| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0030/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 18
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Уламбаяр,
Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-д холбогдох эрүүгийн 1818003720473 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х 1973 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй группд байдаг, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Х.Х нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гэгээ” дэлгүүрийн баруун талын замаар Дэү маркийн 12-45 ДАХ улсын дугаартай автобусыг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 /б/-д “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг, мөн дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.3 /в/ “тээврийн хэрэгслийг суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Б.Бямбачулууны жолоодон явсан Shaanxi маркийн 3362 УНХ улсын дугаартай авто чирэгч тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ц , Д.Ц нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гэгээ” дэлгүүрийн баруун талын замаар Дэү маркийн 12-45 ДАХ улсын дугаартай автобусыг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 /б/-д “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг, мөн дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.3 /в/ “тээврийн хэрэгслийг суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Б.Бямбачулууны жолоодон явсан Shaanxi маркийн 3362 УНХ улсын дугаартай авто чирэгч тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ц , Д.Ц нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Х.Х ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор тоормос гишгэх үед тоормос ажиллаагүй. Ингээд араагаа хүндрүүлж хийх гэсэн боловч араандаа орохгүй байсан. Зогсоолын тоормос буюу гар кардан татахад мөн ажиллаагүй. Тухайн үед зам 2 талдаа жалгатай, 2 уулзвар битүү жижиг тэрэг зогссон байдалтай байсан. Надад нэг бол жолоогоо дарж замын хажуу руу унах, эсхүл урд талд зам хааж тавьсан шланзыг мөргөх хоёроос өөр ямар ч арга байгаагүй. Ингээд аль болох бусдад гэмтэл учруулж болохгүй байлгах талаар буюу өөрийн талаар очиж тэр шланзыг мөргөсөн. Тухайн үед хаалга онгойлгох гэсэн боловч чадахгүй байсан. Би тухайн үед жолооны араас хөлөө арайхийж татаж авч гаргасан юм. Тэгэхэд гаднаас нэг залуу том чулуу шидэж хаалганы шил хагалсан. Тэгээд намайг эмнэлгийн тэрэг ирээд авах шиг болсон, тэрнээс хойш юу болсон гэдгийг сайн мэдэхгүй байна.
...би хүний амь нас хохироогүйд баяртай байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 9/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-33/,
-047989 дугаарын Х.Х ийн B, C, D, E ангиллын жолоочийн үнэмлэх хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 36/,
-Х.Х ийн жолоодож явсан 1245 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигчдын судалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 38-40/,
-Хохирогч М.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг мэдэхэд хүүхдүүд орилолдоод сэрэхэд түр тар хийгээд яваад өгсөн. Юу болсон талаар үнэхээр би мэдээгүй. Тэгээд ухаан ороход нүүр амнаас цус гараад, баруун гараа хөдөлгөх гэсэн чинь хөдөлгөж болохгүй болсон байсан. Тэнд байсан хүүхдүүд бүгд уйлаад юу болсон нь тодорхойгүй байсан. Ингээд тэнд байсан 2 залуу намайг өргөх гэхээр нь би тэнд байсан хүүхдүүдийг түрүүлээд гарга гэж хэлэхэд тэр залуучууд хүүхдүүдийг зөөгөөд гаргасан. Тэгээд хамгийн сүүлд намайг гаргасан. Ингээд эмнэлэгт хүргэгдсэн. Тэр бол маш богино хугацаанд болоод өнгөрсөн асуудал.
...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Автобусны жолооч хүүгийн бие л гайгүй болж байвал болно доо.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45/,
-Насанд хүрээгүй гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би автобусны хамгийн арын суудалд Анхжаргал, Анхжаргалын дүү Анужин, Даваамаа, Анужин, Гантуяа, Ундрал нартай суусан бөгөөд суухдаа зүүн талд буюу жолооч талын цонхноос 3 дахь хэсэгт сууж байсан.
...тэгээд явж байгаад харахад автобусны урд том цонхоор надад нэг том дугуй, тэгээд том ачаа шиг зүйл харагдсан. Тэгээд би орилсон чинь очоод мөргөсөн бөгөөд би урагш сандлаасаа газарт унаад сандлыг толгойнхоо баруун хэсгээр дух орчим газраар мөргөсөн.
...миний харснаас хойш 5-10 секунд болоод л очоод мөргөсөн байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48/,
-Насанд хүрээгүй хохирогч Д.Ц гийн хууль ёсны төлөөлөгч А.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би эхнэр Төгсжаргалын хамтаар 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймаг руу явсан. 2018 оны 5 дугаар сарын 6-ны орой манай эгч над руу утсаар ярьж Д.Ц гийн ангийнхан зугаалганд яваад ирж явах замдаа зам тээврийн осолд ороод, Д.Ц гийн биеийн байдал хүнд байна гэж хэлсэн. Ингээд маргааш өглөө нь буюу 2018 оны 5 дугаар сарын 7-ны өглөө эхнэрийнхээ хамтаар Увс аймгаас гарсан юм. Ингээд замд явж байхад манай хүүхдийг Дарханы эмнэлгээс Улаанбаатар хотын эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай гээд шилжүүлсэн байсан. Ингээд орой нь эхнэр бид 2 Улаанбаатар хотод ирэхэд манай охиныг Гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тархины гэмтлийн тасагт хэвтүүлсэн байсан. Эмч нартай нь уулзахад хүүхдийн тархи цөмөрсөн, цус хуралттай гэж хэлсэн.
...хүүхдийн минь бие одоо гайгүй болсон болохоор ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51/,
-Насанд хүрээгүй хохирогч Д.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ангийнхантайгаа Зулзагын гол руу зугаалганд явсан юм. Бид нар явахдаа том автобусанд суугаад явсан. Зулзагын гол дээр очоод өдөржин тоглож байгаад орой 20 цагийн үед Дархан руу харихаар буцсан.
...тэгээд автобус хөдлөх үед миний нойр хүрээд байсан болохоор нь унтчихсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь намайг эмнэлгийн машинаар аваад явж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53/,
-Хохирогч Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дарханд орж ирээд явж байтал “Гэгээ” хүнсний дэлгүүр арай хүрэхгүй дугуй засварын орчимд явж байтал урд зам дээр урт хөндлөн машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Тэгтэл бид нарын сууж явсан автобус тэр урт хөндлөн урд байсан машинтай мөргөлдчихсөн. Тухайн үед автобусны жолоочийн харалдаа арын суудал дээр сууж явсан. Тэгээд мөргөлдөөд зогссон. Би урд талын, хажуу талын сандлаа толгойгоороо мөргөөд баруун хөлөө хугарсныг мэдэхгүй босож алхаад хугарсан яс нь ил гараад ирчихсэн байсан.
...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-57/,
-Иргэний нэхэмжлэгч Ө.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...”Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн дарга Гантуултай ярьж автобусыг эцэг, эхийн зөвлөлийнхөн нь гаргуулсан юм.
...Дарханд орж ирээд “Гэгээ” дэлгүүрийн урд талд ирэхэд тэр замыг хөндөлсөөд нэг том тэрэг зогссон байсан бөгөөд тэр машины ард талаар нь би тойроод гарах гэж байтал автобус хажуугаар гараад тэр машиныг очоод мөргөсөн. Тухайн үед юу болж байна вэ гэхийн зуургүй л очоод мөргөчихсөн.
...бид нар урд зам дээр хөндөллөсөн байсан машины араар тойрох гэж байхад автобус хажуугаар маш хурдтай орж ирээд мөргөсөн.
...тэр хөндлөн гарч байгаа машиныг би бараг 100-аад метрийн хол зайнаас харсан. Тухайн үед орой болсон байсан ч замын гэрэлтүүлэг, мөн тэр хөндлөн байрласан машины өөрийнх нь гэрэлтүүлэг, мөн тэр машиныг тойрон гарах гэж байгаа машинуудын гэрэлд тодорхой харагдаж байсан.
...хүүхдийн эрүүл мэндийн байдал зүгээр болсон учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59-60/,
-Насанд хүрээгүй гэрч Н.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би автобусны хамгийн арын суудалд гол хэсэгт нь суусан.
...мөргөлдөх үед би урагш унаад сандлын хөлд толгойнхоо баруун хэсгээр мөргөсөн. Одоо миний бие зүгээр болсон. Тухайн үед толгой өвдөж хацар зулгарсан, нуруу гуя хэсгээр өвдөж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61/,
-Иргэний нэхэмжлэгч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хүү Мөрөнгийн зүүн нүдний доод хэсэгт бага зэргийн цууралт үүссэн, баруун хөлний тахим хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан.
...гомдол санал гэх зүйл бидний зүгээс байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-64/,
-Насанд хүрээгүй гэрч Э.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр манай ангийн хүүхдүүд багшийнхаа хамтаар автобусаар Зулзагын гол руу спорт өдөрлөг зохион байгуулахаар явсан юм. Ингээд орой буцаад Дархан руу автобусандаа суугаад бүгд явсан юм. Ингээд явж байтал автобус мөргөлдсөн. Тэгээд босоод ирэхэд гадаа хүмүүс дуугараад автобусны хаалга онгойхгүй цонхоор бид нарыг гаргасан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ээж Орлом нь хамт явсан байсан. Тэгээд орой буцаж явахад нь сууж явсан автобус нь машин мөргөөд зам тээврийн осол гарсан байсан. Ингээд уг ослын улмаас манай охин Сарантуяагийн биед хөнгөн гэмтэл учирсан байсан. Харин эхнэрийн биед бол ямар нэгэн гэмтэл учраагүй байсан.
...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68/,
-Насанд хүрээгүй гэрч Л.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ангийнхан 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр амрахаар Зулзагын гол руу явсан юм. Явахдаа бид нар автобусаар явсан бөгөөд Зулзагын гол дээр хоорондоо тоглож хоол унд идээд өнжсөн. Ингээд орой нь буцахаар болоод бид нар буцаад автобусандаа суугаад явсан юм.
...ингээд явах замдаа би унтчихсан байсан. Тэгэхэд ээж намайг сэрээсэн бөгөөд сэрэхэд автобус юм мөргөчихсөн байсан юм.
...би урд талынхаа сандлыг мөргөсөн байсан, гэхдээ би тэгэхэд сэрээгүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69/,
-Иргэний нэхэмжлэгч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гантуяагийн биед тархи доргилт, хэвлийн булчингийн чангарал, зүүн өвдөг, бүсэлхийн цус хуралт, зулгаралт гэсэн гэмтэл учирсан.
...миний болон миний охин Гантуяагийн зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72/,
-Насанд хүрээгүй гэрч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар дуу дуулаад явж байсан бөгөөд нэг харахад автобусны урд талын том цонхоор урд талд нэг том машин хөндлөн зогссон харагдсан. Тэгээд очоод тэр машиныг автобус мөргөчихсөн.
...одоо миний бие зүгээр, өвдөж байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73/,
-Иргэний нэхэмжлэгч Ц.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд наашаа хөдлөөд явахад нь би ээжтэйгээ утсаар яриад явж байтал хүмүүс орилж эхэлсэн бөгөөд би дээшээ харахад урд талд хөндлөн эргэж байгаа байдалтай дээрээ том экскаватор ачсан трейлер зогсож байсан. Тэгээд би яанаа гэхийн завдалгүй автобус очоод мөргөсөн.
...би болон манай хүүгийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-76/,
-Насанд хүрээгүй гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан руу бид нар буцаад явсан. Ингэхдээ анх сууж явсан автобусандаа суугаад буцсан. Ингээд явж байтал гэнэт юм мөргөсөн. Би анх юу мөргөснийг мэдээгүй. Би тэр автобусны жолооч талын хамгийн араасаа 2 дахь суудал дээр ганцаараа суугаад явж байсан. Тэгээд би мөргөлдөх үед газар шалан дээр унасан байсан бөгөөд босож ирээд автобусны цонхоор хүмүүс намайг гаргасан.
...миний бие зүгээр болсон. Өвдөж байгаа зүйл надад байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77/,
-Иргэний нэхэмжлэгч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл авсан. Одоо бол миний бие зүгээр болсон.
...миний хувьд бол ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79/,
-Иргэний нэхэмжлэгч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед миний хүүгийн биед тархи доргилтын гэмтэл учирсан байсан. Ингээд бид нар эмчилгээ хийлгээд бие нь зүгээр болсон. Одоо миний хүүгийн биеийн эрүүл мэндийн байдал сайн байгаа.
...миний хувьд хүүхдийн биеийн эрүүл мэндийн байдал зүгээр болсон учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81/,
-Насанд хүрээгүй гэрч О.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зулзагын гол дахь гэрээсээ Дархан руу явах үед аав намайг Дархан орох автобусанд суулгаж өгсөн юм. Тэр автобусанд болохоор 15 дугаар сургуулийн гэх хүүхдүүд сууж явсан юм.
..тэгээд нэг мэдэхэд миний сууж явсан автобус машинтай мөргөлдсөн байсан.
...миний бие зүгээр болсон. Өвдөж байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82, 97/,
-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...67-21УН улсын дугаартай эксковатор нь Дархан-Уул аймагт айлын хашаанд байрлаж байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр намайг ачуулж Сэлэнгэ аймаг Хүдэр суманд байрлах “Монгол Алт” гэх уул уурхайн компанид хүргүүл гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар хотоос том ачигч машин явуулсан гэсэн. Ингээд ачигч машин ирэхэд нь эксковаторыг ачуулж нилээн бүрэнхий болсон хойно дууссан юм.
...би ачаагаа ачуулсан болохоор өөрөө яваад өгсөн бөгөөд жолооч Бямбачулуун Сэлэнгэ аймгийн чиглэлд явахаар хөдөлсөн юм. Тэгтэл Бямбачулуун нь тэр газраасаа хөдлөөд жаахан яваад зам руу ороод зам тээврийн осолд орсон байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90/,
-Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрөө хүүхдүүдээ автобусны арагшаа нь шахаад шахуу суулгаад өөрөө тэд нар луугаа хараад суучихсан байсан болохоор урд талд байсан машиныг хараагүй юм. Нэг мэдэхэд түс хийгээд юм мөргөөд явчихсан.
..миний мэдэхээр автобус эхлээд тормозлоогүй шууд л очоод мөргөсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-96/,
-Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...1245 ДАХ улсын дугаартай Дэү маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би өөрөө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьж ажилладаг учир сайн мэдэж байгаа.
...уг тээврийн хэрэгслийн тормоз бол хэвийн ажиллагаатай байсан. Уг тээврийн хэрэгслийн ашиглалтын хувийн хэрэгт тодорхой тусгагдсан байгаа. Мөн уг тээврийн хэрэгслийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр оношилгоонд оруулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-107/,
-Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би охины хамт жолоочийн арын 2 дахь суудалд зэрэгцээд сууж байсан. Дархан-Уул аймаг руу ороод “Гэгээ” хүнсний дэлгүүрийн уулзварт ойртож байхад экскаватор ачсан том ачааны машин зам хөндлөн эргэх гээд зогсож байсан. Тэгэхэд 1 дүгээр эгнээнд жижиг машинууд зогсож байсан. Харин автобус нөгөө машинуудын хажуугаар гараад явж байхад араас эцэг эхчүүд урд чинь машин байна гээд орилж байсан. Тэгэхэд тас хийх чимээ гараад би охины хамт шалан дээр унасан...
...миний баруун нүд хөхөрсөн. Харин охины баруун нүд хөхөрсөн байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110/,
-Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн машинтай автобусны урд явж байсан.
...намайг “Гэгээ” дэлгүүрийн уулзварт орж ирж байхад уулзварт экскаватор ачсан трейлер маркийн том тэрэг зам хөндөлсөөд зогсож байсан. Тухайн үед би 1-р эгнээнд машины ард зогсож байсан. Харин хүүхдүүд ачсан автобус урсгал сөрөөд хурдтай явж очоод ачааны машины голруу очоод мөргөсөн.
...миний охин Н.Номин-Эрдэнийн баруун хөл нь хөндүүрлээд гишгэж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111/,
-Гэрч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний эмээ Тоодойн баруун гар хугарч, нүд рүү нь шил хагарч орсон байсан. Харин дүү Мөнхсарангийн нүүрний баруун хэсэг хавдартай, баруун мөр нь хавдартай байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112/,
-Гэрч Г.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг Сэлэнгэ явах чиглэлийн урсгалд бүрэн орж тээврийн хэрэгслээ бүрэн тэгшилж чадаагүй хагас дугуй хэлбэртэй замын зорчих хэсэгт явж байхад Сэлэнгэ чиглэлээс ирж явсан цэнхэр өнгийн Daewoo маркийн автобус ирээд зогсолтгүйгээр миний машины чиргүүлийн гол хэсэгт урдуураа мөргөж осол гаргаж зогссон.
...автобус нилээн хурдтай явж орж ирээд мөргөсөн. Миний баримжаагаар автобус осол гаргахын өмнө 50-60 км цагийн хурдтай явсан байх гэж баримжаалж байсан. Автобусны жолооч автобусыг зогсоох ямар нэг арга хэмжээ аваагүй юмаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-117/,
-Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хүү Билгүүний хуучин ангийнх нь хүүхдүүдийн эцэг, эхийн зөвлөлийн гишүүн гэх эмэгтэй /би одоо нэрийг нь мэдэхгүй байна/ надтай утсаар яриад “Билгүүнийг хуучин ангийнх нь хүүхдүүдтэй монтажны зураг авахуулаач, мөн зугаалганд нэг өдөр хамт явуулаач” бас хүсэх нэг зүйл байна гээд “автобус гаргаж өгөөч, бид нар бензиний мөнгийг нь төлнө” гэж хэлсэн.
...би жолооч Хишигпүрэвтэй уулзаад “хагас сайн өдөр хүүхдүүд аваад Зулзагын гол яваад ирэх боломжтой юу?” гэж асуухад Хишигпүрэв зөвшөөрсөн юм
...ямар нэгэн тушаал бол гаргасан зүйл бол байгаагүй. Хишигпүрэвээс боломжтой эсэх талаар нь асуухад болно гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хүү автобусны яг аль суудалд сууж явсан талаар би сайн мэдэхгүй байна.
...ямар ч байсан миний хүү зам тээврийн осол болох үед автобусанд сууж явсан ба биед нь ямар нэгэн гэмтэл бол учраагүй.
...бид нарын зүгээс уг зам тээврийн осолтой холбоотой гаргах ямар нэгэн санал, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120/,
-Гэрч Л.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай охин ангийнхантайгаа тухайн өдөр Зулзагын гол руу зугаалганд явсан. Явахад нь бол бид нар өөрсдөө тусдаа ангийнх нь хүүхдүүдийн араас очсон бөгөөд орой буцахад манай охин Анхжаргал автобусанд сууж явсан юм.
..манай охин автобусны хамгийн хойд талын суудалд нь суусан байсан. Манай охин Э.Анхжаргал зам тээврийн осолд орсны улмаас биедээ ямар нэгэн гэмтэл бол аваагүй. Биеийн эрүүл мэндийн байдал зүгээр байсан.
...бид нарт ямар нэгэн гаргах гомдол санал бол байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121/,
-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр манай охин М.Уянга уг зугаалганд гэрээсээ ганцаараа явсан бөгөөд ангийнхаа хүүхдүүдийн хамтаар автобусаар явсан юм.
...манай охин М.Уянгын биед зам тээврийн ослын улмаас ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123/,
-Гэрч Ч.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...автобусны жолоочийн эсрэг талын эхнээсээ 4 дэх суудалд сууж явсан.
...харин охин Алтансувд болохоор хойшоо ангийнхантайгаа сууж явсан юм. Надаас хойш 4 дэх суудалд суусан байсан юм. Зам тээврийн осол болох үед охин бид 2 гэмтэж бэртсэн зүйл болоогүй.
...бид нарын зүгээс ямар нэгэн гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124/,
-Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хүү өөрөө ярихдаа автобусны хойд хэсэгт ангийнхаа хүүхдүүдийн хамтаар суугаад явсан гэсэн. Би өөрөө хамт яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай хүү зам тээврийн осолд орсны улмаас бол ямар нэгэн гэмтэл шарх аваагүй.
...манай хүүхэд зам тээврийн осолд орсон асуудалтай холбоотойгоор гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125/,
-Гэрч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг ослын улмаас манай хамаатан Д.Ц , Л.Сарантуяа нар биедээ гэмтэл авсан байсан. Харин манай хүү Дэлгэрмөрөн ямар нэгэн бэртэл гэмтэл огт аваагүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126/,
-Гэрч Ц.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой Зулзагын голоос мөн автобусаараа буцаад явсан бөгөөд Дарханы Замын цагдаагийн пост өнгөрөөд Хөтөл хорооллын харалдаа хүүгийнхээ хамтаар автобуснаас буусан.
...зам тээврийн осол гарахаас өмнө буучихсан учир ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127/,
-Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний зээ хүү Ууганбаяр зугаалганаас ангийнхаа хүүхдүүдийн хамтаар автобустай буцаж яваад зам тээврийн осолд орсон байсан. Гэхдээ азаар миний зээ хүүгийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128/,
-Гэрч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Маралжин ангийнхаа хүүхдүүдийн хамтаар Зулзага руу зугаалганд явсан...Маралжингийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...бид нарын зүгээс гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129/,
-Гэрч Л.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр манай ач З.Мөнх-Эрдэнийн ангийнх нь багш, хүүхдүүд нь эцэг эхчүүдийн хамт Зулзагын гол руу зугаалганд явсан. Тэгэхэд нь би ач хүүтэйгээ хамт явсан.
...миний бие болон ач хүү Мөнх-Эрдэнийн биед ослын улмаас ямар нэгэн гэмтэл шархгүй учраас бид 2 шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.
...одоо бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 130/,
-Гэрч Х.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ослын улмаас манай хүү Түвшинбаярын биед ямар нэгэн гэмтэл шархгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.
...одоо бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131/,
-Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 21 цаг өнгөрч байхад намайг Улаанбаатар хот руу орж байхад манай дүү утсаар яриад би Улаанбаатар хотоос буцаж ирсэн. Намайг ирэхэд манай ээж Цолмон, хүү Х.Хатанбаатар 2 Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн, ээж Цолмонгийн хөл нь хугарсан учраас хагалгаанд орж байсан. Одоо ээж маань хөл дээрээ явж чадахгүй гэртээ хэвтэж байгаа.
...ослын улмаас манай хүү Хатанбаатарын биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Одоо бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132/,
-Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр манай хүү Тэмүжин нь ангийнхаа хүүхдүүдтэй, багштайгаа, зарим нэг эцэг эхчүүдийн хамт том автобусаар Зулзагын гол руу салхинд гарахаар явцгаасан.
...ослын улмаас манай хүү Тэмүжингийн биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.
...одоо бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр би Ганцэцэгийн хамт Ганцэцэгийн ангийнх нь хүүхдүүдтэй, багштай нь хамт зарим нэг эцэг эхчүүдийн хамт том автобусаар Зулзагын гол руу салхинд гарахаар явцгаасан.
...”Гэгээ” хүнсний дэлгүүрийн орчимд зам дээр том урт машин харагдсан.
...ослын улмаас миний болон охин Ганцэцэгийн биед гэмтэл шарх байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134/,
-Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр манай охин Ундрал нь ангийнхаа хүүхдүүдтэй багштайгаа хамт зарим нэг эцэг эхчүүдийн хамт том автобусаар Зулзагын гол руу салхинд гарахаар явцгаасан.
...ослын улмаас охин Ундралын биед ямар нэгэн гэмтэл шархгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135/,
-Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр манай хүү Төгсбилэг нь ангийнхаа хүүхдүүдтэй, багштайгаа хамт зарим нэг эцэг эхчүүдийн хамт том автобусаар Зулзагын гол руу салхинд гарахаар явцгаасан.
...ослын улмаас манай хүү Төгсбилэгийн биед гэмтэл шархгүй, нүүр нь бага зэрэг халцарсан, нэг хөл нь бага зэрэг зовууртай байж байгаад зүгээр болсон. Ноцтой гэмтэл учраагүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 136/,
-“...1245 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018 оны 3 дугаар сарын 19-нд техникийн хяналтын үзлэгээр орж, бага зэргийн гэмтэл, зөрчилтэйгээр тэнцсэн байх тул зам тээврийн осол гарахын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.” гэх 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5076 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-167/,
-“...тухайн зам тээврийн ослын нөхцөлд хөдөлгөөний чиг өөрчлөх гээд уулзварт ороод эргэх үйлдэл хийж байгаа автомашин /хүнд даацын автомашин/ зүүн гар талаасаа ирж байгаа автобусыг хараад даруй зам тавьж өгөх замаа чөлөөлөх боломж байхгүй. DAЕWOO маркийн 1245 ДАХ улсын дугаартай автобусны жолооч Х.Х ийн өгсөн мэдүүлэг дээр ачааны машиныг би 500 метрийн зайнаас харсан гэж мэдүүлсэн байна. Тэгэхээр 500 метрийн зайд байгаа том оврын ачааны автомашины жолоочид тухайн нөхцөл байдалд автобус харагдахгүй, харсан ч зогсоох хангалттай зай байсан байна. SHAANXI маркийн 33-62 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан заалтыг зөрчөөгүй...” гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Өнөрбат, ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Нармандах, зохицуулагч, дэслэгч Д.Үнэнболд нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 28 дугаар шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 173/,
-“...Х-ийн жолоодож явсан DAEWOO маркийн 12-45 ДАХ дугаарын тээврийн хэрэгслийн ажлын тормосны ялтас /наклад/ хэвийн, тормосны хоолой хийн битүүмжлэл алдагдаагүй, хийн шахагч, клапан ажилтай, тормос, гэрэл дохио бүрэн ажилтай, гар хүрд, хүрдний түгжээ ажиллагаатай хэвийн байна.
...осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй байна.” гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Өнөрбат, ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Нармандах, зохицуулагч, дэслэгч Д.Үнэнболд нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 222-226/,
-“М.Т биед баруун шуу, богтос ясны ил хугарал, дух, хамар, баруун хацарт зулгаралт, баруун сарвууны зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, гуяны цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаанд сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 530 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 242/,
-“Д.Ц гийн биед гавал тархины битүү гэмтэл, дух ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн цус хуралт, зулайн хуйхны шарх, баруун нүдний зовхины цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох, унах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 247/,
-“Ц гийн биед баруун шилбэний 2 ясны ил бяцарсан хугарал, тавхай нугалах шөрмөсний урагдал, тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, салст, зүүн хацар, шанаа, зүүн доод эрүү, чихний ар хэсэг, баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдалтай шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 531 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 2/,
-“О.Д-ын биед 1 шүдний хугарал, хамар, уруулын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 529 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 6/,
-“Э.М-ийн биед хацар ясны битүү хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 11/,
-“Г.Г-ийн биед тархи доргилт, хэвлийн булчингийн чангарал, зүүн өвдөг, бүсэлхийн цус хуралт, зулгаралт шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 16/,
-“Г.М-ийн биед тархи доргилт, дух, баруун нүдний зовхи, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 21/,
-“С.Б-ын биед зүүн хөмсөг, хамар хэсгийн шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 26/,
-“М.Б-ийн дух, шанаа, хэсгийн зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун нүдний салстын улайлт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 517 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 30/,
-“Н.Н-ийн биед тархи доргилт, баруун хацрын зөлөн эдийн няцрал, бүсэлхийн зүүн хажуу хэсэг, баруун гуя, шилбэний цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 524 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 35/,
-“Л.С-ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн нүдний зовхи, хөмсөг, дух цээжний хэсэг, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний хугарал нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 528 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 41/,
-Техникийн шинжээч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би уг автобусанд үзлэг хийж 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 030 дугаартай дүгнэлт гаргасан.
...миний хийсэн үзлэгээр уг автобусны тормозны эд анги болон ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай болох нь тогтоогдсон бөгөөд ийм ажиллагаатай тормозонд доголдол гарах буюу тормоз барихгүй алдах тохиолдол гэж бол байхгүй.
...уг автобусны хувьд тормоз хэвийн ажиллагаатай болох нь шинжилгээний дүгнэлтэд хавсаргагдсан зураг дээр тодорхой харагдаж байгаа. Ийм тохиолдолд уг автобус зогсох бүрэн боломжтой юм. За магадгүй жолооч уруу газар уруудаж орж ирэх явцдаа механик арааг салгаж өөрөөр хэлбэл өөрөөр нь, энерциэр нь өнхрүүлэх үйлдэл хийсний улмаас тормоз гишгэх үед тормоз барих ажиллагаа удааширдаг, энэ үед араа салгаатай учраас кропны үйл ажиллагаа салсан учраас жишээлбэл автобусны хурд ихэсдэг энэ үед арааг залгах боломжгүй болдог юм. Учир нь хурдны хайрцагны арааны 1, 2 дугаар голын арааны шүднүүдийн эргэлт хоорондоо таардаггүй учраас араанд хийх оролдлого хийх үед араанд орохгүй хархирсан дуу чимээ гардаг юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-46/,
-Автотээврийн хэрэгслийн ашиглалтын хувийн хэргийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 89-99/,
-Хохирогч Ц гийн өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 106-126/,
-Хохирогч Д.Ц гийн өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 127-143/,
-Хохирогч М.Т өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 159-171/,
-О.Д-ын өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 172-180/,
-Э.М-ийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 181-188/,
-Г.Г-ийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 189-197/,
-Л.С-ийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 198-206/,
-Г.М-ийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 207-214/,
-Шүүгдэгч Х.Х ийн өвчний түүхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 215-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-105/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц гийн биед “баруун шилбэний 2 ясны ил бяцарсан хугарал, тавхай нугалах шөрмөсний урагдал, тархи доргилт, хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, салст, зүүн хацар, шанаа, зүүн доод эрүү, чихний ар хэсэг, баруун бугалга, баруун, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдалтай шинэ гэмтэл” тогтоогдсон ба хохирогч Ц нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-57/ өгсөн байх тул шүүгдэгч Х.Х ээс хохирогч Ц гаргуулах төлбөргүй байна.
Мөн хохирогч Д.Ц гийн биед “гавал тархины битүү гэмтэл, дух ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн цус хуралт, зулайн хуйхны шарх, баруун нүдний зовихны цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон ба насанд хүрээгүй хохирогч Д.Ц гийн хууль ёсны төлөөлөгч А.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд “...хүүхдийн минь бие одоо гайгүй болсон болохоор ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51/ өгч байх тул шүүгдэгч Х.Х ээс хохирогч Ц гаргуулах төлбөргүй байна.
Түүнчлэн хохирогч М.Т биед “баруун шуу, богтос ясны ил хугарал, дух, хамар, баруун хацарт зулгаралт, баруун сарвууны зулгарал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, гуяны цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий шинэ гэмтэл” тогтоогдсон ба хохирогч М.Т нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Х.Х нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гэгээ” дэлгүүрийн баруун талын замаар Дэү маркийн 12-45 ДАХ улсын дугаартай автобусыг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 /б/-д “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг, мөн дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 9.3 /в/ “тээврийн хэрэгслийг суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Б.Бямбачулууны жолоодон явсан Shaanxi маркийн 3362 УНХ улсын дугаартай авто чирэгч тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ц , Д.Ц нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Х.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Х ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Х ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Х т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Х ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Х ийн 047989 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Ц , Д.Ц нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч М.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Х ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Х т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.Х т анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Х т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Х ийн 047989 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ