| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00103/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ
Улсын яллагч Д.Баянмөнх
Хохирогч Т.Жанарбек, Г.Лхамжав болон түүний өмгөөлөгч Д.Дарьсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Ц.Б-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц.Б-од холбогдох эрүүгийн 1822002750108 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ц Ц.Б- /Регистрийн дугаар ЗЮ76031579/
Шүүгдэгч Ц.Б-нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эргүүлийн цагдаа Т.Жанарбекийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн биед нь халдсан,
-2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эргүүлийн цагдаа Т.Жанарбекийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” барны гадна талд Т.Энхжаргалтай маргалдаж, нуруун тус газар нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Сүрьеэгийн байр гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хойд эх Г.Лхамжавын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б-шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эргүүлийн цагдаа Т.Жанарбекийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн биед нь халдсан,
2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эргүүлийн цагдаа Т.Жанарбекийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн талаар:
- Хохирогч Т.Жанарбек шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...2018 оны 8 сарын 20-ны өдөр хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиход Ц.Б-үл таних 3 залуутай хоорондоо маргалдаж, зодолдож байсан. Цагдаагийн газарт авч ирж, ерөнхий жижүүр Цэндбаатарт хэлж, түр хугацаагаар эрүүлжүүлэх байранд саатуулъя гээд би Ц.Ц.Б-ыг аваад эрүүлжүүлэх байр луу орсон. Ц.Б-нь эрүүлжүүлэх байранд ороод хаалгыг нь мөргөсөн. Тэгэхээр нь би араас нь очиж “Чи цаашаа ор л доо” гэхэд шууд эргэж намайг цохьсон. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна...” гэв.
Хохирогч Т.Жанарбекийн “...Ц.Б-ыг эрүүлжүүлэх өрөө рүү оруулахаар Алтангэрэл, Ванчиндорж бид 3 явж байтал Ц.Б- жижүүрийн өрөөнөөс гараад эрүүлжүүлэх өрөөний хаалгыг толгойгоороо мөргөхөөр нь би хөөе болгоомжтой, цаашаа ор гэж хэлтэл эргэж хараад миний хамар руу нэг удаа цохьсон. Тэгэхэд миний хамраас цус гарсан. Над руу дахиад дайрах гэхэд нь Алтангэрэл салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
Гэрч Б.Алтангэрэлийн “...Бүрнээ, Алтанхүү нарын хувцсыг тайлуулан эрүүлжүүлэх байрны жижүүрийн өрөөнөөс эрүүлжүүлэх камер руу оруулахаар явсан юм. Хамгийн түрүүнд Бүрнээ араас нь би явсан. Миний ард Ванчиндорж, Жанарбек нар явсан. Бүрнээ жижүүрийн өрөөнөөс гараад эрүүлжүүлэх камерын хаалгыг мөргөсөн. Тэгснээ шууд эргэж хараад Жанарбекийг нэг удаа хамар руу нь цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Гэрч Э.Ванчиндоржийн “...Ц.Б-Жанарбекийн нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгэхэд нь Жанарбек зөрүүлээд гарыг нь түлхсэн. Тэгснээ хамраа дараад хажуугаар зөрсөн. Алтангэрэл бид 2 Ц.Б-ыг барьж аваад камер руу хийсэн. Дараа Алтангэрэл бид 2 Жанарбекийг дагуулж эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамар нь хугарсан байна, маргааш гаргуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Гэрч Ш.Цэндбаатарын “...Хэсэг хугацааны дараа эрүүлжүүлэх байрнаас нэг нь яриад таныг ороод ирээч гэж байна гэхээр нь ороод очтол эрүүлжүүлэх байрны коридорт цус дусчихсан байсан. Тэгэхээр нь юу болсныг асуухад Ц.Б- Жанарбекийн хамар руу цохьсон гэж хэлсэн. Жанарбек эрүүлжүүлэх байрны 00-ийн өрөөнд гар нүүрээ угааж байсан. Ц.Б- эрүүлжүүлэх байрны камерт орчихсон хашгичаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №180200261 дугаартай “ Т.Жанарбекийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/
Яллагдагч Ц.Б- “...Би 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад цохиулсан цагдаагийн албан хаагч надад шаардлага тавиагүй. Би түүнийг эсэргүүцсэн зүйл байхгүй. Би цагдааг яагаад цохьсон гэдгээ санахгүй байгаа, би их хэмжээний согтолттой байсан учраас юу болсныг санахгүй байгаа. Тэнд байсан хүмүүс ярихдаа надад цохиулсан цагдаа нүүр гараа угаачихаад гарч ирж байхад нь би таарч шалтгаангүйгээр цохьсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэг бүхий диск зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” барны гадна талд Т.Энхжаргалтай маргалдаж, нуруун тус газар нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн талаар:
Хохирогч Т.Энхжаргалын “....Тэгээд би барнаас гарсан чинь баарны үүдэнд дал майктай, далбагар малгайтай танихгүй хүн Гансүхээс тамхи нэхээд зогсож байсан. Би тэр хүнд тамхи байхгүй, чиний тамхийг бид нар бэлдсэн юм уу гэж хэлсэн чинь тэр хүн миний өөдөөс чи амжихгүй шүү гэж хэлээд над руу дайрсан. Би тэр хүнийг цээж рүү нь өшиглөх санаатай хөлөөрөө жийсэн чинь хий жийсэн. Гансүх тэр хүн бид хоёрын дунд орсон. Тэгтэл тэр хүн намайг тэврэх шиг болсон чинь миний ар нуруу руу хүйтэн оргиод явсан. Тэгээд би тэр хүнээс салсан чинь тэр хүн Гансүх бид хоёр руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/
Гэрч Н.Гансүхийн “...Тэр согтуу хүн надаас тамхи нэхээд байсан. Түүнийг Энхжаргал хараад чи хүнээс тамхи нэхдэг хэн юм бэ гэж хэлсэн. Энхжаргалын өөдөөс тэр хүн чи амжихгүй шүү гэж хэлээд нэг нэгнийгээ барьж авах гээд хоёр талаас дайрсан. Би дундуур нь ортол тэр хоёр миний араар ороод барилцаад авсан. Тэр согтуу хүн Энхжаргалыг тэврэх шиг болсон. Тэгтэл Энхжаргал хутгалагдсан байсан. Энэ асуудал хоромхон зуур болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 180200262 дугаартай “Т.Энхжаргалын биед нуруунд багана нурууны шугамаар нурууны 10-р нугалмын түвшинд 1.3 см урт, 4 см гүн хатгагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/
Яллагдагч Ц.Б- “...22 цагийн үед Нитро барны гадаа очиход 2 залуу зогсож байсан. Би тэр хоёр залуугаас тамхи байна уу гэж сурсан. Тэгтэл тэр залуу тамхи байхгүй, юун тамхи гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би тэнд байсан залуучуудтай муудалцсан гэдгээ санаж байна. Тэгээд тэр хоёр залуугийн нэгийг барьж аваад өөртөө авч явсан шар иштэй, шөвх үзүүртэй хутгаар тэвэрч аваад ар нуруунд нь хутгалсан. Тэгээд тэр хүмүүсээс салаад гэр рүүгээ явж байтал цагдаа нар ирээд намайг бариад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Сүрьеэгийн байр гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хойд эх Г.Лхамжавын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн талаар:
-Хохирогч Г.Лхамжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ц.Б- эцэг, эх, хоёр дүү нь бид хэд байсан. Хоёр дүү нь жоохон пиво байсныг нь уучихаад гараад явсан. Тэгээд Ц.Б-орж ирээд орон дээр суусан. Би тогооны сав түшээд зогсож байхад “танай охин хулгайч” гээд элдвээр хэлээд байхаар нь “би хулгай хийсэн үгүйг нь яаж мэдэх юм, чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “чам шиг юмыг цохиж унагасан ч яадаг юм, чамд үр хүүхэд байдаг ч юм уу, үгүй юм уу” гээд намайг тогооны сав руу түлхээд гараа зангидаж байгаад нүд рүү цохьсон. Миний толгой манараад явсан. Тэгээд жоохон байж байгаад байшингаас гараад гэр рүүгээ орсон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс намайг яасан бэ гэж орж ирэхгүй байсан, би цагдаа дуудсан. Миний 4 настай ач хашаан дээгүүр өнгийгөөд айлын хүн дуудаж, манай эмээг Бүрнээ аллаа гэж хэлсэн байсан. Тэгээд манай айлын хүн гүйж орж ирээд “таны нүүр яасан юм бэ, хавдсан байна” гэсэн. . Би юм харж болохгүй олон хоног зовж, өвчин намдаах олон эм авч уусан. Одоо болтол өрөөсөн нүд хатгаж өвдөөд, юм үзэхдээ муу болоод байна. Өөрөө ээж, аавтайгаа байсан болохоор хийсэн хэргээ хүлээхгүй. Миний дэргэд үр хүүхэд маань байгаагүй. Ганцхан 4 настай жоохон хүүхэд байсан. Айлын хүн орж ирээд “таны зүүн талаас цус гоожоод байна” гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Б-эцэг, эхтэйгээ сууж байгаад эх нь Ц.Ц.Б-ыг дагуулаад гараад явсан. Эх нь сүүлд орж ирээд цагдаа дуудсан байна гээд гүйгээд яваад өгсөн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Би 60 нас гарчихаад хүнд зодуулаад байх хэцүү биз дээ. Миний хавирга өвдөөд байсан. Шинжээч эмчид үзүүлэхэд намайг эмчид очиж үзүүл гэж хэлсэн ч би эмчид үзүүлж чадаагүй, тэр өдрөө би явж чадахгүй байсан. Эм ууж, юм наагаад арай гайгүй болсон. Миний нүд олон хоног өвдсөн. Эмч судсандаа гэмтсэн байна, сайн эмчилгээ хийлгүүлэхгүй бол хараагүй болно гэж хэлсэн...” гэв.
Хохирогч Г.Лхамжавын “...Тэгсэн чинь Ц.Б- тэр хүүхэд чинь том болсон биз дээ, насанд хүрчихсэн биз дээ гэж намайг дарамтлаад сууж байснаа, өөдөөс ирээд миний нүүр рүү гараараа цохьсон. Тэр үйл явдал манай гэрийн баруун талд байх Сүрьеэгийн байранд болж өнгөрсөн. Тэгээд би тэр Сүрьеэгийн байрнаас гараад, гэртээ орж, цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163-р хуудас/
Гэрч Ц.Болоожийн “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би эхнэр Лхамжав, дүү Цэвээнсүрэн нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багт байх Сүрьеэгийн байранд 2 литрийн пиво нэг савыг хувааж уугаад сууж байтал манай хүү Ц.Б- гаднаас нилээн халамцуу орж ирээд сууж байснаа манай эхнэр Лхамжавтай юм яриад байсан. Би юу гэж ярьсныг нь сонсоогүй. Тэгтэл Ц.Б- босч ирээд Лхамжавын баруун талын нүд рүү нь нэг удаа цохьсон. Лхамжав надад танай хүү чинь нүүр рүү цохьчихлоо гэж хэлсэн. Тэрнээс хойш Лхамжавын нүд нь хавдаад хөхөрчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 165-р хуудас/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 180200338 дугаартай “Г.Лхамжавын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацар, шанаа, нуруунд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.”гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 170-р хуудас/
Яллагдагч Ц.Б- “...2018 оны 10 сарын 28-ны өдөр Сүрьеэгийн байранд орсон. Тэр байранд манай аав Болоож, намайг өргөж авсан ээж Цэвээнсүрэн, хойд ээж Лхамжав нар эсгэсэн пиво уугаад сууж байсан. Би Лхамжавт хандаж танай охиныг эрэн сурвалжилж байна лээ гэж хэлсэн чинь уурлаад, над руу дайраад, би мөнгийг нь төлнө гэж байсан...Тэгтэл Лхамжав орон дээр сууж байснаа босоод ирсэн. Тэгэхээр нь би цаашаа бай гээд зүүн гараараа цээж хэсэгт нь түлхсэн чинь цаашаа хараад модон орны хөл хэсэг рүү нүүрээрээ унасан. Тэгээд би гарч явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 176/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.Б-нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эргүүлийн цагдаа Т.Жанарбекийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн биед нь халдсан,
-2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эргүүлийн цагдаа Т.Жанарбекийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Сүрьеэгийн байр гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хойд эх Г.Лхамжавын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б- дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Ц.Б-ыг хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн, 2 хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөлгүйгээр хөнгөн хохирол учруулсан, 1 хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Б-нь Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 4 сарын 24-ний өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн Ц.Б- жинхэнэ эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон шийдвэрлэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 5 сарын 31-ний өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 8 хоногийн ялаас тэнсэн сулласан.
Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 8 сарын 15-ны өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Хэнтий аймгийн шүүхийн 2000 оны 10 сарын 20-ны өдрийн 155 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 8 хоногийн ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 7 сарын 2-ны өдрийн 554 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2002 оны 11 сарын 8-ны өдрийн 326 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн 3 сар баривчлах ялаар өөрчилж, 6 сар 6 хоногийн ял биеэр эдэлсэн байх тул бүрэн эдэлсэнд тооцож ялтан Ц.Ц.Б-ыг сулласан.
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 11 сарын 24-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 1 сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 11 сарын 30-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 6-ны өдрийн 458 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй 4 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хасч, ялтан Ц.Ц.Б-ыг сулласан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ц.Ц.Б-од Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл тус бүрт нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн зарим гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял, зарим гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2-н 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж /240+240+280=760/, уг ялын 8 цагийн хорих ялын 1 хоногийн хорих ялд шилжүүлэн тооцож /760/8=95/, 95 хоногийн хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтэндээ “Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү ” гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б- нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч нарт тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /урт нь 17.5 см, ажлын хэсэг нь 8 см/ хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Цэвээнсүрэнгийн Ц.Б-ыг хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн, 2 хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөлгүйгээр хөнгөн хохирол учруулсан, 1 хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Цэвээнсүрэнгийн Ц.Б-од Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар үйлдэл тус бүрт нь 240 цагийн хугацаагаар буюу 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2-н 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн уг ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялд шилжүүлэн түүнд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Б- биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-од оногдуулсан 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Ц.Б-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч нар нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б- нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-ийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /урт нь 17.5 см, ажлын хэсэг нь 8 см/ хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгүй.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ