| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00101/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2018-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Ю.Э-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Э- холбогдох эрүүгийн 1822002560139 тоот хэргийг 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 10 цаг 10 минутанд хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р баг Аршанд гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ю Ю.Э- /РД:ЗП66071015/ гэв.
Шүүгдэгч Ю.Э-нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Ар шанд” гэх газар иргэн С.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ю.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“... Би 2018 оны 7 сард С.Бат-Эрдэнэтэй “Ар шанд” гэх газар маргалдсан. Маргалдаад С.Бат-Эрдэнийг түлхэж, тэр хүний биед гэмтэл учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэв.
- Хохирогч С.Бат-Эрдэнийн “...Би 2018 оны 7 сарын 30-ны өдөр Эрдэнэдалай сумын төвөөс эхнэртэйгээ уулзахаар Аршанд гэх газарт, гэртээ очсон. Тэгээд хажуу талын Юндэн гэх айлд байтал манай хүүхэд орж ирээд миний хажууд суусан. Ю.Э-манай хүүхдийг гар, Батхүүг дууд гэж загнахаар нь би та ингэж болохгүй. Эцгээсээ хол байгаа хүүхдийг битгий загнаад бай гээд гэрээс гарсан. Ю.Э-миний нүүр рүү цохьсон. Хажуугаас Э.Золбоот гэх залуу намайг барьж аваад боож унагасан. Тэр үед Ю.Э-миний баруун хавирга руу хоёр удаа өшиглөж зодсон. Манай эхнэр салгаад, намайг гэрт аваад орсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9/
- Гэрч Ч.Болор-Эрдэнийн:“...2018 оны 7 сарын 30-ны өдөр манай нөхөр хоёр хүүхэдтэйгээ уулзах гээд гэртээ ирсэн. Бат-Эрдэнэ Баттулгын гэрт ороод хэрэлдээд байх шиг байсан. Би Баттулгын гэрт ороход С.Бат-Эрдэнэ баруун орон дээр нь сууж байхаар нь гаръя гээд аваад гарсан. С.Бат-Эрдэнэ гэртээ орох гэж байхад гэнэт араас нь цохиод авсан, Э.Золбоо хажуунаас нь тонгорч унагасан, хажуунаас нь Ю.Э-С.Бат-Эрдэнийн нүүр рүү болон хажуугаас өшиглөсөн. Тэгэхээр нь би салгаад Бат-Эрдэнийг гэрт оруулсан...” гэх мэдүүлэг /хх-5/
-Шинжээч М.Баттүвшингийн “...С.Бат-Эрдэнийн биед хийсэн үзлэгээр тогтоогдсон хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/
-Гэрч Э.Золбоотын “...Би С.Бат-Эрдэнийг цохиж зодсон удаа байхгүй. Харин манай аавыг хэл амаар доромжлоод байхаар нь аавыгаа өмөөрөөд С.Бат-Эрдэнийг барьж аваад тонгорч унагаад бооход аав, ээж салгасан. Өөр зүйл болоогүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 23/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 180200250 дугаартай “...С.Бат-Эрдэнийн биед баруун 7-р хавирганы хугарал, цээжний хөндийд бага зэрэг шингэн, хамрын нуруу, хүзүү, нуруу, тохойд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 27/
-Яллагдагч Ю.Ю.Э-гийн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018.07.30-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн нутаг Аршанд гэх газар нутаглах гэртээ байж байхад хажуу айлын С.Бат-Эрдэнэ эхнэр хүүхэд дээрээ ирж байсан. Манай аав Юндэнгийн гэрт согтуу орж ирээд манай дүүгийн эхнэр Нарантуяа, аав хоёрын дэргэд намайг миний адууг чи алаад хуулсан, манай бэрийг цагаачин гэх зэргээр доромжлоод байсан. Би тэр үед дуугүй байсан. Үздэг киногоо үзэх гэтэл зурагт болохгүй болохоор нь С.Бат-Эрдэнийн хүүхдийг миний хүү гараад зурагтны антень янзал гэж хэлсэн чинь хажуугаас С.Бат-Эрдэнэ чи муу миний ядарсан хүүхдийг зарлаа гээд надад агсам тавиад байсан. Гэрт хэрэлдээд яах вэ гээд гадаа гарсан. Гараад над руу сонин сонин юм яриад байхаар нь мөрөн дээрээс нь бариад түлхсэн чинь С.Бат-Эрдэнэ газар унасан. Тэгэхээр нь баруун суганых нь доод хэсэгт нэг удаа тийрсэн. С.Бат-Эрдэнийг эхнэр Болор-Эрдэнэ нь аваад гэртээ орсон. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/
Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ю.Э-нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Ар шанд” гэх газар иргэн С.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодсон, дээрх үйлдлийн улмаас С.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч С.Бат-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад Ю.Э-нь өөрийн хүү Золбоотын хамт бүлэглэн зодсон гэх өргөдөл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Золбоот нь хохирогчийг тонгорч унагасан, боосон үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Э.Золбоотын дээрх үйлдлийн улмаас хохирогч С.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хохирол учраагүй гэж үзэж түүнийг хүний биед халдсан гэж Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ю.Э-нь хохирогч С.Бат-Эрдэнийн баруун суганы орчим өшиглөсөн, хохирогч “...С.Бат-Эрдэнийн биед учирсан баруун 7-р хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 180200250 дугаартай дүгнэлт, шинжээч М.Баттүвшингийн “С.Бат-Эрдэнийн биед хийсэн үзлэгээр тогтоогдсон хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ю.Ю.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Ю.Э-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Ю.Э- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогч С.Бат-Эрдэнэд 1 сая төгрөг төлсөн, хохиролд нэмж 3 ямаа өгөхөө илэрхийлсэн, хохирогч С.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Юндэнгийн Ю.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Э- 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Э- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Ю.Э-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1 сая төгрөг төлсөн, хохиролд нэмж 3 ямаа өгөхөө илэрхийлсэн, хохирогч С.Бат-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Э- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ