| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0047/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 56
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Т /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т д холбогдох эрүүгийн 1818000000581 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т 1995 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэгт токарьчин ажилтай, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 2018 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчин” нэртэй зочид буудал дотор Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 2018 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчин” нэртэй зочид буудал дотор Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цохихын хувьд цохисон харин хохирогчийн шүд нь байсан эсэхийг мэдээгүй. Шүд нь хугарсан байхад уруул нь сэтрээгүй байдаг. Хэрэг болсон оройдоо эрүүлжүүлэхэд байхад надад гомдол саналгүй гэж хэлээд, намайг эрүүлжүүлэхээс гаргаж авахаар ирсэн юм билээ. Маргааш нь 11:00 цагийн үед гэнэт гомдолтой гээд цагдаад өргөдөл өгсөн байсан.
...Би хохирол төлбөр төлөөгүй, зээл хөөцөлдөж байгаа, хашаа байшингаа шилжүүлж, зээл авахаараа хохирол төлбөр төлнө гэж бодож байгаа.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зочид буудалд 00 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд авсан архиа дуусаад унтаж амрах гээд байж байтал манай найз Энхтүвшингийн нүүр хэсэг цус болчихсон өрөөнд орж ирээд “Отгонбаатарыг хүн зодоод байна, очоод салга” гэхээр нь өрөөнөөс гараад иртэл шатны дээр Отгонбаатар нэг танихгүй хүнтэй зодолдож байхаар нь салгах гээд очтол шатны хажууд зогсож байсан нэг залуу намайг шууд ам руу цохиод авсан. Тэр үед миний амнаас цус гоожоод үүдэн нэг шүд дундуураа хугарсан байсан.
...миний үүдэн нэг шүд унасан. Унасан үүдэн шүдээ янзлуулах шаардлагатай байна.
...энэ асуудлаас болоод ажилдаа ирэх онгоцноос хоцроод онгоцны 220000 төгрөг төлсөн. Тэгээд ажил руугаа өөрийн зардлаар очсон байгаа. Энэ гарсан зардлуудаа төлүүлчихвэл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 5, 26 /,
-Ж.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...Батзоригийн хамтаар очиж салгах гэтэл шатан дээр зогсож байсан залуу Батзоригийг цохиод авсан. Тэгтэл Батзоригийг хартал амнаас нь цус гарч байсан. Намайг “цагдаа дууд, миний шүд хугарсан байна.” гэхээр нь миний бие цагдаад дуудлага өгтөл цагдаа нар ирээд бид хоёрыг зодсон залууг аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,
-“Б биед үүдэн дээд нэг шүдний хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 33/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б эрүүл мэндэд “үүдэн дээд нэг шүдний хугарал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 33/ нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн зүгээс ямар эмчилгээ хийлгэсэн, хохирол нэхэмжилсэн талаар нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй боловч холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 14-нөөс 2018 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчин” нэртэй зочид буудал дотор Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн эхний 1 сард 100000 төгрөг, сүүлийн 2 сард 250000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Т анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Т оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн эхний 1 сард 100000 төгрөг, сүүлийн 2 сард 250000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ