| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 201/2016/0030/и |
| Дугаар | 201/МА2016/00028 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 201/МА2016/00028
*******ын нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах гомдлоор *******ын нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 200290948 /хоёр зуун сая хоёр зуун ерэн мянга есөн зуун дөчин найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний эхнэр ******* нь 2014 оны 8 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн төвд баригдаж буй “*******” ХХК-ийн барилгын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байгаад тус компанийн машинд дайруулж зуурдаар нас барсан. Дорнод аймгийн Прокурорын газар уг гэмт хэргийг үйлдсэн яллагдагч *******ыг эхнэр *******ыг болгоомжгүйгээр алсан гэж Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, мөн яллагдагч******* хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахин хамгаалуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгон гэм буруутай нь нотлогдож байна гэж үзсэн. *******, ******* нар нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ прокурорын шатанд ирүүлсэн тул тэднийг Өршөөлийн хуульд хамруулан Дорнод аймгийн Прокурорын газрын тогтоол 2015 оны 12 сарын 01-ний өдөр гарсан. Гэвч дээрх хүмүүс өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа тул талийгаачийн үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсөд бүгд гомдолтой байна. “*******” ХХК-иас оршуулгын зардалд 18`000`000 төгрөг, Улаанбаатар хот, Дорнод аймгийн хооронд явсан унааны зардал 758`400 төгрөг, хоол болон шуудан, нотариатын зардал 97`020 төгрөг, Дорнод аймагт байх хугацаанд байсан буудлын зардал 585`000 төгрөг, архивын хураамж 30`000 төгрөг, 48 хоногийн цалин 1`854`528 төгрөг, хүү *******гийн сургалтын төлбөр 1`036`000 төгрөг, охин *******гийн сургалтын төлбөр 11`000`000 төгрөг, талийгаачийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой байсан цалин 12`750`000 төгрөг, талийгаачийн банкны зээл 3`800`000 төгрөг, 3 жилийн цалин 135`150`000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15`000`000 төгрөг буюу нийт 182`078`948 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг бодохдоо тооцооны алдаа гаргаж, нийт 200`060`948 төгрөг нэхэмжлэх байтал 182`078`948 төгрөг гэж буруу бичсэн байна. Мөн иргэний хэргийг шүүхээр шийдэх үед гарсан зардал 226`400 төгрөгийг нэмж нэхэмжилсэн боловч хариуцагчийн төлөөлөгч сая төлсөн тул нэмж нэхэмжлэх шаардлагагүй боллоо. Иймд гэм хорын нийт хохиролд 200`060`948 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагчийн төлөөлөгч нь хүүхдүүдийн сургалтын төлбөр, талийгаачийн авах ёстой байсан цалин, банкны зээл, сэтгэл санааны хохирлыг төлөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Хэрвээ хань маань амьд сэрүүн байсан бол гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийгээд авах ёстой цалингаа авах байсан. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг ч төлөх байсан. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын дагуу талбайн инженер техникийн ажилтны цалинг үндсэн ажлын цалингийн 17 хувиар тооцдог. Энэ дагуу тооцоход 12`750`000 төгрөг гарч байна. Энэ аргачлалаар 3 жилийн цалинг тооцож гаргасан. 2014 оны 1 сарын 23-ны өдөр 5,0 сая төгрөгийн зээл авахад талийгаач хамтран зээлдэгчээр зээл авсан. Зээлийн гэрээний дагуу хамтарч төлөх ёстой тул энэ зээлийг нэхэмжилсэн. Энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байх үед хариуцагч байгууллага сэтгэл санааны хохиролд 20,0 сая төгрөг өгье гээд 10,0 сая төгрөг өгч, үлдэгдэл 10,0 сая төгрөгийг 2015 оны 5 сарын 10 гэхэд төлнө, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч хэлцэл хийсэн. Энэ хэлцлийн дагуу сэтгэл санааны хохирол 10,0 сая төгрөг, алданги 5,0 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ байгууллагын буруугаас болж хань маань нас барсан тул дээрх хохирлыг гаргуулж өгнө үү. Хариуцагч 27`500`000 төгрөг төлсөн нь үнэн гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцохдоо тооцооны алдаа гаргасан байна. Тооцооны алдаагаа засаад 200`060`948 төгрөг нэхэмжилж байгаа асуудал дээр маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 18`000`000 төгрөг, нэхэмжлэгчийн Улаанбаатар хот, Дорнод аймгийн хооронд явсан унааны зардал 758`400 төгрөг, хоол болон шуудан, нотариатын зардал 97`020 төгрөг, Дорнод аймагт байх хугацаанд байсан буудлын зардал 585`000 төгрөг, архивын хураамж 30`000 төгрөг, 48 хоногийн цалин 1`854`528 төгрөг буюу нийт 21`324`948 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн журмаар шалгагдаж байх явцад нэхэмжлэгчид 27`500`000 төгрөгийн хохирол төлсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас хуулийн шаардлага хангагдсан хохирлууд бүгд төлөгдсөн гэж үзэж байна. Харин хүү *******гийн сургалтын төлбөр 1`036`000 төгрөг, охин *******гийн сургалтын төлбөр 11`000`000 төгрөг, хохирогчийн гэрээний дагуу авах ёстой байсан цалин 12`750`000 төгрөг, банкны зээл 3`800`000 төгрөг, 3 жилийн цалин 135`150`000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15`000`000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах заалтуудыг тусгасан. Гэм хор учруулсны төлбөрийг хохирогчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоодог. Гэтэл нас барагч сард хэдэн төгрөгийн цалин орлоготой байсан, хүн амын орлогын албан татвар төлдөг байсан эсэх нь тодорхойгүй байна. Хохирогч ******* нь “*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, харин ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг тул цалингийн асуудлыг гэрээ байгуулсан компанитайгаа тооцох ёстой. Мөн 3 жилийн цалин нэхэмжилж байгаатай холбоотой иргэний хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд нь эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримтуудтай зөрүүтэй байна. Зөрүүтэй байгаа нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч нь 2015 оны 2 сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн дагуу сэтгэл санааны хохирол 15`000`000 төгрөг нэхсэн нь үндэслэлгүй. ******* нь “*******” ХХК-ийг төлөөлж гэрээ хийх эрхгүй этгээд юм. Мөн хуульд сэтгэл санааны хохирлыг мөнгөөр төлөх зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас гэм хорын хохиролд 200`290`948 /хоёр зуун сая хоёр зуун ерэн мянга есөн зуун дөчин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний гэр бүлийн хүн ******* нь “*******” ХХК-ий ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж байсан. Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөлийн барилгын талбайд ажиллаж байхдаа буюу 2014 оны 8 сарын 4-нд тус компанийн ачааны машинд дайруулж нас барсан юм. Уг ослын талаар шинжээчийн дүгнэлтүүд гарч улмаар уг ослыг үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоосон. Нэхэмжлэгч миний зүгээс уг ослоос болж гэр бүл, үр хүүхэд бидэнд учирсан хохирлыг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч дээр дурдсан анхан шатны шүүх хурлаас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус шалтгаанаар шинжээч томилуулах зэрэг хууль зүйн боломжит арга хэмжээг авалгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:
1. “*******” ХХК нь барилгын талбайд ажиллах хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдүүлж ажиллуулах ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүйгээс уг осол гарсан. Ослыг гаргасан Галсанбат нь бүрэн бус, эвдрэлтэй, ашиглагдахгүй зогсолтод байсан ачааны Маяти маркийн машиныг хөдөлгөөнд оруулж уг ослыг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон.
2. Миний эхнэр талийгаач ******* нь “*******” ХХК-ий барилгын талбайд орж барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус компанийн туслан гүйцэтгэгч “” ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу гүйцэтгэх ажил, үүрэг зөвхөн уг барилгын талбайд буюу “*******” ХХК-ий ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж байсан талбайд явагдах ёстой. Энэ үүднээс барилгын ажлын явц, талбайн аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг “*******” ХХК хангах үүрэгтэй гэдгийг анхаарч үзээгүй.
3. Нэхэмжлэлийн шаардлагын томоохон хэсэг болох дээр дурдсан гэрээний дагуу хохирогч *******ын авах ёстой байсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг зөв тогтоож, нэхэмжлэгч тал болох түүний ар гэр, үр хүүхдэд учирсан гэм хор, хохирлын хэмжээг зөв тодорхойлж, хохирлыг гаргуулах ёстой байсан тэр үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзэж байна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хохирогч ******* болон “” ХХК-ий хооронд 2014 оны 7 сарын 17-ны өдөр байгуулсан 10 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн, түүний гүйцэтгэлийн агуулгаар гаргасан болно. Уг гэрээнд ажлын хөлсийг 75,0 сая төгрөгөөр тооцсон байсан бөгөөд гэрээний дагуу ажил эхлээд хорь ч хоноогүй байхад уг осол болсон. Нэхэмжлэгч талын зүгээс *******ын авах ёстой байсан хөдөлмөрийн хөлсийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 сарын 13-ны өдрийн 181 тоот тушаалын журмын дагуу тооцоход 12`750`000 төгрөг болж байгаа юм. Үүнийг уг гэрээний хугацааны 70 хоногт хуваахаар өдөрт 182`143 төгрөг болж байна. Үүнийг сарын ажлын өдрөөр буюу 21,2 өдрөөр үржүүлэхэд сарын 3`861`473 төгрөг болно. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэсэн болон 97.1.2 “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэсэн хуулийн заалтуудыг хэрэглэн нэг сарын хөдөлмөрийн хөлс 3`861`473 төгрөгийг 36 сараар үржүүлэхэд 139`013`028 төгрөг болж байна. Бид үүнд *******ын авах ёстой хөдөлмөрийн хөлсийг дээр дурдсан гэрээний үнийн дүн болох 75,0 сая төгрөгөөр тооцоогүй, уг ажил гүйцэтгэх багт байсан бусад хүмүүсийг харгалзан үзэж, зөвхөн хохирогчид өөрт нь оногдох хувийг зохих журмын дагуу тооцсон гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
4. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 15,0 сая төгрөгийн хувьд тайлбарлахад “*******” ХХК-ий захирал ******* амаар эрх олгосны дагуу уг компаний ерөнхий нягтлан бодогч С.******* нь өөрийн нэрээр нэхэмжлэгч надтай төлбөр барагдуулах хэлцлийг 2015 оны 2 сарын 12-ны өдөр бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Ингэж энэхүү хэлцлийг хийсэн гэдгээ ******* нь эрүүгийн болон иргэний хавтаст хэрэгт авагдсан баримтад тодорхой дурдсан байгаа. Иймд уг хэлцлийн дагуу тохирсон 10,0 сая төгрөгийг алдангийн хамт 15,0 сая төгрөг болсон билээ. Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд нэгэнт хэлцэл хийж, гэрээгээр тохирсон сэтгэл санааны хохирол төлье гэсэн бичгэн тохиролцоо, гэрээ байхад сэтгэл санааны хохирол ингэж төлдөг практик, хууль журам байхгүй гэдэг үндэслэлээр үүнийг харгалзахгүй орхиж байгаа нь өөрөө хууль бус, талуудын эрх ашиг, гэрээ байгуулах үндэслэлийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
5. Миний бие нэхэмжлэлдээ хүүхдийн сургалтын төлбөр, банкны зээл төлөх зэрэг зүйл нэхэмжилсэн байсныг шүүх миний эсрэг ашиглаж, нэхэмжлэлийг минь бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч *******ын хүсэлтээр өмгөөлөгч А.Мөнхбат миний бие 2016 оны 5 сарын 10-ны өдөр хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохирол 200`290`948 төгрөгийг “*******” ХХК-иас нэхэмжилсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь насанд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч ******* хариуцан арилгах үндэслэлтэй байна гэжээ. Мөн шүүх хариуцагч талын төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагуудын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлд:
- Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой байсан цалин орлого 75,0 сая төгрөгийн 17 хувь болох 12`750`000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэдийгээр талийгаач ******* нь “” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч “*******” ХХК-ий буруутай ажиллагааны улмаас амь насаа алдсан. Энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжилж буй 12`750`000 төгрөгийг талийгаач ******* барилгын бригад ахалж байгаагийн хувьд гүйцэтгэх ажлын хөлс бус Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын дагуу талбайн инженер техникийн ажилтанд олгох үндсэн ажлын цалингийн 17 хувиар тооцох журмын дагуу тооцон нэхэмжилсэн.
- 3 жилийн ажлын хөлс буюу 135`150`000 төгрөг нэхэмжилснийг тооцон гаргахдаа өмнө нь ажилласан болон бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гаргасан ба шүүх хүн амын орлогын албан татвар төлдөг эсэх нь тодорхойгүй байна гэжээ. Гэтэл ******* нь тогтмол бага цалин хөлснөөс илүү хувиараа бригад байгуулан ажиллах нь ашигтай байсны үндсэн дээр бусад аж ахуйн нэгж, байгууллагатай ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ хийж тохиролцсоноор цалин орлогоо тооцон авдаг байсан. Үүнийг нотлох баримт нь талийгаачийн бусадтай байгуулсан гэрээ болон 2013 он дуустал төлсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтэр байдаг. Талийгаач ******* нь 2014 оны 8 сарын 4-ний өдөр осолдож нас барсан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 1 сараас төлөгдөөгүй байсан нь өмнө олж байсан цалин орлогыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Үүнийг үндэслэн тэтгэвэр тогтоолгох нас буюу 55 нас хүртэл тооцон 3 жилийн цалин орлогыг дунджаар тодорхойлон нэхэмжилсэн.
- Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй гэжээ. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-т зааснаар насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж буй бол 18 нас хүртэл гэж заасны дагуу талийгаачийн олох ёстой байсан цалин орлогоос хүүхдийн сургалтын төлбөр болох 12`036`000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүх хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорыг зөвхөн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал гэж тооцсон. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрхийнхээ дагуу насанд хүрээгүй болон суралцаж байгаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг гэм хор учруулснаас бий болсон хохирол буюу төлөгдөх ёстой нөхөн төлбөр гэж үзэж байна.
-Хариуцагч нь 2015 оны 2 сарын 12-нд төлбөр барагдуулах хэлцлийн дагуу сэтгэл санаа, гэм хор учруулсны нөхөн төлбөрт 20,0 сая төгрөг буцалтгүй тусламж болгон өгөхөөр тохирч 10,0 сая төгрөгийг нь гэрээ байгуулсан өдрөө өгч үлдэгдэл 10,0 сая төгрөгийг шүүх хурлын дараа өгөхөөр тохиролцсон. Хариуцагч талын хүсэлтээр нотариатчаар гэрчлүүлэн хууль ёсоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах 0,5 хувийн алданги тооцон гэрээ байгуулсан. Гэрээний дагуу алданги тооцон 15,0 сая төгрөг нэхэмжилсэн. Шүүх сэтгэл санааны хохирол, гэм хор учруулсны нөхөн төлбөрт тооцон өгөхөөр илэрхийлж албан ёсоор хууль зүйн үндэслэлтэй гэрээ хийж сайн дураар мөнгөн төлбөр өгөхөө хариуцагч зөвшөөрч илэрхийлснийг хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж үзэн хариуцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.******* энэ гэрээний талаар мэдүүлэхдээ “*******” ХХК-ий захирал *******ийн амаар хэлсний дагуу гэрээ хийж нарийн учрыг ойлголгүй гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн нь анхнаасаа “*******” ХХК-ий зүгээс талийгаачийн ар гэрт тусламж болгон мөнгө өгнө гэсэн амлалтыг баталдаг. Гэтэл “*******” ХХК-ий захирал ******* шүүх хуралдаанд оролцолгүй төлөөллөө оролцуулсан. Шүүх “*******” ХХК-ийг төлөөлж гуравдагч этгээдтэй хэлцэл хийх үед эрх олгогдоогүй болох нь тогтоогдож байх тул хэлцлээс үүсэх үр дагаврыг “*******” ХХК хариуцах боломжгүй юм гэжээ. С.******* нь энэ хэрэг асуудал дээр “*******” ХХК-ий захирлын тушаалаар эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар томилогдон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйн улмаас шүүх хурал хойшлогдож байсан байдаг ба энэ үедээ дээрх гэрээг захирал *******ийн зөвшөөрөл заавраар хийсэн байдаг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нэг талыг хэт барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч хариуцах ба хохирлын хэмжээг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд зааснаар гэм хорыг арилгах эрх бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн “ ******* “ ХХК-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 200`060`948 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2014 оны 08 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн урд талд байрлах “*******” ХХК-ний барилгын хашаан дотор “Маяти“ маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь иргэн Г.*******ыг дайрч, түүний амь насыг хохироож болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлджээ. /хх-ийн 2,5,10-11,12-13 дахь талууд/
Нэхэмжлэгч нь 12 төрлийн гэм хорын хохирол нэхэмжилснээс хариуцагч “*******“ ХХК нь 6 төрөл буюу оршуулгын зардал 18,0 сая төгрөг, нэхэмжлэгчийн Улаанбаатар хот Дорнод аймгийн хооронд явсан унааны зардал 758`400 төгрөг, хоол болон шуудан, нотариатын зардал 97`020 төгрөг, Дорнод аймагт байсан буудлын зардал 585`000 төгрөг, архивын хураамж 30`000 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 48 хоногийн цалин 1`854`528 төгрөг, нийт 21`324`948 төгрөгийг төлсөн, мөн хохирогчийн амь насыг хохироосон *******ын ар гэрээс 6,0 сая төгрөг, нийт 27324948 төгрөгийг нэхэмжлэгч *******д өгсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй ажээ.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох хүүхдүүдийн сургалтын төлбөр 12`036`000, хохирогчийн гэрээний дагуу авах байсан цалин 12`750`000 төгрөг, банкны зээл 3`800`000 төгрөг, хохирогчийн 3 жилийн хугацааны авах байсан цалин 135`150`000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15`000`000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч “*******” ХХК маргажээ.
Гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ч гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасан арга хэлбэрээр арилгахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар эдийн бус гэм хорыг шийдвэрлэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгахаар зохицуулсан боловч 230.2 –т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлөх“-өөр заасан ба сэтгэл санааны хохирлыг үнэлэх зохицуулалт иргэний хуульд байхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хохирогч Г.*******ын өв залгамжлагч *******ын шаардаж байгаа хүүхдүүдийн сургалтын төлбөр, хохирогчийн гэрээний дагуу авах байсан цалин, банкны зээл, хохирогчийн 3 жилийн хугацааны авах байсан цалин, сэтгэл санааны хохирол гэх шаардлагууд нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан шаардах эрхэд хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “200060948 төгрөг“ гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгтээ “200290948 төгрөг“ гэж нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэн дүгнэлтийн хэсгээс зөрүүтэй шийдвэрлэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 200`290`948 төгрөг ...“ гэснийг “... 200`060`948 төгрөг ...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
З.ЭНХЦЭЦЭГ