Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01066

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 26 210/МА2023/01066

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/01422 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.*******т холбогдох

Гэм хорын хохиролд 22,444,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.*******ийн хүү Ж.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн үед ******* УБИ улсын дугаартай, тоёота ******* ******* маркийн автомашиныг жолоодон Төв аймгийн Бүрэн сумын нутагт явж байхад хатуу хучилттай зам хөндлөн хариулгагүй адуу гэнэт шөнийн харанхуйд орж ирсэн.

1.2. Д.*******ын уг адууг мөргөсний улмаас автомашинд 18,056,400 төгрөг, ачилтанд 420,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 915,000 төгрөг, засварын дүгнэлтэд 38,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулахад 3,000,000 төгрөг, нотариат 14,700 төгрөг, нийт 22,444,100 төгрөгийн хохирол учруулсан. Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж малаа хариулгагүй байлгасан. Төв аймгийн анхан шатны шүүхээс Д.*******ыг Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Хатуу хучилттай замаас 50 метрт мал хариулах, мал бэлчээхийг Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон.

Иймд Д.*******аас хохирол 22,444,100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Мөрдөгч Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалтаар Д.*******ыг буруутгаж магадалгаа гаргасан, магадалгааг зөвшөөрөхгүй, хууль ёсны бус, үндэслэл муутай гарсан гэж үзэж байна.

2.2. Мөн нэхэмжлэгчид 18,056,400 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ нь хуулийн шаардлага хангаагүй, үнэлгээчин буюу шинжээчид хууль сануулаагүй. Ачилтанд 420,000 төгрөг зарцуулсан гэх баримт нь и-баримт биш, тоо нь завсартай, үнэлгээний 915,000 төгрөг нь и-баримт биш, мөнгө тушаасан хүний гарын үсэг байхгүй. Ямар үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулсан гэх 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийг Д.******* гаргасан байтал улсын тэмдэгтийн хураамжийг Ж.*******-******* гэх хүн тушаасан. Шийтгэврийн хуудас 2 өөр хугацаатай хэвлэсэн байсан. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******аас 19,009,400 төгрөг гаргуулж Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,434,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,997 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлийг шүүх шийдвэрлэсэн. Д.******* хэрэг болох үед малаа хариулж яваагүй байхад Д.*******ыг малаа тууж явсан мэтээр Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгасан. Гэтэл шүүх 50 метрийн зайд мал хариулахыг хориглосон заалтаар буруутгасан мэтээр тодорхойлсон байгаа нь үндэслэлгүй байна.

4.2. Зөрчлийн хэрэгт Д.*******т холбогдуулан шийтгэврийн хуудас гаргасан асуудал нь өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй хянагдаж байгаа. Мөн шийтгэврийн хуудас 2 өөр цаг хугацаанд үйлдэгдсэн 2 ширхэг баримт байдаг бөгөөд Д.*******т огт танилцуулаагүй.

4.3. Хохирлын үнэлгээг албан тушаалтны шинжээч томилсон тогтоолгүй хийсэн, үнэлгээнд цагдаагийн байгууллагыг нэхэмжлэгч тал төлөөлсөн байдаг бөгөөд оношилгоогоор тогтоосон эвдрэлээс зөрүүтэй эд ангийг үнэлсэн. Д.******* тухайн үед мал хариулж яваагүй, гэрлийн гялбаанд орсон, зогсоох арга хэмжээ аваагүй, мөн 80 км цагийн хурдтай явсан тухайгаа Ж.******* маш тодорхой мэдүүлсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 22,444,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Ж.******* нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* УБИ улсын дугаартай, тоёота ******* маркийн автомашиныг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт жолоодож явахдаа Д.*******ын нэг адуу зам руу орж ирснийг мөргөсний улмаас автомашинд хохирол учирсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... хариуцагчид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, нэхэмжлэгчийн хохирол баримтаар тогтоогдоогүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.

 

3. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3100046210032513 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлээр Д.*******ыг 20,000 төгрөгөөр торгосон байна.

Гэвч дээрх шийтгэлийн хуудаст гаргасан Д.*******ын өмгөөлөгч Х.Даваахүүгийн гомдлын дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 220 дугаар шийтгэврээр торгох шийтгэлийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон боловч Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДЗШМ/06 дугаар магадлалаар анхан шатны шүүхийг шийтгэвэр, захирамж гэсэн хоёр өөр эрхийн акт гаргаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 220 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

 

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг ...прокурорын дүгнэлт, ... оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ, мөн зүйлийн 14 дэх хэсэгт Шүүх ... оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд шийтгэл оногдуулсан, ... шийдвэрийн биелэлтийг түр түдгэлзүүлнэ, 8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болно, мөн зүйлийн 8 дахь хэсэгт Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч Д.*******т холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй, түүнд торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн гаргаж буй гэм хорын хохирол гаргуулах шаардлага нь хариуцагч зөрчил үйлдсэн эсэх, гэм буруутай эсэхтэй шалтгаант холбоотой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.

Тодруулбал, хариуцагч нь зөрчил үйлдсэн гэм буруутай эсэхэд маргаж, түүний гомдол эрүүгийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн ... 65.1.3-65.1.8, ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/01422 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ийн нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох, гэм хорын хохиролд 22,444,100 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА