| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0046/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 49
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г холбогдох 1918000280038 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Минж проперти” ХХК-нд цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г нь 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Парк тауны 49-184 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ц-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г нь 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Парк таун” хотхоны 49-184 тоотод эхнэр Ц-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Г ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2019 оны 1 сарын 2-ны өдөр босоод бага хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд том хүүхдээ гэртээ үлдээгээд явсан. Манай эхнэр Ц урд шөнө нь ажилтай байсан тул хоноод өглөө буух байсан. Тэгээд ажил дээрээ байж байсан чинь 10 цагийн орчим Ц гэртээ харьж байна гэж ярьсан. Би 11 цагийн орчимд гэртээ орсон чинь Ц орон дээр зурагт үзээд хэвтэж байхаар нь би "шөнөжин хортой нөхцөлд ажиллаж ирчхээд амраач" гэж хэлчихээд шалан дээр хэвтээд хоорондоо ярилцаж байгаад маргалдах шинжтэй болоод би Ц тэй мессэжээр харилцаж байсан залуугийн талаар ярьсан чинь Ц уурлаад бид 2 нилээн маргалдсан. Тэгээд би гарах гэсэн чинь Ц над руу удирдлага шидэхээр нь би “яаж байгаа юм бэ?” гээд ажлынхаа куртикыг аваад цохисон чинь Ц-ийн толгойноос цус гарсан. Ц уурлахаар нь би "эмнэлэг явъя" гэсэн чинь “үгүй” гээд гараад явахаар нь би араас нь гараад явсан чинь намайг “зайл” гэж хэлэхээр нь би буцаад ажил руугаа явсан. Тэгээд 13 цагийн орчимд над руу Ц залгаад “цагдаа дээр хүрээд ир, би цагдаа дээр байна.” гэж хэлсэн.
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, бид харилцан биенээ ойлголцоод хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хохирогч Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн өглөөний 10 цагийн орчим ажлаасаа буугаад гэртээ ирсэн чинь манай хүү Чингүн ганцаараа байсан. Тэгээд би гэртээ хүү Чингүний хамт зурагт үзээд байж байсан чинь Галбадрах гаднаас орж ирээд буйдангийн урд хэвтэж байснаа намайг “унтахгүй юу хийж байгаа юм бэ? шөнөжингөө ажиллаж ирчхээд” гэхээр нь би “тайван баймаар байна, гарч ажлаа хийгээч” гэсэн чинь “чи юугаа ч хийж явдаг юм, шөнөжингөө зугаацаж байгаад ирсэн юм уу?” гээд босоод куртикээ аваад миний толгой руу куртикээрээ цохисон чинь би арагшаа унасан. Тэгээд босоод ирсэн чинь миний толгойн дагз хэсгээс цус гарч байхаар нь би гарч яваад найз Энхжаргалыг дуудаад Энхжаргалтай хамт эмнэлэгт очоод үзүүлсэн чинь толгой хагарчихсан байсан учир 2 оёдол тавиулсан. Тэгээд би шууд цагдаа дээр ирж өргөдөл өгсөн.
...надад Г аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/,
- Гэрч С.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 12 цагийн орчимд Ц над руу уйлчихсан залгахаар нь би “яасан бэ? Цээгий эгч ээ” гэсэн чинь “манай нөхөр миний толгойг хагалчихлаа, би гэрээсээ гараад явж байна.” гэхээр нь би тэгвэл яваад очъё гээд Ц эгчтэй Ариг банкны тэнд уулзсан. Тэгээд Ц эгчтэй уулзах үед гар нь цус болчихсон байхаа нь толгойг нь харсан чинь орой хэсэгт нь хагарсан байхаар нь бид 2 эмнэлэг ороод толгойд нь 2 бил үү 3 оёдол хийлгээд эмнэлгээс гараад бид хоёр үйлчилгээ ороод Ц эгч цагдаа явна гээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 15/,
-“Ц-ийн биед зулайн хуйханд шарх, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт, Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хэргийн 28-32/,
-Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 33/,
-Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хэргийн 35-36/,
-Г , Ш.Ц нарын гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 39/,
-Хохирогч Ц-ийн “...Г аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 54/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч Г ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц-ийн эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч Ш.Ц нь “...Г аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г нь 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Парк таун” хотхоны 49-184 тоотод эхнэр Ц-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эхний 2 сард 150000 төгрөгөөр, сүүлийн сард 200000 төгрөгөөр нийт 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г ад анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ