Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01065

 

 

 

2023 05 24 210/МА2023/01065

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01295 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч О.*******т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашин буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, хариуцагч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдөр О.*******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн ******* УБЧ улсын дугаартай, ******* *******-******* маркийн суудлын автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь автомашины үнэ 24,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

1.2. Бид хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан нь үнэн. Гэхдээ дундаасаа хүүхэдгүй. Би хариуцагчийн охин Ц.*******ыг хариуцагчид тус болох үүднээс л өрөвдөөд өөрөөр овоглосон болохоос миний төрсөн охин биш. Надад хүнд автомашин бэлэглээд явж байх чадал байхгүй.

1.3. Иймд О.*******тэй байгуулсан 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, ******* УБЧ улсын дугаартай ******* *******-******* маркийн автомашиныг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бидний дундаас 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин Ц.******* төрсөн. Бид охиноо 8 сартай байхад буюу 2013 оноос тусдаа амьдарснаас хойш Б.******* нь охиндоо ямар нэгэн байдлаар эд хөрөнгө, хувцас хунар, мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлж байгаагүй. Хааяа нэг охиноо асуугаад ярьдаг байсан.

2.2. Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр утсаар яриад охиндоо өгөх юм байна, хүрээд ирэх үү, охинтойгоо хамт хүрээд ир гэсэн. Охиноо дагуулаад очиход ...би өнгөрсөн хугацаанд охиндоо нэг ширхэг оймс ч өгч байгаагүй гээд гэрийн гадаа байсан машиныг миний охин энэ чиний машин шүү гэж хэлсэн. Маргааш нь 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдөр машиныг чинь шилжүүлж өгье гэхэд миний хаяг орон нутгаар байсан болохоор нотариат орж гэрээ байгуулсан. Тэгээд нотариат руу охиноо дагуулаад хамтдаа ороод манай нөхөр охиндоо өгч байгаа, гэхдээ хүүхэд рүү шилжихгүй болохоор над руу шилжих юм гээд учир байдлаа хэлсэн. Нотариатч гэрээ бичээд гарын үсэг зуруулсан. Тухайн үедээ би гэрээг хараад төлбөр бүрэн төлөгдсөн гээд оруулсан болохоор нь болчихдог юм байна гэж бодсон.

2.3. Б.******* надад тухайн автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдаад, би худалдаж аваад мөнгийг нь өгөхгүй хохироогоод байгаа юм байхгүй. Надад Б.*******аас 24,000,000 төгрөгөөр машин худалдаж авах ямар ч шаардлага, шалтгаан байхгүй. Хэрвээ үнэхээр надад худалдаад, би мөнгөө өгөхгүй байгаа юм бол гэрээн дээр төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан гэж бичих ямар шаардлага байгаа юм. Бид нотариатчид машиныг охиндоо өгч байгаа болохоор шилжүүлж авах тухайгаа хэлсэн, нотариатч төлбөр нь бүрэн төлөгдсөн гэсэн худалдах гэрээ баталж өгсөн. Бидэнд бэлэглэж өгсөн машинаа худалдсан, мөнгөө өгөхгүй байна, буцааж авна гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч О.*******т холбогдох 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-нээс татгалзаж, 2009 онд үйлдвэрлэгдсэн, ******* УБЧ улсын дугаартай, ******* *******-******* маркийн автомашиныг буцаан гаргуулах тухай Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Б.******* нь гэрээ байгуулснаас хойш автомашин худалдан борлуулсан төлбөр, аль эсхүл автомашинаа буцааж авах талаар хөөцөлдсөн бөгөөд хууль эрх зүйн мэдлэггүйгээс үүдэж иргэний эрх зүйн маргааныг эрүүгийн хэрэг гэж ойлгон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хариуцагч талаас хэрэгт авагдаагүй Баянгол дүүргийн прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8904 тоот тогтоол, гэрч Ө.*******ын мэдүүлгийг үндэслэж татгалзлаа гаргасан. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8904 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан, уг тогтоолд гэрчээр Ц.Өлзийбаяр мэдүүлэг өгсөн байдаг. Хариуцагч талаас Б.*******ыг прокурорын тогтоолд гомдол гаргаагүй гэж маргасан. Гэтэл Б.******* өргөдөл гаргаж, Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурорын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн өргөдлийн хариу ирсэн.

Анхан шатны шүүх цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгсөн Ө.*******ын мэдүүлгийг үндэслэсэн ба шүүх хуралдаанд уг этгээдийг гэрчээр оролцуулах гэсэн боловч нас барсан байсан. Гэрч Ө.*******ын мэдүүлэгт өөрийгөө согтолтын зэрэг өндөр сайн санахгүй байна, охиндоо өгчих шиг болсон гэж ойлгосон, маш их согтолттой гэх яг өгсөн гэхийг хараагүй тэгж л ойлгосон гэсэн мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ө.******* худалдах, худалдан авах гэрээ байгуулахад хамт байгаагүйгээ мэдүүлсэн болохыг шүүх анхаараагүй болно.

4.2. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч Б.*******ыг оролцоогүй мэтээр, өмгөөлөгч Э.Нэмэхбаяр намайг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гэж шийдвэртээ тусгасан байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийг хангаж өгөх, эсхүл анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн боловч гэрээний гол нөхцөл, агуулгын хувьд бэлэглэлийн гэрээ хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн худалдах, худалдан авах гэрээний 3.2, 3.3-т тус тус зааснаар төлбөр тооцоо дууссан, төлбөр бүрэн төлөгдсөн гэж байгаа нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн байна. Тухайн гэрээг хариу төлбөртэй хийгдэж, тохиролцсон гэрээ гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Уг гэрээ нь хариу төлбөртэй байсан тохиолдолд нотариатаар гэрээг батлуулсан учраас гэрээнд тусгах үүрэгтэй байна. Талууд нотариатч орж охиндоо бэлэглэх тухайгаа хэлж, охин насанд хүрээгүй учраас эхийнх нь нэр дээр автомашиныг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Нотариатч нь тухайн гэрээнд төлбөр төлөгдөж дууссан талаар тодорхойлсон болохыг нэхэмжлэгч талаас үгүйсгэж чадаагүй.

5.2. Хариуцагч О.*******т тухайн ******* *******-******* маркийн автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авах хэрэгцээ, шаардлага, хүсэл зориг байгаагүй. Мөн тухайн автомашины үнийг хэзээ, хэрхэн, яаж төлөхөөр тохиролцсон болон шаардаж байсан талаар нэхэмжлэгчийн зүгээс нотолж чадаагүй. Б.*******ыг төрсөн охиндоо бэлэглэсэн талаар цагдаа, прокурорын байгууллагад үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин бэлэглэсэн автомашинаа буцааж авахын тулд төрсөн охиноо миний охин биш, гуйгаад байхаар нь овоглосон гэх тайлбарыг гаргасан байна. 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.******* төрсөн бөгөөд Б.*******ын төрсөн охин болох нь төрсний гэрчилгээ болон төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

5.3. Мөн Ц.Өлзийбаяр гэх хүн гэрчийн мэдүүлэг өгөөгүй бөгөөд Ө.*******ын мэдүүлгийг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлдэггүй бөгөөд талууд өөрсдөө татгалзал, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, ******* ******* маркийн автомашин буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнэ 24,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч нь охин Ц.*******т автомашиныг бэлэглэж хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн, нэхэмжлэгчтэй автомашин худалдах, худалдан авах талаар тохиролцоогүй гэж тус тус тайлбарласан.

 

3. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б.******* нь ******* УБЧ улсын дугаартай, ******* ******* маркийн автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч О.******* 24,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. (хэргийн 6 дахь тал)

Дээрх гэрээг үндэслэн автомашин хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч автомашины үнэ 24,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан боловч гэрээний 3.2-т төлбөр тооцоо бүрэн дууссан, 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэж тусгагдсаныг баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.

4.2. Мөн нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан тээврийн хэрэгслийг хамтран амьдрагч эмэгтэй булаан авч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх өргөдлийн дагуу явагдсан хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад авсан гэрч Ө.*******ын мэдүүлэгт нэхэмжлэгч автомашинаа охиндоо шилжүүлж өгсөн гэх нөхцөл байдлын талаар мэдүүлсэн байх ба нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчид худалдсан үйл баримт тогтоогдоогүй байна. (хэргийн 26, 68-69 дэх тал)

4.3. Үүнээс гадна Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэст Б.*******, О.******* нарын хамтран гаргасан 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өргөдөл, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин *******ын *******ын төрсний бүртгэлийн лавлагаагаар Ц.******* нэхэмжлэгчийн хүүхэд болох нь тогтоогдсон байна. (хэргийн 82, 83 дахь тал)

 

5. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.

Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгчээс маргаан бүхий автомашиныг хариуцагчийн өмчлөлд хариу төлбөртэй шилжүүлэх талаар талуудын хүсэл зориг бодитой илэрхийлэгдээгүй буюу зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин нэхэмжлэгч автомашинаа охин Ц.*******т бэлэглэсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх ба талууд автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээний хэлбэрээр шилжүүлсэн гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг тодорхойлоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, уг харилцааг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ гэж нэмж дүгнэх нь зүйтэй.

 

6. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас автомашиныг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн бүрдэлд хамаарах удиртгал хэсэгт шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заахдаа нэхэмжлэгч Б.*******ыг тусгаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаярыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж алдаатай тусгасныг залруулах боломжтой бөгөөд уг алдаа нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Мөн хэргийн 26 дахь талд авагдсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8904 дүгээр тогтоолын талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгахдаа Баянгол дүүргийн Прокурорын гэж тусгасан нь техникийн шинжтэй алдаа байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэх замаар залруулах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01295 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр гэснийг нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА