Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 160

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, иргэн Ж.О ын “УИХ-ын Тамгын газрын Ерөнхий  нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дугаар ‘‘Ж.О ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, тус тушаал гарахаас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж овогтой О нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 696 тоот захирамжаар Улсын их хурлын тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтэст референтээр томилогдон ажилласан.

Дээрх захирамж гарах болсон үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 655 дугаар “Төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” албан тоот болон тус тоотын дагуу тухайн үеийн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах референт Б.Б надаар Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдүүлгийг бөглүүлж Авилгатай тэмцэх газарлуу явуулсан бөгөөд уг бичгийн хариу ирсэн тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013.12.06-ны өдрийн 696 дугаар захирамжаар Ж.О намайг Улсын их хурлын тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтэст референтийн ажилд томилсон болно.

Миний бие УИХ-ын тамгын газарт Хяналт үнэлгээний хэлтэст референтээр 2014-2016 онуудад ажиллаж байх хугацаандаа Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг удирдлагатай байгуулан 2014 онд В /83/ хувьтай дүгнэгдэн хяналт шалгалтын чиглэлээр идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Жуух бичгээр”-ээр, 2015 онд А /96/ үнэлгээгээр дүгнүүлэн эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгааг минь үнэлэн Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, 2016 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр тус тус шагнуулсан.

Гэтэл 2016.09.22-ны өдрийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 634 дугаар “Ж.О ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас халах тухай” захирамж гаргаж, төрийн бодлого, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж ирсэн намайг ажлаас халж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчлөө.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн; гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон; Монгол Улсын харьяатаас гарсан; бол төрийн албанаас хална” гэж заасан байна. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн уг захирамжийн үндэслэх хэсэгт “Хяналт үнэлгээний хэлтсийн референтийн албан тушаалд томилохдоо Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй” гэжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч хуульд заагаагүй үндэслэлээр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий  нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүтээр сарын 22-ны өдрийн 634 дугаар ‘‘Ж.О ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, тус тушаал гарахаас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж овогтой О аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 онд 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Ж.О ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас халах тухай” 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

1. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамжийг хууль бус захиргааны актыг хүчингүй болгох зорилгоор гаргасан болохыг онцлон дурдах нь зүйтэй.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Б нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Ж.О ыг ажилд томилох тухай” 696 дугаар захирамж гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1. төрийн улс төрийн,

захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал” төрийн захиргааны албан тушаалд хамаарна гэж тус тус заажээ.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах...”, 23.2 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй", мөн зүйлийн 23.5, 23.6 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ", “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ" гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас Улсын Их Хурлын Тамгын газрын референт”-ийн ажлын байр нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд уг албанд нзр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ үнэн зөв гаргах, томилох эрх бүхий этгээд нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хянуулах үүрэгтэй гэсэн энгийн ойлгомжтой дүгнэлтэд хүрнэ.

Гэтэл УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь Ж.О ын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээн авч, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах хуулийн зохицуулалтыг зөрчиж, түүнийг Хяналт, үнэлгээний хэлтсийн референтийн албан тушаалд томилсон байсан. Ийнхүү  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн болох нь Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын Тамгын газарт хийсэн шалгалтаар илэрсэн.

Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгээс УИХ-ын Тамгын газарт хийсэн шалгалтын дүнгийн илтгэх хуудсыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 941 дүгээр албан бичгээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц д ирүүлсэн байдаг. Энэхүү илтгэх хуудасны 2-оос 3 дугаар талд байгаа “Хувийн ашиг сонирхлын зөрчилгүй талаар дүгнэлт гаргуулаагүй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон талаар” гэсэн хэсэгт “референт ...Ж.О ... нарыг ... ажилд томилохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулаагүй томилсон байна” гээд 4 дүгээр талд байгаа “Цаашид анхаарах зуйлүүд:” гэсэн хэсгийн 3-т “АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын зөрчилгүй талаарх дүгнэлтийг албан хаагчдын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулах, албан тушаалын ангилал, шатлал ахихад АТГ-ын дүгнэлт гаргуулж байх”-ыг зөвлөмж болгосон. Төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалтгалтын илтгэх хуудас, өгсөн зөвлөмжийн хүрээнд УИХ-ын Тамгын газрын архивт байгаа “2013 онд Авлигатай тэмцэх газраас ирсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан албан бичгийн жагсаалт”, түүнд холбогдох хадгаламжийн нэгжийг нягтлан шалгахад Ж.О ыг албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж, хянуулаагүй болох нь тогтоогдсон. Мөн энэ талаар лавлагаа авахаар Авлигатай тэмцэх газарт хандахад “УИХ-ын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн референтээр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр томилогдсон Ж гийн О ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасны дагуу тус газраар хянуулсан талаарх мэдээлэл бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна.” гэсэн хариуг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/6148 тоот албан бичгээр ирүүлсэн.

Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн илтгэх хуудас, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 05/6148 тоот албан бичигт дурдсанаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаагүй, хууль зөрчин томилогдсон тул ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгох талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Хүний нөөцийн албанаас нэхэмжлэгч Ж.О д танилцуулахад Ж.О  2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болон 22-ны өдөр тус тус УИХ-ын Тамгын газрын архивт байгаа “2013 онд Авлигатай тэмцэх газраас ирсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан албан бичгийн жагсаалт”, түүнд холбогдох хадгаламжийн нэгжийг шүүж үзсэн бөгөөд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж өгөөгүй, хянуулаагүй гэдгээ өөрөө мэдсэн, энэхүү үйл баримтын талаар маргаж, албан ёсоор өргөдөл, гомдол гаргаагүй.

Иймд нэхэмжлэгч Ж.О ын нэхэмжлэлдээ дурдсан “...тухайн үеийн УИХ-ын Тамгын газрын Захиргаа хүний нөөц хариуцсан ахлах референт Б.Б надаар Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдүүлгийг бөглүүлж Авлигатай тэмцэх газарлуу явуулсан бөгөөд уг бичгийн хариу ирсэн тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013.12.06-ны өдрийн 696 дугаар захирамжаар Ж.О намайг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтэст референтээр томилсон болно." гэсэн нь үндэслэлгүй, худал тайлбар болно.

Төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалгалтын илтгэх хуудас, УИХ-ын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа “2013 онд Авлигатай тэмцэх газраас ирсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан албан бичгийн жагсаалт”, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 05/6148 дугаар албан бичиг нь Ж.О Хяналт, үнэлгээний референтийн албан тушаалд нэр дэвшихдээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж өгөөгүй буюу томилох эрх бүхий этгээд болох УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Б тэрхүү мэдүүлгийг хүлээн авах, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хянуулах үүргээ биелүүлээгүй болохыг хангалттай нотолно.

Нэгэнт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргасан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Б ын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Ж.О ыг ажилд томилох тухай” 696 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.”, 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж тус тус заасны дагуу “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт” болно “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгох харилцааг зөвхөн Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байх ба уг хуулийн 48 дугаар зүйлийн 48 2 дахь хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;” мөн зүйлийн 48.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж тус тус заасан.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн дээр дурдсан 48 дугаар зүйлийн 48.2.1, үндэслэсэн болно.

2. Нэхэмжлзгч Ж.О нь нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ “Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халах ёстой байтал намайг ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэх хэсэгт Хяналт, үнэлгээний хэлтсийн референтийн албан тушаалд

3. томилохдоо Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэгдүгээрт: УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамж нь Ж.О ын албан үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан талаар дүгнэлт хийх зорилго агуулаагүй, түүнтэй огт холбоогүй болно. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 634 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд эерэг нөлөөлөл бүхий захиргааны хууль бус актыг хүчингүй болгож байгаа шийдвэр тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн зохицуулалт хамааралгүй юм.

Хоёрдугаарт: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан /цаашид “албан тушаалтан” гэх/-д тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна.” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт 29.2.4-т“энэ хуулийн 11, 12, 15, 16дугаар зүйлд заасныг зөрчсөн, 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй ... бол нийтийн албанаас халах” сахилгын шийтгэл хүлээлгэхээр тус тус заасан.

Үүнээс үзвэл хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тухайлан зохицуулсан хууль нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль ба энэхүү харилцаанд Төрийн албаны тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

Нэхэмжлэгч Ж.О нь УИХ-ын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн реферэнтийн албан тушаалд нэр дэвшихдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт тус тус заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах үүргээ биелүүлээгүй. Энэ нь  уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.

Ийм ч учраас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, 48.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 941 тоот албан бичгээр ирүүлсэн илтгэх хуудас, дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/6148 тоот албан бичиг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн гаргасан.

Нэгтгэн дүгнэвэл: УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Ж.О ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас халах тухай” 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуульд бүрэн нийцсэн төдийгүй уг хуульд үндэслэн гарсан захиргааны акт тул түүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй болно.

Иймд Нэхэмжлэгч Ж.О ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 онд 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Ж.О ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, ажлаас халах тухай” 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 онд 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Ж.О ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

 Нэг. Нэхэмжлэгч Ж.О нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 696 дугаар захирамжаар Хяналт, үнэлгээний хэлтэст референтийн албан тушаалд томилогдсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 12  дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэн төрийн жинхэнэ албанд орохдоо тангараг өргөнө гэж заасны дагуу 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамжаар Ж.О ыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр 2013 онд ажилд томилогдсон гэж үзэн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 696 дугаар захирамжыг хүчингүй болгож, ажлаас нь халжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд “хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тухайлан зохицуулсан харилцаанд Төрийн албаны тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж мэтгэлцсэн.

Хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагч болох Ж.О ыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн референтийн үүрэгт ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтыг үндэслэл болголгүй төрийн албан хаагчийн эрх зүйн байдалд халдаж, ажлаас халах шийдвэр нь алдаатай гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь, Монгол Улсад иргэн төрийн жинхэнэ алба хаах, түүнд тавигдах шаардлага, болзол, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа зэрэг харилцааг Төрийн албаны хуулиар зохицуулдаг болно. 

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ямар үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас халах харилцааг тодорхой заажээ. Тухайлбал, хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “... удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 25.1.2-т “ гэмт хэрэг үйлдсэн...”, 25.1.3-т “Монгол Улсын харъяатаас гарсан” тохиолдолд  төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар байна. 

Гэтэл хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, мэтгэлцээн, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар  нэхэмжлэгчийг төрийн албанаас халах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

Тухайлбал, нэхэмжлэгч нь Хяналт, үнэлгээний хэлтсийн референтээр ажиллаж байхдаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшин нь хангалттай байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй болно. 

Хоёр. Маргаан нь Ж.О төрийн жинхэнэ албанд томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй гэх үйл баримттай холбоотой байна.

Хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамжаар Ж.О ыг ажлаас халахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “... энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах”  гэж заасныг үндэслэл болгожээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг анх 2013 онд төрийн жинхэнэ албанд томилохдоо хариуцагч Ж.О ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй болох нь тогтоогдож байна. 

Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05/1944 дүгээр албан бичгээр Ж.О ыг нийтийн албанд томилохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг нь 2013-2015 онуудын бүртгэлд авагдаагүй талаар тодорхойлсон болно.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор  нэр дэвшсэн  этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах...”, 23.5-д “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заажээ. 

Тодруулбал, нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тухайн байгууллагын эрх бүхий этгээд нэр дэвшигчээс гаргуулан Авлигатай тэмцэх газар хүргүүлж хянуулах үүрэгтэй буюу тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай харилцаа юм.  

Хариуцагчийн үндэслэл болгож буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсгийн заалт нь нийтийн албанд ажиллахаар нэр дэвшсэн иргэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах эсхүл албан тушаал хашиж байгаа төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд шинэчлэн гаргах үүргээ санаатайгаар биелүүлээгүй зайлсхийсэн, энэхүү эс үйлдэхүйг нь тухайн байгууллагын зүгээс нотлох баримтаар баталгаажуулсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалттай хамт хэрэглэн хэрэгжүүлэх заалт болно. 

Өөрөөр хэлбэл Ж.О ас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг шаардан гаргуулан авч Авлигатай тэмцэх газарт хянуулах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна. 

Түүнчлэн 2013 оноос хойш Ж.О нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үүргийнхээ дагуу жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчмыг зөрчиж төрийн албанд томилогдон цалин авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас халагдах үндэслэл бүрдээгүй байхад хариуцагчийн өөрийн хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан албан тушаалаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул Ж.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалинг 821,779 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тооцоолон Ж.О д олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 12  дугаар зүйлийн 12.1, 25 дугаар зүйлийн 25.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 23.5,  29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ж.О ын Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 онд 09 дүгээр сарын 22-ны өдрийн 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.О ыг урьд эрхэлж байсан Хяналт, үнэлгээний хэлтсийн референтийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ж.О ын  2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 821,779 төгрөгөөр тооцон олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.ТӨМӨРБАТ