Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 131

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК,

Хариуцагч: Н З Д

Нэхэмжлэгчийн шаардлага: “...Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н З Дд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаар А/568 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/828 тоот захирамжийг сэргээхийг даалгах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Э ХХК нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ХЕТ-2013-03 багцын “Б1” талбайд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр а/828 дүгээр төсөл хэрэгжүүлэх батламжийг гардан авч төсөл хэрэгжүүлэгчээр хоёр жил ажиллаж байгаа билээ. Дээрх газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах, гэрээнд оролцогч Гэр хорооллын дахин төлөвлөлт үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.12, 4.19-д заасны дагуу “Н З Д, Төслийн удирдах хороо нь төсөл хэрэгжүүлэх талбайд инженерийн шугам, нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл ажил арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлнэ” Н З Д журманд заасан дээрх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй явсаар төслийн үйл ажиллагаа удааширсан нь төсөл хэрэгжүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд барилгын ажил эхлэх ямар ч боломж нөхцөлийг бүрдүүлэх үүргээ зөрчиж ирсэн нь тодорхой байдаг.

Гэр хорооллын дахин төлөвлөлт үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох ажлыг эрхлэн зохион байгуулах” үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэлгүй сунжруулснаас үүдэн төслийн ажил удааширсан нь төсөл хэрэгжүүлэгчийн буруутай үйлдэл эс үйлдэхүй байхгүй юм.

Тухайлбал: Газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь 2015 оны 9 дүгээр сарын 25-нд, Архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2015 оны 10 дугаар сарын 19-нд, холбооны шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар нь 2016 оны 2 дугаар сарын 25-нд, цахилгаан хангамжийн техникийн нөхцөл нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, усан хангамж, ариутгах, татуургын шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрүүдэд тус тус Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраар батлагдаж улмаар гэр хорооллын хөгжлийн газраар хянагдаж журмын дагуу 2 дугаар зүйлийн 2.2.2-д заасны дагуу “Төслийн удирдах хороо Дэд бүтэц шугам сүлжээ, инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах аюулгүй байдал, гамшгаас хамгаалах барилга байгууламжийн жагсаалт гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх” үүрэгтэй боловч энэхүү үүргээ 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хэрэгжүүлэхгүй, газрын ажлын зургийн даалгаврыг Төслийн удирдах хорооны хурлаар орж шийдвэрлэгдэх ёстой байтал, хуралдахгүй шийдвэр гаргахгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь төсөл хэрэгжүүлэгч Э ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төслийн барилгын ажил эхлэхгүй байгаа зүйл огт байхгүй.

Ерөнхий төлөвлөгөөний газар болон Төслийн удирдах хороо журманд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй дээрх зураг төсөл, ажлын даалгавар цаг хугацаандаа батлагдахгүй байгаа нь төсөл хэрэгжүүлэгчээс ямар нэгэн барилга барих боломжгүй бөгөөд зураггүй техникийн нөхцөлгүй, барилгын ажил эхлүүлэхийг барилгын тухай хуулиар хориглосон зэрэг нөхцөл шалтгаанаас үүдэн барилга барих боломжгүй нөхцөл үүсээд байгаа нь төсөл хэрэгжүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүйг бүрэн нотолно. Төслийн удирдах хороо хуралдахгүй өнөөдрийг хүртэл хойшилсноор төсөл хэрэгжүүлэгч Э ХХК өдөр хоног бүр алдагдалд ороод зогсохгүй, инженерийн шугам сүлжээний зураг төслийн үнэ одоо болтол батлагдахгүй , цаашид 

гүйцэтгэгч компаниудыг тодруулж, ажлын зураг төслийг яаралтай хийлгэх, төсөл хэрэгжүүлэгч төслийн ажлыг саадгүй хийх боломжоор хангахгүй явсаар байхад бодит байдалд нийцэхгүй ямар ч үндэслэл нотолгоогүйгээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 4 дүгээр зүйлийн 4.25-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч төслийн барилгын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлээгүй үндэслэлээр НЗД-ийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар А/568 захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн батламжилсан захирамжийг хүчингүй болгосон нь илт үндэслэлгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журманд заасан үндэслэл байгаагүй тогтоогдохгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн батламжилсан захирамжийг хүчингүй болгосон нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/828 тоот захирамжийг сэргээхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхий төлөвлөлт батлуулах нь “Э” ХХК-ийн хийх ёстой ажил. Ерөнхий төлөвлөлтөө батлуулсан. Үүний дагуу Н З Дас зургийн мөнгийг нэхэмжилж холбогдох зардлыг хариуцагчаас гэрээнд заасны дагуу гаргаж өгөх ёстой байгаа. Гэвч “Э” ХХК-аар өөрсдийн хөрөнгөөр зураг төслийг хийлгээд дараа нь хариуцагч төрийн захиргааны байгууллагаас зураг төслийн мөнгийг нэхэмжилсэн. Уул нь гэрээнд зааснаар зургийг Нийслэлийн хөрөнгөөр буюу төрийн захиргааны байгууллагын хөрөнгөөр зураг төслийг хийлгэх ёстой. “Э” ХХК нь ажлыг удаашруулахгүйн тулд өөрсдийн зардлаар зураг төслийг хийлгэсэн. Ингээд холбогдох зардлын нэхэмжлэх, баримтуудыг төрийн захиргааны байгууллагад хүргэсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газруудад харилцан энэ асуудлуудыг шийдвэрлүүлж өгөөч гэсэн албан бичгүүдийг өгч байсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Дараа нь эскиз зураг хийлгэхэд мөн адил Э ХХК нь өөрсдийн мөнгөөр хийлгэсэн. Эскиз зургийг ч бас нийслэлийн хөрөнгөөр хийлгэж эскиз зургаа батлуулах ёстой байдаг. Үүний дараа гурван талт гэрээ байгуулах ёстой байдаг. Энэ гурван талт гэрээнд тухайн иргэн тийм байрны, тийм тоотод орох гэж байгаа гэх мэт нарийвчилж зааж өгөх ёстой байдаг. Гэвч дээрх ажлууд хийгдээгүй учраас гурван талт гэрээнд заагдах боломж байгаагүй. Холбогдог эскиз зураг, барилгын зураг батлагдаагүй байгаа учраас, иргэдэд өгөх байрыг гурван талт гэрээнд заах боломжгүй байгаа учраас гурван талт гэрээ нь хийгдэхгүй удааширдаг. Эдгээр ажил хийгдэхээс өмнө ерөнхий  төлөвлөгөө  болон гадна шугам,   сүлжээний 

эскиз зураг хийгдээд дараа нь техникийн нөхцлүүдийг гаргаж өгдөг. Мөн төрийн захиргааны байгууллагын үүрэг. Энэ бүх ажлууд хийгдээд гурван талт гэрээ байгуулагдан. Гэвч техникийн нөхцлүүд нь холбогдох баримтуудаар буюу 2016 оны 4, 5 дугаар сарын байдлаар дуусаагүй байсан. Үүний дараа гурван талт гэрээ байгуулах учраас Э ХХК-ийг гурван талт гэрээгээ байгуулагаагүй, удааширч байгаа гэдэг нь өөрөө үндэслэлгүй тайлбар болж байгаа. Гурван талт гэрээг хоёр талт гэрээг байгуулсны дараа тодорхой хугацаанд байгуулах ёстой гэсэн ямар нэг хугацаа заасан зүйл байдаггүй. Гурвалсан гэрээг хоёр талт гэрээний хавсралт гэж төрийн захиргааны байгууллагын инженер, техникийн ажилтнуудаас тодруулж асуухад гурван талт гэрээ нь ямар нэг байдлаар шинээр зурагдаж байгуулагддаг зүйл. Тэрнээс биш 2 талт гэрээнд зааснаар иргэн, аж ахуйн нэгж 2 гарын үсэг зурсан юм шиг болоод төрийн захиргааны байгууллага гарын үсэг зурсанаар 3 талт гэрээ болно гэдэг үндэслэл байхгүй. Харин шинээр иргэд болон төрийн захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгч компаниуд харилцан шийдэлд хүрч 3 талт гэрээ байгуулна. Гэвч эдгээр техникийн нөхцөл, барилгын зураг төсөл хийгдээгүй, тохиролцоогоор аль орон сууцанд орох нь тодорхойгүй байж 3 талт гэрээ байгуулсангүй гэж үндэслэлийг ярьж байгаа нь төрийн захиргааны байгууллага өөрийнхөө буруутай үйл ажиллагааг төсөл хэрэгжүүлэгч компаний буруугаар хүлээлгэх нь үндэслэлгүй. Зураг төслийн үнэ буюу хөрөнгө оруулалтын тооцоог төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. Үүний дагуу төрийн байгууллагаас төрийн захиргааны байгууллагын хөрөнгөөр зураг төсөл хийгдэж байгаа учраас холбогдох хуульд заасны дагуу тендерийн сонгон шалгаруулалт зарлах ёстой гэж төрийн захиргааны байгууллагаас тайлбарладаг. Нэгэнт төрийн захиргааны байгууллагын хөрөнгөөр зураг төсөл хийгдэж байгаа учраас шалгарсан компаниар зураг хийлгэсэн компанийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь барилгаа барихаар зохицуулалт байгаа гэж өөрсдөө тайлбарладаг. Гэвч Э ХХК-аас зураг төслийн үнэ буюу хөрөнгө оруулалтын тооцоо гаргаад төрийн захиргааны байгууллагад хүргэхэд төрийн захиргааны байгууллага нь манайхаас тендерийн сонгон шалгаруулалт зарлаагүй учраас хүлээж авах боломжгүй гээд буцаасан зэрэг үл ойлголцох байдал гардаг. Энийг нэг мөр журамлаж өгөөгүйгээс болж төсөл хэрэгжүүлэгч компанид ойлгомжгүй байдал үүссэн байгаа. Тийм учраас 3 талт гэрээ байгуулаагүй үндэслэл нь ийм нөхцөл байдал шалтгаалсан байдаг тул шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хамгийн гол нь 3 талт гэрээг тодорхой хугацаанд байгуулна гэсэн ямар нэг зохицуулалт, хугацаа заасан зүйл байхгүй. Ийм учраас төрийн захиргааны байгууллага нь бүх холбогдох зөвшөөрөл гарсны дараа иргэдтэй 3 талт 

гэрээ байгуулах ёстой. Хамгийн гол нь иргэдтэй 3 талт гэрээг зөвшөөрлүүд нь гараагүй байхад байгуулахад иргэдийн хувьд хүлээлт үүсээд, гэр хорооллын суурь дээр байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгч компани давхар алдагдал хүлээдэг. Тийм учраас бүх зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийн төсөв шийдэгдсэний дараа гэр хорооллын иргэдтэй 3 талт гэрээ байгуулаад чөлөөлөх төсөл маань хурдан явагдана. Дээрээс нь иргэдийн хооронд бухимдал үүсэхгүй. Ийм нөхцөл байдал үүсдэг учраас Э ХХК нь харгалзан үзээд энэ асуудлыг шийдэх үүднээс, аргачлалын хялбарчилах үүднээс товчилсон хувилбар сонгож байсан. Энэ ямар нэгэн журам, гэрээ зөрчсөн зүйл байхгүй. Энийг төрийн захиргааны байгууллага харгалзаж үзсэнгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын Дэд бүтцийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Э ХХК-иас гаргасан нийслэлийн Засаг даргын төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэгчээр батламжпах тухай 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/828 дугаар захирамжийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах, үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай“ 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “ Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай’’ 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж ирсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.1-д заасны дагуу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** орчим ХЕТ-2013-3 багцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгосон. Тус сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** орчим ХЕТ-2013-3 багцын Б хэсэгчилсэн талбайн 39,7 га талбайд Э ХХК-ийг сонгон шалгаруулсан. Ажлын хэсгээс шалгарсан Э ХХК нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  үйл  ажиллагааны  журам”-ын  3.13-т заасны дагуу   төслийн эхний 

танилцуулгыг газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдэд 7 хоногийн хугацаанд танилцуулах, Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** орчмын “Б” хэсэгчилсэн талбайн эрх бүхий иргэдээс дэмжлэг авах санал хураалтыг 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж иргэдийн 96 хувийн санал авч дэмжигдсэн. Тэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3.15,     3,16- д заасны дагуу Э ХХК-д сонгосон талбай дахь газар , үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75 хувиас доошгүй хувийн зөвшөөрлийг авч, төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулах хоёр талт гэрээ хийх эрхийг 2014 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ныг хүртэл 60 хоногийн хугацаатай олгосон. 

Э ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 75.1 хувь буюу 334 нэгж талбартай хоёр талт гэрээ байгуулан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3.19-д заасны дагуу төслийн санхүүжилт, газар чөлөөлөх хуваарь, барилгын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хуралд танилцуулан төсөл хэрэгжүүлэгчээр шалгарахыг дэмжсэн шийдвэр гарсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3.20-д заасны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны саналыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/828 дугаар захирамжаар Э ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.20-д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, Н З Д түүнийг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай гурван талт гэрээ байгуулах үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.11 -д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээг байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ. Гэвч Э ХХК нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, батлуулах үйл ажиллагааг удаашруулсан буюу төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 9 дүгээр сард батлуулсны зэрэгцээ, журмын дагуу гурван талт гэрээ байгуулах үйл ажиллагааг гүйцэтгээгүй болно.

 Ийнхүү төсөл хэрэгжүүлэгч Э ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа удааширч байгаатай холбогдуулан манай байгууллага болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооноос удаа дараа хугацаатай албан шаардлага,   мэдэгдэл,  үүрэг   даалгавар   хүргүүлж   байсан   ч холбогдох  хууль, 

тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. /Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 14 дүгээр хурлын тэмдэглэл, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын 2016 оны 02/91, 03/510, 03/602, 03/682 тоот албан бичгүүдийг хавсралтаар хүргүүлж байна. Төсөл хэрэгжүүлэгч Э ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.20, нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/828 дугаар захирамжийн дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, Н З Д түүнийг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай гурван талт гэрээ байгуулаагүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслөө батлуулж, газар чөлөөлөлт хийгээгүй тул сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх буюу хэрэгжүүлэх боломжгүй байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.22-т заасны дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч буюу Э ХХК хариуцах үүрэгтэй Тус аж ахуйн нэгж нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 2 жилийн хугацаанд сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гурван талт гэрээ байгуулаагүй, газар чөлөөлөлт хийгээгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй, зэрэгцээ, 2016 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо сонгосон талбай дахь 104 газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид Э ХХК-тай байгуулсан хоёр талт гэрээг цуцлах, өөр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах тухай өргөдөл, гомдол ирүүлсэн. Ийнхүү “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.25-д “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу манай байгууллагын зүгээс Э ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг холбогдох материалын хамт нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, тус хурлаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан болно.

 Манай байгууллага нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/602 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ХХК нь төслийн дагуу 2014 оны 09 дүгээр сард 2 байршил дээр шалгарсан байдаг. Монголын Үндэсний Телевиз орчимд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ерөнхий төлөвлөгөөгөө хүргүүлсэн байдаг. *** орчмийн газрын ерөнхий төлөвлөгөөг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор хүргүүлэх болно гэж бичээд хүргүүлсэн. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлөвлөгөөг батлахаас 1 сарын өмнө албан бичгээр хүсэлтээ өгсөн байдаг. 11 сарын хугацаанд хойшилсон тул төлөвлөгөө нь батлагдаагүй. 2016 оны 05 дугаар сард Чингэлтэй дүүргийн 10 хорооны сонгогдсон талбай дахь 104 газар үл хөдлөх, эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчдөөс “Э” ХХК-тай байгуулсан 2 талт гэрээг цуцлах, өөр төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тухай өргөдөл, гомдлыг удаа дараа ирүүлж байсан. Үүний дагуу “Э” ХХК-д албан мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдлийн дагуу ямар нэг хариу ирүүлээгүй, арга хэмжээ аваагүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол иргэдийн дэмжлэгээр явдаг. Төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон аж ахуйн нэгж нь иргэдийн саналыг авч хоёр талт гэрээг 75 хувиас дээш хувиар байгуулах ёстой байдаг. Үүний дагуу хоёр талт гэрээгээ байгуулсан байдаг боловч 2 жилийн хугацаанд ямар нэг үйл ажиллагаа хийгээгүй, иргэддээ мэдээлэл өгөөгүйгээс болж иргэдээс гомдол гаргаж, жагсаал хүртэл хийсэн. Үүний дагуу “Э” ХХК-тай удаа дараа холбогдоход ямар нэг хариу өгөөгүй. Иймд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 4 дүгээр зүйлийн 4.25-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тохиолдолд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооноос төсөв хэрэгжүүлэгчийн эрхийг хүчингүй болгохоор зохицуулсны дагуу манай байгууллагын зүгээс “Э” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг холбогдох материалын хамт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Манай байгууллага Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар  сарын 30-ны өдрийн А/568 дугаар  захирамжийг 2016 оны 07 дугаар  сарын 06-ны өдрийн А/03602 тоот албан бичгээр хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй  тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н З Дд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаар А/568 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/828 тоот захирамжийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаар А/568 захирамжийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл  түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/828 дугаар  захирамжаар Э ХХК-ийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо, *** орчим ХЕТ-2013-3 багцын Б хэсэгчилсэн талбай, 39,7 га-д ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан байна.

Гэр хорооллын хөгжлийн газар 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 03/510 дугаар  албан бичгээр Э ХХК-д төсөл хэрэгжүүлэх хэсэгчилсэн талбайн 108 иргэний гарын үсэг бүхий 2 талт гэрээг цуцлах тухай албан бичиг ирүүлсэн ... 75 хувиас доошгүй хувийн дэмжлэгийг авах шаардлагыг хангахгүй болж, төсөл хэрэгжих боломжгүй болохыг анхааруулсан мэдэгдэл хүргүүлж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар  захирамжаар Э ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.20, 4 дүгээр зүйлийн 4.11 -д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, Н З Д түүнийг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай гурван талт гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 9 дүгээр сард батлуулсны зэрэгцээ, журмын дагуу гурван талт гэрээ байгуулах үйл ажиллагааг гүйцэтгээгүй.

2016 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороон дахь 104 газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид Э ХХК-тай байгуулсан хоёр талт гэрээг цуцлах, өөр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах тухай өргөдөл, гомдол ирүүлсэн тул “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.25-д “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно” гэж зааснаар нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” гэжээ. 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдаж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын  3.20-д “Н З Д энэ журмын 3.15 дэх заалтын хэрэгжилт, төслийн төлөвлөгөөг хянасан Төслийн удирдах хорооны саналыг  үндэслэн ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно.” гэж заасан боловч  4 дүгээр зүйлийн 4.11 –д “төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч эзэмшигчтэй гурван талт гэрээг байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ.” гэснээс үзэхэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа гурван талт гэрээ байгуулах боломжтой  гэж үзэхээр байна.

        Э ХХК-ийн төсөл хэрэгжүүлэхээр батлагдсан Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо, *** орчим ХЕТ-2013-3 багцын Б хэсэгчилсэн талбайн 28,5 га газарт 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ДТ 15/195 дугаар  Архитектур төлөвлөлтийн даалгавар, Усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлын  зураг төслийг боловсруулах даалгавар , холбооны шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар ,  цахилгаан хангамжийн шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар  тус тус батлагдсан боловч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 09/2128 дугаар  албан бичгээр Э ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан тул ХЕТ-2013/3 багцын Б хэсэгчилсэн талбайд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний  зураг төслийг хүчингүй болгохоор мэдэгджээ.

Дээрх байдлаас үзэхэд Төрийн захиргааны болон эрх бүхий бусад байгууллагаас зохих захиргааны актууд батлагдах хүртэл хугацаанд төсөл хэрэгжүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль батлагдахаас өмнө Хот байгуулалтын тухай хуулиар хот төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.”Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна.” мөн зүйлийн 12.8.”Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.”, 21 дүгээр зүйлийн 21.1.3.” орон сууцны хороолол, үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг зам, талбай, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, тохижилтын хамт иж бүрэн гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлж зохицуулах.” гэж заажээ.

Түүнчлэн төслийн барилгажилтын ажлыг хэдийд ямар хугацаанаас хойш 6 сар хүртлэх хугацаагаар тооцох эсэх нь журамд тодорхойгүй байхад журмын 4.25-д “төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй” гэж буруутгах боломжгүй бөгөөд дээр дурдсан хуулиар барилгажилтын ажлыг эхлэхээс өмнө хийгдэх ажиллагаа нь 6 сарын хугацаанд хийгдэх боломжгүй талаар хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр  нотлогддог.

Мөн 2016 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороон дахь 104 газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид Э ХХК-тай байгуулсан хоёр талт гэрээг цуцлах, өөр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах тухай өргөдөл, гомдол ирүүлсэн гэх боловч тэдгээр иргэдтэй Э ХХК-ийн байгуулсан хоёр талт гэрээний 1.3-т зааснаар “гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно.”, 1.5-д “талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний нөхцлийг өөрчлөх, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөдгурван талт гэрээ байгуулагдах хүртэл энэ гэрээний үүргийн биелэлтийг шаардахгүй.” гэж зааснаар иргэдэд гэрээний биелэлтийг шаардах эрх үүсээгүй байхад захиргааны байгууллага гэрээ цуцлах үндэслэлтэй гэж үзсэн нь төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг зөрчсөн, түүнчлэн Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд “гомдол гаргасан иргэдтэй утсаар холбогдоход зарим хүмүүс гэрээ цуцлах тухай гомдол гаргаагүй гэж хэлсэн” гэсэн тайлбар гаргаж байгаагаас үзэхэд хоёр талт гэрээ байгуулсан эзэмшигч, өмчлөгч нэг бүрийн ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгааг тогтоох шаардлагатай байна.

Мөн хариуцагчаас төсөл хэрэгжүүлэгч Э ХХК-ийг үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэж буруутгасан боловч ямар үйл ажиллагааны зөрчлийг хэрхэн гаргасныг тогтоогоогүй зөвхөн үйл ажиллагаа төлөвлөгөөнд заасны дагуу  явагдаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг.

Гэтэл уг үйл ажиллагааны төлөвлөгөө нь нэхэмжлэгч Э ХХК-ийн ирүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөө бөгөөд энэхүү төлөвлөгөөний дагуу явагдах үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан хариуцагч байгууллагаас шалтгаалан удааширсан нөхцөл байдлууд байсан эсэхийг харгалзан үзэх шаардлагатай байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нийцүүлэн төсөл хэрэгжүүлэгчийг эрхийг цуцлах эсэх асуудлыг дахин шийдвэрлэх хүртэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжийг 6 сар хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас “нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/602 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн” гэсэн тайлбарыг ирүүлснийг хянан үзэхэд Э ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр  эрх сэргээлгэх хүсэлтийг Н З Дд гаргасныг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар  Гэр хорооллын хөгжлийн газар уламжилсны дагуу тус газраас 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариу хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.8, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн  төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нөхцөл байдлыг тодруулж, хугацаанд дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэн нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/568 дугаар захирамжийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр  зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН