Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0116

 

2019 оны 02 сарын 27 өдөр           Дугаар 221/МА2019/0116                          Улаанбаатар хот

Х.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Х.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Х.У-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган, “Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.А-ийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал”, мөн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Х.У-ийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж”, үлдсэн “2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан Х.У-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох “ажилгүй болсон хугацаанаас хойш ажилд томилогдох хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 ны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал”-ыг биелүүлэхгүй байгаа үйлдэл нь захиргааны акт гаргахаас татгалзсан үйл ажиллагаа буюу хууль бус эс үйлдэхүй ...” гэж дүгнэсэн байна.

Х.У нь тус байгууллагад шилжин ирсэнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Тэтгэмж олгох тухай” 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай тушаалаар “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн Х.У-ийн өөрийн хүссэний дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тэтгэмж гэх гүйлгээний утга бүхий 12124655 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн албан хаагчийн ажлаас чөлөөлөгдсөн нөхцөл байдал болон тухайн байгууллагад шилжин ирсэнтэй холбогдуулан захиргааны акт гаргасан гэсэн үг юм. Удаа дараагийн албан бичгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Б/214 дүгээр тушаалын биелэлтийг тэтгэмж өгч хэрэгжүүлсэн талаар дурдсан байдаг. Уг тушаалын биелэлтийг ямар нэгэн байдлаар хангасаар байтал шүүхээс биелүүлэхгүй байгаа үйлдэл гаргасан гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Манай байгууллагын зүгээс тушаалыг биелүүлсэн үйлдэл буюу тэтгэмж өсгөн тушаалыг хууль бус гэж нэхэмжлэгч маргаагүй, тэтгэмж авснаа хүлээн зөвшөөрч байхад эс үйлдэхүй хийсэн гэж үзэж шүүх дүгнэсэн нь буруу юм. Тэтгэмж өгснөөр тухайн тушаалын биелэлтийг хангасан гэж үзэж байгаа болно. Энэ талаар анх ажлын байраар хангаж өгнө үү гэх утга бүхий нэхэмжлэгчийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт гаргасан гомдолд өгсөн хариу болох 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 301 дугаартай Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан бичигт “... Бууцагаан сумын мэргэжилтний ажлын байрыг санал болгосон боловч та татгалзаж, захиргааны санаачлагаар ажлаас халагдсаны тэтгэмжээ авахыг хүссэн ба таны хүсэлтийн дагуу тэтгэмж олгосон болно ...” гэсэн тодорхой хариу өгсөөр байтал уг албан бичгийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байхад шүүхээс тушаалыг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж дүгнэж байна.

Манай зүгээс хууль ёсны, эсхүл хууль зөрчсөн эсэх нь хамааралгүйгээр ямар нэгэн байдлаар бүхий л гомдолд хариуг өгсөөр ирсэн. Уг гомдлын хариутай нэхэмжлэгч нь цаг тухай бүрд танилцсаар ирсэн атлаа одоо эс үйлдэхүй гаргасан гэж нэгэнт 2 жилийн дараа маргаж, тус маргааныг шүүх хүлээн авч эс үйлдэхүй хэмээн дүгнэсэн нь болж өнгөрсөн нөхцөл байдалд бодит дүгнэлтийг хийгээгүйгээр шийдвэр гаргасан.

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тушаалтай маргаагүй, тус тушаалаар Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдөж байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар шүүх хуралдаан болон нэхэмжлэлд дурдсан байдаг. Гэтэл шүүхээс үндэслэх хэсэгтээ “... Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь ... халагдсан эсхүл чөлөөлөгдсөнөөр дуусгавар болох зохицуулалттай” гэжээ. Х.У нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас томилогдсон, тус газартай үр дүнгийн гэрээ байгуулсан албан хаагч тул манайхаас чөлөөлөх, халах зохицуулалт байхгүй, тус тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Нийгмийн халамжийн хэлтсийн даргаас чөлөөлөгдөж байгаагаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байхад шүүхээс манай байгууллагыг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, хориглож, ажиллах боломжоор хангахгүй байна гэж дүгнэж байгаа нь 2 тусдаа харилцааг хооронд нь ялган зааглахгүйгээр нэхэмжлэгчийг ажилд авахыг даалгаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлд дурдсанаас харвал нэхэмжлэгчийн гомдлын агуулга нь “... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн боловч тус газар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй” талаарх маргаан гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс уг тушаал, албан бичгийг биелүүлээгүй үйлдэл хийгээгүй, ямар нэгэн байдлаар өргөдөл, гомдлуудад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариуг өгсөөр байхад шүүхээс эс үйлдэл гаргасан гэж дүгнэж байгаа нь буруу юм.

Мөн шүүхийн шийдвэрт “... ажлын байрыг санал болгосон боловч татгалзсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа ...” гэсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан байдаг буюу шүүх хуралдаанд ажлын байрыг санал болгосон боловч би татгалзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад шүүхээс маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн нь буруу юм.

Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь тэтгэмж олгосон өдрөөс хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2 сар гарангийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажлын байраар хангаж өгнө үү гэсэн утгатай өргөдлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх ашгийг нь зөрчиж байгаа шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргана, дээд шатны байгууллага гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй, хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан. Гэтэл хуулиар олгогдсон тус эрхүүдийг эдлээгүй байж байгаад 2 сар гарангийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажлын байраар хангаж өгнө үү гэсэн утгатай өргөдлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт гомдол гаргасан байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

Шүүхээс энэ байдлыг дүгнэхдээ нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан нөхцөл байдлаас эхлэн тоолж, 2016 он болон 2017 онд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэж байгаа нь буруу юм. Төрийн байгууллагын ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байгааг анхаарч үзэх хэрэгтэй юм.

Мөн нэхэмжлэлд дурдсанаар анх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бичиг хэрэгт 2017 оны 4 сарын 07-ны өдөр бүртгэж авч, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А-д гэж хаяглан 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/840 дугаартай албан бичгээр шилжүүлсэн байдаг. Уг шилжиж ирсэн өргөдлийн хариуг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.Ут 301 дугаар албан бичгээр “... тус газар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс танд Бууцагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг санал болгосон боловч та татгалзаж, захиргааны санаачлагаар ажлаас халагдсаны тэтгэмжээ авахыг хүссэн ба таны хүсэлтийн дагуу тэтгэмж олгосон болно ...” гэсэн утга бүхий хариуг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 301 дүгээр гомдлын хариуг шийдвэрлэсэн албан бичгийг хүлээн авсан, үүнтэй холбогдуулан захиргааны санаачлагаар халагдсан талаарх тушаалыг гаргуулах талаарх гомдлыг гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 381 дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 301 дүгээр албан бичиг болон 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 381 дүгээр албан бичгүүд нь агуулгын хувьд ижил бөгөөд уг албан бичгүүд нь нэхэмжлэгч Х.У-ийн шүүхэд гаргасан “... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн, тус газар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй” талаарх нэхэмжлэлийн агуулгатай ижил байна.

Уг албан бичгүүдийг хүлээн авсан, танилцсан талаар нэхэмжлэгч маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй. Үүнээс харахад нэхэмжлэгчийн шүүхээр шийдүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дугаартай “Ажлаас чөлөөлөх, шилжүүлэх тухай” тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/15 дугаартай албан бичгийг биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох шаардлага нь өөрөө үндэслэлгүй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, уг шаардлагуудад холбогдох агуулга бүхий гомдлыг өмнө нь удаа дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргаж байсан бөгөөд тухай бүрд нь гомдлын хариуг өгсөн, өөрөө тухай бүрд хариутай танилцсан байтлаа, хуулийн хугацаандаа шүүхээр болон Төрийн албаны төв зөвлөлд уг асуудлуудыг шийдвэрлэсэн хариун талаар гомдол гаргаагүй байгаа нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 301 дугаар албан бичиг болон 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 381 дугаар албан бичгүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл бүрдэж байна гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллага 30 хоногийн дотор хандана, дээд шатны байгууллагын хариу хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд 30 хоногийн дотор хандахаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ зүйлийн 14.1-ээс 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.

Тиймээс тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Х.У нь Нийгмийн халамж, үйлчилгээний газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байжээ.

Нэхэмжлэгчээс “33 жил ажилласны эцэст 2018 оны 6 дугаар сард тэтгэвэрт гарах байсан тул 2017 оны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсөвт 36 сарын тэтгэмж суугдах байсан, ... төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 тоот албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтрүүдэд бичилт хийхийг даалгуулах[1]” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр тушаалаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж байгаа тул Баянхонгор аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Х.У-ийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байна.

Дээрх тушаалаар Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах ...” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж, хөдөлмөрлөх эрхийг нь /ажлын байраар/ хангуулахаар нэхэмжлэгчийг өөрчлөн байгуулагдсан хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажиллаж байсан хэлтсийнх нь чиг үүрэг нэгтгэгдсэн захиргааны байгууллагад шилжүүлсэн байна.   

Гэтэл хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь тус байгууллагад шилжин ирсэн нэхэмжлэгч Х.У-ийг ажил, албан тушаалд томилох шийдвэр гаргалгүй төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гаргасан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тушаалаар “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/214 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн Х.У-т 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох”-оор шийдвэрлэсэн нь төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд хэрэглэгдэх дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгчийг цаашид төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгааг эдлүүлээгүй байна.  

Анхан шатны шүүх Х.У-ийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан цаг үед тухайн ажил албан тушаалыг эрхлэх хууль зүйн боломжтой эсэхийг тодруулалгүйгээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу байна.

Учир нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч Х.У нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” талаар тайлбарлан маргасан бөгөөд нэхэмжлэгчээс үүнийг үгүйсгээгүй, шүүхийн шийдвэр гарах үед нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарсан, томилохыг даалгуулахаар шаардаж буй ажил албан тушаалыг эрхлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг /хөдөлмөрлөх эрхийг/ эдлүүлэхээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/214 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн байхад хариуцагчаас хууль бус эс үйлдэхүй гаргасан нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлж, 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэгчид олгосон 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ холбогдох хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэв. Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулж, ажлын байраар хангах үүргийг тус захиргааны байгууллага хүлээсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй байжээ.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцагч байгууллагад шилжүүлснээс хойш уг тушаалын дагуу “тэтгэврийн насны хугацаа хүртэл цалин орлого бууруулахгүйгээр ажлын байраар хангаж өгөхийг хүсэж” 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад хандан гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/840 дүгээр албан тоотоор хариуцагчид хүргүүлсэн, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 301 тоот албан бичгээр нэхэмжлэгчид “тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс танд Бууцагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг санал болгосон боловч та татгалзаж, захиргааны санаачлагаар ажлаас халагдсаны тэтгэмж авахыг хүссэн ба таны хүсэлтийн дагуу тэтгэмжийг олгосон”, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 415 тоот албан бичгээр “тус газраас тантай хөдөлмөрийн харилцаанд орсон тухай гэрээ байгуулаагүй тул таныг ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргах эрх зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг тус тус өгсөн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1448, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/162 тоотоор тус тус хариу хариу хүргүүлж, нэхэмжлэгчээс Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлснийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд маргаж буй асуудлаар төрийн захиргааны байгууллагуудад тасралтгүй хандаж байсан нь тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргаар томилохыг даалгах” шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагыг хангаж, мөн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэрт гарах асуудлыг зохих журмын шийдвэрлэхийг даалгасан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, 30 дугаар зүйлийн 30.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал”, мөн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.А-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.У-ийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэн, төрийн албанаас чөлөөлөхийг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр тушаалаар шилжүүлснээс хойш тэтгэвэрт гарсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу олгохыг тус тус хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргаар томилохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

 


[1] Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.