| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 201/2016/0036/и |
| Дугаар | 201/МА2016/00030 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 201/МА2016/00030
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ий төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Баярбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/00755 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлоор “******* *******” ХХК-ий нэхэмжлэлтэй, *******д холбогдох байрны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг компанийн нэр дээр болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай иргэний хэргийг 2016 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эхнэр ******* бид хоёр хувиараа наймаа эрхэлж байгаад 2000 онд ******* ******* ХХК-ийг бий болгож, улмаар ажилчид авч ажиллуулж эхэлсэн. Ингээд ажилчдынхаа нийгмийн баталгааг тэргүүн ээлжинд хангах шаардлагатай болсон учраас компаний нэр дээр ээлж дараалан байр худалдан авч ажилчдаа оруулсан. *******ийн хувьд манай компанид 1999 оноос эхлэн ажилласан. Ингээд *******д 2006 онд СМУ-ийн 5 дугаар байранд нэг өрөө байр авч өгсөн. Энэ байранд 4-5 жил амьдарсан. ******* нэг удаа манай хажуу талын 6 дугаар байранд байр зарна гэнэ гэхэд бид үзээд авч өгсөн. *******ийнх тийшээ нүүж орсон. Энэ байр нь СМУ-ийн 6 дугаар байны 01А тоот байр юм. Хөгшнийг маань амьд ахуй үед ******* ажлаа сайн хийдэг байсан. Хөгшин маань ч *******д бага залуугаасаа компанид ажилласан учраас их сайн ханддаг байсан. Хөгшнийг маань өнгөрснөөс хойш ******* ажлаа хийхээ больж миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй болж эхэлсэн. Ингээд *******д өгсөн байраа авч өөр хүн оруулъя гэхэд хүүхдүүд маань нялх хүүхдүүдтэй юм чинь яахав байж байг гээд байлгасан. Уг байрыг буюу СМУ-гийн 6-1Б тоот орон сууцны зориулалттай 8 м.кв талбай бүхий байрыг манай компани 2010 онд ******* гэгчээс худалдан авч хууль ёсны өмчлөгч эрхийн гэрчилгээгээ болж өмчлөх авсан. Гэтэл энэ байрны талаар маргаан гарч шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн ажиллагаанд компаний нэрийн өмнөөс ******* оролцсон. Компаний хувьд захирлын зөвлөлөөс өөрийнхөө өмчийг *******д шилжүүлэх, бусдад худалдах эрхийг олгосон ямар нэгэн гэрээ хэлцэл хийх итгэмжлэл олгоогүй байхад уг орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлж гэрчилгээг авсан байна. Компани өөрийн өмч болох үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх гэх мэт асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. Компаний өмчийг захирлын гэр бүлийнхэн тэргүүн ээлжинд захиран зарцуулах эрхтэй байдаг. Манай хөгшний хувьд ч компаний өмчийг *******д өгсөн тухай ямар нэгэн баримт компаний бичиг баримтанд үлдээгүй байна. Иймээс уг байрыг *******д шилжүүлэх тухай шийдвэр гараагүй гэсэн үг бөгөөд ******* нь хууль бусаар ******* тоот байрыг ******* тоот болгон өөрчилж, өөрийн өмч болгон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд *******ийн одоогийн оршин сууж байгаа СМУ-гийн 6 дугаар байр 01А тоот орон сууцны өмчлөгчөөр ******* ******* ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг манай компанийн нэр дээр болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-д 10 гаруй жил ажилласан. ******* захирал надад онцгойлон анхаарал тавьдаггүй, бүх ажилчиддаа л адилхан анхаарал тавьж, нийгмийн баталгааг нь хангаж өгдөг хүн байсан. Захирал маань 2006 онд СМУ-ийн 5 дугаар байранд нэг өрөө байр авч өгсөн. Гэтэл уг байр бидэнд таарахгүй байсан учраас манай хажуугийн ******* байрыг зарна гэхээр нь захиралдаа хэлэхэд очиж үзээд худалдан авч манайхыг оруулсан нь үнэн. Гэтэл уг байрны талаар шүүхэд маргаан гарсан байсан. Шүүхэд маргаан болоход захирал намайг компаниа төлөөлж оролц гэсний дагуу би шүүхийн ажиллагаанд оролцсон. Ингээд уг байрны гэрчилгээг анх олгохдоо ******* байрны гэрчилгээг өгсөн байсныг нь мэдээгүй байж байгаад шүүхийн шатанд мэдээд би эвлэрлийн гэрээ хийж ******* байрны гэрчилгээг уг байрны өмчлөгч Болдбаяр гэдэг хүнд шилжүүлээд ******* тоот байрны гэрчилгээг гэдэг хүнээс нь авчирч манай компанийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Ингээд гэдэг хүн гээс итгэмжлэл аваад гэрчилгээг хэний нэр дээр шилжүүлэх талаар захиралд хэлсэн байдаг. Захирал намайг нэг өдөр ажил дээр байхад утсаар яриад *******ээ чи олон жил ажилласан учраас одоо байраа өөрийнхөө нэр дээр болгож гэрчилгээгээ ав гэж хэлсэн. Тэгээд л би тай хамт гэрээ хийгээд үл хөдлөх дээр очиж байрныхаа гэрчилгээг зөв болгож СМУ-гийн ******* байрны өмчлөгч болсон. Түүнээс биш би гэдэг хүнийг огт танихгүй, түүнтэй хуйвалдсан зүйл байхгүй. Өөрийнхөө дураар, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр компаний өмчийг өөрийн болгож аваагүй, хууль ёсных нь журмаар л өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Гэрчилгээгээ авчихаад ажлаа хийж байтал компанийн одоогийн захирал Тэгшээ хүрч ирээд байрныхаа гэрчилгээг нэр дээрээ болгож авсан уу гэж асуухаар нь би болгосон гэж хэлж байсан. Гэтэл одоо намайг зөвшөөрөлгүйгээр, дураараа байрны гэрчилгээг сольж өөрийн болгосон гэж байгааг би ойлгохгүй байна. Энэ компани олон жил ажилласан ажилчиддаа байрыг нь өгдөг. Тэр журмаар л надад өгсөн учраас би хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/00755 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн ******* тоот байрны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус компанийн нэр дээр болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэгч ******* ******* Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70700төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 500 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ий төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ******* би Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/00755 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “******* *******” ХХК нь иргэн *******гийн нэр дээр байсан Хэрлэн сумын 6-р баг, Ивээлийн байрыг Иргэний хуулийн 109.1, 109.2, 110.1-д зааснаар 2010.09.09-ний өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж 2010.09.10-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч өмчлөгч болсон. Байрыг худалдан авахад ажилчин ******* нь ямар ч хөрөнгө мөнгө гаргаагүй бөгөөд байрыг түүний өмчлөлд шилжүүлэх талаар компанийн ажилчдын болон захирлын зөвлөлийн ямар нэг шийдвэр гараагүй. ******* нь одоогийн захирал тай уулзаагүй. Түүнийг байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн үү гэж асуугаагүй байхад уулзаж асуусан мэтээр шүүхэд худал мэдүүлсэн байдаг. Шүүх уг худал мэдүүлэг тайлбарт ач холбогдол өгч үнэлсэн. Энэ талаар гэрч тэгж мэдүүлээгүй хэлээгүй гэсэн ******* миний тайлбарт ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч ******* нь эрхийн улсын бүртгэлээр Иргэний хууль болон холбогдох хууль журмын дагуу Хэрлэн сумын 6-р баг СМУ-ийн тоот байрны өмчлөгч болж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. *******д олгосон тодорхойлолт нь Иргэний хуулийн 62-64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнд компанийг төлөөлөх итгэмжлэл олгоогүй, байрны гэрчилгээг байрны гэрчилгээ болгон өөрчлөх, мөн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад зарж борлуулах ямар нэгэн эрх олгоогүй байгаад шүүх анхаарч, үнэлж дүгнэж, ач холбогдол өгөөгүй.
Мөн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “...түүнчлэн тус компанийн өмнөх захирал асан Д.******* нь *******д компанидаа олон жил үр бүтээлтэй ажилласан гэх үндэслэлээр түүний амьдарч байсан СМУ-ийн ******* тоот байрыг өөрийн өмч болгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийг өгсөн нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч *******гийн мэдүүлгээр батлагдаж байна” гэжээ. Шүүх хуралдаанд хариуцагчийн хэлсэн дээрх мэдүүлгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу 40 гаруй жил ханилсан хань нөхөр нь болох ******* би үгүйсгэн мэдүүлсэн мэдүүлэгт яагаад үнэлэлт ач холбогдол өгөхгүй байна бэ? Талийгаач *******ыг тэгж хэлсэн гэж ******* хэлдэг, өөр хэн ч тэгж мэдүүлээгүй бөгөөд үүнийг ******* гэгч гэрчилсэн зүйл огт байхгүй байхад гэрчилсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. *******ийг сайн ажиллаж байсан уу? үгүй юу гэдэг талаар мэдэх хүний нэг нь би шүү дээ. *******ийг урьд өмнө нь амьдрах гэж ядарч яваа эр хүн гэж ойлгож байсан. Гэтэл шүүх хурал дээр хэлсэн ярьснаас энэ хүний хүн чанарыг мэдэж авсан ба урьдаас төлөвлөж луйвар хийх зорилготой хүн байсан гэдгийг ойлгож авсан. Түүнийг орон сууц авах хэмжээнд хангалттай сайн ажиллаж байгаагүй гэдгийг ч шүүхэд тайлбарласан. Уг хүн ажил хийж чадахгүй халагдсан, хүнд зодуулж байсан талаар түүний хувийн байдлыг хэлсэнд яагаад үнэлж дүгнэж ач холбогдол өгөхгүй байна вэ? Шүүх хуралд *******г зайлшгүй оролцуулах байтал оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Анх худалдан авсан байрны гэрчилгээг гэж өөрчилж гэрчилгээг нь ******* солиулахдаа *******ийн нэр дээр шилжүүл гэж хэлсэн гэж байгаа нь энэ хүн үнэхээр үнэн хэлсэн үү, худал хэлсэн үү гэдэгт шүүх тал бүрээс нотлох баримтанд тулгуурлан үнэлж дүгнэж чадаагүй. Мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй мэдүүлэг нь бусад баримтаар давхар нотлогдоогүй байхад *******ыг зөвшөөрсөн мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
“******* *******” ХХК нь дүрмийн 5.6-д компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ шилжүүлэх болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол Улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ энэхүү давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдлэнэ гэж заасан байдаг. Шүүх компанийн дүрмийн дээрх заалтад огт ач холбогдол өгөлгүй дүгнэлт хийсэн. Уг дүрмээр бол байрыг хэн нэгэнд шилжүүлэхэд гэр бүлийн гишүүн өмчлөх, захиран зарцуулах давуу эрхтэй нь шууд нотлогдож байгаа бөгөөд *******гийн “******* эгчтэй уулзахад *******ийн нэр дээр шилжүүл” гэсэн мэдүүлгийг үгүйсгэх хангалттай нотлох баримт бус уу. нь *******тэй нийлж компаний байрыг луйвардаж авсан гэж үзэж байна. Энэ хүн уг байрыг хэний нэр дээр болгох талаар бүртгэлийн газар хандах ч эрхгүй хүн юм. Бид компанийн дүрмээ дагаж мөрддөг бөгөөд уг байрыг *******д шилжүүл гэж манай талийгаач Д.******* бидэнд хэлээгүй. Хэлсэн бол надад болон үр хүүхдэд заавал хэлж хоорондоо зөвлөлдөх ёстой гэсэн миний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж дүгнэхгүй байна вэ?
Яагаад хариуцагч *******ийн тайлбар мэдүүлэг үнэн болж миний шүүхэд өгсөн тайлбар мэдүүлэг худал болдог нь ямар учиртай юм бэ? Би мэдүүлгээ үнэн зөв мэдүүлж эх сурвалжаа ч хэлсэн шүү дээ. Тэгээд ч манай гэр бүл Д.******* агсан Улсын бүртгэлийн хэлтэст уг байрыг *******ийн нэр дээр шилжүүлэх талаар ямар нэг хүсэлт мэдүүлэг гаргаагүй, итгэмжлэл өгөөгүй байхад шүүх энэ бүх асуудлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.
Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг шүүх хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг барьсан худал мэдүүлэгт хөтлөгдөн хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч нь “******* *******” ХХК бөгөөд уг байрыг ******* нь компанид буцаан өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн материалыг надад нэг бүрчлэн танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн тул Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/00755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ *******-Өргөө “ ХХКомпани хариуцагч *******ийн оршин сууж байгаа СМУ-гийн 6 дугаар байрны 01/А/ тоот орон сууцны өмчлөгчөөр “*******-Өргөө“ ХХКомпанийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг “*******-Өргөө“ ХХКомпаний нэр дээр болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 6 дугаар байрны 01/А/ тоотын байрыг иргэн *******тай худалдах худалдан авах гэрээ хийж, уг байрны өмчлөх эрхийг шилжүүлж авахад тухайн үед “*******-Өргөө“ ХХКомпаний захирал байсан, асан Д.******* зөвшөөрсөн болох нь гэрч *******гийн “... би ******* захиралтай биеэр очиж уулзаад байраа хэний нэр дээр шилжүүлэх вэ гэж асуухад *******ийн нэр дээр шилжүүл гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг, мөн хариуцагч *******ийн “... гэдэг хүн гээс итгэмжлэл аваад гэрчилгээг хэний нэр дээр шилжүүлэх талаар захиралд хэлсэн байдаг. Захирал намайг нэг өдөр ажил дээр байхад утсаар яриад *******ээ чи олон жил ажилласан учраас одоо байраа өөрийнхөө нэр дээр болгож гэрчилгээгээ ав гэж хэлсэн. Тэгээд л би тай хамт гэрээ хийгээд үл хөдлөх дээр очиж байрныхаа гэрчилгээг зөв болгож СМУ-гийн ******* байрны өмчлөгч болсон...” гэсэн тайлбар, 2011 оны 11 сарын 02-ны өдрийн 104а дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. /хх-ийн 91, 103 дахь талууд/
Иймд нэхэмжлэгч “*******-Өргөө“ ХХКомпаний “... шударга бусаар олж авсан *******ийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 6 дугаар байрны 01/А/ тоот байрыг компаний нэр дээр шилжүүлж өгнө үү“ гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн хавтаст хэргийн 102 дахь хуудсанд авагдсан хэрэг танилцуулсан тухай баримтанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******т хэрэг танилцуулж, түүний гарын үсгийг зуруулсан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийн материалыг танилцуулаагүй гэсэн давж заалдах гомдолд дурдсаныг тус шүүх хүлээн авах боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “*******-Өргөө“ ХХКомпаний давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ *******-Өргөө “ ХХКомпаниас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
З.ЭНХЦЭЦЭГ