр сумын төвд байх орон сууцны 4-2 тоотод эмээ Нармандах, Урангоо, Төгстөгөлдөр нарын хамтаар гэртээ хоол хийгээд сууж байсан. Би давс авах гээд гал зуухны шүүгээ онгойлготол манай ах Хатанборын охин Мөнхчимэгийн дуулдаг туулайтай тоглоом байсан юм. Тухайн өдрийн 12 цаг болж байхад Н.М- эгч гэрт   хувцсаа авах гээд орж ирэхдээ хүүхдийнхээ тоглоомыг сураад байсан. Би түүнийг нь  санаад Н.М- эгчийн цамц,  хүүхдийн тоглоомыг аваад хажуу айл болох Өлзийбаяр ахынд очиж, дүү Урангоогийн хамт  хаалгыг нь тогштол Мөнхчимэг дүү маань гарч ирсэн. Мөнхчимэг дүү гэрийн хаалгыг нэг гараараа бариад зогсож байхаар нь цамц тоглоомыг нэг гарт нь атгуулаад гэрийн гаднаас явах гэтэл...Н.М-эгч гэрт орж ирээд би нохой байна уу хувцас шидэж өглөө гээд харааж байснаа намайг   алгадаад унагаасан. Урангоог бас алгадаад унагаасан. Би дүүгээ дагуулаад жижиг өрөөнд ортол намайг үсдээд хана руу мөргүүлсэн, хамар руу гараа зангидаад цохьсон чинь миний хамраас цус гараад толгой дүүрээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

-Насанд          хүрээгүй гэрч Х.Урангоогийн “...Н.М- эгч Энхсаруулыг 2 удаа алгадаад, бие хэсэг рүү нь цохиж байснаа, хана мөргүүлээд зодсон,  наашаа ирээд  намайг нэг алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/

-Иргэний         нэхэмжлэгч Н.Нармандахын “...2018 оны 10 дугаар сарын 1-ний орой гэртээ байхад манай хажуу айлын Энхтуул гэх эмэгтэй манай хүү Хатанборын эхнэр Н.М- нар гэрт орж ирээд согтуу хашгирч байсан...Би та нар юу болж байна гэтэл миний ач охин Энхсаруулыг зодоод хамраас нь цус гаргачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

-Гэрч   С.Бумсүрэнгийн “...Манай эрүүл мэндийн төвийн Б.Эрдэнэ сувилагч манай Эрүүл мэндийн төвд зодуулсан хүүхдүүд ирсэн байна гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу ирэхэд Х.Энхсаруул нь айж сандарсан уйлсан ил харагдах шархгүй хамар хэсэг нь хавдаж зүүн тал руугаа мурийсан хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 180200312 дугаартай “...X.Энхсаруулын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18/

- Яллагдагч Н.М- “...Би Дэлгэрхангай сумын иргэн Хатанбор гэх хүнтэй гэр бүл болсон. 2018 оны 9 дүгээр сарын 30 ны өдөр Дэлгэрхангай сумаас урагш байх хөдөө гэрт нь очоод ямаа саах гээд байж байтал Хатанбор над руу чулуу өвсөөр шидээд хадам ээж Нармандах, Хатанборын дүү Сүхэйлээ хориглосон. Орой нь  миний охин Мөнхчимэг, сургуулийн сурагч Урангоо, Энхсаруул нарын хамтаар ирсэн. ...Тэгээд байж байтал Энхсаруул, Урангоо нар хаалга тогшоод миний цамц, хүүхдийн тоглоомыг хаалгаар шидчихээд гүйгээд явсан. Би тухайн үед архи ууснаасаа болоод ухаан санаа орж гараад байсан. Би Энхтуулын хамтаар хадмын гэрт очоод Энхсаруул, Урангоо нарыг алгадсан чинь Энхсаруулын хамар хугарсан байсан...Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

 

-Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж  шийдвэрлэлээ.

Дээрх  баримтуудаар шүүгдэгч Н.М-нь 2018 оны 10 сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай  сумын төв орон сууцны 4-2 тоотод насанд хүрээгүй Х.Энхсаруулыг зодсон, үүний улмаас насанд хүрээгүй Х.Энхсаруулын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.М-  дээрх үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  2 дахь хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн  хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.М- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.   

Шүүгдэгч Н.М-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Н.М- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нармандах нь насанд хүрээгүй хохирогч Х.Энхсаруулын эмчилгээний зардалд 200.000 төгрөгийн зардал гарсан гэсэн боловч энэ талаарх  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  байх тул  хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Н.М-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Харуулууд овогт Нямдоржийн Н.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- 500 нэгж буюу  500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр  болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4.Шүүгдэгч Н.М-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч Н.М-нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг  тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нармандахын нэхэмжилсэн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Н.М-ээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Г.МӨНХБАТ