Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 383

 

2016 оны 06 сарын 15 өдөр     Дугаар 156/ШШ2016/00383

    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс 156/2016/00352/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Н.Наранчимэг
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Баянмөнх”-ийн 3-2 тоотод оршин суух, Боржигон овогт Нэргүйн Наранчимэгийн “үрчлэлтийг хүчингүй болгуулахыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 27-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Нэхэмжлэгч Н.Наранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Наранчимэг би 2005 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Мичидмааг төрүүлсэн юм. 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баатарын Чулуунбаттай гэр бүл болж, охин Мичидмааг 2009 оны 09 дүгээр сарын 29-ний нөхөр Баатарын Чулуунбатад үрчлүүлж 00/001218/1593 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ авсан. Одоо Б.Чулуунбат бид хоёр салаад тус тусдаа амьдарч байгаа юм.  Би хүүхэд үрчлүүлэх болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлээгүй. Мөн  сумын Засаг даргад хүүхэд үрчлэн авах хүсэлтээ гаргаж өгөөгүй.  
Иймд миний охин Н.Мичидмааг иргэн Б.Чулуунбатад үрчлүүлсэн үрчлэлтийг  хүчингүй болгож өгнө үү?
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв.            (хх-ийн 1, 11 тал)
    
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Боржигон овогт Нэргүйн Наранчимэг нь охин Н.Мичидмааг иргэн Б.Чулуунбатад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүүхдийнхээ оршин суугаа газрын шүүхэд хандах эрхтэй байна. 
Хүсэлт гаргагч нь охин Н.Мичидмааг 2005 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрүүлсэн бөгөөд иргэн Б.Чулуунбаттай 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж улмаар 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охиноо түүнд үрчлүүлсэн болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын №00/001218/1593  дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 3 тал) №0060518/12 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал) №0297169/124 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 9 тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуулаар нотлогдон тогтоогдож байна. 
Хүсэлт гаргагч Н.Наранчимэг нь иргэн Б.Чулуунбатад охин Н.Мичидмааг 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үрчлүүлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан: хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна. 
Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д заасан: үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах хүсэлтээ гаргана гэсэн заалтыг биелүүлээгүй, үрчлэн авагч нь иргэн Н.Наранчимэгээс тусдаа амьдарч байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1.Үрчлэн авагч Б.Чулуунбатын: Н.Наранчимэг бид хоёр 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болж охин Н.Мичидмааг өөрийн нэр дээр үрчлэн авсан юм... одоо Н.Наранчимэг бид хоёр тус тусдаа амьдарч байна. 
Охин Н.Мичидмаагийн үрчлэлтийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.... шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэсэн тайлбар (хх-ийн 14 тал)
2. Хүсэлт гаргагч Н.Наранчимэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би охин Н.Мичидмааг 2005 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрүүлсэн юм. 
2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Чулуунбаттай гэр бүл болж охин Н.Мичидмааг 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр түүнд үрчлүүлсэн. 
Охиноо үрчлүүлэхдээ Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргад хүүхэд үрчлүүлэх тухай  хүсэлт гаргаагүй, нотариатаар батлуулсан зүйлгүй..... Б.Чулуунбат бид хоёр салаад тус тусдаа амьдарч байгаа. 
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, охины маань үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. Охин Ч.Мичидмаагийн үрчлэлтийн гэрчилгээг төрсний гэрчилгээгээр бичсэн гэв. (хх-ийн 13,22 тал)
    3. Хэнтий аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганбаатарын: ....хүүхдийн үрчлэлт нууц байдаг учраас охин Б.Мичидмаагийн үрчлэлтийг төрсний гэрчилгээгээр бичиж олгосон юм гэв. 
    4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: СП-85020506 регистрийн дугаартай, Боржигон овогт Нэргүйн Наранчимэг гэжээ. (хх-ийн 6 тал)
    5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын №00/001218/1598 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаанд: Наранчимэгийн Мичидмаа, үрчлэгч эцэг Баатарын Чулуунбат, эх Нэргүйн Наранчимэг нарт үрчлүүлж Хэнтий аймгийн Батноров сумын үрчлэлтийн 08 дугаарт Тугчин овгийн Чулуунбатын Мичидмаа болгон бүртгэж үрчлэлтийн лавлагаа олгов гэсэн байна. (хх-ийн 7 тал)
6. №0297169/124 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт: Тугчин овогт Чулуунбатын Мичидмаа, 2005 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн гэжээ. (хх-ийн 9 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар №0297169/124 дугаартай үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан 2005 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн насанд хүрээгүй охин Н.Мичидмааг СИ-85020506 регистрийн дугаартай, эх Боржигон овогт Нэргүйн Наранчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Насанд хүрээгүй Н.Мичидмаагийн үрчлэлтийг хүчингүйд тооцсон тул зохих бүртгэл хийхийг Хэнтий аймгийн улсын бүртгэл, статистикийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэрийн 1 хувийг Хэнтий аймгийн улсын бүртгэл статистикийн газарт явуулахыг шүүгчийн туслахыг орлон гүйцэтгэгч Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ