Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 201/МА2016/00029

 

 

 ******* нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн

Халхгол сумын Засаг даргад холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 138/ШШ2016/00737 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдах гомдлоор ******* нэхэмжлэлтэй, Халхгол сумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6678147 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын тамгын газрын дарга ******* миний бие ам бүл4, нөхөр 2 охины хамт амьдардаг. Том охин ШУТИС-д оюутан, бага охин ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч, нөхөр групптэй. Халхгол сумын Засаг дарга ******* 2014 оны 11 сарын 14-ний өдөр Б/20 дугаар бүхий хууль бусаар захирамж гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган, 2015 оны 3 сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2014 оны 11 сарын 14- ний өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг Халхгол сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 3 сарын 14-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин болох 2862066 төгрөгийг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгох тухай 04 тоот шийдвэр гарсан билээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийншийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шийдвэр дээрх шүүхүүдээс гарсан билээ. Уг шийдвэрийг дагуу миний бие Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2015оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 тоот захирамжаар ажилдаа эргэн орсон. Иймээс 2015 оны 3 сарын 14-ний өдрөөс хойшхи 2015 оны 10 сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох  6678147

төгрөгнөөс гарт олгох цэвэр цалин 5458306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  дээрх

дүнгийн зөрүү болох 1219841 төгрөгнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нийт шимтгэлийг нөхөн тооцуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******г Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх үед тус сумын Засаг дарга ******* түүнийг ажлаас үндэслэлгүй халсан болох нь бүх шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.Иймээс 2015 оны 03 сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 сарын 12-ны өдрийг хүртлэх хугацааны цалин түүнтэй адилтгах орлогыг Халхгол сумын  Засаг 

Даргын тамгын газраас гаргуулах, дээрх хугацааны нийгмийн  даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  зохих газарт шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******г Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхийнхээ дагуу гомдол гарган асуудлыг шийдвэрлүүлсэн. Шүүхийн эцсийн шийдвэр 2015 оны 10 сарын 12-ны  өдөр гарсан учир тэр өдөр *******г ажилд нь томилсон байгаа. Ийм учраас *******н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай зүгээс *******н ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  төлөхөд татгалзах зүйлгүй. Ер нь энэ мөнгийг ч манайх төлөх ёсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 138/ШШ2016/00737 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******н 2015 оны 03 сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 сарын 02-ны өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 6548060 төгрөгийг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцуулж, үлдсэнийг *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130087 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 6548060 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын санхүүд үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн   57.1, Улсын тэмдэгтийн хураамжны тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 19500 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 119719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 138/ШШ2016/00737 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийн дагуу Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажилд нь эргүүлэн оруулах шийдвэр гаргасан. Үүнийг хариуцагч Халхгол сумын Засаг дарга бид хуульд заасан эрхийнхээ дагуу шийдвэрийг эс зөвшөөрч дараагийн шатанд гомдол гаргасан нь хариуцагч талын ямар нэг буруу байхгүй учир одоо нэхэмжилж байгаа 6678147 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх мөнгө шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааны цалинг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ хугацаа нь оролцогч талуудын шүүхийн шийдвэрийг хянуулах хугацаа болохоос биш хариуцагч талын хариуцлага алдсан хугацааны цалин биш гэж үзэж байгаа учир дээрх шүүхийн шийдвэрийг дахин хянаж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдаж ажилгүй байсан 2015 оны 03 сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 6678147 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж  нэхэмжлэгч ******* ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зохих шимтгэлийг тооцуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр шүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.   

     Ажил олгогчийн хууль бус шийдвэрээс болж ажилтан ******* ажлаас халагдаж цалин хөлсөөрөө хохирсон болох нь Захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. / хх-ийн 9-29 дэх талууд/

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 138/ШШ2016/00737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                        3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                Я.АЛТАННАВЧ           

                                                                               З.ЭНХЦЭЦЭГ