Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 67

 

А.Б д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Ч.Алдар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай магадлалтай, А.Б д холбогдох 2026 00000 0129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б  болон түүний өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.Б.

А.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц ийн нэхэмжилсэн 11.051.925 төгрөгийн нэхэмжлэлээс 3.703.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 1.660.927 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 5.687.848 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон 5.687.848 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,

мөн шүүгдэгч А.Б ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д 6.000.000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б  болон түүний өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б  гаргасан гомдолдоо “... гэтэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрт /дүгнэлтэд/ “... шүүгдэгчийн үйлдэл нь хүний амь насыг болгоомжгүйгээр алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй ...” гэж дурдсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулинд “Хүний амь насыг болгоомжгүйгээр алах” гэсэн нэршилтэй гэмт хэрэг байхгүй байх бөгөөд ийм “гэмт хэрэг”-ийн бүрэлдэхүүнгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь магадлалыг тодорхойгүй, ойлгомжгүй болгосон буюу миний өмгөөлөгч Ч.Алдарын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан заасан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож ... өгнө үү. ...” гэсэн гомдолд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасны дагуу чухам ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Давж заалдах шатны шүүх дээр дурдсанаар хуулийг ноцтой зөрчсөн нь тухайн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн /давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль ёсны дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй болсон/ гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хяналтын шатны шүүх энэ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянахгүй” гэж хуульчилсан ч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсоноос гадна мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.8-д “гомдол ... гаргагчийн ... хүсэлт” гэж, хяналтын журмаар гаргах гомдолд гомдол гаргагч нь хүсэлтээ тусгаж болохоор хуульчилжээ.

Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ огтхон ч маргаагүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэгт заасан ... ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж шүүхийн байгууллагад эрх олгож хуульчилсныг харгалзан үзээд шүүхийн шийдвэрт хорих ялын хугацааг багасгаж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа

“1. Гэрчүүдийн мэдүүлгээр Л.Оюунболдын мэдүүлэг 1хх 35-37, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Айлд ороход үзэмний бараашиг исгэсэн байсныг уугаад сууж байтал удалгүй гаднаас Гончиг ах Бямбацэвээн ах 2 орж ирсэн. Гэрт орж ирээд А.Б  ах зүүн талын орон дээр суусан. Бид 3 баруун талын орны өмнүүр цувраад суусан байсан. Гэрт мэнд мэдээд юм яриад сууж байтал талийгаач гэнэт чамтай харьцахгүй гээд буруу хараад суугаад. А.Б  ах өшиглөснийхөө дараа гадаа гараад суусан. Би араас нь гараад та хүн алчихлаа гэхэд гэнэт гүйж ороод талийгаачийг сэгсрээд байсан. Тэгээд сүлжээтэй газар очиж түргэн дуудсан гэв. Гэрч: Ц.Гончигсүрэнгийн мэдүүлэг 1хх 39-40 мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Улсын яллагчаас Асуулт: Талийгаач шүүгдэгч А.Б д ямар нэгэн хэрүүлийн шинжтэй үг хэлж байсан уу нохой минь чи зайл гэх ч юм уу эсвэл янз бүрийн байдлаар хэрүүл хийсэн зүйл байна уу? гэхэд Хариулт: Гэрт орж ирээл янз бүрийн зүйл яриад хэрэлдээд байсан. Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Их тархи-Аалзан хальсан доорх тархмал цус харвалт, цусны бичил эргэлтийн зогсонгишил, венийн судсан дахь улаан эсийн тромб, хаван, гипертрофик.артериосклероз. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн материалаас гэрч Л.Орхоны мэдүүлэг 44-45, яллагдагч А.Б ий мэдүүлэг 1хх-н 141-144 дээрх гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр дараах дүгнэлтэд хүрч байна.

Шүүгдэгч А.Б  нь өөрийн гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, хохирогч нь түүний ялын төрөл хэмжээнд гомдол саналгүй гэсэн тайлбарыг шүүхэд гарган өгсөн байна. Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан шударга шүүхээр шүүлгэх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалтын дагуу, Эрүүгийн хуульд заасан 6.7 дугаар зүйлийн 1.4 заасан хуулийг хэрэглэж өгнө үү гэсэн гомдолтой танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд А.Б  нь гэмт хэрэг хийсэн буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуульд заасан 6.7 дугаар зүйлийн 1.4 заасан хуулийг ялын төрөл хэмжээнд хэрэглэх боломжтойг хуульчилсан байна. Хэдийгээр шүүгдэгч А.Б ий үйлдлээр хүний аминд хүрч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоож шийдвэрлэх ёстой гэж заасан байна.

Гэрч Л.Оюунболд, Ц.Гончигсүрэн, нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Их тархи-Аалзан хальсан доорх тархмал цус харвалт, цусны бичил эргэлтийн зогсонгишил, венийн судсан дахь улаан эсийн тромб, хаван, гипертрофик, артериосклероз зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Б ий үйлдэл нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заажээ.

Шүүгдэгч А.Б  нь амь хохирогчтой хэрүүл маргаан хийсэн, мөн амь хохирогч нь гэнэт чамтай харьцахгүй гээд буруу хараад суугаад, А.Б  ах өшиглөснийхөө дараа гадаа гараад суусан. Би араас нь гараад та хүн алчихлаа гэхэд гэнэт гүйж ороод талийгаачийг сэгсрээд байсан гэх үйлдэл нь хүний аминд шууд санаатай үйлдсэн үйлдлийг үгүйсгэж байна. Учир нь шүүгдэгч А.Б  нь маргаанаас болж үйлдэл гаргасан хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хүний аминд хүрнэ гэдгээ мэдэлгүй үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Учир нь шүүгдэгч А.Б  нь тухайн үед өмсөж байсан гутал нь эсгий ултай түрүүтэй гутал, мөн хүнтэй маргалдчихаад баруун хөлөөрөө өшиглөөд зүгээр гараад явсан үйлдэл нь шууд хүний аминд хүрчихнэ гэсэн бодол санаагүй үйлдэл гэж дүгнэж байна. Шүүхийн шинжилгээний дүгнэлтэд: гипертрофик.артериосклероз буюу тархины судасны нарийсах, хатуурал өвчтэй гэсэн дүгнэлтийг харгалзаж үзэх нь зүйтэй гэж дүгнэж байна.

Иймд өмгөөлөгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.Б д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэм буруугийн хэлбэрийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “А.Б д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилсэн. Амь хохирогчийн толгойн тус газар нь санаатай өшиглөснөөс хохирогч тархиндаа гэмтэл авч нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны баруун ар, дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учирсан. Гавал тархины битүү гэмтлийн улмаас амь нас хохирсон байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Б д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цөөн мод” гэх газар иргэн Н.Цогтбаатарын толгой руу хөлөөрөө өшиглөж, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл, дагзны баруун ар дунд хэсэгт хуйхан доор цус хуралт гэмтлийг үүсгэж амь насыг нь хохироосон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хууль ёсны үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний доторх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б  нь “хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү”, түүний өмгөөлөгч Ч.Алдар “...уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.

Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, санаатай үйлдэл хийсний үр дагавар хүн нас барсан явдлыг тооцдог.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд А.Б-н Н.Цогтбаатарын толгойн тус газарт өшиглөсөн үйлдэл нь талийгаачийн эрүүл мэндэд ямарваа нэг байдлаар хохирол учрахыг мэдэх боломжтой, мэдэх ёстой атал тухайн үед талийгаачийн хэлсэн үгэнд уурсан толгойн тус газарт өшиглөж буй нь хор уршгийг хүсээгүй хэдий ч зориуд хүргэсэн шинжтэй болох нь гэрч нарын А.Б  нь талийгаачийг 1 удаа толгойн тус газарт нь өшиглөөд гэрээс гарч явсан, үйлдлээ үргэлжлүүлэн хийгээгүй талаарх хоорондоо зөрүүгүй, тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдож байх бөгөөд энэ нь талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр давхар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, А.Б  нь талийгаачийн биед хохирол учирч болохыг мэдсэн хэрнээ санаатайгаар өшиглөх үйлдэл хийж, хэдийгээр амь насыг нь хохироох санаа, сэдэлгүй байсан ч өөрийн идэвхитэй үйлдлээр дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн шинжтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн хувьд субъектив талын мэдэх, хүсэх элементийн аль нэг нь, эсхүл хоёул хангагдаагүй байдаг бөгөөд А.Б ий хувьд хор уршигт хандах хандлага нь хүсэх элементийн, талийгаачийн толгойн тус газарт өшиглөсөн үйлдэл нь мэдэх элементийн шинжийг тус тус хангахгүй байх тул дээрх гэмт хэргийг гэм буруугийн “болгоомжгүй” хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэдэг тул А.Б д оногдуулсан хорих ялын хэмжээ дээрх нөхцөл байдалд тохирсон гэж үзлээ.

Иймд хорих ялын хэмжээг багасгах агуулгаар гаргасан А.Б  болон гэм буруугийн хэлбэрээс шалтгаалан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан түүний өмгөөлөгч Ч.Алдар нарын гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б  болон түүний өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Ч.ХОСБАЯР