Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0170

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр би,

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 11 дүгээр байрны 16 тоотод оршин суух Харчин овгийн Гэлэгийн Орхонтуул /РД:ТГ73103001/-ын нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Хапитатын 08 тоотод оршин суух Жаа овгийн Тэрбишийн Чимэгмаа /РД:ВТ85052601/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Г.Орхонтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Чимэгмаа нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.Орхонтуулаас 680.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэйгээр албан ёсны бичгээр гэрээ байгуулж авсан. Одоо үлдсэн 600.000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Т.Чимэгмаагаас үндсэн зээл болох 400.000 төгрөг, хүү 200.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Т.Чимэгмаагийн мөнгө зээлж авахдаа бичсэн мессеж, ярианы бичлэг байгаа гэжээ.

 Хариуцагч Т.Чимэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тэрбиш овогтой Чимэгмаа миний бие 2014 оны 01 дүгээр сард Гэлэгийн Орхонтуулаас 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авсан. Тухайн сард амралт гаргаад өгнө гэж байсан ч амралт хойшлогдсоор сар бүр хүү 100.000 – 150.000 төгрөгийг Хаан банкаар болон бэлэн мөнгөөр өгдөг байсан. Тэгж явсаар 2015 оны 06 дугаар сард 600.000 төгрөг, 100.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөсөө хасаж төлсөн. 600.000 төгрөгийг Л.Эрхэмпүрэвийн данс руу нь хийсэн. Нийт төлсөн мөнгө хүүний хамт 1.600.000 – 1.800.000 төгрөг банкаар болон гараар өгсөн. Үндсэн мөнгөнөөс үлдсэн гэх мөнгөний хүүг 2016 оны 02 сараас хойш өгөөгүй нь үнэн. Гэвч 2015 оны 01 дүгээр сард орон тооны цомхотголоор ажлаас гарсан учир миний бие орлогогүй болсон. Одоо Г.Орхонтуулд 400.000 төгрөгийг 6,7 сард хувааж төлөх боломжоос өөр боломж надад байхгүй, Орхонтуулын нөхөр болох хүн утсаар хэл амаар доромжилж ална гэж заналхийлсэн яриаг нь хурааж авсан байгаа гэжээ.

   Зохигчид хоорондоо:…Нэг талаас нэхэмжлэгч Г.Орхонтуул, нөгөө талаас хариуцагч Т.Чимэгмаа нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн анхны шаардлага болох 600.000 төгрөгийн шаардлагын зарим хэсэг болох 200.000 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 400.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Т.Чимэгмаа нь 2016 оны 06 дугаар сард 200.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сард 200.000 төгрөг төлнө гэснийг нэхэмжлэгч Г.Орхонтуул хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийн гэрээ байгуулав. Мөн хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийн 9.325 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Г.Орхонтуул нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Т.Чимэгмаагаас зээлийн гэрээний үүрэгт 600.000 төгрөгийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 400.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 400.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард 200.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сард 200.000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

   Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

          Иймд зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 12.650 төгрөгийн 50 хувь болох 6.325 төгрөгийг хариуцагчаас, төрийн сангийн орлогоос үлдсэн  50 хувь болох  6.325  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

    ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Нэхэмжлэгч Г.Орхонтуул, хариуцагч Т.Чимэгмаа нар нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Т.Чимэгмаа нь 400.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард 200.000 төгрөг, 2016 оны 07 дугаар сард 200.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Т.Чимэгмаагаас 6.325 төгрөг, төрийн сангийн орлогоос 6.325 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Орхонтуулд олгосугай.

    3. Хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

              ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР