Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 384

 

2016 оны 06 сарын 15 өдөр     Дугаар 156/ШШ2016/00384

    Хэнтий аймаг


Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2015/00394/И

 Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Бэрх тосгон дахь Жоншит тээвэр ХХК, түүний захирал Намсрайцэрэнгийн Санжаадорж, Санжаадоржийн Эвийнбилэгт нарт холбогдох
"Үл хөдлөх эд хөрөнгийн татварын өр 686 491.50 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Батноров сумын 6 дугаар баг Бэрх тосгонд байрлалтай Жоншит тээвэр ХК-ийн 2010-2014 оны үйл ажиллагаанд  Татварын улсын байцаагч Г.Баярцогт татварын хяналт шалгалт хийж үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгахад санхүүгийн балансад бүртгэлтэй нийт 17 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөнд 2012 оноос үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь тогтоогдож 2012 оны         17 000 000 төгрөгийн зөрчилд 0.6 хувиар нөхөн татвар 102 000 төгрөг, торгууль 30 хувиар        30 600 төгрөг, алданги /780 хоног 2012 оны 01 дүгээр 11-ний өдрийн 06 тоот тогтоолоор 0.047/ 37 362 төгрөг, 2013 оны 17 000 000 төгрөгийн зөрчилд 0.8 хувиар нөхөн татвар 136 000 төгрөг, торгууль 30 хувиар 40 800 төгрөг, алданги /415 хоног 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот тогтоолоор 0.047/26 518.50 төгрөг, 2014 оны 17 000 000 төгрөгийн зөрчилд 0.8 хувиар нөхөн татвар 136 000 төгрөг, торгууль 30 хувиар 40 800 төгрөг, алданги /50 хоног 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот тогтоолоор 0.051% /3470 төгрөг нийт нөхөн татвар          374 000 төгрөг, торгууль 112 200 төгрөг, алданги 67 350.50 төгрөг бүгд 553 550.50 төгрөгийг төлөхөөс татгалзсан нь Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд /18.1 Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ. 18.1.1/ татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх../ гэж заасныг зөрчиж байна. 
Мөн Монгол улсын татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд 74.1,74.2, 74.3-т заасныг үндэслэн Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 223 тоот актаар тогтоосон 553 550.50 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлөөгүй тул тэр өдрөөс хойшхи хугацаанд тооцсон торгууль 87 461 төгрөг /158 хоног*553550.50*0.1%/, алданги 2015 оны 158 хоног*553550.50*0.052%=45 480 төгрөг/нийт 132 941 төгрөг болно.
Иймд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 553 550.50 төгрөг, хугацаанд нь төлөөгүй татварт ногдуулсан торгууль, алданги 132 941 төгрөг нийт 686 491 төгрөг 50 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор Д. Энхжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 
Манай албанаас 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/171 тоот нэхэмжлэлээр гаргасан 686 491.50 төгрөгийн нэхэмжлэлээс Жоншит тээвэр ХК-ийн татварын хяналт шалгалтын үндсэн төлбөр болох 553 550.50 төгрөгийг 180000952 дансанд шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, харин Татварын хэлтсийн зүгээс төлөгдөөгүй хугацааны торгууль 87 461 төгрөг, алданги 45 480 төгрөг, бүгд 132 941 төгрөгөөс татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв. 

 Шүүх  зохигчдын тайлбар, санал, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                            
ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь Бэрх тосгон дахь Жоншит тээвэр ХХК-ийн захирал Намсрайцэрэнгийн Санжаадорж, Санжаадоржийн Эвийнбилэг нараас үл хөдлөх эд хөрөнгийн татварын өр 686 491.50 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Жоншит тээвэр ХХК, түүний захирал Намсрайцэрэнгийн Санжаадорж нь  2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 553 550.50 төгрөгийг 180000952 дугаартай дансанд мөнгөн гуйвуулгаар шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр биелүүлсэн байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн болохыг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
           
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Жоншит тээвэр ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн татварын өр 686 491.50 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
     2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь улсын төсөвт байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР