Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 371

 

 

2016 оны 06 сарын  10 өдөр     Дугаар 156/ШШ2016/00371

    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00137/И 

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд  хаалттай хийсэн  хуралдаанаар,

Хариуцагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо “Залуус” хотхоны 102 тоотод оршин суух Ганга овогт Мөнхжаргалын Ариунаа (РД:СИ84082001)

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сэцэнханы гудамж А-16 тоотод оршин суух Худай овогт Намсрайн Дашдоржийн (РД:ЧЕ72031517) нэхэмжлэлтэй, "гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хамтран өмчлөх эд хөрөнгийг хуваалгах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Дашдорж, түүний өмгөөлөгч Б.Жавхлан, хариуцагч М.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Дашдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н.Дашдорж би М.Ариунаатай 2005 онд гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны эхнэр нөхөр болсон бөгөөд хамтын амьдралын явцад том охин Д.Болормааг 2005 оны 07 дугаар сарын 18-нд, бага охин Д.Номинг 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус төрүүлсэн юм. 2010 оноос эхнэр М.Ариунаагийн маань зан ааш өөрчлөгдөж бид хоёрын үзэл бодол , зан байдлын хувьд хоорондоо таарч тохирохгүй, хэрүүл маргаантай байдаг болсон. Мөн надаас салж тусдаа амьдарна гээд удаа дараа гэрээсээ явах болсон нь цаашид хүүхдүүдийн эрх ашиг, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тул бид цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хэнтий аймаг Хэрлэн сумын 04 дүгээр баг Сариг Сэцэнханы гудамж А-16 тоотод байрлах 51 м3, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 160 м3 талбайтай хувийн сууцыг эхнэр М.Ариунаагийн хамт “Вендо” хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлсэн бөгөөд орон сууцны үнэ 148 971 425  төгрөг гэж тогтоогдсон тул гэр бүлийн нэг хүнд ногдох хувь хэмжээгээр тогтоолгох хүсэлтэй байна. Би 10 гаруй жил шонхор шувууны судлаач, шинжээч хийж байгаа юм. Хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу шонхор шувуу барьдаг, мөн хувиараа биллъярд, теннисийн газар ажиллуулдаг сард 2 сая орчим төгрөгийн орлоготой бөгөөд татварын хэлтэсд жилд орлогын 10 хувийг төлж шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан. Гэрлэлт цуцлуулах болсон гол шалтгаан эхнэр М.Ариунаа нь өөр хүнтэй болсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд охин Д.Болормаа, Д.Номин нарыг би өөрийн асрамжиндаа авч хамт амьдарч байна.  Эхнэр М.Ариунаа нь өөр хүнтэй болоод надтай хамт амьдрахгүй гээд надад хоёр охиноо орхиод 2015 оны 11 дүгээр сард гэрээсээ явсан. М.Ариунаа нь хоёр хүүхдээ харж хандаж чадахгүй гэж бодож байна.
Хариуцагч М.Ариунаатай эвлэрэн хэлэлцэж хоёр хүүхдийн нэр бүхий газрын талаар маргаан байхгүй. М.Ариунаагийн нэртэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Баянмөнх”-ийн 6-3 тоотод байрлах газар, “Цогт-Өндөр”-ийн 1-7 тоотод байрлах газар, Corolla Axio маркийн суудлын машин, оёдлын цехийг М.Ариунаад өгөхөөр тохиролцсон маргаангүй. Хоёр охиноо хамтад нь байлгаж, би өөрийнхөө асрамжинд авч өсгөн хүмүүжүүлмээр байна. Хоёр охиныг маань миний асрамжинд үлдээвэл би ээж М.Ариунаатай нь уулзуулж байх болно.

2. Хариуцагч М.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2004 оноос хойш нөхөр болох Намсрайн Дашдоржтой хамт амьдарч хоёр хүүхэд болох Д.Болормаа, Д.Номин гэдэг хоёр охиноо төрүүлсэн. Намайг нөхөр Н.Дашдоржтой анх гэр бүл болоход би 20 настай, Н.Дашдорж 32 настай байсан. Амьдралын янз бүрийн бэрхшээлээс болж удаа дараа муудаж, сайдаж байсан. Гэтэл муудах үед нөхөр Н.Дашдорж нь  байнга гар хүрдэг болсон. Анх 2004 онд том охиноо гэдсэндээ олоод байх үед анх  гар хүрч эхэлсэн. Намайг зодож доромжлоод дуусахгүй эцэг, эх, ах, эгч, дүү, найз нөхдүүдийг минь хүртэл доромжилдог. Би 2002 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар арван жилийг төгсөөд оюутан болсон. Гэвч би энэ хүнтэй амьдраад хүүхэдтэй болоод сургуулиа орхисон. Хүүхдээ том болгоод эргээд сургуульд орж нягтлан бодогч мэргэжилтэй болсон. Би 2010 онд  мөн салж явж байсан. Тусдаа 4 сар амьдраад ярилцаж байгаад бид хоёр эргэж нийлсэн боловч чи аргаа ядаад ирээ биздээ гэж хүртэл доромжилдог. Тийм болохоор салъя гэж шийдээд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гарч явсан. Мөн би 2015 оны 6, 7 сараас эхлэн би өөр хүнтэй уулзаж байсан . Надад амьдрахад маш хэцүү, нөхөр салахгүй байсан болохоор би өөр хүнтэй уулздаг болсон. 
Том охин маань шүүхэд өөрийн хүсэлтээр аавынхаа асрамжинд үлдэнэ гэсэн учраас би эсэргүүцэхгүй,  гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна татгалзах зүйлгүй. Бага охин Д.Номинг өөрийн асрамжинд авч, дундын эд хөрөнгө болох  Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг ”Сэцэнхан”-ы гудамжийн  А-16 тоотод байрлах 160 м3 талбай бүхий хувийн орон сууц, 51 м3 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай байшинг эзэмшил газрын хамт “Вендо” хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлж тайланг ирүүлсэн уг сууцыг өөрийн эзэмшилд авмаар байна. Би Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байна. Хувиараа бизнес эрхэлдэг оёдол хийж нэг дээлийг 60,000-100,000 төгрөгөөр оёдог сарын дундаж орлого 1 500 000 төгрөг байдаг. Шүүх хуралдаанд гаргах бичгийн нотлох баримт байхгүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Гэрч асуулгах шаардлагагүй.
Нөхөр Н.Дашдорж нь зодсон талаарх шүүх хуралдаанд гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Шаардлагатай бол нотлох баримт авч болно. Би Н.Дашдоржтой хамт амьдарч байх хугацаанд би өөрөө хоёр хүүхдээ асарч, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг, гэрийн бүх ажлаа өөрөө хийдэг  байсан.  Биллъярд, теннисийн газрыг би ажиллуулдаг байсан. 
Нэхэмжлэгч Н.Дашдоржтой эвлэрэн хэлэлцэж Land cruiser маркийн авто машин (51-32 УБЛ), Pajereo маркийн авто машин (17-99 УБ), биллъярдын байшин буюу (8*12 харьцаатай), 5*20-ийн өргөтгөлтэй байшинг, теннисийн хоёр ширээ, биллъярдын 8 ширээг дагалдах хэрэгслийн хамт нэхэмжлэгч Н.Дашдоржид өгөхөөр тохиролцсон маргаангүй гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхлангийн: “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хамтран өмчлөх эд хөрөнгийг хуваалгах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Н.Дашдорж нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага дээр маргаантай зүйлгүй, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад өнөөдрийн байдлаар гэрлэлт цуцлуулах болсон гол буруутан нь хариуцагч М.Ариунаа нь гэр бүлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаатай болсон нь гэрлэлт цуцлах гол шалтгаан болж байна. Иймд хүүхдийн асрамжийг тогтооход  нэхэмжлэгч Н.Дашдоржийн өнөөдрийн ажилтай орлоготой хүүхдүүдээ асран хүмүүжүүлж байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж охин Д.Болормаа, Д.Номин нарыг эцэг Н.Дашдоржийн асрамжинд үлдээж,  дундын эд хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг ”Сэцэнхан”-ы гудамжийн  А-16 тоотод байрлах 160 м3 талбай бүхий хувийн орон сууц, 51 м3 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай байшинг эзэмшил газрын хамт гэр бүлийн нэг хүнд ногдох хувь хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.
4. Насанд хүрээгүй гэрч Д.Болормаагийн шүүхэд өгсөн: ээж, аавтай хамт амьдрахгүй гээд 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод амьдрахаар явсан. Ээж хотод байр түрээслэж амьдардаг. Өмнө нь ээж намайг 1 дүгээр ангид байхад сална гээд гэрээсээ явсан.  Аав Н.Дашдорж ээж М.Ариунаагаас илүү дүү бид хоёрт анхаарал тавьдаг. Миний дүү Д.Номин нь “Бамбар” гэдэг хувийн цэцэрлэгт явдаг. Аав биллъярд, теннисийн газар ажиллуулдаг. Би аав Н.Дашдорж, дүү Д.Номин нартай хамт амьдрах хүсэлтэй гэсэн мэдүүлэг. (хх-ийн  48-49 тал)
5. Гэрч Д.Сэр-Одын шүүхэд өгсөн: Н.Дашдорж нь хүнд түшигтэй, эхнэр, хүүхдэдээ халамжтай, гэр орныхоо бүх ажлыг өөрөө хийдэг, төлөв томоотой хүн юм. М.Ариунаа нь өөр хүнтэй болоод 2009 онд Н.Дашдоржоос салаад Улаанбаатар хот явж байсан. Тэр залуугийн нэрийг Батбаатар гэдэг, хоёр хүүхэд нь Н.Дашдоржийн асрамжинд байдаг. М.Ариунаа нь Улаанбаатар хотод орон байр байхгүй, ажилгүй юм гэсэн мэдүүлэг. (хх-ийн 43-44 тал)
6. Гэрч М.Должинсүрэнгийн шүүхэд өгсөн: Н.Дашдорж нь “Хаштун” эмнэлгийн хажууд тоглоомын газар ажиллуулдаг. Н.Дашдорж нь зарчимч, шударга зантай, хүнд тусархуу, маш ухаалаг хүн юм. Тэр хүүхдээ маш сайн харж ханддаг сайн аав юм. М.Ариунаа эгч өөр хүнтэй болсон гэсэн мэдүүлэг. (хх-ийн 46-47 тал)
7. “Вендо” хөрөнгийн үнэлгээний газраас ирүүлсэн үнэлгээ. (хх-ийн 62-78 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Дашдорж нь хариуцагч М.Ариунаагаас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийг өөрийнхөө асрамжинд авч хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваалгахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.    

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, Хэнтий аймгийн Галшар суманд 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Д.Болормаа, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Д.Номинг тус тус төрүүлсэн болох нь №0129294 дугаартай болон №0000808679/410 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбар, (хх-ийн 4 тал)  №0027484/08 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн  зуучлахад  эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 10 тал) 
Гэрлэгчид нь 2015 оны 11 дүгээр сараас тус тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. (хх-ийн 1, 2, 35 тал)
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож гэрээ хийж хоёр хүүхдийн нэр бүхий газрын талаар маргаан байхгүй, М.Ариунаагийн нэртэй Хэрлэн сумын 3 дугаар баг, “Баянмөнх”-ийн 6-3 тоот газар, “Цогт-Өндөр”-ийн 1-7 тоот газруудыг, Corolla Axio машиныг, оёдлын цехийг М.Ариунаад өгөхөөр, Land cruicer УБЛ маркийн 51-32 дугаартай, Pajereo УБ маркийн 17-99 дугаартай 2 машин, биллъярдын байшин (8*12 харьцаатай) 5*20-ын өргөтгөлттэй байшин, биллъярдын 8 ширээ, теннисийн 2 ширээ дагалдах хэрэгслийн хамт тус тус Н.Дашдоржид өгөхөөр тохиролцсон байна. (хх-ийн 35-36 тал) 
Харин хариуцагч М.Ариунаа нь охин Д.Номинг өөрийнхөө асрамжинд авахаар маргасан байна.

Мөн зохигчид нь Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг ”Сэцэнхан”-ы гудамжийн  А-16 тоотод байрлах 160 м3 талбай бүхий хувийн орон сууц, 51 м3 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай байшинг эзэмшил газрын хамт хэрхэн хувааж авах талаар харилцан тохиролцоогүй тул “Вендо” хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлж тайланг шүүхэд ирүүлсэн байна. (хх-ийн 62-78 тал)

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан: гэрлэгчид энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн  халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал ..... хүүхдийн эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ. 
Мөн гэрлэгчдийн насанд хүрээгүй том охин Д.Болормаа нь сурган хүмүүжүүлэгч Ц.Мартын хамт шүүхэд гаргасан тайлбартаа: ....миний аав Н.Дашдорж нь ээж М.Ариунаагаас илүү дүү бид хоёрт анхаарал тавьдаг... аав маань биллъярд, теннисийн газар ажиллуулдаг, ээж одоогоор ажил хийдэггүй, ... би аав Н.Дашдорж, дүү Д.Номин нартай хамт амьдрах хүсэлтэй байна гэжээ. (хх-ийн 48, 49 тал)
Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэж эцэг Н.Дашдоржийн асрамжинд үлдээхээр тогтов.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага охин Д.Номинг хэн нь асрамжинд үлдээхээ тохиролцоогүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн  14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

Шүүх насанд хүрээгүй Д.Номинг эцэг Н.Дашдоржийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв. Үндэслэл нь: Нэхэмжлэгч Н.Дашдорж нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хоёр охиндоо анхаарал халамж тавьдаг, хувийн орон сууцтай, хүүхдүүддээ хүчирхийлэл үйлддэггүй болох нь доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: 

а. Насанд хүрээгүй Д.Болормаагийн : .... ээж, аавтай хамт амьдрахгүй гээд 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод амьдрахаар явсан..... ээж хотод байр түрээслэж амьдардаг... өмнө нь ээж намайг 1 дүгээр ангид байхад сална гээд гэрээсээ явсан.... аав Н.Дашдорж ээж М.Ариунаагаас илүү дүү бид хоёрт анхаарал тавьдаг .... миний дүү Д.Номин нь “Бамбар” гэдэг хувийн цэцэрлэгт явдаг... аав биллъярд, теннисийн газар ажиллуулдаг ...би аав Н.Дашдорж, дүү Д.Номин нартай хамт амьдрах хүсэлтэй гэжээ. (хх-ийн 50-51 тал)

б. Гэрч М.Должинсүрэнгийн: Н.Дашдорж нь “Хаштун” эмнэлгийн хажууд тоглоомын газар ажиллуулдаг... Н.Дашдорж нь зарчимч, шударга зантай, хүнд тусархуу, маш ухаалаг хүн юм.... тэр хүүхдээ маш сайн харж ханддаг сайн аав гэж хэлнэ.... М.Ариунаа эгч өөр хүнтэй болсон гэсэн мэдүүлэг. (хх-ийн 46-47 тал)

в. Гэрч Д.Сэр-Одын: ... Н.Дашдорж нь хүнд түшигтэй, эхнэр, хүүхдэдээ халамжтай, гэр орныхоо бүх ажлыг өөрөө хийдэг, төлөв томоотой хүн юм.... М.Ариунаа нь өөр хүнтэй болоод 2009 онд Н.Дашдоржоос салаад Улаанбаатар хот явж байсан. ... тэр залуугийн нэрийг Батбаатар гэдэг, ... хоёр хүүхэд нь Н.Дашдоржийн асрамжинд байдаг. М.Ариунаа нь Улаанбаатар хотод орон байр байхгүй, ажилгүй гэсэн мэдүүлэг. (хх-ийн 43-44 тал)

г. “Бамбар” цэцэрлэгийн тодорхойлолт. (хх-ийн 53 тал) зэрэг болно.

Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг баримтлан насанд хүрээгүй Д.Номинг эцэг Н.Дашдоржийн  асрамжинд үлдээхээр шийдэв.

Харин зохигчид нь Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг ”Сэцэнхан”-ы гудамжийн  А-16 тоотод байрлах 16.0 м3 талбай бүхий хувийн орон сууц, 51 м3 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай байшинг эзэмшил газрын хамт хэрхэн хувааж авах талаар харилцан тохиролцоогүй тул “Вендо” хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлж тайланг шүүхэд ирүүлсэн байна. (хх-ийн 62-78 тал)

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан: гэрлэгчид энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн  халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал ..... хүүхдийн эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ. 
Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126 дугаар зүйлийн 126.2.1-д “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө”, 126 дугаар зүйлийн 126.2.2-т “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө”, 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т: “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж заасан байх ба гэрлэгчид тохиролцоогүй тул хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т: гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэжээ. 

Шүүх “Вендо” хөрөнгийн үнэлгээний газраас ирүүлсэн үнэлгээг үндэслэн Хэрлэн сумын 04 дүгээр баг Сариг Сэцэнханы гудамжийн А-16 тоотод байрлах 160 м3  талбай бүхий орон сууцны үнэ 148 971 425 төгрөг 51 м3 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай байшинг 27 895 638 төгрөгөөр үнэлсэн байх тул 1 гишүүнд ногдох эд хөрөнгө буюу 44 216 766 (дөчин дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга долоон зуун жаран зургаан) төгрөгийг хариуцагч М.Ариунаад олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагч М.Ариунаа хувиараа оёдлын цех ажиллуулж, 1 сард 1 500 000 төгрөгийн орлого олдог, нэхэмжлэгч Н.Дашдоржийг зоддог гэж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар өгсөн боловч шүүхэд нотлох баримтуудаа ирүүлээгүй байна.
    
Монгол улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 132.6-д заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ЧЕ 72031517 регистрийн дугаартай, Худай овогт Намсрайн Дашдорж, СИ 84082001 регистрийн дугаартай Ганга овогт Мөнхжаргалын Ариунаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасныг баримтлан 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Болормаа, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Номин нарыг эцэг Н.Дашдоржийн  асрамжинд үлдээсүгэй.    

3.   Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.2., Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дашдоржоос 44 216 766 (дөчин дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга долоон зуун жаран зургаан) төгрөгийг гаргуулж хариуцагч М.Ариунаад олгосугай.

4.    Нэхэмжлэгч Н.Дашдорж нь хариуцагч М.Ариунаагаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай. 

5.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасныг баримтлан охин Д.Болормаа, Д.Номин нарыг эх М.Ариунаатай уулзуулж байхыг эцэг Н.Дашдоржид даалгасугай.

6.     Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т  заасан  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх,  суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүрэгтэй болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн  нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгч Н.Дашдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ариунаагаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
    
8.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ