| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0039/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 42
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Насанд хүрээгүй хохирогч Э ,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б,
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,
Өсвөр насны шүүгдэгч С ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г,
Өсвөр насны шүүгдэгч Б, С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б,С нарт холбогдох эрүүгийн 1818000000477 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, С 2003 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
2.Монгол Улсын иргэн, Б 2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Өсвөр насны шүүгдэгч Б, С нар нь бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 2018 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “Парк таун” хотхоны хойд талд насанд хүрээгүй хохирогч Э г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, өмсөж явсан пүүзийг нь дээрэмдэн авч 85000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б, С нар нь 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 2018 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “Парк таун” хотхоны хойд талд насанд хүрээгүй хохирогч Э г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, өмсөж явсан пүүзийг нь дээрэмдэн авч 85000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Өсвөр насны шүүгдэгч С ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Эмүжин Компорт зочид буудлын цаанаас дугуйтай гарч ирсэн. Тэгэхээр нь дугуйтай байхад нь татаж унагаагаад хэд хэд өшиглөхөд замаар явж байсан машинтай хүн цаанаас боль гэж хэлэхээр нь бид хоёр зугтаасан. Тэгээд театрын тэндээс Эмүжинг дуудаад хөлбөмбөгийн ногоон талбай дээр гутлыг нь тайлуулаад авсан.
...намайг уучлаарай, дахиж ийм гэмт хэрэг хийхгүй. Хичээлдээ сурна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Өсвөр насны шүүгдэгч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө уг гэмт хэрэг болсон. С насанд хүрээгүй хохирогчийг дугуйнаас нь түлхэж унагаасан. Тэгтэл хар приус машинтай хүн ирээд “наадах чинь манай дүү, болиоч” гэж хэлэхээр нь бид хоёр цаашаа зугтсан. Тэгээд театрын булангаас насанд хүрээгүй хохирогчийг дуудаж хөл бөмбөгийн талбайн тэнд аваачиж байгаад гутлыг нь дээрэмдэж авсан нь үнэн.
...Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Сургуульдаа сурна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгч нарыг танина. Нэг нь манай сургуульд сурч байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аав хотоос ирж байсан учир хуучин авто вокзалаас тосох гээд унадаг дугуйтайгаа явж байсан. Тухайн үед С миний унаж явсан дугуйнаас татаж унагаагаад толгой тархи хэсгээр дээрээс дэвссэн. Энэ үед приустай ах энэ хоёроос намайг салгахад шүүгдэгч нар театрын тийшээ зугтаагаад явсан. Тэгээд театрын тэндээс шүүгдэгч Б намайг дуудахаар нь одоо яах гэж байгаа юм бол гээд очсон. Тэгтэл намайг дагуулж яваад паркийн хөлбөмбөгийн ногоон талбайн тэнд аваачиж зодоод миний пүүзийг дээрэмдсэн.” гэх мэдүүлэг,
- Насанд хүрээгүй хохирогч Э гийн хууль ёсны төлөөлөгч А.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Насанд хүрээгүй хохирогчид хөнгөн гэмтэл учирсан тул эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 300000 төгрөг, томографын зураг авахуулахад 125000 төгрөг, нийт 425000 төгрөг болсон. 214000 төгрөгийг Б-н зүгээс төлсөн тул үлдэгдэл 211000 төгрөгийг С ээс гаргуулж авмаар байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 5/,
-С ийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хэргийн 8/,
-Б-н насыг тоолсон тухай тэмдэглэл /хэргийн 10/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-14/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 15/,
-Насанд хүрээгүй гэрч Н.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр орой найз Б , С нарын хамт “Комфорт” зочид буудлын гадаа хүмүүсээс мөнгө гуйж байгаад олдохгүй болохоор нь замын эсрэг талд байдаг “Комфорт” хүргэлтийн хоолны газар луу очоод тогооч эгчээс нь хоол гуйж идсэн. Тэгээд хоолоо идэж дуусгаад хоолны газрын ард зогсож байсан чинь Эмүжин дугуй унаад хуучин хорооллын 1А байрны талаас хуучин авто вокзал тал руу явж байхаар нь С дугуйтай нь татаад унагасан. Тэгээд Эмүжингийн зүүн талын хацар луу нэг удаа алгадаад, 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь нэг хар машинтай ах ирээд “та нар болиоч, цагдаа дуудлаа шүү” гэхээр нь С , Б бид гурав театрын урд тал руу зугтсан. Театрын урд талд зогсож байсан чинь Эмүжин дугуйгаа унаад “Парк таун” тал руу явж байхаар нь Б дуудсан. Тэгээд Эмүжинг Б , С хоёр дагуулаад паркийн хашаа руу орж би араас нь дагаад орсон. Паркийн хашаанд ороод эхлээд С алгадаад, Б жийгээд унагасан. Тэгээд С , Б хоёр дээрээс нь дэвсээд, өшиглөөд байсан. Тэгж байгаад С Эмүжинд хандан “чи өмнө миний пүүзийг авсан, одоо би чиний пүүзийг авна” гэхэд Эмүжин “энэ ахын пүүз, болохгүй” гэж хэлсэн чинь Б “танай ах чинь ийм жижиг пүүз өмсдөг юм уу? одоо пүүзээ тайл” гэсэн чинь Эмүжин пүүзээ тайлаад өгсөн. Эмүжингийн пүүзийг Б өмсөөд, Бат-Эрдэнийн пүүзийг С өмсөөд, С өмсөж явсан пүүзээ Эмүжинд өгсөн. Тэгээд Б , С хоёр дахиад зодохоор нь би “одоо болио, Эмүжин бос” гэж хэлсэн. Тэгсэн Б дахиад өшиглөөд “хэвт” гэж хэлэхэд Эмүжин босоод шууд зугтсан. Эмүжинг зугтахаар нь С хөөгөөд С ийн араас Б гүйгээд би араас нь Эмүжингийн дугуйг унаад хуучин авто вакзол дээр байсан автобус дээр очсон. Очсон чинь С “одоо явъя, дугуйг нь унаад аваачаад өг” гэж хэлэхээр нь би автобусны урд талд дугуйг нь үлдээсэн.
...зодоон хийхээс өмнө С , Б , Анхбаяр нар Олон Улсын худалдааны төвийн тэнд 1 шил архи хувааж уусан. Би сайн уншиж чаддаггүй учраас ямар нэртэй архи байсныг мэдэхгүй. Би тэр архинаас нь уугаагүй. С , Б нар архи уучихсан халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/,
-“Э гийн биед тархи доргилт, зүүн чих, цээжний зүүн хажуу хэсэг, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, хамар, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1069 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 42/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар 85000 төгрөг байна.” гэх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 47-48/,
-Хохиролтой холбоотой баримт /хэргийн 67/,
-Хохирогч Б.Эмүүжингийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт, өвчний түүх, хэрэглэсэн эмийн хуудас, үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /хэргийн 86-94/,
-Шүүгдэгч Б.Б эс хохирогч Б.Эмүүжингийн хохирол төлбөрт 214000 төгрөгийг төлсөн банкны баримт /хэргийн 136/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Б, С нар нь насанд хүрээгүй хохирогч Э гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан өмсөж явсан пүүзийг нь хүч хэрэглэн дээрэмдэн авч 85000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул тэдний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б, С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 85000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн биед “тархи доргилт, зүүн чих, цээжний зүүн хажуу хэсэг, баруун шилбэнд цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, хамар, баруун шуунд зулгаралт” бүхий гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1069 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 42/ нотлогдож байгаа бөгөөд хохирогч талаас 425000 төгрөгийг нэхэмжилж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтуудаа /хэргийн 67/ ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б-ийн зүгээс хохирогчид 214000 төгрөгийг төлсөн /хэргийн 136/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Б эс гаргуулах төлбөргүй байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “эмчилгээний зардал 300000 төгрөг, томографын зураг авахуулахад 125000 төгрөг, нийт 425000 төгрөг болсон. 214000 төгрөгийг Б-н зүгээс төлсөн тул үлдэгдэл 211000 төгрөгийг С ээс гаргуулж авмаар байна.” гэж мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч С , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлчулуун нараас эмчилгээний зардалд 211000 төгрөг гаргуулж, хохирогч Э , түүний хууль ёсны төлөөлөгч А.Б нарт олгуулахаар шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б, С нар нь 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “Парк таун” хотхоны хойд талд насанд хүрээгүй хохирогч Э г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, өмсөж явсан пүүзийг нь дээрэмдэн авч 85000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б, С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч Б, С нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Харин өсвөр насны шүүгдэгч С д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б, С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, нас сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б, С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Б, С нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б, С нарт тус бүр 2 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б, С нарт оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж, тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б, С нарт оногдуулсан 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С , хууль ёсны төлөөлөгч Д.Г нараас 211000 /хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Э, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нарт олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б , С нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн /нэг жилийн/ хугацаагаар хойшлуулсугай
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг өсвөр насны шүүгдэгч Б, С нарт үүрэг болгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Б, С нарт анхааруулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 18, 1.9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б, С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ