Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01449

 

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01449

 

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01419 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С ББСБ ХХК, Г-, Д- нарт холбогдох,

Нотариатч Г-ийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э-гаас Д-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, С ББСБ ХХК болон иргэн Д- нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д- болон С ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, хариуцагч Д-, хариуцагч Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндулам, С.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Г- 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э-гаас Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр, С.Шаравын гудамж, 43В байрны *** тоотод байрлах, 54,7 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих, банк бусад тавих, холбогдох баримт бичигт төлөөлөн гарын үсэг зурах, материал хүлээлгэн өгөх үйлдэл хийх эрхийг Д-д нэг жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг гэрчилж, нотариатын бүртгэлийн 43 дугаарт бүртгэжээ.

Дээрх итгэмжлэлийг гэрчлэх үед Э- нотариатчийн ажлын байранд биеэр байгаагүй, өөрийг нь төлөөлөх эрхийг бусдад огт олгоогүй байхад нотариатч холбогдох хууль, дүрмийг илтэд зөрчиж, уг итгэмжлэлийг гэрчилсэн. Нотариатч Г- иргэнийг өөрийн биеэр хүрэлцэн очоогүй байхад түүнийг төлөөлөх бүрэн эрхийг өөр этгээдэд олгосон үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3, 7, Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч А-э нь Э-гийн хууль ёсны нөхөр бөгөөд хамтын амьдралын хугацаанд Б.Ирээдүй, Б.Оджаргал нар төрсөн. Э- 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нас барсан ба одоо түүний 2 хүүхдийн үл хөдлөх эд хөрөнгө хууль ёсны дагуу өвлөн авах эрх зөрчигдөхөд хүрээд байна. Үүнийг А-э Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээс мэдсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г- нэхэмжлэлийн шаардлагатай ирж танилцсан боловч уг хугацаанаас хойш нэг ч удаа ирж хариу тайлбар, баримт өгөөгүй, мөн тэрээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсын хилээр гарч явсан болох нь тогтоогдсон тул Г-ийг хариуцагчаас хасах хүсэлт гаргасан.

Иймд Г-ийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э-гаас Д-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, С ББСБ ХХК болон иргэн Д- нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

 

2. Хариуцагч С ББСБ ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч аль шаардлага хэнд хамааруулж, хэнийг хариуцагчаар татаж байгааг тодруулах нь зүйтэй байна. Нотариатын үйлдэл хийсэн хүн болох Г-ийг шүүх хуралдаанд оролцуулж байж хэргийг шийдвэрлэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Э- нас барснаар түүний иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон. Түүний өмнөөс нэхэмжлэл гаргах эрх, шаардах эрх нь эрх залгамжлан авах этгээд хуулийн дагуу шилжээгүй. Нэхэмжлэгч А-э шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрх хуулиар үүсээгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Хариуцагч Г-, Д- нараас татгалзал, тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Г-ийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э-гаас Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хороолол, С.Шаравын гудамж, 43В байр, *** тоот хаягт байрлалтай, 54,7 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих, банк бусад тавих, холбогдох бичиг баримтад төлөөлөх, төлөөлж гарын үсэг зурах, материал хүлээлгэн өгөх үйлдэл хийх эрхийг Д-д нэг жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хариуцагч С ББСБ ХХК болон Д- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Барьцааны гэрээ буюу Э-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр, С.Шаравын гудамж, 43В байрны *** тоотод байрлах, 54,7 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-ээс 70,200 төгрөг, С ББСБ ХХК-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А-эд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч С ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Өв нээгдээгүй, эрх залгамжлаагүй учир А-э шаардлага гаргах эрхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан ба энэхүү сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн тал, эсвэл гуравдагч этгээд хамаарна.

Иргэний Хуулийн 56 дугаар зүйл 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд нь хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос үүдэн алдагдсан боломжоо шаардах гэж байгаа бол хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс шаардах эрхтэй бөгөөд дээрх хэлцлийн үндсэн дээр шударгаар итгэн хэлцэл хийсэн хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр гарсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл хийсэн буруутай этгээдээс бусдад учруулсан хохирлыг л гаргуулахаар хуульчилсан бөгөөд хууль бус хэлцлийн үр дагаврыг нотариатч Г- хариуцан арилгах үүрэгтэй.

Учир нь Арвижих капитал ББСБ ХХК нь улсын бүртгэл үнэн зөв гэж тооцогдоно гэж хуульд заасны дагуу Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй, мэдээгүй байсан.

Мөн шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож Э-гийн хувийн байдлыг тогтоох, итгэмжлэлд нь өөрөөр нь гарын үсэг зуруулах зэрэг журамд заасныг зөрчсөн гэж дүгнэлт хийсэн нь хуулийн хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл үнэхээр тухайн цаг хугацаанд нотариатын үйлдэл хийхэд байгаагүй гэж байгаа бол Г- нотариатчаас өөрөөс нь тодруулалгүй бусад нотолгооны хэрэгслээр тогтоогдохгүй байхад зөвхөн ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шударгаар хэлцэл байгуулсан этгээдийн хууль ёсны эрх ашгийг шүүхийн шийдвэрээр хязгаарласан, процессын хуулийн дагуу гэм буруутай этгээдийг оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон шийдвэрээ гаргасан, нэхэмжлэгч талыг хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эрсдэл үүссэнийг шүүх харгалзаж үзэх нь зүйтэй гэсэн атлаа хуулийн дагуу шударгаар барьцааны гэрээ байгуулсан хариуцагч талын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байтал Иргэний хуулийн дагуу хамгаалсан хэм хэмжээг огт хэрэглээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж, дээрх хөндөгдсөн эрх ашигт эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү.

 

6. Хариуцагч Д-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх илт нэг талд үйлчилж хууль зөрчин зохигчдын эрхийг тэгш хангаагүй.

Шүүх шүүх хуралдааны товыг хариуцагч Д-д мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэдий өвчтэй байсан ч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ удаа дараа бичгээр гаргасан ба хурлын товыг зохих ёсоор мэдэгдээгүй байж байлцуулахгүй, мэтгэлцүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна.

Шинжээчийн дүгнэлт, хариуцагч С ББСБ ХХК-ийн хариу тайлбартай танилцаж байгаагүй, танилцуулсан баримт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г-ийг хариуцагчаас хасах тухай хүсэлт гаргасан байдаг бөгөөд уг хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тус тус танилцаж чадаагүй. Учир нь корона вирус халдварын уршгаар хүндээр өвдсөн, бие давхар болсны улмаас тонус өгч ураг эндэх эрсдэлтэй байсан тул ажлаас чөлөөлөгдөн үргэлжилсэн хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Д-ийн гомдолд тайлбар хэлье. Хариуцагч Д- нэхэмжлэлийн нэг хувийг гардаж авсан ч 14 хоногийн дотор хариу тайлбар өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч удаа шүүхэд ирээгүй ба өвчтэй гэх магадлагаа өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийж байсан. Хэргийн материалтай танилцах эрхээ эдлээгүй байж хүсэлт, тайлбартай танилцаагүй гэж тайлбарлаж буй нь учир дутагдалтай. Шүүх хуралдааны товыг тухай бүр шүүхээс мэдэгдэж байсан. Хариуцагч Д- шүүх хуралдааны товыг мэдэж байсан бөгөөд лавлах үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч Арвижих капитал ББСБ ХХК-ийн гомдолд тайлбар хэлье. Банк бус санхүүгийн байгууллага хэлцлийн үр дагавар арилгуулах тухай бие даасан шаардлага гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцоогүй. Нотариатч Г- 2 жилийн өмнө Монгол улсын хилээр гараад эргэж орж ирээгүй. Энэ үйл баримт нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Нотариатч Г- нь нэхэмжлэлээ гардаж авсан ч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

Нотлох баримтыг талууд өөрсдөө бүрдүүлж, цуглуулж өгөх үүрэгтэй. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Ийм учраас шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А-э нь хариуцагч Г-өд холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э-гаас Д-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай, хариуцагч С ББСБ ХХК болон Д-д холбогдуулан тэдгээрийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Г- нь Монгол улсын хилээр гарч явсан, оршин суугаа хаяг нь тодорхойгүй тул хариуцагчаас хасуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй атлаа Г-өд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

3.1. Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2-4в/1248 тоот албан бичгээр хариуцагч Г- нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр улсын хилээр гарсан, эргэн орж ирээгүй болох нь тогтоогдсон.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Г-ийг хариуцагчаас хасуулах хүсэлт гаргасан ч нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагаа шийдвэрлүүлэх болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байна. Нэхэмжлэгчийн энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэлээсээ татгалзсан агуулгагүй болно.

Иймд нэхэмжлэгч нь Г-ийг хариуцагчаас хасах хүсэлт гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй учир хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Г-өд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А-ийн гаргасан хариуцагч С ББСБ ХХК болон Д-д холбогдуулан тэдгээрийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.1. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.1. Э- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031*** дугаартай, Хан- Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр, С.Шаравын гудамж, 43В байрны *** тоотод байрлах, 54,7 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн /хх 45/,

4.1.2. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э- нь Д-д эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031*** дугаартай, Хан- Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр, С.Шаравын гудамж, 43В байрны *** тоотод байрлах, 54,7 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих, банк бусад тавих, холбогдох бичиг баримтад төлөөлөх, төлөөлж гарын үсэг зурах, материал хүлээлгэн өгөх эрхийг олгосон итгэмжлэл олгосныг нотариатч гэрчилсэн /хх 6/,

4.1.2. Д- нь дээрх итгэмжлэлийг үндэслэн С ББСБ ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ тус тус байгуулж 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн, мөн Э-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031*** дугаартай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан /хх 11, 165-169/,

4.1.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00063 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1045 дугаар магадлалаар хариуцагч Д-ээс зээлийн гэрээний үүрэгт 52,400,000 төгрөгийг гаргуулж С ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн /хх 161-164/.

 

4.2. Нэхэмжлэгчийн зүгээс барьцааны гэрээг байгуулахад Д-ийн Э-гаас авсан итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүй тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3100 тоот ... итгэмжлэлд зурсан итгэмжлэгчийн гарын үсэг нь Э-гийн гарын үсгийн чөлөөт загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээр тохирохгүй ... гэх дүгнэлтэд үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.

С ББСБ ХХК болон Д-ийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулж, Э-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206031*** дугаартай, Хан- Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр, С.Шаравын гудамж, 43В байрны *** тоотод байрлах, 54,7 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 165.3, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийх, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.3. Хариуцагч Г-өд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь С ББСБ ХХК болон Д-д холбогдуулан гаргасан тэдгээрийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Учир нь С ББСБ ХХК нь Э-гийн улсын бүртгэлийн Ү-2206031*** дугаартай, Хан- Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр, С.Шаравын гудамж, 43В байрны *** тоотод байрлах, 54,7 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл, Э-гаас Д-д олгосон итгэмжлэл нь нотариатчаар гэрчлүүлсэн зэрэгт үндэслэн барьцааны гэрээг байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Э-гаас Д-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хожим хүчингүй болох эсэх нь дээрх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, тухайн барьцааны гэрээг байгуулахад барьцаалагч С ББСБ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Э-гаас Д-д олгосон итгэмжлэл, түүнийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хууль бус эсэхийг мэдэх боломжгүй юм.

 

4.4. Иймд С ББСБ ХХК нь хуульд заанаар барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр тул 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.5. Харин нэхэмжлэгч нь итгэмжлэл гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулсан тохиолдолд холбогдох хохирлыг нэхэмжлэх эрхтэй ч энэ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүйг дурдвал зохино.

 

5. Хариуцагч Д- нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардан авсан үеэс хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлж байсан тул эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, хэргийн материал танилцуулаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч С ББСБ ХХК-ийн гомдлыг хангаж, Д-ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/01419 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ийн хариуцагч Г-өд холбогдуулан гаргасан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э-гаас Д-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ББСБ ХХК болон Д-д холбогдуулан гаргасан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ