Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01378

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01378

 

 

А холбоо,

Б- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01481 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А холбоо, Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г холбоонд холбогдох,

Иргэний болон хуулийн этгээдийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг тараасан хэлбэрээр няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч Г холбооноос 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 105 тоот албан бичгийг В ТӨХК-ийн дарга Д-д явуулсан. Тус албан бичигт В ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б- 2022 оны 11 дүгээр сараас эхлэн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд төвлөрүүлэх ёстой гишүүн байгууллагын татварыг төвлөрүүлээгүй, зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд гишүүдийг хамруулахгүй, МҮЭ-ийн гишүүний ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж, үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийн эсрэг анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороодын эв нэгдлийг сарниулах, хагарган бутаргах, улмаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хэргийн нэр хүндийг унагаах зүй бус үйл ажиллагаа явуулсан. Энэ нь В ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүн байгууллагаас хасагдах, улмаар эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн өгөөж, үр шимийг танай хамт олон хүртэх боломжгүй болох бодит эрсдэл бий болж байгааг анхаарна уу гэсэн агуулга бүхий мэдэгдэл өгсөн.

Уг мэдэгдлээс хойш Б- нь жилийн үр дүнгийн цалин 13 дахь сарын цалингаа авч чадаагүй хохирсон. Өөрөөр хэлбэл, дээрх албан бичгийн дагуу Б-гийн буруутай үйл ажиллагаанаас болж тус компанийн ажилчдын эрх ашигт хохирол бий болсон гэж үзэн цалинг нь олгоогүй. Үүнээс үзэхэд 105 тоот албан бичгээс болж хамт олныхоо өмнө Б-гийн нэр хүнд нь унаж, итгэх итгэл нь буурч, 8,589,257 төгрөгөөр хохирч, үүнийгээ гаргуулахаар шүүхэд хандсан байдаг.

1.2. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 108 тоот албан бичгийг мөн Дулаан цахилгаан, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд гэж хаяглаж явуулсан бөгөөд уг бичигт Танай холбоонд эрчим хүчний ямар байгууллагууд тэдгээрийн ажилчдын хэд нь нэгдэж гишүүн элссэн талаарх мэдээлэл байхгүй, холбогдох тогтоолууд хавсрагдаагүй байх тул хууль тогтоомжийн дагуу байгуулагдах эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын тарифын хэлэлцээрт оролцох нөхцөл бүрдээгүй гэж үзнэ, танай хууль бус үйл ажиллагаа үйлдвэрчний эвлэлийн нэгдлийг бусниулж байгаа тул хууль тогтоомж дүрмийн хэрэгжилтийг хангуулахын тулд шаардлагатай арга хэмжээг шат шаттайгаар авч байна, Жич: хувийг Эрчим хүчний яам, Монголын эрчим хүчний ассоциаци, МҮЭХ, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд үйлдвэрчний эвлэлийн хороодуудад гээд бүгдэд нь тараасан.

Өөрөөр хэлбэл, та нар хууль бусаар байгуулагдсан тул бид хүлээн зөвшөөрөх боломжгүй, ийм хууль бус холбоо байгуулагдсан гэсэн мэдээллийг салбарын яам, бусад бүх хороодуудад мэдэгдэж байгаа нь бусдын ажил хэргийн нэр хүндийг унагаасан.

1.3. Г холбооны дарга М- нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн MEGM гэх пэйж /page/ хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргасан.

Уг мэдэгдэл нь С, Б-, Л-, Н-, Ё- нар нь үгсэн хуйвалдаж 2022 онд салбарын ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан аливаа сургалт, үйл ажиллагаа, тэмцээнд оролцохгүй байна, гишүүдийн эрх ашгийг бус өөрийн явцуу сонирхлын эрх ашгаа хамгаалахын тулд өөрсдөө холбоо байгуулан дур мэдэн ажиллаж байгаад хариуцлага хүлээлгэх болно. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн холбоог байгуулсан талаар мэдэгдсэн боловч, бүх гишүүдийн хурлын тогтоол болон хурал зохион байгуулсантай холбоотой аливаа баримт бичиг байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн С, Б-, Л-, Н-, Ё- нараас дүрмээр хүлээсэн үүрэг болох гишүүн байгууллагын татварыг нөхөн нэхэмжилж төлүүлэхийг үүгээр анхааруулж байна. Эдгээр нэр бүхий холбоодын дарга нь өөрийн эрх ашгийг урьтал болгон албан тушаалаа урвуулан ашиглан байгууллагын гишүүдийг төлөөлөх эрхгүй холбоо гэх байгууллагыг санхүүжүүлэхээр зарцуулж байх магадлалтай тул Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газар хандан шалгуулж байна, дүрмээр хүлээсэн үүргээ умартан хувийн сонирхлоо урьтал болгон салбарын ажилтнуудыг холбооноос нь салгаж тусгаарлах, цахим группт халдан худал мэдээ тараан эв нэгдлийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь сонгуульт ажлын ёс зүйг уландаа гишгэн хууль зөрчиж ажиллаж байгааг сануулъя гэх агуулгатай байсан.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч нар хэнийг юу гэж доромжилсон, хувийн ашиг сонирхлоо хэрхэн урдаа тавьж хариуцагчийг хохироосон талаар ямар ч баримтаар нотолж чадсангүй. Байгууллага хооронд харилцаж байсан албан бичгийг 4000 дагагчтай фэйсбүүк групп /facebook group/-т нийтэлсэн. Тухайн мэдэгдлээрээ иргэн Б- болон А холбоог илт гүтгэх, үйл ажиллагааг нь харлуулах, худал мэдээлэл тараасан.

1.4. Мөн хариуцагчийн татгалзлаа нотолж байгаа ганц баримт нь холбооных нь дүрэм байдаг. Уг дүрэм нь Үндсэн хуультай зөрчилдсөн хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг боогдуулсан дүрэм байна. Уг дүрмээ бариад аль ч гишүүнийг гүтгэх доромжлох эрхтэй юм шиг харагдаж байна. Мөн хууль бусаар холбоо байгуулсан гэж тайлбарлаж байх боловч хууль бусаар байгуулагдсан гэдгийг төрийн эрх бүхий байгууллага тогтоогоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч холбоо бол хууль ёсны дагуу байгуулагдсан гэдэг нь нотлох баримтуудаар хангалттай батлагдсан. Ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын нэр хүндэд халдаж болохгүй.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд буюу өөрөөсөө өөр нэг л хүнд тараасан байхыг ойлгодог. Нийт гишүүддээ мэдээлэл хүргэх зориулалттай фэйсбүүк хуудас /Facebook page/-р тус 108 тоот албан бичгийг, мөн дээрээс нь гүтгэлгийн шинжтэй бичлэгээ нийтэлсэн тул үүндээ хариуцлага хүлээх нь хууль ёсны хэрэг юм.

Дээрх ярилцлага, мэдэгдлээр нэхэмжлэгч Б- болон нэхэмжлэгч холбооны аль алины нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын нэр, ажил хэргийн нэр хүндийг худал мэдээллээр тараасан байх тул няцаалт хийхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд худал мэдээлэл тараасан, нэр төрд халдсан гэх энэ шаардлага нь нотлогдохгүй гэж үзэж байна.

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 105 тоот албан бичиг нь В ТӨХК-ийн захиралд хүргүүлсэн Тодруулга мэдээлэл хүсэх тухай гэсэн гарчигтай албан бичиг юм. Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа хүн гишүүн байгууллагынхаа дүрмийн хэрэгжилтийг хангахгүйгээр шууд давхардсан, ашиг сонирхол үүсгэх нөхцөл байдал бүхий ижил зорилготой хуулийн этгээд байгуулсан учраас бид энэ албан бичгийг хүргүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Бид бодит байгаа нөхцөл байдлаа, дүрмийн заалтыг зөрчиж байгаа талаар мэдэгдсэн тул худал мэдээлэл тараасан гэдэг нь тогтоогдохгүй.

2.2. 108 тоот албан бичгийн агуулгын хувьд хэрэв танай хороо, манай байгууллагын харьяаллаас хасагдаж байгаа бол эрчим хүчний салбарын тарифын хэлэлцээр зөвхөн танай байгууллагын 1,000 ажилтанд хамаарахгүй шүү гэдгийг тайлбарлаж хүргүүлсэн. Хууль, журам, дүрмийг биелүүлж ажиллах хүрээнд 2023-2024 оны тарифын хэлэлцээрийг бүртгүүлэхдээ зөвхөн энэ В ТӨХК-ийг хасаад бүртгүүлсэн тохиолдолд тэнд ажиллаж байгаа нийт ажилчдын эрх ашиг хөндөгдөх ийм эрсдэл, нөхцөл байдал үүсэх нь гарцаагүй байна гэдэг талаар мэдэгдсэн албан бичгүүд байгаа юм.

Иймд 105, 108 тоот албан бичгүүдийн агуулгад дурдагдаж байгаа хэд хэдэн зарчмын шинжтэй заалтууд нь худал мэдээллийг тараасан, гүтгэсэн, хүний нэр хүндэд халдсан зүйл байхгүй. Энэ нь ажил хэргийн харилцааны хувьд хоорондоо тодруулга мэдээлэл авах зорилго бүхий албан бичиг байсан. Үүнээс болоод нэхэмжлэгч 13 дахь сарын цалин аваагүй маргаан үүсэж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй.

2.3. Манай холбооны дарга М-ын мэдэгдсэн мэдэгдэл бүхий видео бичлэгээр нэр хүндэд халдсан гэж үзсэн. Уг бичлэг нь мөн л Б- нь өөрийн байгуулсан холбооны зүгээс хамтын хэлэлцээр байгуулах процесст орох боломжгүй гэдгийг нотлох зорилгоор хийсэн. Процедурын хувьд хууль бус холбоо байсан учраас энэ мэдээллийг хийж хамтын хэлэлцээрээ үргэлжлүүлж ажиллах зайлшгүй шаардлага гарсан юм. Уг мэдэгдэлд бид хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу бид хууль, хяналтын байгууллагуудад шалгуулах, гишүүн байгууллагын дарга хүн адил чиглэлийн байгууллага байгуулж байгаа нь санхүү мөнгөний асуудал үүсэж байгаа эсэх талаар шалгуулах талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нарын өөрсдийн гаргаж байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь гишүүн байгууллагуудынхаа дүрмийг зөрчсөн дүрмийн дагуу явсан нэг ч ажиллагаа байгаагүй учраас бид энэ утгаараа ажлаа хийсэн. Түүнээс биш энэ хүмүүсийн нэр хүндийг гутаагаад, худал мэдээлэл тараагаад, Б-г иргэнийх нь хувьд ярьсан асуудал байхгүй, субьектив байдлаар хандсан зүйл огт байхгүй.

2.4. Тиймээс нэхэмжлэгчийг үйл ажиллагаагаа хууль дүрэм журамд нийцүүлээч гэдэг шаардлагыг тавьж, үүнийг нь ойлгуулах зорилгоор ажил хэргийн хүрээнд албан бичгүүд явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан хариуцагч Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо-нд холбогдох, нэхэмжлэгч А холбоо, нэхэмжлэгч Б- нарын иргэний болон хуулийн этгээдийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, уг тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээс уучлалт гуйлгахыг хариуцагчид даалгах тухай шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дүрэм болох өөрийн гишүүдэд үйлчлэх шинжтэй эрх зүйн баримт бичгийг Монгол улсын хууль, түүгээр ч зогсохгүй Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнээс давуу хүчин чадалтай байх мэтээр зөвхөн МҮЭХолбооны дүрмийн заалтыг барьж А холбоо-г Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллага гэж дүгнэж хууль буруу хэрэглэсэн.

Г холбоо-ны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 105 тоот албан бичиг нь Тодруулга мэдээлэл хүсэх тухай гэсэн агуулгатайгаар хүргэгдсэн байх боловч ... В ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б- нь ...МҮЭ-ийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж, ҮЭ-ийн хороодын эв нэгдлийг сарниулах, хагалган бутаргах, улмаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ажил хэргийн нэр хүндийг унагах зүй бус уйл ажиллагаа явуулсаар удаж байна. Түүнчлэн Б- нь өөр ТББ-ыг толгойлж, давхар ажил эрхлэх нь салбарын үйлдвэрчний эвлэлийн зарчим, дүрэм журамд үл нийцэхгүй юм. гэж дурдсан ба сүүлийн догол мөрд л тодруулга хүссэн агуулга бүхий бичвэр байдаг.

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 108 тоот албан бичигт ...Та бүхний явуулж байгаа үйл ажиллагаа нь МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, ҮЭ-ийн эв нэгдлийг бусниулж байгаа тул хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтийг хангуулахын төлөө шаардлагатай арга хэмжээг шат дараалан авч байгаагаа мэдэгдэж байна. Жич: Хувийг Эрчим хүчний яам, Монголын эрчим хүчний ассоциаци, МҮЭ-ийн холбоо, салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн ҮЭ-ийн хороодод гэж дурдсан.

Мөн Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо МЕОМ гэсэн нүүр номын хуудас /пэйж хуудас/-т 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тус холбооны дарга М-ын дуу, дүрс бүхий бичлэгт ... Б- нар нь явцуу эрх ашгийн үүднээс эрчим хүчний ажилтнуудын хамтын хэлэлцээрийг гацааж та бүгдийн ажиллах нөхцөлийг дордуулж байна, өөрсдийн холбоо гэгчийг байгуулж, түүнийг салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхээр улайрч байна, гишүүдийн эрх ашгийг бус хувийн ашиг сонирхлоо хамгаалан бусдыг доромжилж байгаа үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно, гишүүдийн татварыг өөрсдийн эрх ашгаа урьтал болгож албан тушаалаа урвуулан ашиглаж байгуулсан, гишүүдийг төлөөлөх эрхгүй холбоо гэгч байгууллагаа санхүүжүүлж байх магадлалтай тул Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газарт хандан шалгуулж байгааг мэдэгдэж байна гэж дурдсан байдаг.

Үйлдвэрчний эвлэлийн хороо, хорооны дарга нь ажил олгогч буюу В ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байхад хорооны даргын үйлдлүүдийг эв нэгдлийг сарниулах, хагалган бутаргах, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны ажил хэргийн нэр хүндийг унагах зүй бус, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр албан бичгүүдэд дурдсан, бичлэгийн үеэр мэдэгдэл, уриалга хүргүүлж байгаа мэт боловч эрх бүхий этгээдээс буруутай гэж тогтоогдоогүй байхад нэр бүхий этгээдүүдийг хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа мэтээр олон нийтэд мэдээлсэн байхад хороодын нийт гишүүдэд уриалсан агуулгатай байна гэж явцууруулан дүгнэсэн байгаа нь анхан шатны шүүхийн өөрийн үндэслэх хэсэгт дурдсан гутаасан буюу хууль буюу ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, мөн буруу шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тараасан үйлдэл байхад нотлох баримтыг тал бүрээс нь судлалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгосон МҮЭХолбооны дүрэм нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Монгол улсын хуультай зөрчилдөж байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг дутуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай холбоо нь эрчим хүчний болон геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн хамтын хэлэлцээрийг байгуулж ажилладаг. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 105 тоот албан бичигт тодруулга мэдээлэл хүсэх тухай албан бичгийг Дулааны цахилгаан станц 2 ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд явуулсан. Манай зүгээс ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч тал буюу Б-, А холбоотой харилцаа тогтоогоогүй. Харин өөрсдийн гишүүн байгууллага болох Дулааны цахилгаан станц 2 ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороотой харилцсан. Энэ нь манай байгууллагын гишүүн байгууллага бөгөөд Б- нь тус хорооны даргын албан тушаал эрхэлдэг. Дулааны цахилгаан станц 2 ТӨХК-д ажиллаж буй 300 гаруй ажилтны эрх, ашиг хамтын хэлэлцээрт орохгүй хохирох байсан.

Нэхэмжлэгч холбооноос манай байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамтын хэлэлцээрт оролцох тухай 2 тоот албан бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичгийн хариуд манай байгууллагаас 108 тоот албан бичгийг явуулсан. Өнөөдрийн байдлаар Монгол улсад эрчим хүчний яам, эрчим хүчний ажил олгогчийн төлөөлөгч, ажилтны төлөөллүүд Эрчим хүч, геологи, уул уурхай ҮЭХ гэх талууд эрчим хүчний хамтын хэлэлцээрийг байгуулдаг. Эрчим хүчний яамнаас танай байгууллагын үйлдвэрчний эвлэлийн дотоод асуудлаа өөрсдөө шийдвэрлэ, бид нар хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллагатай хэлэлцээр байгуулна гэх шаардлагыг хамтын хэлэлцээрийн үед дамжуулан хэлсэн.

Мөн үйлдвэрчний эвлэлийн холбооны байгууллага өөрөө санхүүждэг учраас гишүүдийн татварын асуудал яригддаг. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь давхар үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын ажил үүргийг хийж гүйцэтгэдэг. Уг асуудалд эрх ашгийн зөрчил байгаа учраас холбогдох байгууллагад шалгуулж байсан.

Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь гутааж, худал мэдээлэл тараасан гэж байна. Манай холбооны зүгээс ямар нэгэн байдлаар гутаасан буюу бодит байдалтай нийцээгүй мэдээлэл тараасан зүйл байхгүй. Харин ажил хэргийн хүрээнд албан бичиг хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн фейсбүүк группээр өөрийн холбооны гишүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор тухайн мэдээллийг хүргүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А холбоо, Б- нар нь хариуцагч Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан, иргэний болон хуулийн этгээдийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг тараасан хэлбэрээр няцаалт хийх, уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нар уучлалт гуйлгахыг хариуцагчид даалгах шаардлагаасаа татгалзсныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. А холбоо нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдаж, даргаар нь Б- томилогдсон байх ба энэ нь зохих журмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн /1хх 96-107/,

уг улсын бүртгэлийг хариуцагч Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/1147 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /1хх 223-225/,

3.2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Г холбооны гишүүн байгууллага болох Дулааны хоёрдугаар цахилгаан станцын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байхдаа А холбоог байгуулахад оролцож даргаар нь томилогдсон /1хх 108-111/,

3.3. Г холбооноос В ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д-д 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 105 тоот албан бичгийг, А холбоонд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 108 тоот албан бичгийг тус тус хүргүүлсэн /1хх 60-61/,

Г холбоо MEGM гэсэн нүүр номын хуудас /пэйж хуудаст/-т дээрх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 108 тоот албан бичгийг нийтэлсэний дээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны дарга М-ын хийсэн мэдэгдлийн цахим видео бичлэгийг байршуулсан /1хх 119-126/,

3.4. Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/557 тоот хариу мэдэгдэх хуудсаар Г холбоонд А холбооны эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь хангалттай үндэслэл тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж,

харин В ТӨХК-ийн байранд үйл ажиллагаа явуулж буй А холбооны албан тушаалтнууд гишүүдийн татварыг хууль бусаар захиран зарцуулж, хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үйлдэлд гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар гомдлыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү шилжүүлсэн болохыг мэдэгдсэн /1хх 220/.

 

4. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасны дагуу нэр бүхий иргэд, үйлдвэрчний эвлэлийн хороод нэгдэж А холбоог 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба энэхүү улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.

Мөн энэхүү хэргийн маргааны зүйлд нэхэмжлэгч нарын нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан эсэх асуудал хамаарч байгаа тул А холбооны байгуулагдсан үндэслэл, элсэн орсон гишүүнчлэлийн хүрээ, мөн Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлээс гарсан эсэх, давхар гишүүнчлэл байгаа эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

5. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 27 дугаар зүйлийн 27.6, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй этгээд түүнийхээ үнэн зөв, бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах, эдийн бус гэм хорыг арилгах үүрэг хүлээдэг.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлж дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А холбоо байгуулагдсантай холбогдуулан уг холбоо, түүний гишүүн хороод нь Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлээс гарсан эсэх, давхар гишүүнчлэл байгаа эсэх талаарх маргаан үүссэн байна.

Энэ хүрээнд хариуцагч нь В ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д-д 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 105 тоот албан бичгийг, А холбоонд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 108 тоот албан бичгийг тус тус хүргүүлж, өөрийн MEGM гэсэн нүүр номын хуудас /пэйж хуудаст/-т 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим видео бичлэгээр мэдэгдэл нийтэлжээ.

Хариуцагчаас илгээсэн албан бичиг, хийсэн мэдэгдэл нь А холбоо байгуулагдсантай холбогдуулан үүссэн гишүүнчлэл, давхар гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх, мөн нийт гишүүдийн эрх ашигт эрсдэл үүсэхээс урьдчилж анхааруулсан шинжтэй байна.

 

5.2. Анхан шатны шүүх нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль буюу ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг нь доройтуулсан байхыг ойлгодог бөгөөд хариуцагч нь дээрх үйлдлийг гаргаагүй, мөн нэхэмжлэгч нар нь нэр төр, ажил хэргийн нэр хүндээ хэрхэн гутаагдаж, үнэлэмж нь хэрхэн доройтсон болохыг баримтаар нотлоогүй гэж зөв дүгнэжээ.

 

5.3. Хариуцагчаас илгээсэн албан бичиг, хийсэн мэдэгдэлд ... Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хэргийн нэр хүндийг унагах зүй бус үйл ажиллагаа явуулсаар удаж байна ... үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийг бусниулж ... явцуу эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, салбарын хэлэлцээрийг үймүүлж ... үгсэн хуйвалдаж ... бусдыг доромжилж ... гишүүдийн татварыг албан тушаалаа урвуулан ашиглаж байгуулсан гишүүдийг төлөөлөх эрхгүй холбоо гэгч байгууллагаа санхүүжүүлэхээр зарцуулж байх магадлалтай ... үйлдвэрчний эвлэлийн дүрэм болон сонгуульт ажилтны ёс зүйг уландаа гишгэсэн зэргээр зохимжгүй үг хэллэг ашигласан байгаа боловч ажил хэргийн харилцааны зөрчилдөөн зохигчийн хооронд үүссэн, санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудлыг шалгуулахаар эрх бүхий байгууллагад хариуцагч нь хандаж байсан байх тул үүнийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэл болохгүй гэж үзэв.

 

5.4. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан Иргэний болон хуулийн этгээдийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2023/01481 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ