Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 0176

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон, 3 дугаар баг, Дэл хад гэх газар оршин суух, 1965 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумд төрсөн, 51 настай, эмэгтэй, Боржгин овгийн Доржийн Оюунгэрэл /РД: МФ65022206/-ийн нэхэмжлэлтэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд Бадарч гэдэг хүний охин болон төрсөн. Намайг байга байхад эх, эцэг хоёр маань салж, ээж маань хойд эцэг Доржтой амьдрах болсон. Ингээд би хойд эцэг Шаравын Доржоор овоглосон юм. 2011 онд паспортын өөрчлөлт хийгдээд паспортоо дахин авах гэхэд өөрийн эцэг болох Бадарч өнгөрсөн байсан бөгөөд түүнийг ямар овогтой болохыг нь мэдэхгүй байсан тул Дорж хэмээх хойд эцгээрээ овоглоод овгоо өөрчлөөд гэрчилгээгээ солиулсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр Бадарч гэдэг овогтой, нийгмийн даатгалын дэвтэр дээрээ би Дорж гэдэг овогтой явж байсан. Тэтгэвэрт гарахаар материалаа хөөцөлдөхөд, бичиг баримтын овог, нэр зөрсөн тул, шүүхээр тогтоолго гэж хэлсэн. Тэгээд манай нийгмийн даатгалын байцаагч шүүхэд ханд гэсний үндсэн дээр шүүхэд хандсан. Олон хүүхэдтэй тул, тэтгэвэрт гарах шаардлага гарсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүсэж байна. Бадарчийн Оюунгэрэл гэдэг нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Доржийн Оюунгэрэл мөн болохыг тогтоолгохыг хүсэж байна гэв.

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

         Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.

         Учир нь Бадарчийн Оюунгэрэл нэрээр 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээр нэхэмжлэгчийн овгийг Бадарч гэж бичсэн байх боловч дээрх хөдөлмөрийн дэвтэр дээр Д.Оюунгэрэлийн ажиллаж байсан байдлуудтай тохирч байгаа үйл баримт болон Бадарчийн Оюунгэрэл нэрээр олгогдсон №100205 хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №478758 дугаар Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №04433 дугаар Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын Зөвлөлийн улсын дээд тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны үнэмлэх, №79 дугаар үнэмлэхний хуулбар, Хөдөө аж ахуйн яамны харъяа Дорнод дахь хөдөө аж ахуйн техникумын №3777 дипломны хуулбар, Доржийн Оюунгэрэл нэрээр олгогдсон №086830 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,  №0000677058 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхний хуулбар, №сэ6139882 дугаар иргэний үнэмлэхний хуулбар, №СЭ1256821 дугаар паспортны хуулбар, №90092 дугаар “Алдарт эх”-ийн 1 дүгээр одонгийн хуулбар, №196669 дугаар “Алдарт эх”-ийн 2 дугаар одонгийн хуулбар, гэрч В.Алтансүх, О.Цэрэнчимэд нарын мэдүүлэг зэргийг  үнэлж үзээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно. 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

              ТОГТООХ нь:

         1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан  Бадарчийн Оюунгэрэл нэрээр 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон №100205 дугаартай хөдөлмөрийн  дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржгин овгийн Доржийн Оюунгэрэл мөн болохыг тогтоосугай.

         2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР