Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/0115

 

Д.Ц-ын гомдолтой,

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын

 Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны

гаалийн улсын байцаагч Ц.Э-д

холбогдох зөрчлийн хэргийн тухай

                 Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг                     

            Шүүгчид:                             М.Батсуурь

                                                         Х.Батсүрэн                     

                                                         П.Соёл-Эрдэнэ

                  Илтгэгч шүүгч:                   Д.Мөнхтуяа

                  Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр магадлалтай,

            Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 69 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн гомдлоор, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч  Ц.Э  нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Хэргийн нөхцөл байдал:

2. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээс их хэмжээний тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг Д.Ц нэвтрүүлсэн гэх зөрчлийг харьяаллын дагуу шалгуулахаар Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газраас 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 48/89 тоот албан бичгээр шилжүүлснийг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.Э явуулсан байна. Гаалийн улсын байцаагчаас “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэж 0124164 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Д.Ц-ыг 100 нэгжээр торгож, зөрчилд холбогдсон бараа болох 270 шил согтууруулах ундааг хураасан байх бөгөөд гомдол гаргагчаас “Чөлөөт бүсийн гаалийн хяналтаар зөвшөөрөгдсөн 2 шил, 2 литр архийг авч гарч шалгуулсан болохоос 270 ширхэг архийг нууж хааж, мэдүүлгийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-1.5 хүртэлх заалтад заасан аргаар бичсэн засварласан, хураамж мэдүүлэг бичсэн асуудал огтоос гараагүй, гаалийн хяналтын талбайд ч энэ асуудлыг гаргаагүй. Иргэн хүний өмч хөрөнгөнд хууль бусаар халдаж байгаа ноцтой асуудал” гэж маргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. “... тарифын бус хязгаарлалттай барааг Алтанбулаг чөлөөт бүсээс худалдан авахдаа Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан гаалийн мэдүүлгийн аль ч хэлбэрээр мэдүүлээгүй болох нь тогтоогдсон, ... тарифын бус хязгаарлалттай бараа болох өдөрт 2 литрээс илүүгүй хэмжээгээр авах барааг Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг зөрчиж, нэг дор их хэмжээгээр авсан болох нь Алтанбулаг чөлөөт бүсийн дэлгүүрийн худалдагч нарын зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлгүүд, тус дэлгүүрүүдийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн борлуулалтын мэдээ болон Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газраас хийсэн дүрс бичлэг зэргээр тогтоогдсон ..., тарифын бус хязгаарлалттай барааг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-т гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон..., 1.3-т ... гаалийн шалгалтаас нуун далдалсан гэх аргаар гаалийн хилээр гаргасан гэж үзнэ. ... согтууруулах ундааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэлгүй, 24 цагт 2 литр согтууруулах ундаа авах хязгаарлалтыг хэтрүүлэн, их хэмжээгээр нэг дор худалдан авсан нь Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-т зааснаар түүнд шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлтэй. ...” гэх дүгнэлтүүд хийж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 6, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг баримтлан гомдол гаргагч Д.Ц-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. “... маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д заасантай нийцсэн, ... Д.Ц 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэр бүхий дэлгүүрийн худалдагч нараас 110 шил архи худалдан авсан боловч хариуцагчаас нийт 270 шил согтууруулах ундааны зүйлийг хурааж авсан нь тогтоогдсон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, 110 ширхэг бусад архийг ямар зөрчилтэй холбогдуулан хураасан нь тодорхойгүй. ... энэ зөрчил нь Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг зөрчсөн байх тул зөрчилд холбогдох дээрх 110 шил согтууруулах ундааны зүйлийг хурааж авах нь зүйтэй. ...” гэх дүгнэлтүүд хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “... Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 6, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг баримтлан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11, 15, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар  шийтгэлийн хуудасны “зөрчилд холбогдсон эд зүйлийг хурааж” гэснийг “зөрчилд холбогдсон 110 шил согтууруулах ундааны зүйлийг хурааж” гэж өөрчилж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчаас “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр магадлал нь нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй ...” гэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч:

5. “... давж заалдах шатны шүүхийн магадлалын ...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө гаалийн хилээр согтууруулах ундаа гаргадаг гэх иргэдэд согтууруулах ундаа тус бүрд 2000 төгрөг нэмж өгч гаргуулж цуглуулсан гэх архины тухайд уг согтууруулах ундааны зүйлийг хилээр зохион байгуулалттайгаар, хууль бусаар нэвтрүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул гэсэн үндэслэлээр Д.Ц-т  буцаан олгох нь зүйтэй” гэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14 заалтыг /нотлох баримт гэх хэсгийн нотлох баримтад зөрчил гаргагчийн мэдүүлэг өөрөө хамаардаг гэдгийг/ харгалзан үзсэнгүй.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэсний дагуу иргэн Д.Ц-оос мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн нь хэргийн материалд орсон байгаа. Д.Ц-ын мэдүүлэг нь өөрөө нотлох баримт юм.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно” гэсэн байх бөгөөд холбогдогч Д.Ц 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрөө мэдүүлэг өгсөн.

8. Мэдүүлэг болон үйлдлээс харахад Д.Ц нь тухайн зөрчилд холбогдсон бараа болох согтууруулах ундааг Алтанбулаг суманд амьдардаг хүмүүсээр Худалдааны чөлөөт бүсээс өөрийн мөнгөөр архи худалдан авахуулдаг, тухайн архийг худалдан авч гаалийн хилээр нэвтрүүлсэний хөлсөнд нэг шил архи тутамд 2000 төгрөгний хөлс төлдөг, цуглуулсан архиа Алтанбулаг суманд байрлах танил айлдаа бөөгнүүлж цуглуулдаг, мөн өөрийн зорчин явсан тээврийн хэрэгслээр Худалдааны чөлөөт бүсэд нэвтэрсэн атлаа зорчин явсан тээврийн хэрэгсэлдээ согтууруулах ундааг тээвэрлээгүй дэлгүүрийн худалдагч нарыг гуйж өөрийн худалдан авсан их хэмжээний согтууруулах ундааг гаалийн хилээр нэвтрүүлсэн нь Худалдааны чөлөөт бүсээс их хэмжээний согтууруулах ундааг гаалийн шалгалтаас нууж хууль бусаар Монгол Улсад оруулах ажиллагааг зохион байгуулж цуглуулсан байна.

9. Д.Ц нь Орхон аймгаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад ирсэн зорилго нь зөвхөн Чөлөөт бүсээс согтууруулах ундаа зөөлгөн авч, цаашдаа худалдан борлуулах байсан, түүнийгээ мэдүүлгээр өөрөө нотолж мэдүүлсээр байтал үүнийг нотлох баримтын хэмжээнд хүлээн зөвшөөрөөгүй нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3-т “/барааг/… гаалийн шалгалтаас нуун далдалсан … /бол хуульд заасан хариуцлага ногдуулах/”-аар, 11-т “тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр … торгох”-оор тус тус зааснаар тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг  гаалийн шалгалтаас нуун далдлах аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэл болно.

11. Тухайн тохиолдолд, маргааны үйл баримтад холбогдох бараа буюу архи нь зорчигч 24 цагийн дотор 2 литрээс илүүгүй хэмжээгээр гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх-ээр хязгаарлалт тогтоосон  байхад иргэн Д.Ц Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Чөлөөт бүсээс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 110 шилийг худалдан авч, гаалийн хилээр нэвтрүүлсэн нь дээрх хуульд заасан зөрчил мөн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

12. Иргэн Д.Ц-ын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаалийн хилээр нэвтрүүлсэн 110 шил архи, түүнчлэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө “архи, дарсыг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээгээр буюу нэг хүнд 2 литр хэмжээтэй архийг олон хүнээр гуйж зөөлгөж авахуулсан” гэх бусад архи, нийт түүний цуглуулсан 270 шил архийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч хяналт шалгалтын явцад илрүүлж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124164 дугаар шийтгэлийн хуудсаар 270 шил /26 хайрцаг/ архийг хураан авах, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн нь мөн хуульд нийцжээ.

13. Тодруулбал, ердийн тохиолдолд архи дарсыг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон онцгой албан татварыг тухайн этгээд төлөх үүрэгтэй, ийнхүү холбогдох татвар хураамжийг бүрэн төлсөн тохиолдолд архи дарсыг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглоогүй, тоо хэмжээг хязгаарлаагүй байхад гаалийн болон бусад албан татвар төлөхгүйгээр “олон хүнээр зөөлгөж цуглуулах” аргаар их хэмжээний архи дарсыг гаалийн хилээр нэвтрүүлсэн нь “барааг гаалийн шалгалтаас нуун далдалсан” гэх үндэслэл болно, анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг маргааны үйл баримтуудад холбогдуулж зөв тайлбарлан хэрэглэсэн, харин давж заалдах шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн байна.

14. Зорчигч 24 цагийн дотор 2 литрээс илүүгүй хэмжээтэй архийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зохицуулалтын агуулга, зорилго нь хувийн хэрэгцээний зориулалтаар авч яваа бага хэмжээний архи дарсыг аливаа татвар төлөхгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх боломжийг хувь хүнд олгож байгаа, энэхүү эрх олгосон хэм хэмжээ, зохицуулалтыг агуулга, зорилгын хүрээнд нь шүүх тайлбарлаж хэрэглэх ёстой, иргэн Д.Ц-ын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Чөлөөт бүсээс гаалийн болон бусад албан татвар төлөхгүйгээр 270 шил архийг бага багаар нь бусдад мөнгө төлж авахуулсан, дэлгүүрийн худалдагч нараар тээвэрлүүлж гаалийн хил нэвтрүүлсэн нь тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн болон бусад албан татвар төлөхгүйн тулд гаалийн шалгалтаас нуун далдлах аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил мөн гэж үзэх үндэслэлтэй.

15. Түүнчлэн, Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газраас 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 48/89 тоот албан бичгээр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсээс их хэмжээний тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг иргэн Д.Ц  нэвтрүүлсэн гэх зөрчлийг харьяаллын дагуу шалгуулах”-аар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт шилжүүлснээр тус газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас хяналт шалгалт явуулж, иргэн Д.Ц-ын автомашинаас 274 шил архи илрүүлэн, “270 шил архи хууль бусаар гаалийн хил нэвтрүүлсэн” зөрчилд холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн, уг зөрчилд холбогдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул “… зөрчлийн хэрэгт холбогдолгүй архийг хураасан” гэж үзэхгүй.

16. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                               Ч.ТУНГАЛАГ  

                           ШҮҮГЧИД                                                                  М.БАТСУУРЬ

                                                                                                              Х.БАТСҮРЭН

                                                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                              Д.МӨНХТУЯА