Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 381

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр     Дугаар 156/ШШ2016/00381

    Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00389/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гонгор
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга нар оролцов.
Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг, “Мандалхаан” гэдэг газар нутаглах, Боржигон овогт Сэдэдийн Алтансувдын “хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоолгохыг” хүссэн  нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 10-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Алтансувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний төрсөн эцэг Дамдингомбын Сэдэд төрүүлсэн эх Цэндийн Чимэдцэрэн мөн бөгөөд 1987 онд хөдөлмөрийн дэвтэр Биндэр сумаас олгохдоо миний нэрийг ээжийн нэрээр овоглон бичсэн байна. Үүнээс шалтгаалан хөдөлмөрийн дэвтэр маань зөрчилтэй байгаа тул нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 223379 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү? гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гонгорын шүүхэд гаргасан тайлбартаа: С.Алтансувд нь 1971 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Д.Сэдэд, Ц.Чимэдцэрэн нарын гэр бүлд төрсөн юм. С.Алтансувд нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн тэжээлийн цехэд ажилчнаар ороход хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь ээж Цэндийн Чимэдцэрэнгээр бичсэн байна. Гэтэл С.Алтансувд нь группэд орох болсон тул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаарлагатай гэжээ. (хх-ийн 16 тал)
Иймд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 223379 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Сэдэдийн Алтансувдынх мөн болохыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 16 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Боржигон овогт Сэдэдийн Алтансувд нь эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 223379 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Алтансувд нь тахир дутуугийн тэтгэвэрт орохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэрт таны овгийг эх Ц.Чимэдцэрэнгээр овоглосон байна. Таны иргэний үнэмлэх чинь Сэдэд овогтой байх тул шүүхэд хандах хэрэгтэй гэжээ. 
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна гэж шүүх дүгнэв. 
Хүсэлт гаргагч СЖ 71071407 регистрийн дугаартай, Боржигон овогт Сэдэдийн Алтансувд нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн №223379 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1. №69 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарт: Сэдэдийн Алтансувд, эмэгтэй, 1971 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эцэг Дамдингомбын Сэдэд, эх Цэндийн Чимэдцэрэн гэжээ. (хх-ийн 2 тал)
2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын №5/000539/2369 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд: Эцэг Дамдингомбын Сэдэд, эх Цэндийн Чимэдцэрэн, 1971 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, Сэдэдийн Алтансувд гэжээ. (хх-ийн 14 тал)
3. Гэрч Ц.Оюунцэцэгийн: .. Би 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн тэжээлийн цехэд машинистаар ажиллаж байсан юм...Алтансувдтай хамт ажиллаж байлаа.... С.Алтансувд нь 1987 оны 08 дугаар сараас 1992 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн тэжээлийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан юм. Алтансувдын аавыг Сэдэд, ээжийг  Чимэдцэрэн гэдэг юм... хөдөлмөрийн дэвтэрт байгаа зураг Алтансувдын зураг мөн гэсэн мэдүүлэг. (хх-ийн 19-20 тал)
4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гонгорын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Алтансувд нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн тэжээлийн цехэд  ажилчнаар ороход нь хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь ээж Чимэдцэрэнгээр бичсэн байна. Гэтэл С.Алтансувд нь группэд орох болсон тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь хөдөлмөрийн дэвтрийнхээ жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолго гэсэн юм. Иймд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 223379 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч  нь Сэдэдийн Алтансувд мөн болохыг тогтоож өгнө үү? Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 15 тал)
5. Монгол улсын иргэний үнэлэхийн хуулбарт: Боржигон овогт Сэдэдийн Алтансувд, 1971 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, СЖ-71071407 регистрийн дугаартай байна. (хх-ийн 3 тал)
6. Хүсэлт гаргагч С.Алтансувдын  шүүхэд гаргасан хүсэлт: (хх-ийн 1 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар СЖ 71071407 регистрийн дугаартай, Боржигон овогт Сэдэдийн Алтансувдыг1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн №223379 дугаартай хөдөлмөрийн дэтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Алтансувдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 

3. Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ