Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00353/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.Энхтуяа
Нарийн бичгийн дарга: Н. Болор-Уянга нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийт тосгон “Номгоны” 14-03 тоотод оршин суух, Халбин овогт Батмөнхийн Энхтуяагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 27-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Б.Энхтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Энхтуяа  миний бие 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд хими-биологийн багшаар ажиллаж байсан юм. Би тэтгэвэр тогтоолгох болоход хуучин хөдөлмөрийн дэвтэр маань байхгүй үрэгдсэн тул нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн юм. Иймд 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд хими-биологийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. 
(хх-ийн 1, 18 тал)
    
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад


ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Б.Энхтуяа нь 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуулийн хими-биологийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Энхтуяа  нь тэтгэвэрт орохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэргүй учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ. 
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\2016.06.17 Б.Энхтуяа.docx


Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.Энхтуяа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СШ-60112503 регистрийн дугаартай, Халбин овогт Батмөнхийн Энхтуяа нь 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд хими-биологийн багшаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

1. Хэнтий аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 128 дугаартай тушаалын хуулбарт:.... 1982 онд их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгсөж, Ардын боловсролын яамны сайдын 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тушаалаар тус аймагт хуваарилагдаж ирсэн багш хүмүүжүүлэгчдийг 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилсан 1, 2 хавсралт ёсоор баталсугай... хавсралтын 20 дугаарт: Батмөнхийн Энхтуяа, хими- биологийн багш, Галшар сум гэжээ (хх-ийн 7-8 тал)

2. Гэрч Г.Базарсадын: ...Би Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын ажлыг 1982 оноос 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж байсан юм. ... Намайг 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Хэнтий аймгийн Галшар суманд 8 жилийн сургуульд захирлаар томилогдон очиход Б.Энхтуяа нь  тус сургуульд хими биологийн багшаар томилогдсон байсан. Б.Энхтуяа  нь 1982 оны 07 дугаар сараас 1985 оныг дуустал хугацаанд Галшар сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байгаад 1986 оны 8 дугаар сард Хэнтий аймгийн Өлзийт сумын сургуульд хими-биологийн багшаар ажиллахаар шилжиж явсан юм... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 22-23 тал) 

3. Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн: ...Би Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд 1983-1985 оныг дуустал хугацаанд үйлчлэх хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан юм. ... Б.Энхтуяа нь Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд хими-биологийн багшаар ажиллаж байсан юм. тухайн үед Б.Энхтуяа нь манай хажуу талын байранд амьдарч байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 25-26 тал) 

4. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Иргэн Б.Энхтуяагийн 1982 оны 8 дугаар сараас 1986 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг бичсэн байна. (хх-ийн 6 тал)

5. Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 13 дугаартай тушаалын хуулбарт:... 1984-1985 оны хичээлийн жилд тус сургуульд ажиллаж байсан багш нарын ээлжийн амралтыг хавсралт нэгээр баталсугай... 1 дүгээр хавсралтын 14 дүгээрт Энхтуяа, биологийн багш, 7 дугаар сарын 01-ний өдрөөс 45 хоног гэжээ. (хх-ийн 11-12 тал)

6. Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуулийн 1977, 1978, 1983 оны төгсөлтийн зураг. (хх-ийн 12-14 тал)

7. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Халбин овогт Батмөнхийн Энхтуяа, 1960 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, СШ-60112503 регистрийн дугаартай байна. (хх-ийн 3 тал)

8. Б.Энхтуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 18 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СШ-60112503 регистрийн дугаартай, Халбин овогт Батмөнхийн Энхтуяаг 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын 8 жилийн дунд сургуульд хими-биологийн багшаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ