Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0133

 

2019 оны 3 сарын 06 өдөр           Дугаар 221/МА2019/0133                            Улаанбаатар хот

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0002 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Н э” ХХК-аас Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/1535/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот актын улмаас учирсан хохирол 770,089,736.00 төгрөгийн хариуцагчаас гаргуулах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь нотлох баримтыг илт дутуу үнэлсэн байна гэж үзэхээр байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-д заасны дагуу барилга, хот байгуулалтын салбарын хууль тогтоомж, норм дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийг хийж гүйцэтгэдэг.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1 дэх хэсэгт “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч Н.Э-ийн өргөдлийн мөрөөр Дэд бүтцийн хяналтын газрын даргын баталсан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07/151 тоот удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа “Ц” ХХК-ийн “Олимп хотхон” орон сууц, үйлчилгээний барилгад Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиудад болон бусад холбогдох хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр захиалагчийн инженер Х.Б-г байлцуулан газар дээр нь хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

  1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаар бүхий “Ц” ХХК-ийн цэцэрлэг бүхий үйлчилгээтэй орон сууцны цогцолборт /57х20 метр хэмжээтэй 3 блок, 16 давхар нэгдсэн зоорьтой/ архитектур төлөвлөлтийн даалгаврын 12-т Хот төлөвлөлтийн онцгой нөхцөл гэсэн хэсэгт “Барилга хоорондын зайг БНбД 31.01.04-ийн 2.11 дэх болон 2.11 заалтын дагуу төлөвлөнө” гэж заасан нь 2-4 давхар хүртэл барилгын зай хэмжээг зохицуулсан норм дүрмийг баталсан. “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийг баримтлаагүй уг норм дүрэм нь 2-16 давхар барилгын хоорондын зай хэмжээг зохицуулдаг. Норм дүрмийг буруу баримталсан. Барилгажих талбайн схем зураг төслийг боловсруулахдаа шинээр барихаар төлөвлөж буй В блок 16 давхар орон сууцны барилгаас Олимп виллаж хотхоны 201 дүгээр 12 давхар барилга хүртэл 25.18 метр зайтай боловсруулж баталсан. /Хавтаст хэргийн 21-22 хуудас/
  2. Зураг төслийн “Зэд прожект” ХХК нь “Ц” ХХК-ийн Олимп орон сууцны хотхоны эх загвар зураг, ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа шинээр барихаар төлөвлөж буй В блок 16 давхар орон сууцны барилгаас Олимп виллаж хотхоны 201 дүгээр 12 давхар барилга хүртэл 25.18 метр зайтай төлөвлөсөн. Тус эх загвар зураг /эскиз/-ийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар баталсан. /Хавтаст хэргийн 27-28 хуудас/
  3. Зураг төслийн “Зэд прожект” ХХК-ийн боловсруулсан “Ц” ХХК-ийн Олимп орон сууцны хотхоны ажлын зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд шинээр барихаар төлөвлөж буй В блок 16 давхар орон сууцны барилгаас Олимп виллаж хотхоны 201 дүгээр 12 давхар барилга хүртэл 25.18 метр зайтай төлөвлөсөн байхад “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 199/2015 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт 1 буюу орон тооны бус эксперт дүгнэхдээ 5-д “барилга, байгууламжийн архитектур төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн шийдэл нь дагаж мөрдөж байгаа норм, дүрэм, стандарт, технологийн даалгавар, тонох төхөөрөмжийн паспорт, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон эсэх” хэсэгт “Орон сууцны “Б, В” блокын барилгын архитектур төлөвлөлтийн шийдэл нь Монголд мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм, стандартын дагуу гүйцэтгэсэн байна” гэж дүгнэсэн. “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчсөн. /Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас зөвхөн нүүр хуудас, магадлал 26-26/

Дээрх нөхцөл байдал буюу зөрчлүүд нь 2008 оны Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт “Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан”, 9.1.2 дэх заалт “Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан”, 9.1.4 дэх заалт “Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй”, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт “Зургийндаалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон байх”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг “Барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөнө”, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт “хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм ба дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөх”, “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18 дахь хэсэгт заасан “Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламж хоорондын зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно”, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн 1.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор (цаашид “Ерөнхий архитектор” гэх) нь эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Орон сууцны тухай, Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиуд бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан, дүрэм, журам, заавар, шийдвэр, норматив баримт бичгүүд болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно”, 3.1.5 дахь хэсэгт “Хот байгуулалтын баримт бичиг, бусад үе шатны төслүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа Хот байгуулалтын тухай хуулийн 11, 12 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагуудыг мөрдлөг болгох, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.3.1, 7.5.2 дахь заалт “Барилга, байгууламжийн архитектур төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн шийдэл нь дагаж мөрдөж байгаа норм, дүрэм, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон эсэх” заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8, 10.9, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд дараах шат дараалалтай арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

  1. “Ц” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 07/153/405 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг үйлдэж “Ц” ХХК-д өгсөн. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “зөрчлийг арилгуулах тухай” 7/2087 тоот албан бичиг, дүгнэлтийн хамт тус тус хүргүүлж, хариуг иргэн Н.Энхцолмонд хүргүүлсэн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв нь албан бичиг, дүгнэлтэд заасан заалтын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээ авсан тухай хариу ирүүлээгүй болно.

  1. Дахин 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Олимп виллаж хотхоны 201 дүгээр орон сууцны 206 тоот оршин суугч Н.Энхцолмонгоос ирүүлсэн өргөдлийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 07/153/405 тоот улсын байцаагчийн дүгнэлтийн хэрэгжилтэд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.Энхцолмон, “Ц” ХХК-ийн захиалагчийн инженер Х.Бат-Эрдэнэ, Олимп виллаж СӨХ-ны дарга Л.Баатраа нарыг байлцуулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар “Ц” ХХК нь дүгнэлтэд заасан заалтын дагуу холбогдох арга хэмжээ аваагүй тул 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 07/153/61 тоот үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоох улсын байцаагчийн актыг үйлдсэн. Тус акттай “Ц” ХХК-ийн захирал М.Батсайхан, хяналтын инженер Х.Бат-Эрдэнэ нар тус тус танилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, компанийн тамгаа дарж, хүлээн авсан бөгөөд захиргааны актад хуулийн хугацаанд гомдол гаргаагүй.
  2. Олимп виллаж СӨХ-оос 2016 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдрийн 16/54, 16/55 тоот албан бичиг ирүүлснийг судалж танилцан “Ц” ХХК-ийн ерөнхий инженер Х.Б, “Н э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ө, Олимп виллаж хотхоны 201 дүгээр орон сууцны оршин суугч Н.Э, тус СӨХ-ны дарга болон оршин суугчдын төлөөллийг байлцуулан газар дээр нь улсын байцаагчийн дүгнэлт, актын хэрэгжилтийн байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэсэн. Тус шалгалтаар актад заасан заалтыг биелүүлээгүй тус 768000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авахад торгуулийг хүлээн зөвшөөрч, торгуулийг төлж бүрэн барагдуулсан.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт улсын байцаагчийн актын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах тухай 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 7/1822 тоот албан бичгийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй болно.

“Ц” ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн “Ц” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/3084 тоот албан бичгээр “Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г-ийн гаргасан шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн тус албан бичгийн 3-д “одоо улсын байцаагч Д.Г-ийн 2015 онд үйлдсэн дээрх захиргааны актыг хянан шийдвэрлэх хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна” гэж хариу хүргүүлсэн байдаг.

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно”, 10.8-д “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, 10 дугаар зүйлийн 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу улсын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэж заасан.

Тухайн үед мөрдөгдөж байсан хууль: 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын тухай хуулийн зургадугаар бүлэг. Барилга байгууламжид тавих техникийн хяналт Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь Барилгын тухай хуулийн /2008 оны хуучин/ 25 дугаар зүйлийн 25.2 “Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх, үүргээс гадна дараах чиглэлээр хяналт шалгалт явуулна”, 25 дугаар зүйл. Барилгын техникийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага. 25.1-д “Барилга байгууламжид тавих техникийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллах барилгын техникийн улсын байцаагч ... хэрэгжүүлнэ”

25.2-т “Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх, үүргээс гадна дараах чиглэлээр хяналт явуулна”, 25.2.3-д “Хот байгуулалтын байгуулалтын баримт бичиг, зураг төслийн хэрэгжилт”, 25.2.6-д “Барилга байгууламжийн зураг төсөл, инженер геологийн судалгааны ажлын чанар”, 25.2.10-д “зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах”, шинэ хуулиар мөн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь Барилгын тухай хуулийн /шинэчлэн найруулсан 2016 оны/ 47 дугаар зүйлийн 47.2-т “Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараах хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ”, 47.1, 47.2, 47.2.3, 47.2.6, 47.2.10 дахь заалтуудад заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж гүйцэтгэнэ.

Нэхэмжлэлийн шаардлага нь хүчингүй болгуулах төрлийн шаардлага байхад хөөн хэлэлцэх хугацаанаас зугтаж илт хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

Улсын байцаагчийн дүгнэлт, акт нь 2015 онд гарсан байхад сүүлд батлагдсан 2016 оны 7 дугаар сарын Захиргааны ерөнхий хуулийг баримталж дүгнэлт, актыг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хууль нь батлагдахаас өмнөх харилцааг зохицуулахгүй.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 25.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.1, 7.1, 7.5 дахь заалтад заасны дагуу төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, хязгаарлагдмал хувьцаат компани нь хуулийн этгээд юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэсэн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч миний бие Д.Г нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 07/153/405 дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 07/153/61 тоот үйл ажиллагааг түр зогсоох актыг 2015 онд гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарахгүй, нөгөөтэйгүүр хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан тул илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хүчингүй болгуулах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байтал хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулахгүй /зугтаж/ илт хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь үндэслэлгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн актыг мэдсэн, хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага, шүүхэд нэхэмжлэл гомдол гаргах байсан гаргаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч миний бие Д.Г нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 07/153/405 дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 07/153/61 үйл ажиллагааг түр зогсоох акттай “Ц” ХХК-ийн захирал М.Б, хяналтын инженер Х.Б нар тус тус танилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, компанийн тамгаа дарж, хүлээн авсан бөгөөд захиргааны актад хуулийн хугацаанд гомдол гаргаагүй. Тус шалгалтаар актад заасан заалтыг биелүүлээгүй тул 768000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авахад торгуулийг хүлээн зөвшөөрч, торгуулийг төлж бүрэн барагдуулж торгууль шийдвэртэй маргаагүй.

“Ц” ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн “Ц” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/3084 тоот албан бичгээр “Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г-ийн гаргасан шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.4-д хамаарахгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж дүгнэлт, акт үйлдсэн, тухайн дүгнэлт, актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарж хүлээн авсан, торгууль, шийдвэрийг төлж барагдуулсан түүнтэй маргаагүй.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3.1-д “дор дурдсан тохиолдолд барилгын ажлыг зогссонд тооцно”, 3.1.2.1-д “барилгын ажлыг зогсоох талаар хууль хяналтын байгууллагын шийдвэр гарснаар”, 3.1.2.2-д “барилгын ажлыг зогсоох талаар салбарын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарснаар”, 3.2-д “Энэ дүрмийн 3.1-д заасны дагуу барилгын ажил зогссон шалтгаан болон зөрчил дутагдлыг арилгасан талаар барилгын үйл ажиллагааг зогсоосон байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага 3 хоногт багтаан олгоно” заалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн.

Маргаан бүхий дүгнэлт, акт нь барилга хоорондын зайг зөрчсөн гэж тогтоосон байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь барилга хоорондын зайны асуудал нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудалд дүгнэлт өгөх боломжгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4, 10.8, 10.9, 10.9.7, Барилгын тухай хуулийн 25.2, 25.2.3, 25.2.6, 25.2.10 дахь заалт, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасан улсын байцаагчийн хяналт шалгалт хийх эрх олгогдсоны дагуу “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18 дахь хэсэгт заасан “орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламж хоорондын зай хэмжээг энэхүү нор ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно”, заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6-д “Барилгын тууш /урт/ талуудын хоорондын зай хэмжээ 12-16 давхарт 40-45 метр байна” гэж заасныг зөрчиж 25.18 метр байхаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих схем зураг, эх загвар зураг /эскиз/, ажлын зураг төслийг боловсруулж, баталсан зөрчил нь хяналт шалгалтаар тогтоогдсон байхад шүүх авч хэлэлцээгүй.

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах БНбД 31-01-10-ийн 12 дугаар хүснэгтэд 12, 16 давхар барилга барихад орон сууцны барилгуудын тууш талуудын хооронд 40-45 метр хүртэл зайг барихаар заажээ. Энэ норм нь тус 2 хотхоны хувьд хангагдаагүй төлөвлөгдсөн байна. Дүгнэлтээс үзэхэд улсын байцаагчийн дүгнэлт, актаар тогтоогдсон зөрчил нотлогдож байна.

Олимп виллаж, Санто апартмент хотхонуудын ерөнхий төлөвлөгөө, газар олголт нь уялдаа муутай өөр өөр цаг хугцаанд хэд хэдэн хувилбар зураг схемтэй хийгдэж байсан нь зөрчилд хүргэсэн байх магадлалтай байна. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг эцэслэн боловсруулны дараа газар олголт хийх, тодотгох үе шатны ажлууд дутуу хийгдэж байгаа ажлын дутагдлаас хамаарч гэж үзэв.

Нөгөөтэйгүүр зай хэмжээ зөрчигдсөн болох нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх авч хэлэлцээгүй. Маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0002 дугаартай шийдвэр болон “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд улсын байцаагч нь төрийн байгууллагаас гаргасан илэрхий хууль зөрчсөн дүгнэлт, илт хууль бус байх зөвшөөрөл, хуультай зөрчилдсөн шийдвэрүүдийг эсэргүүцэх, хуульд заагдсан хэмжээсний хувьд тогтоогдсон үйлдлийн эсрэг акт гаргаж болохгүй, хянаж болохгүй гэжээ.

Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл, дүгнэлттэй объектод нэвтэрч хяналт шалгалт хийх эрхгүй гэж үзсэн байна. Шүүх гагцхүү хуульд захирагдана.

Хууль зөрчсөн нь тогтоогдсон нөхцөлд шүүх хууль зөрчсөн төрийн байгууллагын үйлдлийг зөвтгөн шийдвэрлэх нь шударга ёсны зарчимтай харшилж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдолдоо нэмэлт тайлбарыг хийх болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

            1. Гуравдагч этгээд “Н э” ХХК-аас “Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот актын улмаас учирсан хохирол 770,089,736.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай бие даасан шаардлага гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэрийг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргаагүй байна.

            2. Нэхэмжлэгч “Ц” ХХК-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г-ийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/133/405 дугаар дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 дүгээр “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” акт нь “... хуулиар өөрт олгосон эрх хэмжээг хэтрүүлж, төрийн эрх бүхий өөр байгууллагаас гаргасан захиргааны актын талаар бие даан дүгнэлт хийж, түүний үйлчлэлийг зогсоох арга хэмжээ авсан” гэсэн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

            Нэхэмжлэгчээс “илт хууль бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх уг хүрээнд хэргийг шалгаж шийдвэрлэх ёстой.

            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/133/405 дугаар дүгнэлтээр ““Ц” ХХК-ийн “Олимп хотхон”-ы үйлчилгээтэй орон сууцны барилгаас “Олимп виллаж” хотхоны 201 дүгээр байрны хана хүртэл 25.18 метр зайтай байхаар барилгажих талбайн схем зураг болон эх загвар зураг /эскиз/, ажлын зураг төслийг баталж, магадлан хяналт хийсэн, түүний дагуу баригдаж байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг зөрчсөн тул уг заалтыг хангасан архитектур төлөвлөлтийн даалгавар болон эх загвар зураг /эскиз/, ажлын зураг төслийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэх нь зүйтэй”, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 дугаар актаар дээрх барилга угсралтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэжээ.

            А.) Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  ДБХГ-ын даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 07/151 дүгээр удирдамжаас үзвэл “иргэн Н.Э-ийн гаргасан өргөдлийн дагуу ... орон сууцны барилгын угсралтын үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх”-өөр баталжээ.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.2-т “төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх ...”, 52 дугаар зүйлийн 52.1-д “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, ...бусад үндэслэлээр хийнэ”, 52.2-т “энэ хуулийн 52.1-д заасан ...байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ”, 52.3-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ”, 52.4-т “хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж тус тус зааж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэл, журмыг тусгайлан зохицуулсан байна.

            Маргаан бүхий акт, дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын үр дүнд гарсан байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл иргэний гомдол мэдээллээр хяналт шалгалт хийх эрх хэмжээ хариуцагчид олгогдсон, уг хяналт шалгалтыг хийхдээ иргэний гомдлыг үндэслэн эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх ойлголтыг мөн хуулийн 22 дугаар зүйлтэй уялдуулж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон чиг үүргийг санаачлагаараа хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагын хууль нийцсэн үүргийг биелүүлэх, эсхүл иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлээгүй зэрэг шаардлагууд хангагдаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ.

Түүнчлэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д  ““хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ ... хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” ойлгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн барьж буй орон сууцны барилгын зураг төсөл нь барилгын норм дүрэмд нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

Б.) Нэхэмжлэгчээс “улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдаад байгаа барилга хоорондын норм стандарт зөрчсөн эсэх асуудалд Барилгын хөгжлийн төв чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавина ... Барилгын хөгжлийн төвөөс батлагдсан ажлын зургийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд л улсын байцаагч акт тавина ... магадлалын дүгнэлт нь гараад, зөвшөөрөл олгочихсон нөхцөлд улсын байцаагч бие даасан хяналт шалгалт хийх боломжгүй” гэх үндэслэлүүдээр маргаан бүхий акт, дүгнэлтийг гаргах эрх хэмжээ хариуцагчид олгогдоогүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус байхаар зохицуулжээ.

Барилгын тухай /2008 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д зааснаар барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч /хариуцагч/ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна “зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах” чиглэлээр хяналт шалгалт явуулах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, барилгын зураг төсөл боловсруулах, магадлал хийхтэй холбоотой зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах буюу энэ тохиолдолд барилгын норм дүрэмд заасан барилга хоорондын зай хэмжээг зөрчсөн зураг төсөл боловсруулж батлуулсан /баталсан/, магадлал нь зөрчилтэйг, зөрчилтэй зөвшөөрөл дүгнэлтээр барилгын ажил явагдаж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг “иргэн, хуулийн этгээдээс Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, норм, дүрэм ... дүгнэлтийн дагуу барилгын ажил явуулж байгаа эсэхэд хяналт тавих эрх хэмжээтэй болохоос  төрийн байгууллагаас хуулийн этгээдэд олгосон зөвшөөрөл, дүгнэлтийг хянаж ... барилгын үйл ажиллагааг зогсоох эрх хуулиар түүнд олгогдоогүй” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь хариуцагч хяналт шалгалтаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд төрийн байгууллагуудаас олгосон зөвшөөрөл, дүгнэлт нь холбогдох хууль, барилгын норм, дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” гэж хариуцагчид уг хяналт шалгалтыг хийх бүрэн эрх олгогдсон гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актын илт хууль бус байх тохиолдлуудад маргаан бүхий акт, дүгнэлт хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0002 дугаар шийдвэр тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай /2008 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч “Ц” ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г-т холбогдуулан гаргасан “Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07/153/405 тоот дүгнэлт, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07/153/61 тоот барилга угсралтын ажлыг зогсоох тухай актыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮҮН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ