Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01454

 

 

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01454

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01813 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазар, М.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А ХХК, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж- нь Д-аар зуучлуулан Б ББСБ ХХК-аас 3 ширхэг автомашин худалдан авч, хариу төлбөрт 3 ширхэг сууцыг Б ББСБ ХХК-ийн захирлаар ажиллаж байсан О-ы өмчлөлд шилжүүлсэн.

Гэтэл Б ББСБ ХХК нь Д-тай хуйвалдан 3 орон сууцны нэг болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар байрны байрны *** тоот 72 м.кв орон сууцыг аваагүй мэтээр нуун дарагдуулж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийг болон манай компанийг төөрөгдүүлэн хууран мэхэлж, хуульд заасан үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүргээ биелүүлээгүйгээс болж, А ХХК 150,000,000 төгрөгийг Б ББСБ ХХК-д төлөхөөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Мөн тус компаниудын зүгээс дээрх асуудалтай холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 72 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл 118,000,000 төгрөгийг Б ББСБ ХХК-аас гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02097 дугаар шийдвэрээр хариуцагч О-аас 118,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК, С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Саяболд дээрх асуудлыг мэдсээр байж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, манай компанийн авах авлагатай холбоотой 650,000,000 төгрөгийн шийдвэрийг 2015 оноос биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй байж Б ХХК-д давуу байдал бий болгон 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8/40 дүгээр тогтоолыг гэнэт гарган албадан дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар болж, хуульд зааснаар тус тогтоолд гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй, төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан.

Мөн энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа процессын хувьд алдаатай явагдаж байна. 8/40 дугаартай тогтоолд дурдсанаар энэхүү дуудлага худалдаа нь анхны дуудлага худалдаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр явагдахаар товлогджээ. Хэрвээ анхны дуудлага худалдаа бол тухайн эд хөрөнгийг заавал үнэлэх ёстой бөгөөд үнэлгээний тухайд гомдол гаргах эрх талуудад байгаа. Гэтэл энэ процесс явагдсангүй, оролцогчийн эрхийг эдлүүлсэнгүй. Тухайн үед хариуцан ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч талтай хуйвалдан нууцаар хууль бус үнэлгээ хийлгэсэн. Улмаар анхны дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан ч тэрхүү тогтоол одоо хууль зүйн хувьд хүчингүй болж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/40 тогтоол гарч, анхны дуудлага худалдаа товлогдсон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу шинээр анхны дуудлага худалдаа явуулах гэж байгаа бол дуудлага худалдааны үнэ тогтоох ажиллагаа мөн шинээр явагдах ёстой.

Гэтэл төлбөр төлөгчийн эрхээ эдлэх боломжийг олгоогүй. Тодруулбал, төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрхийг эдлүүлээгүй.

Хуулийн зохицуулалтын дагуу гомдол гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09/1066 тоот хариуг гардан авч хуулийн хугацаанд гомдол гаргасан. Анхнаасаа төлбөр авагч талд өгөх ёсгүй төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Мөн дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч томилсон баримтгүй. Хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлсэн эсэх тодорхойгүй. Гомдол гаргах хугацаа олгоогүй, 280,000,000 төгрөгийн хөрөнгийг 144,000,000 төгрөгөөр худалдан борлуулсанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 он 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар А ХХК-аас 150,453,975 төгрөгийг гаргуулж Б ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/40 дугаар тогтоолын гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00625 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01117 дугаар магадлалаар тус тус шийдвэрлэсэн. Мөн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэгч мөн гомдол гаргасныг гурван шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаад дуудлага худалдааны ялагч тодорсон байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу А ХХК нь 150,000,000 төгрөгийг төлөхөөр болж талууд эвлэрч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамж гарсан.

Гэвч дээрх эвлэрлийн захирамж гарсны дараа төлбөр авагч Б ББСБ ХХК нь тухайн маргаад байсан буюу талуудын эвлэрэх үндэслэл болсон аваагүй хэмээн маргасан орон сууцыг хүлээн авсан байсан болох нь холбогдох төрийн захиргааны байгууллагуудын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогддог.

Улмаар нэхэмжлэгч А ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б ББСБ ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 181/ШШ2023/01496 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ өдөр ирэх тусам өсөж байгаа энэ үед барьцаа хөрөнгийг зах зээлийн үнийнх нь 45 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулж нэхэмжлэгч нарыг их хэмжээгээр хохироосон. Хэрэв тухайн үед шилжүүлэн авсан болохоо үнэнээр нь хэлж байсан бол нэхэмжлэгчид эвлэрэхгүй, барьцаа хөрөнгө худалдан борлуулагдахгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй байх байсан.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ үйлдэхдээ барьцааны зүйлийн үнэлгээг 320,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд үүнийг талууд эд хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал бүхэлдээ хэрэгт аваагүйгээс нэхэмжлэгчийн мэтгэлцэх боломж хязгаарлагдсан. Энэ талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй.

Мөн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан гэх боловч дуудлага худалдааг ямар хүмүүс яаж, хэрхэн зохион байгуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан гэх боловч процессын талаар ямар ч мэдээлэлгүй байсаар байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдааны талаар тэмдэглэл үйлдэж, шийдвэр гаргах бөгөөд энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байхаар байна. Уг ажиллагаанд мөн хуульд зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, энэ талаар баримт авагдаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар А ХХК-аас 150,000,000 төгрөг гаргуулж Б ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн /хх 70-71/,

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, А ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт, Москвагийн гудамж, 486 дугаар байр, 1 давхрын 16 тоот, 167.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хураан авсан /1хх 68-72/,

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээчин 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зах зээлийн үнэлгээг 281,904,000 төгрөгөөр тогтоосон /1хх 86-121/,

3.3. Хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 08/40 дугаар тогтоолын дагуу зохион байгуулахад худалдан борлогдоогүй тул 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/22 дугаар тогтоол гаргаж хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10.00 цагт явуулахаар товлосон /1хх 141, 150/,

Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар А ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-226/15082 тоот мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгт 2021 оны 08 дугаар сарын 23, 25-ны өдөр утсаар танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлээр үйлдсэн /хх 149-152/,

3.4. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар ялагч тодорч 144,000,000 төгрөгөөр худалдан борлогдсоныг төлбөр төлөгч А ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4-226/17005 тоот мэдэгдлээр мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан, түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/19070 тоот албан бичгээр бүртгэх байгууллагад дуудлага худалдааны ялагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар мэдэгдсэн /1хх 158-164/,

3.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02098 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00554 дүгээр тогтоолоор А ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /1хх 132-140/,

3.6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00625 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01117 дугаар магадлалаар А ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 08/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх 169-180/.

 

4. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулсныг эс зөвшөөрсөн агуулгаар нэхэмжлэл гаргасан.

Хэдийгээр нэхэмжлэлийн үндэслэлд урьд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргаан хамаарч байх боловч нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй зэргийг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр А ХХК-ийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт, Москвагийн гудамж, 486 дугаар байр, 1 давхрын 16 тоот, 167.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Сэлэнгэ эстимэйт ХХК 281,904,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай болон 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 08/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 08/40 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан анхны албадан дуудлага хүртэлх хугацааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн болох нь хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

 

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойших явагдсан ажиллагаанд тухай бүрт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй, улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид болон шүүхэд гомдол гаргах учиртай.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-226/15082 тоот мэдэгдлээр мэдэгдэж баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгт 2021 оны 08 дугаар сарын 23, 25-ны өдөр утсаар танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар ялагч тодорч 144,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж борлуулсныг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4-226/17005 тоот мэдэгдлээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Нэхэмжлэгчид 2021 оны 08-09 дүгээр сард хоёр дахь албадан дуудлага худалдааны тов, үр дүнгийн талаар дээрх байдлаар мэдэгдсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09/1066 тоот албан бичгээр өгсөн хариунд үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлжээ. Иймд нэхэмжлэгч нь дуудлага худалдааг хэрхэн зохион байгуулсан, дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн худалдан борлуулсан, дуудлага худалдааны тэмдэглэлтэй танилцуулж гомдол гаргах эрхээр хангаагүй зэрэг хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой асуудлаар гомдол гаргах эрхээ алдсан байна.

Мөн анхан шатны шүүх хоёр дахь албадан дуудлага худалдаагаар ялагч тодорсон, дуудлага худалдааны ялагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйл, 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт нийцсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2023/09442 дугаар захирамжаар ямар баримт гаргуулахыг тодорхойлон заагаагүй үндэслэлээр хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн хариуцагч талаас холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Мөн нэхэмжлэгчээс 150,000,000 төгрөг гаргуулж Б ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамж хүчин төгөлдөр тул үүнд үндэслэн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэхгүй болно.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ