Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2016/0177/З |
Дугаар | 170 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 170
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, “Ж х” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/8 дугаар “Зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У, өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Я, шинжээч Я.А, Г.Н, Я.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилгын зураг, төсөл, угсралтын ажил эрхэлдэг “Ж х” ХХК нь үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Ерөнхий захирал Б.У ын 2010 оны 10 дугаар сарын 29-нд туурвисан “Соёмбо ордон” архитектурын бүтээлээ зохиогчийн эрхийн хамгаалалт хийлгэх зорилгоор МУ-ын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газарт бүртгүүлж №559, тоот Зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байдаг. Энэхүү бүтээл нь МУ-ын Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130 тоот тушаалаар улсын бүртгэлд бүртгэгдсэн болно. Тус бүтээлийн эрх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс ... ”үүсэх бөгөөд 10 дугаар зүйлийн 10.1-д “зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах ашиглах онцгой эрх эдлэх” эрхтэй юм.
Гэтэл манай компанийн бүтээлийг зохиогч /эрх эзэмшигч/-ийн зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн дарга С.Ц, зураг төслийн хүрээлэнгийн архитектур Ж.Б нар нь хуулбарлаж БНСУ-ын “UIA” архитекторуудын хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг 100 архитектор шалгаруулах КIА уран бүтээлийн үзэсгэлэнд оролцсон нь зохиогчийн бүтээлийнхээ хувьд эдлэх “эдийн бус баялгийн болон бүтээл ашиглах онцгой” эрхийг зөрчсөн үйлдэл юм. Уг үйлдлийг таслан зогсоох, зөрчилд хариуцлага тооцуулахаар Оюуны Өмчийн газарт 2015 оны II дүгээр сарын 16-ны өдөр №15/213 албан тоотоор хүсэлт гаргаж байсан.
Гэтэл уг хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр Оюуны Өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/8 тоот “Зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” тушаалаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130 тоот тушаалаар бүртгэсэн “Соёмбо ордон” архитектурын бүтээлийг бүртгэж “Ж Х” ХХК-д олгосон 559. тоот зохиогчийн эрхийн гэрчилгээг зохиогчийн эрхийн зөрчилтэй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна. Иймд тус газрын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/8 тоот “Зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ж Х” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлийг гаргаж байна. Үүнд:
Иргэн С.Ц нь Оюуны өмчийн газарт 2008 оны 2-р сарын 01-ний анхдагч огноотой 304. дугаар бүхий “Соёмбо” цамхаг гэсэн бүтээлийг зохиогчийн эрхээр эрхийн хамгаалалт хийлгэж улсын бүртгэлд бүртгүүлж авсан байна. Мөн 2008 оны 7-р сарын 8-ны өдрийн анхдагч огноотой “Соёмбо” гэсэн нэрээр улсын бүртгэлийн 1931 дугаарт бүртгэгдэж эрхийн хамгаалалт хийлгэж бүтээгдэхүүний загварын патент тус тус авсан байна.
“Ж Х” ХХК-ийн “Соёмбо” цамхаг бүтээл нь иргэн С.Ц ын 2008 онд Зохиогчийн эрхийн гэрчилгээ болон Патентийн тухай хуулийн дагуу бүтээгдэхүүний загварын патент авсан бүтээлийг хуулбарласан нь тогтоогдсон. Энэ нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 “бүтээлийг хуулбарлах" гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд
бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг; мөн хуулййн 12 дугаар зүйлд заасан бүтээл ашиглах онцгой эрхийг тус тус зөрчсөн үйлдэл болсон тул “Ж Х” ХХК-ийн 2013 онд олгосон зохиогчийн эрхийн 559. тоот гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Иймд Оюуны өмчийн газар уг Зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Ж Х” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад “Соёмбо цамхаг” барилга архитектурын бүтээлийн хууль ёсны зохиогчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Миний өөрийн оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд туурвисан архитектурын бүтээл, зохиогчийн эрх нь цаг хугацааны хувьд бүр өмнө зохих шатны эрх бүхий байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажсан байдал.
1.1 Миний бие өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу “Соёмбо цамхаг" барилга архитектурын зураг төслийг төлөвлөн боловсруулж 2008 онд Оюуны өмчийн газарт хүсэлт гарган хуулийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар тушаалаар 2008/044 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. /Улсын бүртгэлийн дугаар: 304./
1.2 Мөн 2008 онд Оюуны өмчийн газарт хүсэлт гарган Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 22 дугаар тушаалаар 193. тоот “Бүтээгдэхүүний загвар”-ын патент авч өөрийн зохиогчийн эрхийг давхар баталгаажуулсан.
1.3 “Соёмбо цамхаг” барилга архитектурын бүтээл нь “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” хот байгуулалтын баримт бичигт..., “11 Эрхэм бүтээн байгуулалт”-ын нэг болон тусгагдаж Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хуульчлагдан батлагдсан болно. Үүгээрээ хэн нэг хүн дахин сэдэж олох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт болсон юм.
Энэхүү ерөнхий төлөвлөгөөний хот байгуулалтын баримт бичиг нь Улсын Их Хурлаар хуульчлан батлагдахын өмнө шат шатны дараах байгууллагуудаар хэлэлцэгдэн дэмжигдсэн болно. Үүнд:
- Нийслэлийн Засаг даргын захирамж,
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоол
- Барилга, Хот байгуулалтын яамны сайдын зөвлөлийн хурал
- Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар тус тус хэлэлцэгдэн дэмжигдэж тухай бүр захирамж, албан тоот, шийдвэрүүд гарч байсан. Эдгээр шийдвэрүүд гарах шатандаа тухай бүр миний зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл нь цахим хэлбэрээр нийтэд тараагдаж, хувилагдаж байсан.
Улмаар ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг нийслэлийн мэдээллийн цахим хуудаст байршуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авсан ба Соёлын төв өргөөний үзэсгэлэнгийн танхимд 14 хоног нээлттэй байрлуулан, иргэдээс ирсэн саналыг тухай бүр саналын хуудсаар баталгаажуулан авч, хадгаламжийн нэгж үүсгэсэн.
Мөн Барилга, Хот байгуулалтын сайдын 2012 оны 112 дугаар тушаалаар 28 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн экспертизийн баг 6 сар хянан хэлэлцэж, хүлээн зөвшөөрч 2012 оны 11 сарын 16-ны өдөр “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргасан.
Хоёр. “Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төсөл нь мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдал.
“Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төсөл нь дараах байдлуудаар мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүнд:
2.1 Миний бие 1989 оноос эхлэн “Соёмбо цамхаг" барилга архитектурын зураг төслийг туурвиж эхлэсэн бөгөөд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын Архитектурын институтад 1991 онд хамгаалсан дипломын ажлын сэдэв болж анх мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн юм.
2.2 2009 онд МАХН-ын Төв байрны зураг төслийн уралдаанд “Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төслөөрөө оролцож тус уралдаанаас “Дэд тэргүүн”-ын шагнал эзэлж 2 дахь удаагаа мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн.
2.3 “Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төсөл тусгагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг 2012 онд Барилга, Хот байгуулалтын сайдын томилсон мэргэшсэн экспертизийн баг хянан “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргасан нь 3 дахь удаагаа мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн.
2.4 2015 онд “Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төслөөр олон улсын үзэсгэлэнд оролцож “Оны 100 шилдэг архитектор”-ын нэг болж шалгаран олон улсад мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдал нь 4 дэх удаагийн тохиолдолд юм. Жич дурдахад, Олон улсын тэмцээнд оролцоход, архитекторч мэргэжилтэй байхыг шаарддаг бөгөөд, хэрэв ийм мэргэжлийг эзэмшээгүй бол, уралдаанд оролцуулах бүтээлийг нь хүлээж авдаггүй байна. Гуравдагч этгээд нь гэтэл архитекторч мэргэжилгүй юм байна.
2.5 Монголын Архитекторуудын эвлэлээс шалгаруулдаг Оны шилдэг архитекторчоор шалгаруулсан нь мэргэжлийн ур чадвар, төвшнийг хөндлөнгийн байгууллагууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан явдал юм.
ГУРАВ. “Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төсөл нь нийтэд түгээгдсэн, танилцуулагдсан байдал.
“Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төсөл нь дараах байдлаар сонин сэтгүүл, ном товхимолд нийтлэгдэн нийтэд олон жилийн өмнөөс түгсэн байна. Үүнд:
Миний бие 1985-1991 онуудад Оросын Холбооны Улсын Новосибирск хотын Архитектурын институтад суралцаж, төгсөлтийн ажил болгож “Соёмбо цамхаг" барилга архитектурын зураг төслөөр “Диплом”-ын ажлаа хамгаалсан бөгөөд тодорхой тооны багш, оюутнуудын хүрээнд нээлттэй танилцуулагдсан.
2008 онд Монголын нэр бүхий сонин сэтгүүлүүдэд ярилцлага өгөхдөө “Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төслийг 1989 оноос эхлэн бүтээж эхэлсэн, зохиогчийн эрх авсан талаараа дурьдсан байсан нь 2010 онд хэвлэгдсэн “Монгол ухаан гайхамшиг” номын 15-27 дугаар хуудсанд нийтлэгдсэн. Дээрх ярилцлаганд би “Соёмбо” үсгийг 3 тэнхлэг дээр байгуулж төлөвлөн, барилга болгон барих төслийн архитектурын зорилго, Монгол Улсад байгуулахын ач холбогдлын талаар дурьдаж тайлбарласан нь нийтийн хүртээл болсон байдаг.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын хүрээнд 2010 оноос эхлэн нийслэлийн төр, захиргааны цахим хуудсуудад нээлттэй тавигдан, интернетийн орчинд олны хүртээл болсон.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг “Соёлын төв өргөө”-ний үзэсгэлэнгийн танхимд 14 хоног нээлттэй байрлуулан нийслэлийн 9 дүүрэг, 152 хороодын 1000 гаруй иргэдэд танилцуулагдсан.
“Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төсөл нь 1989 оноос одоог хүртэл нийт 27 жил нийтэд түгэн, танилцуулагдсан бүтээл юм.
“Ж Х” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад: “Ж Х” ХХК нь барилгын засвар, засал чимэглэл эрхлэхээр 2011 онд байгуулагдсан байх бөгөөд захирал Б.У нь 2010 онд ШУТИС-ийг Барилгын инженер мэргэжлээр төгссөн байна. Тэрээр дизайнер Э.Б 2013 оны 01 сарын 08-нд 12/13 тоот тушаалаар, зураг төслийн инженер мэргэжлээр коллеж төгссөн Г.У ыг 2013 оны 10 сарын 02-нд 03/13 тоот тушаалаар дизайнераар тус тус ажилд авч дугаар нь үл мэдэгдэх “Хөдөлмөрийн гэрээ"-г байгуулсан ба 2013 оны 10 сарын 29-ний өдөр Оюуны өмчийн газарт хүргүүлсэн тодорхойлолтонд дээрх 2 хүнийг өөрөө удирдан “Соёмбо ордон”-ны архитектор төлөвлөлт, Интерьер дизайныг гүйцэтгүүлж байгаа гэжээ.
Барилгын инженер, дизайнер мэргэжилтэй хүн архитектурын бүтээл туурвих мэргэжлийн хувьд ямар ч боломжгүй байтал тус компани нь 3D программ дээр гүйцэтгэсэн зургууд, бусад цөөн тооны шаардлага хангахгүй материалыг бүрдүүлэн Оюуны өмчийн газарт хандан Оюуны өмчийн газрын газрын даргын 2013 оны 11 сарын 22-ны өдрийн 130 дугаар тушаалаар 559. дугаар бүхий Зохиогчийн эрхийн гэрчилгээг “Соёмбо ордон” нэртэй, “Ном” бүтээлийн төрөлтэйгээр авсан байх ба дараа нь “архитектурын бүтээл" төрөлтэйгээр өөрчлүүлэн авсан нь зохиогч миний 2008 онд баталгаажуулсан зохиогчийн эрхээс даруй 5 жил, 8 сарын хойно авсан байна.
Үүнээс гадна архитектурын бүтээл туурвисан гэх Б.У, Э.Б, Г.У нарын хэн нь ч архитекторын мэргэжил эзэмшээгүй байх бөгөөд гүйцэтгэсэн зураг төсөл нь мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөргүй зураг төслийн бүрдэл дутуу, Оюуны өмчийн газарт зохиогчийн эрх авахаар хүсэлт гаргахдаа бүрдүүлсэн тушаал, хөдөлмөрийн гэрээ нь утга авцалдаагүй, номер дугааргүй байх ба анх авсан зохиогчийн эрхийн гэрчилгээн дэх бүтээлийн төрлийг өөрчилсөн зэрэг ихэнх баримт материал нь зөрчилтэй байна.
Энэ бүгдээс дүгнэн харахад “Ж Х” ХХК нь миний бүтээн туурвиж, олны хүртээл болгож, зохиогчийн эрхийн гэрчилгээ авч, хуульчлан батлагдсан “Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төслийг ном, сонин сэтгүүл, мэдээллийн цахим хуудас зэргээс олж харан, санаа хуулбарлаж, бусдын оюуны бүтээлийг хуулбарлан түүнийгээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар хэт ёс зүйгүй үйлдэл хийж байгаа нь илт байна.
Эцэст нь дүгнэхэд: Миний бие “Соёмбо цамхаг” барилга архитекгурын зураг төслийн дотооддоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, хууль ёсоор баталгаажсан зохиогчийн хувьд Оюуны өмчийн газарт зохиогчийн эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон зөрчлөө арилгах талаар гомдол гаргасны дагуу тус газар нягтлан шалгасны эцэст зохиогчийн эрхийн зөрчилтэй бүртгэл буюу цаг хугацааны хувьд бүр хожим “Ж Х” ХХК-д 2013 онд олгосон 559. тоот зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь өөрийн илт алдаатай гаргасан актаа хүчингүй болгосон, хууль, журамд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.
Учир нь миний бүтээн туурвисан “Соёмбо цамхаг” барилга архитектурын зураг төсөл нь 27 жилийн өмнөөс бүтээн туурвигдсан бөгөөд олон хэлбэрийн мэдээллийн хэрэгслээр нийтэд танигдсан, мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулиар хамгаалагдан зохиогчийн эрхийн гэрчилгээ олгогдсон, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, төрийн захиргааны шат шатны эрх бүхий байгууллагуудаар хэлэлцэгдэн дэмжигдсэн, мэргэжлийн өндөр зэрэглэлийн экспертизийн багаар шалгагдан хянагдсан, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаар хуульчлагдан батлагдсан архитекгурын бүтээл мөн тул “Ж Х" ХХК-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний хууль ёсны зохиогчийн эрхийг баталгаажуулж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/8 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ж Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Оюуны өмчийн газрын дарга /хуучин нэрээр/ маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/8 дугаар “Зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” тушаалаараа 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Соёмбо ордон” архитектурын бүтээлийг бүртгэж “Ж Х” ХХК-д олгосон 559. тоот зохиогчийн эрхийн гэрчилгээг зохиогчийн эрхийн зөрчилтэй гэж үзэн хүчингүй болгожээ.
Хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь ““Ж Х” ХХК нь гуравдагч этгээд С.Ц ын “Соёмбо цамхаг” бүтээлийг “Соёмбо ордон” нэртэйгээр хуулбарлан 2013 онд зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан, энэхүү үйл баримт нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон“ гэж мэтгэлцсэн. Хэдийгээр шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Монгол Улсын зөвлөх архитектор Я.Ш, Г.Н, Я.А нар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээрээ “илтэд хуулбарласан” гэж дүгнэсэн боловч шүүх шийдвэр гаргахдаа дээрх дүгнэлт нь маргааны бодит нөхцөл байдлыг тогтооход хамааралгүй гэж үзэн үндэслэл болгоогүй болно.
Тодруулбал, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ““бүтээлийг хуулбарлах” гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг” ойлгоно гэж заажээ.
Маргааны зүйл болох “Соёмбо” тэмдэг нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон нэгэн зүйл монгол үсэг /тэмдэг/ бөгөөд монголчууд соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн түүнийгээ олны хүртээл болгож, дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий соёлын өв юм.
Иймд нэхэмжлэгч “Ж Х” ХХК нь нийтэд илэрхий монголчуудын соёлын өв болох “Соёмбо” тэмдгийг ашиглан барилга, архитектурын шийдэл болгож байгаа үйлдлийг “хуулбарласан” гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Харин Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““анхдагч огноо” гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад анх хүлээн авсан он, сар, өдрийг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 2О, ашигтай загварын мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно” гэж заасан байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар гуравдагч этгээд С.Ц нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “Ж Х” ХХК-иас дариу 5 жилийн өмнө “Соёмбо” тэмдгийг “Соёмбо цамхаг” нэрээр барилга архитектурын шийдэл болгон бүртгүүлсэн нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно”, 7 дугаар зүйлийн 7.1.5-д “архитектурын бүтээл, уран баримал, уран барилга”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеээс үүснэ” гэж тус тус заасны дагуу иргэн С.Ц нь “Соёмбо” тэмдгийг ашиглан барилга, архитектурын шийдэл болгон “Соёмбо цамхаг” нэр олгон анхдагч огноотойгоор оюуны өмч болгон бүртгүүлсэн нь түүний хуулиар хамгаалагдах зохиогчийн эрх юм.
Мөн Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Ижил шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг тусдаа бүтээсэн бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад түрүүлж мэдүүлэг өгсөн зохиогч, харин давамгайлах огноо мэдүүлсэн тохиолдолд эхэлж давамгайлах огноотой мэдүүлэг өгсөн зохиогч патент, гэрчилгээ авах эрх эдэлнэ” гэж зохицуулсны дагуу иргэн С.Ц нь “Ж Х” ХХК-иас цаг хугацааны хувьд түрүүлж 2008 онд “Соёмбо цамхаг” нэртэй архитектурын бүтээлээ анхдагч огноотойгоор бүртгүүлсэн нь зохиогчийн эрхээр хамгаалагдах харилцаа бөгөөд тэрбээр мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу зохиогчийн эрхээ өмчлөх онцгой эрхтэй болно.
Түүнчлэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д ““нийтэд түгээх” гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараахыг” хэлнэ гэж заасны дагуу С.Ц нь өөрийн “Соёмбо цамхаг” бүтээлээ нийтэд түгээж байсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: 2009 онд МАХН-ын төв байрыг шинээр барих барилгын архитектурын үндсэн шийдлийн уран бүтээлийн уралдаанд оролцсон дурсамж, 2010 онд хэвлэгдсэн “Монгол ухаан гайхамшиг” номонд С.Ц нь “Соёмбо” үсгийг 3 тэнхлэг дээр байгуулж төлөвлөн, барилга болгон барих талаар бичигдсэн, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад “Дасганы овоонд Монгол Улсын Нийслэлүүдийн музейн “Соёмбот цогцолбор” барьж байгуулахаар төлөвлөж Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдаж байсан байна.
Нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.9-д “хуульд заасан үндэслэл, журмын дагуу патент, гэрчилгээг хүчингүйд тооцох” гэж заасан эрхийн хүрээнд “Ж Х” ХХК-д 2013 онд 5597 дугаартай “Соёмбо ордон” нэртэй бүтээлд олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/8 дугаар тушаал нь үндэслэл бүхий байгаа болох нь нотлогдсон гэж шүүхээс үзлээ.
Зөвлөх инженер Я.Ш, Г.Н, Я.А нар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасантай холбогдуулан ажлын хөлс нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1, Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.5, 26 дугаар зүйлийн 26.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Ж Х” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/8 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ