Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 03

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1804002060138 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              З.Ганцоож

 Улсын яллагч                                                 Ж.Бүрэнжаргал  

 Шүүгдэгч                                                    *******  нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., нөхөр .. хүүхдийн хамт .. оршин суух Б- овгийн ******* ******* /*******/.

Яллах дүгнэлтэд дурдсанаар :

            Яллагдагч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны баруун талын засмал зам дээр ******* БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж уг замаар явж байсан явган зорчигч ******* мөргөж түүний биед хүндэвтэр хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай найз Золжаргал нөхрийнхөө эзэмшлийн ******* БРА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн бөгөөд Золжаргал жолооны үнэмлэхгүй байсан тул би машиныг нь жолоодож Гүн-Ундарга үйлчилгээний төвийн арын автомашины зогсоолд машинаа байрлуулах гээд ухрах үйлдэл хийхдээ хөгшин настай эмэгтэйг мөргөчихсөн. Би тэр даруйдаа түргэн тусламж дуудсан…” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/                     

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 15 дугаар байрны арын явган зорчигчийн замаар явж байгаад 17 дугаар байр руу очихоор зам хөндлөн гарч байтал цагаан өнгийн суудлын машин намайг мөргөж унагасан. Би мөргүүлчихээд босож чадахгүй байж байтал жолооч эмэгтэй бууж ирээд түргэн тусламж дуудсан. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний гарыг хугарсан байна гээд гипсдсэн…” гэсэн мэдүүлэг /хх-18-19  дахь тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн “…2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Ч-ын эзэмшлийн Приус маркийн машиныг найз *******гаар жолоодуулан явж байгаад Гүн-Ундарга ХХК-ийн арын зогсоол руу машинаа тавих гэж байгаад настай эмэгтэйг мөргөчихсөн…” гэсэн мэдүүлэг /хх-27 дахь тал/

Иргэний хариуцагч Б.Ч-ын “…******* БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2017 онд өөрийнхөө нэр дээр бичиг баримтыг нь бүрдүүлж авч байсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “........” ББСБ-д 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, одоо зээлийн төлөлтөө хийгээд явж байгаа. Миний машинаар манай эхнэрийн найз ******* нь хүн мөргөсөн асуудлыг одоо л мэдэж байна. Хэргийн талаар тодорхой зүйл мэдэхгүй. Надад гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-н 23-р хуудас/

Зам тээврийн осол дээр акт /хх-н 8-р хуудас/

Хэргийн газарт хийсэн үзлэгийн “...хэрэг болсон гэх газар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны зүүн урд байрлах засмал замыг заах ба үл хөдлөх цэгээс А цэг хүртэл 90 градусаар хэмжихэд 6.70 метрийг харьцах нь 6.10 метрийн хэмжээтэй, А цэгээс урд талын ирмэг хүртэл 6.30 метр зайтай байв. Т.Ч- нь замын урд хэсэгт байх явган хүний замаар ирж 17-р байр тал руу зам хөндлөн гарч явсан гэснийг тэмдэглэв...” тэмдэглэл, гэрэл зурагууд /хх-н 6-7-р хуудас/

Шүүх эмнэлгийн шинжилгээний 09шэ/329 дугаартай дүгнэлтэд:

  1. ******* биед баруун талын мөрний мултрал, бугалга ясны хугарал, баруун гарын шууны хугарал, зүүн гарын сарвууны 1-р үений 3-р шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн хэд  хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-н 40-р хуудас/

Тээврийн Цагдаагийн албаны шинжээчийн 697 дугаартай дүгнэлтэд:

  1. Т.Приус маркийн ******* БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Т.Приус маркийн ******* БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн хэрэг, осол гарсан байх үндэслэлтэй байна.
  3.  Явган зорчигч Т.Ч- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм болон хууль тогтоомжийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй  байна. /хх-н 36-р хуудас/

Тээврийн хэрэгслийн “...******* БРА улсын дугаартай “Toyota Prius” маркийн сувдан цагаан өнгөтэй 2006 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл. Эзэмшигч “Бэрс Финанс” ББСБ, РД:61868580010...” гэсэн лавлагаа /хх-н 67-р хуудас/

Жолоочийн согтуурал шалгасан “...*******г драгер багаж үлээлгэн шалгахад 0 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдов...” гэсэн магадлагаа болон гэрэл зураг /хх-н 11-12 хууудас/

*******г урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “... ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 55-р хуудас/

 Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 59-62-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

            Улсын яллагч дүгнэлтдээ: “…Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, үйлдсэн хэрэг нь нотлогдсон, хохирогчид 700.000 төгрөгийн хохирлыг төлсөн 300.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул 450 нэгж буюу 450 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэв.

              Шүүгдэгч дүгнэлтдээ: “…Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт  үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Ч-ад 300.000 төгрөг төлнө 700.000 төгрөг төлсөн. 450 000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна…” гэв.

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

******* нь  2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны баруун талын засмал зам дээр ******* БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж уг замаар явж байсан явган зорчигч ******* мөргөж түүний биед баруун талын мөрний мултрал, бугалга ясны хугарал, баруун гарын шууны хугарал, зүүн гарын сарвууны 1-р үений 3-р шивнүүрийн хугарал зэрэг гэмтлүүдийг учруулсан нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлт зэрэгт талууд маргаагүй, дүгнэлтүүдийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд мөн гэж дүгнэлээ.

Ослын үед шүүгдэгч ******* нь B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох 672464 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхээр ******* БРА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, хэрэг хариуцах чадвартай байгаа нь тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх этгээд мөн болохыг тодорхойлж байна.

Шүүгдэгч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг мэдсээр байж зөрчсөн үйлдэлдээ болгоомжгүй хандсан гэм буруутай нь шүүгдэгчийн “…ухрах үйлдэл хийхдээ хөгшин настай эмэгтэйг мөргөчихсөн…” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон энэ үйлдэлдээ анхаарал болгоомжгүй хандан тухайн хэргийн шинжийг бүрдүүлжээ.

******* бие махбодид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн хохирол болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 09шэ/329 тоот дүгнэлтээр тодорхойлогдсон нь тухайн зүйл хэсэгт заасан хохирлын шинжийг агуулсан.

Жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь хохирогч ******* бие махбодид хүндэвтэр гэмтэл учрах шалтгаан болжээ.

Шүүгдэгчийн болгоомжгүй хандсан гэм буруутай үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг зөрчсөн болно.

            Иймд  *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.  Шүүгдэгч гэм буруугаа шударгаар хүлээсэн болно.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

              Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлгээр өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.

              Шүүгдэгч тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн.

              Осол болсон даруй хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн нь яаралттай тусламжийн хуудсаар /хх-н 13-р хуудас/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “…гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн…” гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байна.

              Хохирогч шүүгдэгч нарын гаргасан “…хохирогч ******* эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлнө гэж тохиролцсон. Үүнээс 700.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 300.000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө төлөхөөр тохиролцсон…” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба эмчилгээ хийлгэсэн баримт шүүхэд ирээгүй байна. Хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

              Иймд *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б- овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   Б- овгийн ******* *******г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэхийг *******д мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь гэм хорийн хохиролд 700.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурьдаж, 300.000 төгрөгийг *******с гаргуулж хохирогч олгосугай.
  6. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             А.БЯМБАЖАВ