Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 54

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Насанд хүрээгүй хохирогч Э ,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д,

Сурган хүмүүжүүлэгч Д.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Гэрч В.Э,

Шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д  холбогдох эрүүгийн 1818000000374 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б  / 1982 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 330 дугаар ангид тогооч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /

 

Шүүгдэгч Б  нь 2018 оны 9 дүгээр сарын 6-наас 2018 оны 9 дүгээр сарын 7-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 6 дугаар гудамжны 4 тоотод байх өөрийн гэртээ өөрийн төрсөн охин болох 11 нас 11 сар 12 хоногтой Э т бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн /хүчиндэх/ гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Б н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 6-наас 2018 оны 9 дүгээр сарын 7-нд шилжих шөнө болсон хэрэг байгаа юм. Тухайн өдөр би өглөө босоод байшингаа дулаалж, хөөстэй шавардсан. Тэр өдөр охин бид хоёр гоймонтой хоол хийж идсэн бөгөөд охин орон дээрээ гоймонтой хоолоо асгахаар нь  би ”гоймонгоо асгалаа, ийм том болсон хүүхэд байж хоолоо асгахгүй идэж чадсангүй.” гэж загнахад миний охин Эрдэнэтунгалаг уйлаад “ээж рүүгээ ярина” гэхэд нь би түүнийг ээжтэй нь яриулсан. Утсаар ярихдаа манай охин ээждээ “гэр лүүгээ харимаар байна” гээд уйлаад байсан. Тухайн үед ээж нь “чи өөрөө хоолоо асгасан учир аав чинь загнасан  байна, чиний буруу юм байна шүү дээ, чи аавтайгаа сар болж бие биедээ дас” гэж хэлсэн байсан. Тэгээд тэр өдрийн орой нь би байшингаа ямар болж байгааг асуухаар нэг найзыгаа дуудсан бөгөөд манай найз “байшингийн чинь шавар нимгэн байна.” гэсэн. Бид хоёр уулзсан юм чинь гээд нэг шил архи хувааж уугаад манай найз яваад өгсөн. Би нилээн согтсон байсан учир дахин архи авч уугаад тасарсан байсан. Би охиндоо бэлгийн харьцаатай шинжтэй үйлдэл хийсэн эсэхээ мэдэхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гоймон идэж байгаад орон дээрээ гоймон дусаачихсан юм. Тэгээд намайг асгасан гоймонгоо арчих гэж байхад аав гаднаас орж ирээд намайг загнасан учир би аавын утсаар ээжийн утас руу залгаад ярья гэж хэлээд ээж рүү залгаж “ээж ээ, би гэрээ санаад байна, гэртээ харимаар байна.” гэж хэлэхэд ээж “чи наанаа нэг сар бол, ирж яах гээд байгаа юм бэ?” гээд намайг загнаад байсан. Тэгээд тэр өдрийн орой нь манай аав нь нэг хүнтэй архи уугаад, согтоод миний дээрээс дараад унасан. Би тэгээд эхэндээ зүгээр байх гэж бодож байсан боловч аав намайг дараад, оролдоод, хуруугаа эмзэг эрхтэнд хийгээд наашаа цаашаа хөдөлгөхөд нь миний юм өвдөөд байсан учир би аавыг түлхэж унагаагаад гал тогоонд орж аавын утсаар ээж рүү залгаад “ээж ээ, намайг ирээд аваач, би энд амьдрах сонирхолгүй байна.” гэж ярьсан. Гэтэл ээж намайг “яагаад ингээд байгаа юм бэ?” гээд загнаад байхаар нь би бүгдийг нь ээжид ярьсан чинь ээж маргааш өглөө нь ирсэн.” гэх мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өмнө нь хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон байсан Уранцэцэг ажлаасаа чөлөөлөгдсөн учир би энэ хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон.  Ээж нь над руу залгахаар нь “2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт хүрээд ирээч” гэж ярилцсан бөгөөд 12:30 цагт М.Эрдэнэцэцэг, Э  бас нэг хүний хамт ирсэн. Тухайн үед энэ хүүхэд тийм зүйл болоогүй гэж мэдүүлж байхдаа тогтворгүй байдал ажиглагдсан юм. Тэгэхээр нь хүүхдийг нэг сэтгэл зүйчтэй уулзуулах гэсэн боловч тус сэтгэл зүйч нь шинжээчийн дүгнэлт гаргаад ажилтай байсан учир урьд нь байцаалт хамт өгсөн сурган хүмүүжүүлэгч Д.Бадамжавтай уулзуулсан. Тэгээд шүүх хуралдаанд оролцоход нь хамт байвал зүгээр байх, насанд хүрээгүй хохирогчийг үнэн зөв мэдүүлэг өгөхөд нь хэрэгтэй байх гэж бодоод хүүхдийг тайвшруулах тал дээр нь ажиллаад өгөөч гэж гуйж, Д.Бадамжавыг хуралд оролцуулж байгаа юм.” гэх мэдүүлэг,

 

-Гэрч В.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр манай охин над руу залгаад “аав намайг загнаад байна, гэртээ харимаар байна.” гэхээр нь яагаад загнасан талаар асуухад “гоймон асгалаа, өдий том болчихоод хоолоо ч зөв идэж чадахгүй асгалаа гэсэн.” гэхээр нь би “аавын чинь зөв, чиний буруу” гэж хэлсэн. Тэгээд шөнө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 6-наас 2018 оны 9 дүгээр сарын 7-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед манай охин над руу залгаад “би гэртээ харимаар байна” гэсэн. Тэгэхээр нь би охиндоо “чи аавтайгаа хамт ядаж нэг сар болоод дас” гэж хэлэхэд манай охин надад “аав намайг оролдох гээд байна” гэхээр нь би “одоохон очлоо” гэж хэлээд Улаанбаатар хотоос гараад өглөө нь 09:00 цагт Дарханд ирээд Б гийн утас руу нь залгахад утас нь холбогдоогүй. Ингээд түүний ажиллаж байсан цэргийн анги дээр очиж асуухад гэрийг нь мэддэг хүн Б н гэрийг зааж өгөөд, би энэ хоёр дээр очтол манай охин аавынхаа хажуу талд, жижиг өрөөний компьютер дээр шатар тоглоод сууж байсан

...охин надад нэг их юм яриагүй бөгөөд “би гэртээ харих гээд байгаа юм.” гэхэд нь би “аав чинь чамайг оролдоод байсан чинь үнэн юм уу?” гэхэд охин юм хэлээгүй. Тэгэхээр нь би “хэрэв аав нь охиноо оролдсон бол хэргээ хүлээх биз. Оролдоогүй бол хүнийг тэгж болохгүй, цагдаад хэлнэ” гээд би цагдаа дуудаж Б г өгөөд явуулсан. Дарханд хэд хоноод гэртээ ирээд байж байхад өглөөний цай уух гээд сууж байтал манай охин “ёо ёо” гэхээр нь би “яасан бэ? миний хүү” гэхэд “ээж ээ, би худлаа ярьсан шүү дээ. Би гэрээ, ээжийгээ, дүү нараа санаад байсан учир аав намайг оролдсон гэж худал хэлсэн юм.” гэж хэлсэн. Би Дарханд хэд хоноод очихдоо “охин өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаад ирлээ” гэж нөхөртөө худал хэлсэн байсан боловч тухайн өдөр хойд аав нь “та хоёр юу нуугаад байгаа юм” гэхэд нь энэ хэргийн талаар хэлээд, худал хэлсэн гэнээ гэхэд “хүүе, ийм зүйл байж болохгүй, гэмгүй хүнийг хэрэгт хийж болохгүй.” гэсэн. Тэгээд би тухайн үед байцаагч руу залгаад энэ талаар хэлэхэд “та гэртээ хариад хүүхдээ дарамталсан байна.” гээд хүлээж аваагүй. Манай охин худлаа хэлсэн гэж хэлэх  үед манай гэрт О.Балжий ах болон манай гэрийнхэн бүгд байсан.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-16/,

-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 17-18/,

-Насанд хүрээгүй хохирогч Э ийн нас тоолсон тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн19/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 21, 28/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 24/,

-“Си Ди”-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29/,

 

-Гэрч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэтунгалаг аавтайгаа хамт компюьтер тоглоод байх шиг байсан. Эрдэнэцэцэг гэрт нь холхиод Б тай маргалдаад байх шиг байсан. Маргалдаад байхаар нь би буцаад гараад явсан.

...би одоо он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй юм. Эрдэнэцэцэг Дархан явж хэд хоноод ирэхдээ охин Эрдэнэтунгалагийг аваад ирсэн юм. Уул нь Дарханд  аав дээр нь байлгахаар явуулсан байсан. Ингээд маргааш нь жаахан хоол унд аваад гэр лүү нь оруулж өгөөд сууж байтал Эрдэнэцэцэг “би гэрээ санаад худлаа ярьсан юм.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “та нар чинь одоо юу яриад байгаа юм бэ?” гэсэн чинь Эрдэнэцэцэг “энэ худал яриад эцгийгээ хүчиндсэн гэж хэлээд шоронд оруулчихаад ирлээ.” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би Эрдэнэтунгалагт “худал яриад аавыгаа хэрэгт хийчихээд ирээ юу даа” гэж хэлээд тэднийхээс гарсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй.

...Улаанбаатар хотод буцаж ирээд намайг гэрт нь ороход тийм зүйл яриад байж байсан. Би тэрийг нь мэдүүлсэн, би худлаа ярьсан зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45, 65-67/,

 

-Гэрч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би анх Э ийн ээжтэй уулзаж юу болсон талаар асуухад Эрдэнэцэцэг надад "манай охин шөнө 01 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад "аав согтуу миний дээрээс дараад гараа миний эмзэг эрхтэн рүү хийгээд маажаад байна." гээд хэлсэн гэсэн. Үүнийх нь дагуу ээж нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт өглөөний 08 цагийн үед ирээд Б н гэрт ороход тал шил архи байхаар нь уурандаа авч уугаад Б г алчихмаар санагдсан. Тэгээд болиод 108 дугаарын утсанд дуудлага өгсөн." гэж ярьсан. Ингээд би энэ хүмүүсийг шууд цагдаа дээр авч ирсэн. Би охинтой тусад нь ганцаарчлан уулзаж чадаагүй, тухайн үед уулзах боломж бол гараагүй юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47/,

 

-Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шиг санаж байна. Өдөр Б  над руу утсаар яриад намайг “завтай бол хүрээд ирээч, гэртээ засвар хийж байгаа юм, зарим зүйлийг нь хийж чадахгүй байгаа болохоор заагаад өг.” гэсэн юм. Ингээд би 18 цагийн үед Б н гэрт очиход Б  гэртээ охиныхоо хамтаар байсан юм. Ингээд би тухайн үед Б гаас “ганц шил архи аваад уучих уу?” гэсэн чинь Б  “тэгье” гээд бид 2 мөнгөө нийлүүлж хамтдаа тэдний урд талд байрлах дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” архи нэгийг авч хувааж ууж дуусгаад би харихаар явсан ба Б , охиныхоо хамтаар үлдсэн. Намайг явахад 19 цаг өнгөрч байсан байх, би тэднийд удаан байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51/,

 

-Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Манай эхнэр шөнө дунд утсаар яриад “Дарханд охины бие муу байна гэнээ, явахгүй бол болохгүй нь” гэж хэлээд Дархан явсан юм. Ингээд эхнэр маань Дарханд хүүхдээ эмнэлэгээр аваад яваад байна гэж утсаар яриад 7-8 орчим хоног өнгөрсний дараа Эрдэнэтунгалагийг аваад эхнэр Эрдэнэцэцэг гэртээ ирсэн юм. Ингээд гэртээ ирээд Эрдэнэцэцэг “Эрдэнэтунгалаг хатгаа аваад эмчлүүлж, эмнэлэгээр хэд хоног явлаа" гэж ярьсан. Ингээд бид нар гэртээ хоноод маргааш өглөө нь босоод байж байтал гэнэт Эрдэнэтунгалаг “би гэртээ ирэх гээд ээж, аав, дүүгээ санаад гэртээ ирэх гээд худлаа ярьчихсан.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “юу яриад байгаа юм бэ?” гэж Эрдэнэцэцэгээс асуусан чинь “Эрдэнэтунгалаг харин аавыгаа оролдсон гээд худал яриад цагдаад өгчихсөн, тэгээд энийг нь би хэлж чадахгүй худлаа өвдсөн гэж хэлсэн юм” гэсэн. Ингээд би юу болсон талаар сонсож мэдсэн бөгөөд Эрдэнэтунгалагийг “яагаад худал ярьсан бэ? болдоггүй шүү дээ.” гэж хэлэхэд Эрдэнэтунгалаг “би гэрээ, дүү нараа санаад, ээжийг дуудаж ирүүлэх гэж тэгж хэлсэн.” гэсэн.

...миний хувьд энэ хэргийн талаар огт мэдээгүй байсан хүн шүү дээ. Яагаад ингэж ярих болсныг нь мэдэхгүй байна. Эрдэнэтунгалаг гэртээ Дарханаас ирж хоноод өглөө нь босоод гэнэт ингэж ярьсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55/,

 

-Гэрч Я.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай хөрш Балжий шөнийн 3 цагийн орчим манай гэрт орж ирээд “хүний бие муудаад Дархан-Уул аймаг руу явах хэрэг гараад байна, яваад өгөөч.” гэж гуйгаад байхаар нь хүүгийнхээ машинаар Балжий, Эрдэнэцэцэг хоёртой хамт Дархан явсан.

...надад хүний бие муудаад байна гэж хэлээд намайг авч явсан. Яг ямар зорилгоор явж байгаагаа нарийн хэлсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-64/,

 

-Нян судлалын шинжилгээний хариу /1 дүгээр хавтаст хэргийн 68/,

-“Э ийн биед бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1129 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70/,

 

-“...Э ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Э ийн биед бэлгийн охин хальс бүтэн, бэлэг эрхтний орчимд улайлттай байна. Э ийн биед бэлэг эрхтний орчимд илэрсэн улайлт нь гараар оролдох, дотуур хувцсанд үрэгдэх, бэлгийн болон дотуур хувцасны ариун цэвэр хангалтгүй байх, бие зассаны дараа өтгөний үлдэгдлийг сайн цэвэрлэхгүй байх зэрэгтэй холбоотой үүсч болно. Э ийн биед бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү өвчин илэрсэнгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 925 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 75/,

 

-“Насанд хүрээгүй хохирогч Э  нь сэтгэцийн хувьд эрүүл, оюун ухаан нь өөрийнх нь насны хувьд бүрэн хөгжсөн байна. Насанд хүрээгүй хохирогч Э  нь сэтгэцийн хувьд эрүүл учир болсон хэрэг учралын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын №71/18 дугаартай магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 78/,

 

-“Магадлуулагч Б  нь сэтгэцийн хувьд эрүүл. Болсон хэргийн талаар зөв ойлгон мэдэж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Магадлуулагч Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын №74/18 дугаартай магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 82/,

 

-“Б н биед тэмбүү болон ДОХ өвчин илрээгүй буюу бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй.” гэх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1044 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 88/,

 

-Э ийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 112/,

-Аюулын зэргийн үнэлгээний маягт  /1 дүгээр хавтаст хэргийн 156-157/,

-Б н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 158, 161-164, 175-178, 187-199/,

 

-Гэрч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Тухайн өглөө ажилдаа ирээд гал тогооны өрөөнд байж байхад хамт ажилладаг Оюунчимэг орж ирээд “гадаа үүдэнд Б н эхнэр нь ирчихсэн байна.” гэж хэлсэн юм. Тэгээд Оюунчимэг бид хоёр уулзахаар очиход Б н эхнэр нь тусдаа уулзъя гээд би ганцаараа уулзаж ярилцахад "урьд шөнө манай охин над руу яриад аав намайг оролдоод байна гэж хэлээд утсаа салгачихсан. Утас нь холбогдохгүй байна, санаа зовоод такси хөлслөөд Улаанбаатар хотоос ирлээ." гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 221/,

-Гэрч Ш.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарны эхээр байх өглөө 08 цагийн орчим нөхөр Баярсайханы хамт ажил дээрээ ирэх үед шалганы цэрэг надад хандаж “танай тогооч Б н эхнэр нь ирчихсэн байна.” гэж хэлсэн. Тэгээд Батцэцэг бид хоёр Б н эхнэр нь гээд бор царайтай хүүхэнтэй уулзахаар очиход эхнэр нь Батцэцэгтэй хоёулаа уулзъя гээд тэр 2 надаас зайтай уулзсан. Тэгээд анги нэгдэж дууссаны дараа Батцэцэг надад хандаж “Б  өөрийнхөө охиныг урьд шөнө оролдсон юм шиг байна, охин нь шөнө ээж рүүгээ утсаар яриад уйлсан байна. Тэгээд Б г гэртээ байгаа эсэх болон гэрийг нь заалгах гэж ирсэн байна.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222/,

 

-Гэрч Г.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын эхээр байх өдрийг сайн санахгүй байна. Өглөө ажилдаа ирэхэд манай ангийн тогооч Батцэцэг надтай ирж уулзаад "Б г  гэртээ байгаа эсэхийг мэдэх шаардлагатай байна. Гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байна." гэж хэлсэн юм. Тэгээд би Б н гэр болох Дархан сум 8 дугаар баг Нарантолгой руу өөрийнхөө машинтай ганцаараа очих үед Б  охинтойгоо хамт гал тогооныхоо өрөөнд орон дээр унтаж байсан юм. Тэгээд би Б г сэрээгээд тогооч Батцэцэгтэй яриулсан. Тэр үед Батцэцэг Б д хандаж “танай эхнэр чинь ажил дээр ирчихсэн байна, утас чинь холбогдохгүй.” гэж хэлэх үед Б н охин ээжийгээ ирснийг мэдэнгүүтээ надад хандаж "энэ бүдүүн гахай чинь намайг шөнөжингөө унтуулахгүй дээрээс дараад байсан." гэж хэлээд Б г цохиод байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 223-224/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б г 2018 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 6 дугаар гудамжны 4 тоотод байх өөрийн гэртээ төрсөн охин болох 11 нас 11 сар 12 хоногтой Э т бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн /хүчиндэх/ гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

 

2018 оны 9 дүгээр сарын 6-нд Б  нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 6 дугаар гудамжны 4 тоотод байх өөрийн гэртээ багын найз Д.Баттулгын хамт архи уусан, 19 цаг өнгөрч байхад Д.Баттулга явсан. 2018 оны 9 дүгээр сарын 7-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед насанд хүрээгүй хохирогч Э  өөрийн ээж В.Эрдэнэцэцэг рүү утсаар ярьж “аав намайг оролдох гээд байна” гэснээр В.Эрдэнэцэцэг нь О.Балжийгийн хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө ирж, Б тай хамт ажилладаг Г.Баярсайханаар гэрийг нь заалгаж очжээ.

 

Тухайн үйл явдал болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчоос өөр хүн байгаагүй ба Э ийн мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Насанд хүрээгүй хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болсон хэрэг явдлын талаар тодорхой мэдүүлэг өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл баримтын талаар мэдүүлэг өгч чадахгүй байна.

 

Шүүгдэгч Б  нь бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэдгийг насанд хүрээгүй хохирогч Э ийн харилцан адилгүй мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байна.

 

Гэрч Э,Б,Л нарын өгсөн “...Эрдэнэтунгалаг би ээж, аав, дүүгээ санаад гэртээ ирэх гээд аав намайг оролдсон гээд худлаа ярьчихсан юм гэж хэлсэн”... гэх мэдүүлгүүд нь насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажилллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн бэлэг эрхтний орчимд илэрсэн улайлт нь гараар оролдох, дотуур хувцсанд үрэгдэх, бэлгийн болон дотуур хувцасны ариун цэвэр хангалтгүй байх, бие зассаны дараа өтгөний үлдэгдлийг сайн цэвэрлэхгүй байх зэрэгтэй холбоотой үүсч болохыг шинжээчийн дүгнэлтэд дурджээ.

 

Түүнчлэн гэрч Б, О нарын “...Б өөрийнхөө охиныг урд шөнө оролдсон юм шиг байна гэх мэдээллийг сонссон талаарх мэдүүлэг, гэрч А.М ...би анх Э ийн ээж Эрдэнэцэцэг надад "манай охин шөнө 01 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад аав согтуу миний дээрээс дараад гараа миний эмзэг эрхтэн рүү хийгээд маажаад байна" гэж хэлснийх нь дагуу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирсэн гэж ярьсан... гэх мэдүүлэг зэрэг нь дамжмал нотлох баримт бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч В.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг байна.

 

Мөн гэрч Г.Б ... Б н охин ээжийгээ ирснийг мэдэнгүүтээ надад хандаж "энэ бүдүүн гахай чинь намайг шөнөжингөө унтуулахгүй дээрээс дараад байсан" гэж хэлээд Б г цохиод байсан... гэх мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг шууд нотлохгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч нь өмнө мөн 3 хүнд өөр өөр цаг хугацаанд хүчиндүүлсэн гэж гомдол гаргаж байсан боловч бэлгийн харьцаанд орж байгаагүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Э ийн хэргийн талаар харилцан адилгүй өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээ төрж байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг удирдлага болгон эрүүгийн 1818000000374 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б г цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Э “шүүгдэгч Б  нь гэм буруугүй байна.” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 42 хоног цагдан хоригдсон, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 3 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б-д  Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000000374 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б-г цагаатгасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3, 36.9 дүгээр зүйлийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Б  нь энэ хэрэгт 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-т заасныг баримтлан цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5.Цагаатгах тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Я.ТУУЛ

            

                          ШҮҮГЧИД                                                                Г.ГЭРЭЛТ-ОД

 

     Б.ИХТАМИР