| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0010/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 20
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Д.Г-ын өмөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч Г С нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч Г, С, Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Г, С, Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000000466 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Г 1998 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
2.Монгол Улсын иргэн, С 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын “Дархан татах хэсэг”-т засварчин ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
3.Монгол Улсын иргэн, Г 1998 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан станц сүлжээний техникч мэргэжилтэй, Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Г, С, Г нар нь 2018 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” хүнсний захын хойд талд иргэн Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, эд зүйлсийг нь дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ГГ, С, Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” хүнсний захын хойд талд иргэн Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, эд зүйлсийг нь дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Г-ыншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Тэмүүжин, Давхараа бид гурав тоглож байгаад гарахад Х.Самбуу ирсэн. Бид гадаа саравчинд байхад Тэмүүжин 15000 төгрөг гаргаж, Давхарбаярыг пивонд явуулсан. Бид 2 пиво уусны дараа манай гэрт очиж, үргэлжлүүлж уухаар болсон. Биднийг пиво ууж байхад Д.Ганбаяр “хотоос ирж байна, намайг тосож аваарай” гэсэн. Бид Ганбаярыг тосож аваад дэлгүүрээс дахин 3 том пиво авч, манай гэрт орж уусан. Пиво ууж дуусаад удаагүй байтал Самбуу надад 1 пивоны мөнгө байгаа гээд бид манай гэрээс гараад гудамж уруудаад явж байхад нэг ахтай тааралдаж тэр ахыг цохиж унагаагаад нүүр лүү нь 4-5 удаа өшиглөсөн. Давхарбаяр миний урд, Ганбаяр, Самбуу хоёр араас ирээд тэр ахыг түлхэхэд нөгөө ах өвдгөөрөө боржуур дээр унасан. Ганбаяр, Самбуу хоёр тэр ахыг зодож, виза картыг нь авсан. Нөгөө ах Ганбаярт виза картыг өгөөд Давхарбаярыг АТМ рүү явуулсан бөгөөд тэр ахын өөрийнх нь карт байсан. Нөгөө хоёр тэр ахаас юм авч байхыг нь хараагүй.
...Би буруу зүйл хийсэн, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Х.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ажлаасаа буугаад Давхарбаяр, Тэмүүжин, Гантулга нар дээр ирж 2 пиво уусан. Бид Ганбаярыг тосож аваад, дахин 3 пиво авч уусан. Тэмүүжин гэртээ харина гэхээр нь бид таксинд суулгаж өгөхөөр явж байхад Ганбаяр бид хоёртой саарал хүрэмтэй ах зөрөөд явсан. Гэтэл Ганбаяр Гантулгыг ирэхгүй болохоор нь буцаад яваад ирэхгүй удаад байсан учир би Ганбаярын араас Гантулга руу явахад Ганбаяр, Гантулга нар замд зөрсөн саарал хүрэмтэй ахыг зодож байсан. Би энэ хоёрыг салгахад нөгөө ах зугтаасан. Тэгэхээр нь би нөгөө ахыг татаж унагаагаад, цохиод тэлээ нь суларсан байхаар нь Ганбаярт тэлээг нь авч өгөөд, халаасыг нь ухахад 9000 төгрөг байсныг нь авсан.
...гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг хотоос ирэхэд манай найзууд намайг тосож аваад, 3 пиво уусан. Дахин 2 пиво авахаар бид нар Гантулгын гэрээс гараад явж байсан. Би Самбуутай, Тэмүүжинг суулгаж өгөхөөр түрүүлээд явж байсан. Гэтэл Гантулга араас ирэхгүй удаад байхаар нь очиход тэр нэг хүнтэй зодолдоод байсан. Би нөгөө хүнийг нь түлхээд, жийж унагаасан. Би зодоонд оролцсон хохирогчийн тэлээг нь аваагүй.
...гэм буруугаа ойлгож байна, цэргийн албаа нэр хүндтэй хаамаар байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг.
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10/,
-Б-н эзэмшлийн Хаан банкны виза картыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн11/,
-Хохирогч Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхнэрийн төрсөн дүүгийн нөхөр Гэрэлцогттой уулзаад 2-3 пиво уучхаад шөнийн 02 цагийн үед Шинэ Дарханы Баянмонгол төвийн бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө авч Гэрэлцогтод өгөөд Гэрэлцогт надад “таксидаад хариарай” гээд 10000 төгрөг өгснийг аваад зам дээрээс таксинд суугаад Хуучин Дарханы Буян захын урд буугаад таксинд суух гэсэн боловч такси олдохгүй болохоор нь Буян захын хажуугаар гэр хороолол руу явдаг нэг урсгалтай замаар аавынхаа гэр лүү алхсан. Манай аавын гэрт манай эхнэр хүүхдүүд байсан учраас тийшээ явсан юм. Тэгээд алхаж байтал миний урдаас ирж явсан 4-5 залуу миний хажуугаар зөрөх шиг болсон. Тэгсэн гэнэт намайг зодож эхэлсэн. Тухайн үед би нилээн согтолттой байсан учраас яг хэн нь эхэлж намайг цохиж эхэлсэн, хэн нь миний дээрээс дэвссэн зэргийг сайн санахгүй байна. Ямар ч байсан 2 өндөр залуу, нэг намхан залуу байх шиг байсан. Намайг газар унагаагаад толгой тархи руу баахан дэвсээд нэг нь миний өмдний халаасыг ухаад бэлэн 9000 төгрөг, хаан банкны виза картыг аваад “картныхаа нууц кодыг хэл” гээд би нууц кодоо 1026 гэж хэлэхэд нэг нь аваад цаашаа явсан. Тэгэхэд миний өмдний тэлээг тайлаад авсан. Яг хэн нь тайлж авсныг мэдэхгүй. Би гараараа нүүрээ дараад газар хэвтчихсэн байсан учраас харж чадаагүй. Тэгээд хэсэг миний дээрээс өшиглөөд дэвсээд байсан. Би арайхийж босоод цаашаа зугтах гэтэл араас нэг өндөр залуу нь ирж хавсарч унагаагаад бас хэсэг дээрээс дэвсэж өшиглөсөн. Тэгээд зодохоо болихоор нь би босоод цаашаа зугтаасан. Тэр залуучууд “Буян” зах тал руу явцгаасан. Тэгээд аавынхаа гэрт очоод эхнэртээ хэлээд эхнэртэйгээ хамт цагдаа дээр ирж хэлсэн.
...миний эмчилгээ, эм тарианы зардалд 1000000 төгрөг өгсөн учир одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15/,
-Гэрч М.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз Ганбаяр цэргийн албанд явах гээд найз Ганбаяр, Тулга, Самбуу, Давхарбаяр нартай Арбатад 23 цагийн орчим уулзаад Тулгаагийн гэрт нь очиж 2,5 литрийн том пиво 4 ширхэгийг авч очоод уусан. 4 том пиво ууж байгаад 02 цаг өнгөрч байхад Тулгаагийн гэрээс гарч Ариундалай буудлаас пиво авах гээд захын арын нэг урсгалтай замаар би Самбуу, Ганбаяр нарын хамтаар түрүүлээд араас Давхарбаяр, Тулгаа хоёр араас явж байсан. Нэг хүн бид нартай зөрсөн чинь ард явсан Давхарбаяр, Тулгаа хоёр ирэхгүй байсан тул Ганбаяр “хараадхая” гээд эргээд явсан. Тэгээд удалгүй хүн орилох чимээ гарахаар нь Самбуу бид хоёр очсон чинь Ганбаяр, Тулгаа хоёр нийлээд нэг хүнийг газар унагаачихсан өшиглөөд байж байсан. Тэгэхээр нь Самбуу бид хоёр салгах гээд би Тулгааг бариад авсан Самбуу Ганбаярыг барьж авсан чинь нөгөө зодуулж байсан хүн нь босоод цаашаа явсан. Гэтэл Тулгаа араас нь очоод нөгөө хүнийг өшиглөж газар унагаад өшиглөөд байхаар нь би очоод Тулгааг салгаж авсан. Тэгтэл Ганбаяр нөгөө хүнийг босгож ирээд тэлээг нь авах гээд байсан чинь Самбуу “боль” гээд очиход Ганбаяр холдоод “тэлээг нь авъя” гэсэн чинь Самбуу тэр хүнээс тэлээг нь аваад Ганбаярт өгсөн чинь Ганбаяр тэр хүнийг тэлээгээр нь зодоод байсан. Самбуу Ганбаярыг салгаж холдуулаад тэр хүний халааснаас нь бэлэн 9000 төгрөг, ХААН банкны виза картыг авсан. Ганбаяр “виза картныхаа кодыг хэл” гээд зодоод тэр ах кодоо хэлэхэд Самбуу виза картыг Давхарбаярт өгч явуулахад “5000-6000 төгрөг байна, гэхдээ мөнгийг нь аваагүй” гээд ирсэн чинь Самбуу виза картыг нь аваад шидсэн. Тэгэхэд Ганбаяр тэр хүнийг одоо яв гээд явуулсан чинь Тулгаа тэр хүний араас нь хөөгөөд гүйцээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22/,
-Насанд хүрээгүй гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар бөөнөөрөө захын ард талын зам дээр явж байтал саарал хувцас өмссөн 30 орчим насны эрэгтэй хүн Гантулга ахтай зөрөхдөө жаахан шүргэлдсэн. Тэгэхээр нь Гантулга ах тэр ахын араас нь татаж унагаагаад “чи Сэргэлэнгийн гудамжинд байдаг залуу мөн үү?” гэж хэлээд тэр ахыг унасан байхад нь бие болон нүүр рүү нь гараараа цохиод байхаар нь би салгахад намайг “байж бай” гэж хэлээд хөлөөрөө нүүр рүү нь өшиглөөд байсан. Тэгээд Гантулга тэр ахыг зодоод байж байтал түрүүлээд явж байсан Ганбаяр ах ирээд Гантулгатай нийлж тэр ахын нүүр болон цээж рүү нь өшиглөөд зодоод эхэлсэн. Тэгээд байж байтал Самбуу ах ирээд тэр ахыг хавсарч унагаагаад байсан. Тэр үед би газар унасан байсан Гантулга, Ганбаяр хоёрын гадуур өмсдөг куртикыг нь аваад ирэхэд Самбуу ах тэр газар унасан байсан ахын халааснаас 9000 төгрөг болон Хаан банкны виза картыг нь авсан. Тэгэхэд Ганбаяр ах хажуунаас нь бүсийг нь тайлж аваад бүсээр нь тэр ахыг зодоод кодыг нь хэлүүлсэн. Тэгээд Самбуу ах тэр үед надад картыг нь өгөөд “яваад АТМ ороод мөнгийг нь шалгаад ир” гэсэн. Тэгэхээр нь би “Ихэр могой” төвийн хажууд байрлах “Хаан банкны АТМ" ороод кодыг нь хийгээд үзэхэд 6000 төгрөг байсан. Тэгэхээр нь би буцаад ах нарын байгаа газар яваад очтол тэд нар зодож байсан хүнээ явуулчихсан урдаас уруудаад ирж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,
-“Толгой, чих, шанаа хавдартай, уруул хавдсан, язарсан, цээжинд зүүн талд зулгарсан, хавдсан, зүүн өвдөг шалбарсан, зулгарсан, 2 гарын шуу хавдсан, зулгарсан шархтай, зүүн талд 4-5 хавирганы урд талд тэмтрэхэд эмзэглэлтэй.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 31/,
-“Б-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорхой, зүүн чихний дэлбээ, зүүн хацар, доод зовхины цус хуралт, хацар, зүүн нүдний зовхи, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, хацар, баруун, зүүн сарвуу, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 1043 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 33/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 35000 төгрөг байна.” гэх 2018 оны 10 сарын 29-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 39-40/,
-Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1000000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн / болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ГГ, С, Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б-н эрүүл мэндэд “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорхой, зүүн чихний дэлбээ зүүн хацар, доод зовхины цус хуралт, хацар, зүүн нүдний зовхи, хамар хэсгийг-зөөлөн эдийн няцрал, хацар, баруун, зүүн сарвуу, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл” тогтоогдсон ба хохирогч Б нь мөрдөн байцаалтын шатанд “...миний эмчилгээ, эм тарианы зардалд 1000000 төгрөг өгсөн учир одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ГГ, С, Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” хүнсний захын хойд талд иргэн Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, эд зүйлсийг нь дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ГГ, С, Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ГГ, С, Г нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 21 насанд хүрээгүй байсан болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний мэдээллийн лавлагаагаар /хэргийн 62, 65, 68/ тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-т “шүүхээс арван найманд насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэснийг удирлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ГГ, С, Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ГГ, С, Г нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ГГ, С, Г нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ГГ, С, Г нарт ял оногдуулахыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б-н Хаан банкны виза картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б д буцаан олгохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г, С, Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г, С, Г нарт ял оногдуулахыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч ГГ, С, Г нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ГГ, С, Г нарт хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны виза картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б д буцаан олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г, С нарт авсан хувийн баталгаа гаргах, Г-д авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ