Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 39

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох эрүүгийн 1918000070040 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М 1985 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр”-т жолооч ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М  нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 8 дугаар байрны гадна иргэн Б  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М  нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 8 дугаар байрны гадна иргэн Б  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч М ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллага шинэ жилээ тэмдэглэсэн. Би шинэ жилийн баярт оролцож байгаад гарч дүүгийндээ очиж, тэндээсээ 02 цагийн үед дүү Бадралаар хүргүүлж 8 дугаар байрны гадаа иртэл нэг согтуу хүн машины урдуур явж байхаар нь Бадрал сигналдахад нөгөө залуу ирээд машин өшиглөсөн. Тэгээд бид хоёр буугаад уг залуутай маргалдаж, би барьцалдаж байгаад бид хоёр халтирч унасан юм. Уг залуутай би барьцалдаж авч унаснаас болж уг залууд хөнгөн гэмтэл учирсан. Миний буруу учир гэмшиж байна.

...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Хохирогч Б оос Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /хэргийн 6/,

-Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 7-8/,

-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 9-12/,

-Шүүгдэгч М аас хохирогч Б од хохирол, төлбөрт 579100 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 13/,

 

-Хохирогч Б ын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “.....би “хүн явж байхад яагаад сигналдаж байгаа юм бэ?” гээд маргалдсан. Тэгтэл нэг залуу намайг зүүн талын шанаа руу гараараа 2-3 удаа цохисон. Би халтираад газар унатал хацар уруу гараараа цохисон.

...намайг цохих үед нүдний шил унаж хугарсан, мөн цохих гэхээр нь гараараа хаатал бугуйн цагны дээд хэсэг хугарч унасан. Мөн миний толгой хагарч цус гарсан.

...миний хохирол болох 579100 төгрөгийг төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,

 

-Гэрч М.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр байгууллагынхаа шинэ жилийн баярт явсан. 12 сарын 22-ны шөнө 02 цагийн үед манай нөхөр “харьж явна” гэж залгаад удаагүй дахин залгаад “би хүнд зодуулчихлаа” гэхээр нь цагдаад дуудлага өгчхөөд балконоор хартал орцны урд манай нөхрийн хоёр талд хоёр залуу зогссон маргалдаад байхаар нь “хөөе наад хүнээ оруулчхаач, цагдаа дуудлаа” гэхэд нөгөө залуу нь саарал өнгийн машинд суугаад яваад өгсөн. Гэрт хүүхэд уйлахаар нь би орчхоод буцаад гараад иртэл манай нөхөр нөгөө залуу хоёр барьцалдаад авчихсан байхаар нь “чи наадахаа оруулчхаач, цагдаа дуудсан” гэхэд “би танай орцны залуу байна” гэсэн. Тэр хоёр салахгүй зууралдаад байхаар нь буцаж хүүхэд дээрээ орчхоод гарч ирээд хартал манай нөхөр газар уначихсан нөгөө залуу дээрээс нь дарчихсан байдалтай харагдсан. Тэгэхээр нь хүүхдээ хувцаслаад гартал нөгөө залуу байхгүй, манай нөхрийн толгойноос цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

 

-Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ах М  залгаад “шинэ жилийн баяр тэмдэглээд ах нь жаахан пиво уучихлаа, Очир төвөөс ирээд авчих” гэж хэлэхээр нь би очоод машиныг нь унаад бид хоёр манайд очсон. Ах бид хоёр тоглож байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад би хүргэж өгөхөөр М  ахын машиныг унаад 8 дугаар байрны 2 дугаар орцны гадаа очиж зогстол урдаас нэг согтуу хүн ирж явахаар нь сигналдахад нөгөө хүн ирээд машин уруу өшиглөхөөр нь би “яаж байнаа” гээд асуухад “чи яагаад сигналдаад байгаа юм бэ?” гэхээр нь “өөрийг чинь хараагүй явж байгаа юм болов уу гэж бодоод анхааруулж байна” гэхэд өөдөөс янз бүрийн юм хэлээд байсан. Тэгэхэд ах хажуугаас “наадах чинь манай орцны залуу байна” гээд бид хоёр машинаас буусан. Бид маргаад зогсож байхад нөгөө залуу утсаар яриад цагдаа дуудаад “хоёр хүн оруулахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь бид маргаж байтал дээрээс нэг эгч “наад хүнээ оруулчхаач” гэхээр нь би ханцуйнаас нь татаад та орооч гэхэд орохгүй байсан. Би нөгөө эгчид “орохгүй байна, та гарч ирээд авчихаач” гэхэд “би нялх хүүхэдтэй, та нар ямар сонин юм” гээд байсан. Тэр үед нөгөө ах, М  ах хоёр барьцалдаад авчихсан байсан. Тэгтэл ах намайг “чи яв” гэхээр нь би машиндаа суугаад хөдлөхөд тэр хоёр хоёулаа газар унаж байсан. Цаашаа юу болсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,

 

-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын шинэ жил болоод би зохион байгуулах комисст нь орж ажилласан. Баяр 00 цагт тараад зохион байгуулсан хэдэн хүмүүс буудалд орж архи уугаад 02 цаг өнгөрч байхад Баярцогт ах явсан. Нэг их согтоогүй сүүлд уугаад халамцуу л гарч явсан. Маргааш нь Баярцогт ах ажилдаа ирээгүй, хүнд зодуулсан гэж нягтлантай ярьсан байсан. Ямар хүмүүст яаж зодуулсан талаар нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,

 

-“...толгой өвдөнө, шархнаас цус гарна. 2018 оны 12 дугаар сарын 22-ны 02 цаг 17 минутад бусдад цохиулсан гэх зовиуртай. Толгой зулайн орой хэсэгт язарсан шархтай.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 21/,

-Компьютер томографикийн шинжилгээний хуудас /хэргийн 22/,

 

-“Б ын духанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/,

 

-Эд зүйлийн үнэлгээ тогтоосон тухай “Бан хас” ХХК-ийн үнэлгээний тайлан /хэргийн 31-32/,

 

-“М  нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч Б ын хүсэлт /хэргийн 51/,

 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа болон шүүгдэгч М  нарын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 52, 56/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч М ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б ын биед “...духанд шарх, тархи доргилт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч М ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М  нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан /хэргийн 13/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М  нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 8 дугаар байрны гадна иргэн Б  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М т анхааруулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн эхний 2 сард тус бүр 150000 төгрөг, сүүлийн сард нь 200000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч М т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ