| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0037/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 41
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч М ,
Шүүгдэгч С /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 1818008580573 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С 1973 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэн буудал” дотор иргэн М “эгчийн минь нөхөртэй явалдлаа” гэж маргалдан түүний үснээс зулгаан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэн буудал” дотор иргэн М “эгчийн минь нөхөртэй явалдлаа” гэж маргалдан түүний үснээс зулгаан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 2018 оны 10 дугаар сарын 25 нд шилжих орой гэртээ байхад Сайнбаяр эгч манай гэрт хүүхэдтэйгээ ирж, бид хоёр 0,75 литртэй нэг шил архи хувааж уугаад манайхаас гарсан. Тэгээд Сайнбаяр эгчийн ажил дээр очиж дахин нэг шил архи авч уух гээд сууж байтал хохирогч Д.М над руу залгаад хүрээд ирсэн. Бид нэг өрөөнд суусан бөгөөд Сайнбаяр эгч хохирогч бид хоёрын дунд суусан. Би тэр үед М г “чи одоо яаж байгаа юм бэ?, арай дэндүү байгаа юм биш үү?” гээд хохирогчийн үснээс нь нэг удаа татсан. Би хохирогчийг газар унагаагаад зодож, толгой дээр нь дэвссэн зүйл байхгүй. Бид хоёр хэрүүл зодоон хийгээд байсан зүйлгүй. Хохирогчийг гараад явахад Буманзаяа, Тунгалагтамир нар зөрөөд орж ирсэн. Энэ хүн тэр шөнөжингөө архи уусан. Би энэ хүний нүүрийг дэвсэж зодсон гээд байгаа. Гэтэл нүүр нүдгүй зодуулсан гээд байгаа хүн шүүх эмнэлгийн дүгнэлтийг 10 хоногийн дараа гаргуулсан бөгөөд энэ хугацаанд хаана байсан, хэнд зодуулчхаад дүгнэлт гаргуулсныг би мэдэхгүй байна. Буудал дамжаад уугаад явахдаа зүгээр явж байсан. Миний хувьд гэмт хэрэг үйлдээгүй, үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч М гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 сарын 25-ны өдөр би гэртээ охинтойгоо байсан. Гэтэл Сайнбаяр эгч, шүүгдэгч С нар миний утас руу залгаад “чи манай нөхөртэй явалдаагүй л юм бол хүрээд ир, хоёр эгч нь яах ч үгүй.” гэсэн. Тэгэхээр нь би “унааны мөнгөгүй байна” гэхэд “дүүгээ явуулъя, чи хүрээд ир” гэсэн. Тэгээд Очоо гэдэг залуу ирж намайг аваад би Сайнбаярын ажил дээр очиход шүүгдэгч болон Сайнбаяр нар нь 2 шил архи задалсан, нэг нь дууссан 2 дахь шилтэй архиа уух гээд сууж байсан. Намайг оронгуут “чи үнэхээр л манай нөхөртэй явалдаагүй юм бол уу” гэсэн тул би архинаас нь уусан. Шүүгдэгч С нь нэлээн халамцуу байснаа намайг учиргүй үстэж доороо оруулаад зодсон. Миний толгой дээр дэвсээд байхыг харсан Очоо гэдэг дүү нь наадахынхаа нүүр аманд нь цохиж болохгүй, гай болно шүү гэсэн. Тэгээд намайг нэг өрөөнд оруулж, шөнөжингөө дарамталж, манай нөхөртэй явалдсан гэж хэл гэж хэлүүлээд, гар утсан дээр бичлэг хийж авсан. Харин гаднаас 2 эмэгтэй орж ирж хаалга онгойход нь би гарч зугтаасан. Миний тархи толгой өвдөөд, чихний хэнгэрэг хагарсан байсныг сэдрээж, миний чихнээс булаг мэт шингэн зүйл гарах болсон. Хэрэг гардаг өдрийн маргааш нь хагас сайн өдөр байсан учир даваа гарагийг хүлээж байгаад эмчид үзүүлэх болсон бөгөөд миний хувьд эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байсан учир эмчид үзүүлж чадахгүй байсан. Би Энххүслэн гэдэг цагдаагаас зөвлөгөө авсны эцэст цагдаад хандахад байцаагч намайг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр ороод ир гэж хэлсэн. Би тус өдөр нь мөнгөгүй учир үзүүлж чадаагүй. Маргааш өдөр нь эрүүл мэндийн даатгалд 16000 төгрөг тушааж байгаад эмчид үзүүлсэн. Мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх хохирол бол байхгүй. Харин С , Сайнбаяр нар нь байнга дарамталж байгаа учир цаашдаа ингэхээ болиоч гэж хэлмээр байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч М гаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,
-Насанд хүрээгүй гэрч Т.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Сайнбаяр эгч манай ээжийг нөхөртэйгөө хардаад орилж байгаад явсан юм. 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн орчим ээжийн утас руу Сайнбаяр эгч залгахад ээж “Сайнбаяр эгчтэй чинь уулзаад ирье” гэж хэлээд гараад явсан. Ингээд ээж шөнө 4 цаг өнгөрч байхад ирээд би хаалгаа тайлж өгөхөд манай ээжийн нүүр нь улайж үс нь сэгсийсэн, духан дээр нь хөндлөн 2 зулгаралттай байхаар нь юу болсон талаар асуухад “Сайнбаяр, С хоёрт зодуулчихлаа” гэж хэлсэн .” гэх мэдүүлэг /хэргийн 11/,
-Гэрч О.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сайнбаяр эгч над руу залгаж дуудаад би гэрт нь найз охин Золжаргалын хамт очиход “Дамба согтуу ирээд агсам тавиад байна, хүүхдээ С эгийнд хэд хонуулъя” гэсэн бөгөөд би машин бариад С э эгчийнд ирэхэд охин нь 0.75 граммын архи авч өгснийг С э, Сайнбаяр эгч 2 хувааж уусан. Тэгээд Өнгөт хорооллын дунд байдаг дэн буудалд очин дахин нэг шил архи аваад ууж байхад Сайнбаяр эгч уйлаад “М манай нөхөртэй явалдсан, манай нөхөр над руу хутга барьж дайраад байх юм” гэсэн чинь С эгч М руу залгаж дуудаад намайг аваад ир гэхээр нь би найз охины хамт М г авч буудал руу хүргэж өгсөн. М миний машинд орж ирж суухдаа согтуу байсан. Тэгээд би найз охинтойгоо утсаа оролдоод сууж байтал юу болсон юм бүү мэд С э эгч М 2 үстэлцсэн байхаар нь би босоод салгасан.
...С эгч М гийн үснээс зулгаасан, харин М гийн нүүр рүү өшиглөөгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15/,
-Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Очбаатарын гэрт байхад Очбаатарын хамаатны эгч Сайнбаяр залгаад "манай нөхөр согтуу ирээд агсам тавиад байна, хүрч ирээд манайд цуг байж байгаач" гэж дуудсан юм. Ингээд Очбаатар бид хоёр Сайнбаяр эгчийн гэрт очиход Сайнбаяр эгч хүүхэдтэйгээ байсан бөгөөд "хүүхдээ хэд хоног С эгийн гэрт байлгая, тэгэхгүй бол Дамба ах чинь согтуу ирээд айлгаад байна." гэж хэлсэн юм. Ингээд бид С эгчийн гэрт очиход С эгчийн охин нь ирсэн байсан. Сайнбаяр эгч ороод "нөхөр намайг араар тавиад согтуу ирээд зодоод" гээд уйлсан чинь С эгчийн охин нь нэг шил 0.75 гр “Соёрхол” архи авч өгсөн. С эгч, Сайнбаяр эгч хоёр архиа хувааж уугаад Өнгөт хорооллын дунд байдаг гражийн дээд талын дэн буудалд очоод дахиад нэг шил 0.75 гр “Соёрхол” архи аваад тэр хоёр ууж эхэлсэн. Сайнбаяр эгчийн утсаар С эгч Кана руу /М / залгаж дуудсан. Очбаатар бид хоёр Кана/М /-г гэрээс нь аваад буудалд хүргэж өгсөн. 3 номерын өрөөнд С эгч, Сайнбаяр эгч, Кана гурав ороод, хажуугийн 1 номерын өрөөнд Очбаатар бид хоёр орсон бөгөөд удаагүй байхад Кана "яаая" гээд орилохоор нь 3 номерын өрөө рүү ороход Кана/М /-ийн үснээс С эгч зулгаагаад дундуур нь Сайнбаяр эгч салгаад зогсож байсан. Тэгэхээр нь Очбаатар бид хоёр салгасан.
...С эгч М гийн үснээс хоёр гараараа үсдээд, дундуур нь Сайнбаяр эгч салгаад байж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
-Гэрч Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М 2018 оны 9 сараас 42 дугаар байрны 11 дүгээр орцны 00 тоот өрөөг нэг сарын 150000 төгрөгөөр 4 сарын хугацаатай түрээсэлсэн юм. Түүнээс хойш М манай нөхөртэй явалдаад эр эмийн харьцаанд орж эхэлсэн. Манай нөхөр Дамба М тай эр эмийн харьцаанд орсноос хойш гэртээ ирээд намайг болон охиноо хэл амаар доромжилж, гэрээс юм зөөж М д өгдөг болсон. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бухимдаад С рүү залгаад “охиноо танайд хэд хонуулъя, Дамба согтуу ирээд айлгаад байна” гэж гэхэд С “тэг тэг, гэрт хүрээд ир” гэхээр нь би Очбаатарыг дуудаад машинаар нь С эгийнд хүргүүлээд С бид хоёр 0.75 гр “Соёрхол” архи уугаад дараа нь С эгийн гэрээс гарч Өнгөт хорооллын дунд байдаг гражуудийн дээд талын, урьд өмнө буудлын зориулалттай ашигладаг байсан байр луу очоод С бид хоёр дахиад 0.75 гр “Соёрхол” архи хувааж уусан. С М г дуудсан. Би уг нь “битгий дууд” гэж хэлсэн боловч С “М та хоёр одоо учраа ол.” гэж хэлсэн. Ингээд Очбаатар машинтай яваад М г аваад ирсэн. М өрөөнд орж ирээд миний баруун гар талд орон дээр суусан. Тэгэхэд С “та хоёр учраа ол” гэж хэлэхээр нь би “ямар юмных нь учир олох вэ? наадах чинь Дамбатай явалдсан нь үнэн” гэж хэлсэн. Тэгсэн М “би Дамбатай явалдаагүй. Дамба над дээр архи нэхэж орж ирдэг” гэж хэлээд уйлсан. Би С , М хоёрын дунд сууж байсан чинь С миний араар гараа явуулаад М г үсдээд “чи миний эгчийн нөхөртэй явалдаж доромжиллоо, чи Дамбатай явалдсан чинь үнэн биз дээ.” гэхээр нь би С эг салгах гэж түлхээд Очбаатарыг дуудсан. Очбаатар орж ирээд С эг салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,
-“М гийн биед тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1109 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20/,
-Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... М гийн биед үүссэн тархи доргилтын гэмтэл нь үснээс зулгааж татах үед үүсэх боломжтой гэмтэл юм.
М гийн биед үүссэн тархи доргилтын гэмтэл нь үснээс нэг удаа зулгааж татах үед үүсэх боломжтой гэмтэл бөгөөд олон удаа татаж зулгаахад буюу олон удаагийн хүчин үйлчлэлээр ч үүсэх боломжтой гэмтэл юм.” гэх мэдүүлэг /хэргийн 40/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С нь “гэмт хэрэг үйлдээгүй, хохирогч М гийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч С нь “хохирогч М гийн үснээс нь татаж зулгаасан” гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрчээ.
Мөн гэрч нар шүүгдэгч С нь хохирогч М гийн үснээс татаж зулгаасан нь үнэн гэдгийг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М гийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн гэмтэл” учирсан бөгөөд тархи доргилт нь үснээс зулгааж татах үед үүсэх боломжтой гэмтэл гэдэг нь шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М гийн биед үүссэн тархи доргилтын гэмтэл нь үснээс нэг удаа зулгааж татах үед үүсэх боломжтой гэмтэл бөгөөд олон удаа татаж зулгаахад буюу олон удаагийн хүчин үйлчлэлээр ч үүсэх боломжтой гэмтэл юм.” гэх мэдүүлгээр /хэргийн 40/ нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Сэлэнгийн хохирогч М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Д.Сэлэнгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч М гийн биед тархи доргилт, зүүн сарвууны зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд хохирогчийн зүгээс ямар эмчилгээ хийлгэсэн, хохирол нэхэмжилсэн талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэн буудал” дотор иргэн М “эгчийн минь нөхөртэй явалдлаа” гэж маргалдан түүний үснээс зулгаан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч С д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч С д оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч С д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ