Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01379

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01379

 

 

А холбоо ҮЭБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/01521 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А холбоо ҮЭБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б холбоо ГҮТББ-д холбогдох,

Гэрээний үүрэгт 27,617,168 төгрөг гаргуулах, оффисын зориулалттай 322, 325 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн төлөөлөгч С.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б холбоо ГҮТББ нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллагатай байгуулсан 04 тоот байрны түрээсийн гэрээгээр тус холбооны өмчлөлийн, Төв ордны 3 давхрын 322 тоот оффисын зориулалттай 21 м.кв талбайг нэг сарын төлбөрт 1 м.кв талбайг 30,000 төгрөгөөр тооцож, 630,000 төгрөг төлөхөөр, мөн өдөр байгуулсан 05 тоот байрны түрээсийн гэрээгээр 325 тоот оффисын зориулалттай 26,5 м.кв талбайг 1 м.кв 30,000 төгрөгөөр тооцож 795,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Түрээслэгч нь гэрээний нийт төлбөрт 28,395,584 төгрөг төлөхөөс 18,411,429 төгрөгийн төлөлт хийж, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 9,984,155 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Үүний алданги нь 4,992,078 төгрөг болж байгаа. Дээрх гэрээнүүдийн 5.3-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулбал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учир удаа дараа 322, 325 тоот оффисын өрөөнүүдийг чөлөөлөх албан тоот өгсөн боловч чөлөөлж өгөөгүй.

Мөн дээрх 2 гэрээний үүрэгт 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 4,710,000 төгрөг, алданги 1,695,600 төгрөг, нийт 6,405,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Манай байгууллагын хувьд 2022 оны 7 сараас түрээсийн төлбөрийг нэмэгдүүлсэн тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр болох 4,275,000 төгрөг, алданги 1,960,335 төгрөг нийт 6,235,335 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр, алданги, хохиролд нийт 27,617,168 төгрөгийг гаргуулж, оффисын 322, 325 тоот өрөөг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус. Нэхэмжлэгч нь Б холбоо ГҮТББ-ыг хавчин гадуурхаж, түрээс нэхэх хэлбэрээр үйл ажиллагааг зогсоох зорилготой дарамт үзүүлж байгаа нь хууль бус. Нэхэмжлэгч нь бусад адил чиглэлийн МҮЭ-ийн байгууллагуудаа хавчин гадуурхаж, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол улсын хуулийг зөрчиж өмч хөрөнгийг түрээсэлж ашгийн байгууллага болгон хувиргаж ТББ-ын тухай хууль зөрчиж байна.

Нэхэмжлэгч байгууллага нь өөрийн бий болгосон нэг ширхэг хөрөнгөгүй ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь илэрсэн. Нэхэмжлэгч нь ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд олон нийтийн өмчийг дур мэдэн түрээслэх хэлбэрээр ашиг олж ТББ-ын тухай хууль, үндсэн дүрмээ зөрчиж байна. 100 жилийн түүхтэй Монголын Үйлдвэрчний эвлэлийн өмч хөрөнгийг хууль зөрчин өөрийн болгож улмаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн чиглэл зорилгыг алдагдуулж, түрээсийн байгууллага болгон хувиргаж хууль бус ашиг олохыг завдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б холбоо ГҮТББ-аас 20,745,778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А холбоо ҮЭБ-д олгож, нэхэмжлэлээс 6,871,390 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар А холбоо ҮЭБ-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 хороо, Бага тойруу /15160/ Их эзэн чингис хааны нэрэмжит талбай гудамж 9 байр МҮЭХ-ны А порпусын оффисын 322 тоот 21 м.кв талбай бүхий өрөө, 325 тоот 26,5 м.кв талбай бүхий өрөөг тус тус хариуцагч Б холбоо ГҮТББ-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А холбоо ҮЭБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535,186 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б холбоо ГҮТББ-аас 331,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А холбоо ҮЭБ-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүгч Иргэний хуулийн 318 3, 318.4 дэх заалтыг зөрчиж, УДШ-ийн өмнөөс өөрийн үзэмжээр нөлөөнд орсон байдлаар тайлбарлаж байна.

Хуулийг Гэхдээ гэх утга санаагаар тайлбарласан нь шүүгч эрх мэдлээ хэтрүүлж, хувийн үзэмжээр УДШ-ийн тайлбарт үндэслэлгүй тайлбар хийж байгаа нь шүүгч нөлөөнд орсных эсвэл шүүгчийн мэдлэг чадвар энэ хэргийг шийдвэрлэхэд дутаж байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулиар зохицуулагдан ажил үүрэг нь явагддаг байгууллагыг Төрийн бус байгууллагын тухай хуулийг үндэслэж буруу шийдвэр гаргасан. Өөрийн гэсэн хуулиар зохицуулагддаг байгууллагыг өөр ТББ-ын тухай хуулиар зохицуулахыг оролдож буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч тал өөрийн баримталдаг дүрмээр асуудлыг шийдвэрлэхийг оролдож хуулиас давсан эрх эдэлж, түүнийг нь шүүгч дэмжин буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хэргийг шийдвэрлэхдээ Чингэлтэй дүүргийн шүүхэд харьяалагдах хэргийг учир битүүлэг шалтгаанаар өөрийн шүүхэд нэхэмжлэлийг татан авч, нөлөөнд орсон байх магадлал байсан тул шүүгчээс татгалзсан боловч дахин өөр дээрээ авч хэргийг буруугаар шийдсэн.

МҮЗ-ийн төв зөвлөлийн 324 тоотоос МҮЭ-ийн Ахмадын холбоог хөөн гаргахыг оролдож байгаа нь нэхэмжлэгч тал МҮЭ-ийн урдын түүхийг харлуулах өөрсдийн бүтээж бий болгоогүй өмч хөрөнгийг өөрийн болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаад шинжээч томилж, үнэлгээ хийлгэх, маргаж байгаа байрны жинхэнэ өмчлөгч хэн байсан, нэхэмжлэгч тал ямар хөрөнгө гаргасан болохыг тогтоож өгөхийг хүсэж тайлбарласан боловч хүлээн аваагүйд гомдолтой байна. ҮЭ-үүдийн гишүүд дэмжигчдийн татвар хандиваар бий болсон өмч хөрөнгийг хууль бусаар өөрийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан нь илэрсэн тул шүүхэд мэдэгдэж эргэлзээгүйгээр шийдвэрлэхийг хүссэн боловч хангаагүй.

2021-2022 онд ковид цар тахлын үед хариуцагч тал ажиллаагүй байхад нэхэмжлэгч дур мэдэн 324 тоот өрөөнд нэвтрэн орж, эд зүйлтэй нь өөр этгээдэд түрээслэн ашиг олж байсан нь илэрсэн ба энэ хугацааны төлбөрийг нь хариуцагчид хариуцуулж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Энэ хугацааны төлбөрийн тооцоог хянаж, дахин нягталж үзэх хүсэлтийг шүүх хурал дээр удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй.

Мөн 414 тоот өрөөнд байрлах нотариаттай хуйвалдан баталгаажуулсан баримтыг хариуцагч өөрөө шүүхэд өгсөн гэж нэхэмжлэгч илт гүтгэж байгааг шалгуулахад нэхэмжлэгч тал гаргаж өгсөн болохыг баталсан. Энэ талаар ЧД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа тул шүүхийн журмаар цагдаагаас лавлагаа авч өгөхийг хүссэн боловч хангаагүй, шинжээч томилж, хуурамч баримтад үзлэг хийх хүсэлт шаардлагыг хангаагүй.

20 гаруй тэрбум төгрөгийн олон нийтийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан нэхэмжлэгч талын ноцтой асуудалд шүүгч хайнга хандсан, үндэслэлтэй нэхэмжлэл мөн эсэхийг шалгаагүйд гомдолтой байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн байгууллагын гэрчилгээнд бичигдсэн хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргасан. Уг эд хөрөнгийн өмчлөлийн маргааны удаа дараа анхан шатны шүүхэд яригдсан нь түрээсийн гэрээнд хамааралгүй. Мөн хариуцагч түрээсийн төлбөрийг төлж байсан бөгөөд нийт 18,411,429 төгрөгийг төлбөр төлөгдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А холбоо ҮЭБ нь хариуцагч Б холбоо ГҮТББ-д холбогдуулан гэрээний үүрэгт 27,617,168 төгрөг гаргуулах, оффисын зориулалттай 322, 325 тоот өрөөнүүдийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Сүхбаатарын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах зохицуулалтыг зөрчөөгүй.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. А холбоо ҮЭБ нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу /15160/ Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 9 байр, МҮЭХ-ны А корпус тоот хаягт байрлах 3936,5 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэгдсэн /хх 85/,

3.2. А холбоо ҮЭБ нь Б холбоо ГҮТББ-тай 2021 оны 01 дүгээр сарын 20 болон 22-ны өдөр 04 тоот, 05 тоот Байрны түрээсийн гэрээ-г байгуулж, өөрийн өмчлөлийн байрны 3 давхрын 322 тоот 21 м.кв талбайг, 325 тоот 26,5 м.кв талбайг тус тус оффисын зориулалтаар, сарын түрээсийн төлбөрийг 1 м.кв талбайг нь 30,000 төгрөгөөр тооцож, сард 322 тоотыг 630,000 төгрөг, 325 тоотыг 795,000 төгрөг тус тус түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн зүйл болох 322, 325 тоот өрөөг офиссын зориулалтаар ашиглаж, түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцсон /хх 4-7, 28-31/,

3.3. Гэрээний дагуу А холбоо ҮЭБ нь хариуцагчид оффисын 322, 325 тоот өрөөг хүлээлгэж өгсөн байх ба хариуцагч нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үед түрээсэлсэн эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгөлгүй ашигласан хэвээр байсан,

3.4. Түрээслэгч нь гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 18,411,429 төгрөгийн төлбөрийг түрээслүүлэгчид төлсөн /хх 15/,

3.5. А холбоо ҮЭБ-ын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/263 тоот албан бичгээр 2022 оны 07 дугаар сараас эхлэн түрээсийн талбайн м.кв-ын үнийг нэмэгдүүлж байгаа тул гэрээгээ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор шинэчлэн байгуулахыг мэдэгдсэн,

мөн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/264 тоот албан бичгээр гэрээний төлбөрийн үлдэгдэл 6,969,155 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн /хх 69, 71/.

 

4. Анхан шатны шүүх зохигч нь түрээсийн гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу бие даасан хөрөнгийн бүртгэлийн эрхээр тодорхойлогдохгүй өрөөг түрээсэлсэн тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт нийцжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу /15160/ Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 9 байр, МҮЭХ-ны А корпус тоот хаягт байрлах 3936,5 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн тул хэдийгээр ашгийн төлөө бус хуулийн этгээд боловч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

Энэ талаарх хариуцагчийн гаргасан А холбоо нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна, өөрийн биш хөрөнгийг ашиглаж байна гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрх хууль ёсны эсэх талаар маргаж буй нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй болно.

 

4.2. Мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацааг хариуцагч хэтрүүлж зөрчил гаргасан, мөн түрээсийн зүйлийн үнэ нэмэгдүүлсэнтэй холбоотой шинэчилсэн гэрээ байгуулаагүй үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цуцлагдсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч нь ковид-19 цар тахалтай холбоотой тухайн оффисын зориулалттай өрөөнүүдийг тодорхой хугацаанд ашиглаагүй гэж гомдол гаргаж буй боловч үүнтэй холбоотойгоор гэрээг цуцлаагүй, мөн уг үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.3. Түрээсийн гэрээ цуцлагдах үед буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагч нь 25,980,584 төгрөгийн төлбөр төлөхөөс 18,411,429 төгрөгийг төлсөн байжээ.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас үлдэгдэл төлбөр 6,144,155 төгрөг, уг хугацаа хэтрүүлсэн үүргийн гүйцэтгэлд гэрээнд зааснаар тооцсон алданги 3,072,078 төгрөг, нийт 9,216,233 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн.

 

4.4. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсэгт түрээслэгчийн түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг, түрээслүүлэгчийн өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхийг заасан.

Хариуцагч нь түрээсийн гэрээ цуцлагдсны дараа түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 03 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж учирсан хохирлоо нэхэмжилжээ.

Дээрх хуулийн зохицуулалт, нэмэгдүүлсэн шаардлага, хариуцагчийн үүргээ биелүүлээгүй үйл баримтад үндэслэн анхан шатны шүүх гэрээ хэрэгжиж байх үеийн үнээр тооцон 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын дуусах хүртэлх хугацааны хохиролд 12,825,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй.

 

4.5. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б холбоо ГҮТББ нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6,144,155 төгрөг, алданги 3,072,078 төгрөг, хохирол 12,825,000 төгрөг, нийт 22,041,233 төгрөг төлөх үүрэгтэйг зөв тогтоож, уг үнийн дүнгээс барьцаа 1,295,454.55 төгрөгийг хасч тооцон 20,745,778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А холбоо ҮЭБ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хариуцагч нь түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлэхгүй эзэмшиж, ашигласан хэвээр байх тул түүний хууль бус эзэмшлээс оффисын зориулалттай 322, 325 тоот өрөөг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцсэн.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/01521 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ