Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01463

 

 

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01463

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01975 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дүгээр шийдвэрээр А ХХК-аас 137,863,282 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Б-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 84-** тоот үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулж, үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Файн эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгүүлэхэд 138,443,500 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас бага, үндэслэлгүй дүгнэлт гаргасан байх тул дээрх үл хөдлөх хөрөнгө үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

Тус дэлгүүр, газар нь нийтдээ 500,000,000-600,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхад 100,000,000-130,000,000 төгрөгийн үнэлгээтэй 3 объектыг сонгож харьцуулж үнэлгээ гаргасан. Уг харьцуулсан объект манай объектоос бага хэмжээтэй байсан. 2003 онд хашаагаа худалдан авч өөрийн эзэмшлийн объектоо барьж найман нэрийн дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлөө авч, өнөөдрийг хүртэл 20 жил үйл ажиллагаа явуулж байна. Тус дэлгүүр нь дотроо үсчин, цайны газартай. Анх уг хашааг авахад засмал зам тавигдаагүй байсан. Сүүлд зүүн талд засмал зам тавигдаж, цэвэр усны шугам холбогдсон. Мөн манайх хашаагаа хойш нь 5 метр сунгасан.

Манай объект нь 3 айлын газрыг нийлүүлсэн газартай, хашаа дотроо модтой, худагтай. Тус объектыг тохижуулахын тулд асар их хөдөлмөр хөрөнгө зарцуулагдсан байтал эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй үнэлгээг гаргасан.

Үнэлгээг гаргахдаа ирээдүйд үнэлэгдэх үнэ цэнийг тусгаагүй үнэлгээ гаргасан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч А ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч А ХХК-ийн барьцааны хөрөнгө болох Б-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 84 дүгээр гудамж, ** тоот хаягт байрлах 126 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 620 м.кв талбайтай өмчлөлийн газрыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хураан авч, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй.

Төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийн газраас хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/48 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Файн эстимэйт ХХК нь хураагдсан хөрөнгийг 138,443,500 төгрөгөөр үнэлсэн болохыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч А ХХК-д мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх хөрөнгө ямар зориулалттай, хэдэн төгрөгийн үнэтэй гэдгээ талаараа нотлох баримтаа хавсаргаагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар А ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Үнэлгээний байгууллагаас 2003 онд барьж ашиглалтад оруулснаас хойш одоог хүртэл 20 жил 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүй 73,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл уг байршил нь автобусны буудлын хажууд хороо болон сургууль, цэцэрлэг ойрхон олон хүний хөлийн газар байрладаг.

Файн эстимэйт ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээнд уг үл хөдлөх эд хөрөнгө байрлах өмчлөлийн газрын залгаа үсчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа обьект болон барьж дуусаагүй гараашийн барилга зэргийг дурдаагүй, 8-н нэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг очиж үзсэн мэдсээр байж тэр хавьд ойролцоо гэх хашаа байшинтай /3-н байршил/ адилтгаж үнэлгээг гаргасан нь үндэслэлгүй.

Зарын сайтууд болон зар мэдээ сонинд уг байрлалд дөхөх байршилтай 8-н нэрийн хүнсний дэлгүүр нь зах зээлийн ханшаар хамгийн багадаа 180,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байхад миний өмчлөлийн обьектыг маш багаар үнэлсэн гэж үзэж байгаа ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдаан оруулахад Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний 70 хувиар тооцож бодохоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрийн талыг ч төлөхгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Иймд Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1217 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2020/00768 дугаар тогтоолоор хариуцагч А ХХК-аас 137,863,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ олгож, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 84-0** тоот хаягт байрлах 620 м.кв талбай бүхий газар, тус хаягт байрлах 126 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн /хх 49-61/,

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилж, 01 дүгээр сарын 26-ны өдөр хураасан /1хх 62, 68-76/,

3.3. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/48 дугаартай тогтоолоор Файн Эйстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Цолмонгэрэлийг шинжээчээр томилж, шинжээч нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 138,443,500 төгрөгөөр үнэлсэн /хх 79-105/.

 

4 Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж гүйцэтгэсэн, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй.

Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй үндэслэлээр хариуцагч байгууллагаас үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

 

5. Төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга, аргачлалын дагуу хийгдсэн, үнэлгээнд тавигдах шаардлагыг хангасан байх тул үнэлгээг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шинжээч нь газар өмчлөх эрхийг үнэлэхдээ арилжааны харьцуулалтын аргыг, хувийн сууцыг үнэлэхдээ өртөгийн болон арилжааны харьцуулалтын аргуудыг ашиглаад арилжааны харьцуулалтын аргыг ач холбогдолтой гэж үзээд газар болон хувийн сууцны зах зээлийн үнэ цэнийг 138,443,500 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7-8 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлалд нийцжээ.

Ийнхүү үнэлгээ хийхдээ шинжээч нь тухайн хувийн сууцанд 8 нэрийн дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг, мөн Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь хувийн сууцны зориулалттай, газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай болохыг харгалзан үзсэн болох нь үнэлгээний тайланд тусгагдсан байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс ирээдүйд өсөх үнэ цэнийг харгалзаагүй, тухайн газар дээр байршиж буй обьектыг бүхэлд нь хамруулж үнэлээгүйгээс зах зээлийн ханшаас доогуур үнэлгээ хийгдсэн гэж маргасан боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ