Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 012

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000000007 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүххуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Л.Отгончимэг

Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                  *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          *******нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, “.....” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ...оршин суух урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б- овгийн ******* Э-

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед ............... тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Б-той маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүргэн дүү Л.Б-, хүргэн дүү Т-ийн гэрт ирсэн. Бид нар 2 литрийн савтай 2 пиво хувааж уусан. Би пиво ууж байхдаа Т-, Б- хоёрт хандаж ах нь дүү нараа хүндэлж явдаг шүү гэж хэлж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэдэг болохоор тухайн үед их согтсон. Нэг мэдэхэд Б-той маргалдаж байсан ба айлаас гараад Б-ын нүүр рүү 1 удаа цохиж, толгойгоороо нүүр рүү нь 1 удаа мөргөсөн. Би Б-оос уучлалт гуйж эвлэрсэн ба эмчилгээний зардалд 137.650 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хадам ах Э-тэй тааралдаж улмаар баз хүргэн Т-ийнд очсон. Т-ийнд байхдаа 2.5 литрийн 2 пив уусан. Тэгээд Э- ахтай ойр зуурын зүйл ярьж байгаад бөөгийн шүтээн хэд хоногоос бууна, өргөл барьцаа бариад ирээрэй гэж хэлтэл Э- ах уурлаж би та нарыг сайнаар бодож явдаг, гэтэл та нар намайг боддоггүй гэх зэргээр уурлаж агсам тавиад байсан. Би Э- ахыг тайвшруулах санаатай хамт гарч тамхи татъя гээд гадагшаа гарсан юм. Гадаа зогсож байхад Э- ах миний хүзүүнээс татаад миний нүүр рүү толгойгоороо мөргөж, хойшоо гэдийтэл гараараа нүүр рүү цохисон. Би Э- ахаас эмчилгээний зардал гаргуулж авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 14,15-р хуудас/,

              Гэрч Л.******* өгсөн: “...Э- ахыг сайн мэднэ, одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Э- ах үг дуу цөөтэй,  даруу төлөв зантай хүн. Одоо улирлын чанартай ажил хийдэг. Ажлын хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, байгууллагынхаа ажлын аваргаар хэд хэдэн удаа шалгарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

              Шинжээч эмчийн 09шэ/030 дугаартай “…Л.Б-ын биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруу, дээд уруулын хэсэгт зулгаралт, хамар нуруу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл, хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...5 дугаар хороо, Нарийн 21 дүгээр гудамжны 7 тоот хашаанд миний нүүр толгой хэсэгт цохиж гэмтэл учруулсан гэх гомдлыг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 20 минутад хүлээн авав...” гэсэн тэмдэглэл /хх-н 1-р хуудас

  *******ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “... ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 31-р хуудас/

  Иргэний үнэмлэхний лавлагаа, Нийгмийн даатгалын лавлагаа, цалингийн тодорхойлолт /хх-н 30, 34-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 500.000 төгрөгийн ялыг урт хугацаагаар хэсэгчилэн төлөх боломж олгож шийдвэрлэж өгөөч... “ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед ............... тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Б-той маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, толгойгоороо мөргөх зэргээр зодож дээд уруулын баруун гадна хэсэгт 2х0.5см, хамрын нурууны зүүн дунд хэсэгт 1х0.5см, улаан ягаан өнгийн тав тогтсон зулгаралт, хамрын нурууны хэсгээр хавдсан, баруун нүдний дээд доод зовхи улаан ягаан өнгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон, толгойгоороо мөргөсөн зэрэг үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Л.Б-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/030 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь иргэн Л.Б-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.

Хохирогч “гомдол саналгүй, эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж авсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзхээр байна.

Шүүгдэгч ******* учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, ялтны хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн ******* ******* таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдсүгэй.
  4. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           А.БЯМБАЖАВ