| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00108/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч
Шүүгдэгч Т.П-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.П- холбогдох эрүүгийн 1822000000151 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1967 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын малчины 3-3 тоотод түр оршин суудаг /Дундговь аймгийн Өлзийт сум 1-р баг “Төхөм” гэх газар нутаглах/, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЗИ67041610, Их Өлзийт овгийн Т Т.П-
Шүүгдэгч Т.П-нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Малчны 3-3 тоотод иргэн Т.Цолмонбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Т.П-шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна...” гэв.
-Шүүгдэгч Т.Т.П-ийн яллагдагчаар өгсөн “...Тэр залуу мотоцикль дээрээ мордсон байсан, ард нь нэг жижигхэн биетэй охин байсан. Би нүүрсний үнэ 14000 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл үнэ сурсан залуу надад хандаж би 12,000 төгрөгөөр авдаг шүү дээ гэж жаахан дооглонгуй хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд 12000 төгрөгөөр авдаг хүнээсээ ав гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу өө муу гөлөг минь, би чамайг мэднэ, хөгшин төгцөг минь гэж хэлсэн. Тэгэхээр нь зүгээр байж байгаад хараалгасандаа уур хүрээд тэр залуу руу нүүрсний хог аваад шидсэн. Миний шидсэн нүүрсний хог тэр залууг оноогүй. Тэр залуу намайг зодох гээд над дээр хүрч ирээд, цохих гээд гараараа далайсан. Би далайсан гарыг нь барьж аваад, газар прус модны тайрдас байхаар нь аваад тэр залуугийн толгой дундуур нь цохьсон. Тэгээд салсан. Би тэр залууг цохьсон модоо аваад гэр рүүгээ орсон. Тэр хооронд тэр хэд цагдаа дуудсан байсан. Дараа нь манай гэрт миний толгойг нь цохьсон залуугийн ээж гэх хүн хоёр жижиг охинтой орж ирээд хэрүүл хийж байгаад гарсан. Манай эхнэр тэр хэдийг гэрээс хөөж гаргасан. Тэр залуу намайг хөгшин төгцөг, би чамайг мэднэ шүү, би чамайг ална шүү гэж харааж зүхээд байхаар нь нүүрсний хог авч шидсэн. Дараа нь намайг цохих гэхээр нь гарыг нь барьж аваад, гартаа мод бариад толгой руу нь цохьсон. Тэр залуугийн довтолгоо надад аюул учруулж болзошгүй байсан. Тийм учраас би өөрийгөө хамгаалах гээд гартаа мод бариад цохьсон…Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-20/
-Хохирогч Т.Цолмонбаярын “...2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11 цагийн үед би хүргэнийхээ цагаан өнгийн мотоциклийг унаад ардаа өөрийн эхнэр П.Энх- Отгоныг сундлаад малчны 3-3 тоот хашааны арын хаалгаар ороод хашааных нь голд мотоциклоо зогсоогоод сигналаа дарсан...Нэг настай хүн гарч ирсэн...би тэр хүнээс нүүрс хэд юм гэж асуусан. Тэр хүн надад 14.000 төгрөг гэж хэлсэн.Тэгэхээр нь би уржигдар 12.000 төгрөгөөр нүүрс авсан нэг хоногийн дараа яагаад 14.000 төгрөг болчихдог юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн...болихгүй юу гуйлгачин минь гэж хэлсэн...тэр хүн гартаа мод бариад намайг цохих гэсэн. Би тэр модтой гарыг нь бариад авсан чинь тэр хүн миний гарыг тавь гэж хэлсэн. Би модтой гарыг нь тавьсан. Тэгтэл тэр хүн миний толгой дундуур гартаа барьсан байсан модоороо цохьсон...” гэх мэдүүлэг /хх-иийн 7-8/
-Гэрч П.Энх-Отгоны “...нөхөр Цолмонбаярын хамтаар ...нүүрс авахаар малчны 3-3 тоот хашааны хойд талаас нүүрс зардаг айлын хашаанд орж мотоциклтойгоо зогссон...тэр хашаанд байсан айлаас нэг настай хүн гарч ирсэн. Тэр хүнээс манай нөхөр нүүрс ямар үнэтэй вэ гэж асуусан.Тэр хүн 14.000 төгрөг гэж хэлсэн...тэгээд манай нөхөр ямар үнэтэй юм бэ гэж хэлсэн чинь тэр хүн манай нөхрийг гуйлгачин минь өөр газраас ав гэж хэлсэн...манай нөхөр тэр хүн дээр очоод тэр хүний гарыг нь бариад авсан чинь гараа тавиулсан.Тэгсэн чинь тэр хүн манай нөхрийн толгойг модоор цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 180200344 дугаартай “...Т.Цолмонбаярын биед тархи доргилт, зүүн чамархай орчим шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
-Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Т.Пүрэвждорж 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Малчны 3-3 тоотод иргэн Т.Цолмонбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, дээрх үйл явдлын улмаас хохирогч Т.Цолмонбаярын бие эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.П- нь яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ биеэ хамгаалах зорилгоор модоор цохьсон ” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан баримтаар хохирогч Т.Цолмонбаяр нь шүүгдэгч рүү халдсан, довтолсон, аргагүй хамгаалалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Т.П-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Т.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Т.П-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Т.П- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47 сантиметр урттай прус модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид 170.000 төгрөг төлсөн, хохирогч Т.Цолмонбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Их Өлзийт овгийн Тэгшээгийн Т.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П- 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Т.П-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П-нь хохирогч Т.Цолмонбаярт 170.000 төгрөг төлсөн, хохирогч Т.Цолмонбаяр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47 сантиметр урттай прус модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.П- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ