| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0005/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 07
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгч О /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-т холбогдох эрүүгийн 1818000000567 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МБМ” зочид буудлын эсрэг талын Хуучин Дарханаас Шинэ Дарханы чиглэлийн төв засмал зам дээр Тоёота Приус-20 маркийн 8938 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан иргэн М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МБМ” зочид буудлын эсрэг талын Хуучин Дарханаас Шинэ Дарханы чиглэлийн төв засмал зам дээр Тоёота Приус-20 маркийн 8938 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан иргэн М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч О ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн орчим өөрийн 8938 УНЕ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслээр хуучин Дарханаас шинэ Дархан чиглэлд явж байсан юм. Би ганцаараа гэрлүүгээ харих гээд явж байсан юм. Тэгсэн МВМ зочид буудлын харалдаа байдаг явган хүний гарц руу дөхөж явтал зорчих хэсгийн зүүн гар талаас хүүхэд тэвэрсэн хүн гэнэт гараад ирсэн. Би тэгэнгүүт тормос гишгээд машинаа зогсоотол тэр хүүхэд тэвэрсэн хүн машины зүүн урд хэсгээр мөргүүлээд доошоо суучихсан юм. Би сандраад буугаад очтол тэр хүн замын хашлага дээр сууж байсан. Тэгээд би тэр хүнийг машиндаа суулгаад шууд эмнэлэг явсан.
... Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7/,
-Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хэргийн 8/,
-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 9/,
-Хохирогч М-г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 35 минутын үед Дархан сумын 8 дугаар баг “МБМ” зочид буудлын харалдаа зам дээр таксинаас буусан. Тэгээд “МБМ” зочид буудлын харалдаа замын явган хүний гарцаар зээ охин Дөлгөөнийг тэврээд зам хөндлөн гарч байтал хуучин Дархан талаас ойролцоогоор 20 метр орчим зайд цагаан өнгийн машин ирж явсан. Би тэр машиныг надад зам тавьж өгөх байх гэж бодоод хуучин Дарханаас шинэ Дархан луу явдаг замын 2 дугаар эгнээн дээр гарцаар гарч явтал цагаан өнгийн Приус-20 маркийн машин миний баруун хөлийн өвдөг хэсэг рүү нилээд хүчтэй мөргөөд би тэвэрч явсан зээ охин Дөлгөөний хамт унасан. Дөлгөөн бид 2 машинд мөргүүлээд унаад босоод ирэх үед миний баруун хөл өвдөгний гадна талаараа их хүчтэй өвдөж байсан. Зээ охин Дөлгөөний духны зүүн талд шалбарсан байсан. Би хурдан зээ охин Дөлгөөн болон өөрийгөө үзүүлье гэж бодоод мөргөсөн жолоочийн машинаар Нэгдсэн эмнэлэг рүү явж үзүүлсэн ба эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан.
...нийт 511045 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 12, 47-48/,
-“О нь Тоёота Prius маркийн 8938 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 /явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М-г мөргөж, зам тээврийн осол гаргасан. Явган зорчигч М нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Жолооч О нь Prius маркийн 8938 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч М-г мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л. Нармандахын зам тээврийн ослын үед хийсэн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл үндэслэлтэй байна” гэх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Өнөрбатын дүгнэлт /хэргийн 20/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Энхбаатарын тодорхойлолт /хэргийн 23, 29/,
-“М-г биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед цохигдох, мөргөх, хатуу гадарга дээр унах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,
-MED TRAUMA HOSPITAL-ын томографийн шинжилгээ /хэргийн 36/,
-“М-г биед баруун өвдөгний үений MRI шинжилгээгээр дунд чөмөгний булууны гадна хэсэг болон шаант ясны гадна булууны шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1126 дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь дээрх өвдөгний үений MRI шинжилгээг дүгнэлт гарснаас хойш хийлгэсэн болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1157 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хэргийн 37/,
-“...Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй. ...” гэх Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 41-44/,
-Гэрч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн үед намайг ажлаа тараад харих гээд явж байтал аав Мөнхтөр над руу утасдаж “Дөлгөөнөөг тэвэрч явж байгаад машинд мөргүүлчихлээ, одоо эмнэлэг явж байна” гэж хэлсэн.
...миний охины биед гэмтэл учраагүй байсан. Духны зүүн талд нь зулгарсан шарх байсан. Аавын биед баруун өвдгөнд нь гэмтэл учирсан.” гэх мэдүүлэг /хэргийн 51/,
-Хохирогчид эмчилгээний зардал шилжүүлсэн тухай /63/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай /хэргийн 65, 73/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 66, 74/,
-Дархан-Уул аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвд бага эмч ажилтай М-г 2018 оны 11 дүгээр сарын дутуу цалингийн хүснэгт /хэргийн 67/,
-Эмнэлгийн хуудас /хэргийн 69-70/,
-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 71-72/,
-Зээлийн гэрээний хуулбар /хэргийн 76-79/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М-г биед “баруун өвдөгний үений MRI шинжилгээгээр дунд чөмөгний булууны гадна хэсэг болон шаант ясны гадна булууны шахагдсан хугарал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч О ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МБМ” зочид буудлын эсрэг талын Хуучин Дарханаас Шинэ Дарханы чиглэлийн төв засмал зам дээр Тоёота Приус-20 маркийн 8938 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан иргэн М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О т анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 195971 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О т буцаан олгохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч О т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 195971 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч О т буцаан олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ