Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00920

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 03 210/МА2023/00920

 

 

Р.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00783 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Сүрэнжавд холбогдох

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 52, 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Р.Энхжаргал 2000 оноос хойш Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын 18 дугаар байр, 30 тоот хаягтай 2 өрөө орон сууцанд амьдарч байна. Энэ орон сууц нь дүү Д.Буянбаатар, ээж Н.Дэмбэрэл, ах Т.Батбаяр нарын хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө байсан. Ээж Н.Дэмбэрэл 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан ба орон сууцны түүнд ногдох хэсгийг хамт амьдарч байсан охин Р.Энхжаргал өвлөсөн.

1.2. Ах Т.Батбаяр нь 2010 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан ба нас барах үедээ Төмөр зам дахь өөрийн байранд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Т.Батбаярыг нас барсны дараа орон сууцны түүнд ногдох хэсгийн өвийг түүний эхнэр, хүүхдүүд болон дүү Д.Буянбаатар нар хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар харьяа дүүргийн нотариатад нэг жилийн дотор хандаагүй ба Р.Энхжаргал өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор орон сууцыг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан тул Т.Батбаярт ногдох хэсгийн өвлөгч болсон.

1.3. Д.Буянбаатар нь ах Т.Батбаярыг нас барснаас хойш 9 жил, ээж Н.Дэмбэрэлийг нас барснаас хойш 12 жилийн дараа өргөдөл гаргасан байхад нотариатч С.Сүрэнжав нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуульд заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 52, 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

1.4. Нотариатч С.Сүрэнжавын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэл, тэмдэглэл, гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчид татгалзсан, өв хүлээн авах өргөдөл гаргаагүй гэж бичжээ. Р.Энхжаргалын төрсний гэрчилгээнд эх Н.Дэмбэрэлийн нэр бичигдсэн, иргэний улсын бүртгэлээр миний төрүүлсэн эх Н.Дэмбэрэл, төрсөн ах Т.Батбаяр нар байсаар атал орон сууцыг эзэмшилдээ авч амьдарч байгаа намайг өвөөс татгалзсан мэтээр хууль бус тэмдэглэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээ олгож, миний эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Иймд Р.Энхжаргалыг эх Н.Дэмбэрэл, ах Т.Батбаяр нарын өв болох орон сууцны гуравны хоёрт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, орон сууцны гуравны хоёр хэсгийн өмчлөх эрхийг өвийн журмаар хүлээн авсанд тооцож, Д.Буянбаатарт орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2019 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 52, 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэний хуулийн 519, 520, 527, 528, 531 дүгээр зүйлүүдийг үндэслэн нотариатын үйлдэл хийж, 52, 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өв нээх газар нь нас барагчийн сүүлчийн оршин сууж байсан Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын 18 дугаар байр, 30 тоот орон сууцны хаягаар байсныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 357/005760 дугаар нас барны лавлагаагаар нотолсон.

2.2. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 693 дугаар хүн амын тодорхойлолт, Монголын нотариатчдын танхимын архивын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2143 дугаар лавлагаа, иргэн Д.Буянбаатарын төрсний гэрчилгээ, түүний дүү Т.Батбаярын нас барсныг тодорхойлсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 357/005761 дугаар тодорхойлолт, иргэн Д.Буянбаатарын өв хүлээн авах хүсэлтийг тус тус үндэслэж нотариатын үйлдэл хийж өвийн гэрчилгээ олгосон болно.

Иймээс нотариатын үйлдлийг зохих журмын дагуу хийсэн гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч Р.Энхжаргал , гуравдагч этгээд төрсөн ах Д.Буянбаатар нар харилцан зохицож шийдэлд хүрсэн тохиолдолд өвийн гэрчилгээг хүчингүй болгоход татгалзахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Сүрэнжавд холбогдуулан гаргасан,

а/ Р.Энхжаргал нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын 18-р байр, 30 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч агсан эх Н.Дэмбэрэл, ах Т. Батбаяр нарын өв болох орон сууцны гуравны хоёрт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох;

б/ Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын 18-р байр, 30 тоот 2 өрөө орон сууцны гуравны хоёр хэсгийн өмчлөх эрхийг өвийн журмаар хүлээн авсанд тооцуулах;

в/ Д.Буянбаатарт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 50 мянгатын 18-р байр, 30 тоот 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоож;

г/ Д.Буянбаатарт олгосон 2019 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 52, 53 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Р.Энхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,400 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 223 дугаар захирамжаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Дэмбэрэл овогтой байсныг Рагчаа болгон өөрчилсөн бөгөөд ийнхүү овог өөрчилсөн нь хууль ёсны өвлөгч байх эрхээ алдах хууль зүйн үр дагаварт хүргэхгүй. Овог өөрчилсний дараа нэхэмжлэгчид шинээр олгогдсон төрсний гэрчилгээнд эх Дэмбэрэл гэж бичигдсэн байгаагаар хууль ёсны өвлөгч мөн болохыг нотолсон. Энэ талаар шүүхийн шийдвэрт огт дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байна.

Хүүхэд гэдэг нь 18 нас хүрээгүй этгээд бөгөөд хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс бусдад үрчлүүлдэг. Гэтэл нэхэмжлэгч нь 1956 онд төрж, 2007 онд 51 настайдаа өөрийн хүсэл зоригоор Рагчаа гэж овгоо сольсон нь үрчлэлттэй ямар ч холбоогүй юм. Нөгөө талаас овог солих үед 1917 онд төрсөн Т.Рагчаа нь 90 настай, амьд сэрүүн байсан. Иймд Энхжаргал үрчлэгдсэн учир өвлөх эрхгүй, хууль ёсны өвлөгч биш гэх гуравдагч этгээдийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хууль ёсны өвлөгч мөн, биш гэх талуудын маргааныг нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийг тодорхой бус үндэслэлээр хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгүй, түүний нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

4.2. Нэхэмжлэгчийн төрсөн эх нь Н.Дэмбэрэл, төрсөн ах нь Т.Батбаяр гэх нотлох баримтуудад дүгнэлт өгөлгүй ямар үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжүүлсэн атлаа талуудын тайлбарыг хүлээн авсан, эсхүл няцаасан үндэслэл бүрийг шийдвэртээ зааж дүгнэлт өгч шийдвэрлэх үүргээ биелүүлсэнгүй гэж үзэж байна.

4.3. Шүүх Д.Буянбаатар нь хууль ёсны цорын ганц өвлөгч мөн гэх өрөөсгөл дүгнэлт хийсэн бөгөөд хариуцагчаар татагдсан нотариатч С.Сүрэнжавыг хариуцагч биш гэх дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээд Д.Буянбаатар АНУ-д амьдарч байсан тул талийгаач Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарын өвийг хүлээн аваагүй. Харин нэхэмжлэгч Р.Энхжаргал нь өв нээгдсэнээс хойш буюу 2008 оны 09 дүгээр с арын 06-ны өдрөөс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй тул маргаан бүхий байрны Н.Дэмбэрэлд ногдох өвийг, ах Т.Батбаярын өвийг ч мөн хүлээн авсан байна.

Талийгаач Т.Батбаярын хууль ёсны өвлөгч нараас хүсэлт огт гаргаж байгаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш буюу 2011 оны 02 дугаар сарын 16-ны дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан Р.Энхжаргал нь маргаан бүхий байрны Т.Батбаярт ногдох өвийг хүлээн авсанд тооцогдох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.1, 528.1.2-т заасан аль ч хугацаанд гуравдагч этгээд Д.Буянбаатар талийгаач Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарын өвийг хүлээн аваагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан талийгаач Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарын хууль ёсны өвлөгч нь Д.Буянбаатар гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

4.4. Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаанаас Д.Буянбаатар нь талийгаач Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарыг нас барах үед Монгол Улсад байгаагүй болох нь тогтоогддог. Талийгаач Н.Дэмбэрэлийг нас барснаас хойш 6 жил, Т.Батбаярыг нас барснаас хойш 3 жилийн дараа буюу 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр орж, 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарсан, улмаар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын иргэншилтэйгээр Монгол Улсын хилээр орж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан байна. Анхан шатны шүүх Д.Буянбаатар нь өвлөхөөс татгалзсан хууль ёсны өвлөгч байхад түүнд олгогдсон өв залгамжпах эрхийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу олгогдсон гэж дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

4.5. Хариуцагч нотариатч С.Сүрэнжав нь талийгаач Д.Дэмбэрэлийг нас барснаас хойш 12 жил, Т.Батбаярыг нас барснаас хойш 9 жилийн дараа Д.Буянбаатарын хүсэлтийг хүлээн авсан, өвлөх эрхийн гэрчилгээ 2019 онд олгосон нотариатын үйлдэл хийсэн нь хууль бус байхад анхан шатны шүүх нотлох баримтад бодитой үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй. Нотариатын үйлдэл хийсэн бүртгэлд бусад өвлөгч нар өв хүлээн авахаас татгалзсан гэх бичиглэл хийсэн байсан бөгөөд бусад хууль ёсны өв залгамжлагч байгаа эсэхийг шалгаагүй, хорооны Засаг даргын гарын үсэг ашиглагдсан, ам бүл нэг гэсэн хуурамч тодорхойлолт байхад шалгаагүй зэргээр Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх түүнийг хариуцагч биш гэж дүгнээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.6. Гуравдагч этгээд Д.Буянбаатар өвлөх эрхийн гэрчилгээ авч өвлөгдөх эд хөрөнгийн цорын ганц өмчлөгчөөр бүртгэл хийлгэсэн байдлаа ашиглаж, нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл түрүүлж гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02771 дугаар шийдвэр гарсан юм. Тус хэрэгт нэхэмжлэгч Р.Энхжаргал сөрөг нэхэмжпэл гаргаж орон сууцыг өвд хүлээн авсан, хууль ёсны өвлөгч бөгөөд өмчлөх эрхтэй гэж маргасан юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр олгосон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан.

Иймд иргэний хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээнд аав нь Т.Рагчаа, ээж нь Н.Дэмбэрэл гэж бичигдсэн нь ойлгомжгүй. Учир нь Дэмбэрэлийн Энхжаргал гэж байсныг Рагчаагийн Энхжаргал болгож өөрчилсөн ба ээж нь Н.Дэмбэрэл гэж бичигдсэн нь ойлгомжгүй. Энэ үйл баримтаа тайлбарладаггүй.

Т.Рагчаа эхнэртэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн ээж Н.Дэмбэрэл нөхөртэйгөө хэзээ гэрлэлтээ батлуулж, хэзээ нас барсан болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь маргаан бүхий байранд амьдрах, эсхүл байрнаас өөрт ногдох хэсгийг авах гэсэн олон арга хэрэглэсний нэг нь юм. Энэ талаар шүүхэд ямар нэгэн тайлбар гаргадаггүй.

2020 онд шийдвэрлэгдсэн хэргийн сөрөг нэхэмжлэлд миний үрчилж авсан аав Т.Рагчаа мөн гэж бичсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан үрчилж авсан аав Т.Рагчаагаар овоглох хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг даргйн 2007 оны 223 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Овог сольсон шалтгаан нь үрчлэгдсэн эцгээр овоглох гэж бичсэн. Р.Энхжаргалын ерөнхий боловсролын сургуулийн бичиг баримтууд Т.Рагчаагаар овоглосон байдаг. Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарыг нас барахаас өмнө энэ асуудал шийдэгдсэн учраас Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар Р.Энхжаргал нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхээ алдсан ба эцэг, эх, ах дүү нараа тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдсөн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5.2. Нэхэмжлэл гаргах эрхтэй субъект биш гэж үзэж байна. 2020 онд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд нэхэмжлэгч Р.Энхжаргал өвлөх эрхийнхээ дагуу эзэмшиж байх тул хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өнөөдрийн шүүхээр хэлэлцэгдэж буй нэхэмжлэлтэй адилхан зүйл бичигдсэн байдаг.

5.3. Нотариатч С.Сүрэнжав нь эх Н.Дэмбэрэл, ах Т.Батбаяр нарын өв болох орон сууцны гуравны хоёрт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох, орон сууцны гуравны хоёр хэсгийн өвлөх эрхийг өвийн журмаар хүлээн авсанд тооцуулах 2 шаардлагын тухайд хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, маргаж буй орон сууцыг худалдаж авахад нотариатч С.Сүрэнжав нэг ч төгрөг төлөөгүй ба тухайн байранд амьдраагүй. Нотариатч зөвхөн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл хийсэн. Тийм учраас дээрх үндэслэлээр энэ нэхэмжлэл шийдвэрлэгдэх боломжгүй.

Ийм учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Р.Энхжаргал нь хариуцагч С.Сүрэнжавд холбогдуулан Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарын өв болох орон сууцны гуравны хоёрт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, орон сууцны гуравны хоёр хэсгийн өвлөх эрхийг өвийн журмаар хүлээн авсанд тооцуулах, Д.Буянбаатарт орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 52, 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ялгаж зөв тодорхойлоогүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Дээрх нэхэмжлэлийн хариуцагчаар нотариатч С.Сүрэнжавыг тодорхойлж, түүний хийсэн нотариатын үйлдэлтэй холбоотой шаардлага гаргасан тул Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нарын өв болох орон сууцны гуравны хоёрт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, орон сууцны гуравны хоёр хэсгийн өвлөх эрхийг өвийн журмаар хүлээн авсанд тооцуулах, Д.Буянбаатарт орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох гэсэн нь нотариатын үйлдэл хийгдэх үйл баримт буюу нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна. Иймээс шүүх хариуцагчид холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 52, 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Хариуцагч нь нотариатын үйлдлийг зохих журмын дагуу хийсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Буянбаатар нэхэмжлэлийг үндэслэлгүй гэх тайлбар гаргажээ.

 

3. Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгатын 18 дугаар байр, 30 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Буянбаатар, Н.Дэмбэрэл, Т.Батбаяр нар 2001 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн, Н.Дэмбэрэл 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, Т.Батбаяр 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус тус нас барсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

4. Хариуцагч С.Сүрэнжав нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны Н.Дэмбэрэлд ногдох хэсгийг өвлөх эрхийн 53 дугаартай гэрчилгээг, Т.Батбаярт ногдох хэсгийг өвлөх эрхийн 52 дугаартай гэрчилгээг тус тус гуравдагч этгээд Д.Буянбаатарт олгож, улмаар Д.Буянбаатар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дангаараа орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

4.1. Өвлүүлэгч Н.Дэмбэрэлийн хүүхдүүд болох Т.Бямба-Очир, Т.Рэнцэнханд, Т.Батбаяр, Р.Энхжаргал, Д.Буянбаатар нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид байна.

4.2. Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмыг тогтоосон Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгч Н.Дэмбэрэлийг нас барах үед хамт амьдарч байсан өвлөгч Р.Энхжаргал, Т.Батбаяр нар өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй тул өвийг хүлээн авсан гэж, харин бусад өвлөгч болох Т.Бямба-Очир, Т.Рэнцэнханд, Д.Буянбаатар нар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй тул тус тус өвлөхөөс татгалзсан гэж дүгнэнэ.

4.2.а. Нэхэмжлэгч Р.Энхжаргал нь эх Н.Дэмбэрэлээр овоглосноо Т.Рагчаагаар сольж 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхцөл байдал нь өвлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүй. Учир нь эцэг, эх болон төрүүлсэн хүүхдийн хооронд өвийн харилцаа хуульд зааснаар үүснэ.

4.2.б. Мөн Д.Буянбаатарын гаргасан Р.Энхжаргалын хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Р.Энхжаргалын гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02771 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0266 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд хамаарахгүй. Учир нь уг шийдвэрээр хариуцагчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэлтэй холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй.

4.2.в. Дээрх үндэслэлээр орон сууцнаас өвлүүлэгч Н.Дэмбэрэлд ногдох 1/3 хэсгийг хууль ёсны өвлөгч Р.Энхжаргал, Т.Батбаяр нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээтэй буюу тус бүр 1/6 хэсгийг өвлөсөн гэж дүгнэх үндэстэй.

4.3. Өвлүүлэгч Т.Батбаярын хууль ёсны өвлөгч нь эхнэр Б.Цэцэгмаа, хүүхдүүд болох Б.Алтангэрэл, Б.Батгэрэл, Б.Дэлгэр нар болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаагаар, мөн өвийн орон сууцанд Б.Цэцэгмаа, Б.Алтангэрэл, Б.Батгэрэл нар оршин суух бүртгэлтэй болох нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээр тус тус тогтоогдсон, өвлөгч нар өвийг хүлээн авахаас татгалзсан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс өвлүүлэгч Т.Батбаярын өвийг хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

4.4. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргах, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д нотариатч нь өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч болохыг нотлох баримт бичгийг үндэслэхээр тус тус заасан бөгөөд хариуцагч С.Сүрэнжав нь хүсэлт гаргагч Д.Буянбаатараас нас барагч Н.Дэмбэрэлийн өвлөгч болохоо нотолсон баримтыг ирүүлээгүй байхад бусад өвлөгчид өв хүлээн авах өргөдөл гаргаагүй тул татгалзсан гэх үндэслэлээр түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

5. Нэхэмжлэгч Р.Энхжаргал нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасны дагуу хариуцагч С.Сүрэнжаваас Д.Буянбаатарт олгосон 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох Д.Буянбаатарт олгосон 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00783 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Сүрэнжаваас Д.Буянбаатарт олгосон 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Энхжаргалын нэхэмжлэлээс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, улсын орлого болгосугай гэснийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Сүрэнжаваас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Энхжаргалд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Энхжаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА