Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0136

 

2019 оны 3 сарын 06 өдөр           Дугаар 221/МА2019/0136                            Улаанбаатар хот

А.П-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0744 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу А.П-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан, удирдах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0744 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, “б”, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000.00 төгрөгийг олгохгүй байгаа Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан, удирдах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000.00 /арван есөн сая таван зуун мянган/ төгрөгийг А.П-д олгохыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан, удирдах хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн А.П-ын гаргасан нэхэмжлэлд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000 төгрөгийн төлбөрийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000 төгрөг олгохыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0744 дугаартай шүүгч Ц.Мөнхзулын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргаж байна.

Учир нь Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох” журмыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/449 тоот захирамжаар баталсан.

Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүлээн авч 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сангийн удирдах хорооны эхний хурал хуралдсанаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Иргэн А.П нь тус газарт 2017 оны 8 дугаар сард орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгсөн.

Уг хүсэлтийг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэр хорооллыг хөгжүүлэн сангийн удирдах хорооны хурал болж А.П-д санхүүжилт олгох шийдвэр гарсны дагуу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын нэр дээр газрын эрхийг шилжүүлж авсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 тоот “Хөрөнгө гаргах тухай” захирамж батлагдсан байдаг.

Захирамж батлагдсаны дагуу Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас иргэн А.П-д зээл олгохоор судалж, Хас банкнаас тодруулга авахад орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн санхүүжилтийг иргэн өөрөө төлсөн, зээлийн шийдвэр 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарч, сонгон авсан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.П-ын нэр дээр шилжүүлсэн байсан.

Уг асуудлыг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сангийн удирдах хороогоор дахин хэлэлцэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06/3386 дугаартай албан бичигт “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дугаартай захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч иргэн А.П-ын ирүүлсэн материал нь Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 4.1.2, 5.1.5 дахь заалтыг зөрчиж байгаа тул 19,500,000 төгрөгийн санхүүжилтийг буцаан төвлөрүүлэхийг даалгасан” байдаг. Тус албан тоотыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100200051001 тоот дансанд 19,500,000 төгрөгийг эргүүлэн төвлөрүүлсэн.

Иргэн А.П нь манай газарт удаа дараа ирж хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтнуудтай уулзаж тайлбар мэдээллийг тухай бүр авч байсан. Мөн тус газраас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр “Санхүүжилт цуцлагдсан тухай” мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу иргэн А.П нь газраа эргүүлэн шилжүүлэн авах үйл ажиллагаанд огтоос оролцоогүй болно.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт хүсэлт гаргахаасаа өмнө иргэн А.П нь Хас банкнаас орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн санхүүжилтийг иргэн өөрөө төлж, зээлийн шийдвэр нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гарч сонгож авсан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.П-ын нэр дээр шилжүүлэн, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулсан байгаа нь “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох” журмын 4.1.2-т “орон сууцгүй байх /өмч/” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/1053 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөрөнгө гаргах тухай” А/664 дүгээр захирамжийг хүчингүй болгосон болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч А.П-аас “Орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000.00 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 19,500,000.00 төгрөг олгохыг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч А.П-д /нэр бүхий 5 иргэнд/ орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 хувийн санхүүжилт олгохыг дэмжсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/399 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны А/268 дугаар захирамжийн иргэн А.П-ын 22 дугаар хороо Хилчин 44-56 тоотод байршилтай 537 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, тус газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дүгээр захирамжаар “... А.П-ын худалдан авах ... орон сууцны урьдчилгаа төлбөр 19.500.000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан Орон сууцны хөтөлбөрийн хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст зөвшөөрч, гэрээний дагуу холбогдох банкны дансанд шилжүүлэхийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт даалгажээ.

Гэтэл Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн удирдах хорооны 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “урьдчилгаа төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлөөд гэрээ байгуулсан нь ... журмын 4.1.2, 5.1.5-д заасантай нийцэхгүй” гэсэн үндэслэлээр санхүүжилтийг цуцлахаар шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1053 дугаар захирамжаар “Хөрөнгө гаргах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/664 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна.

Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг “гэр хорооллын бүсэд газар чөлөөлөлт хийх ... төсөл сонгон шалгаруулах болон бусад арга замаар хорооллыг хөгжүүлэх, бүтээн байгуулалт хийх газрын нөөц сан бүрдүүлэх” зорилгоор шилжүүлэн авсан, улмаар нэхэмжлэгчид орон сууцны урьдчилгаа төлбөр болох 19,500,000 төгрөгийг олгоно гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн байна. Нэхэмжлэгч А.П 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр буюу хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөр олгосон шийдвэр гаргахаас өмнө зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан[1] нь орон сууцны урьдчилгаа төлбөр олгогдоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр хийсэн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, орон сууцны урьдчилгаа төлбөрийг Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II  бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд олгогдоно гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдахаар байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар баталсан Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 5.4-т Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргана гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Хөрөнгө гаргах тухай” А/664 дүгээр захирамжаар А.П-ын худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөр 19,500,000 төгрөгийг ... гэрээний дагуу холбогдох банкны дансанд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэснээс үзвэл сангийн хөрөнгөөс санхүүжилт олгогдсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, тус газрын эзэмших эрхийг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/399 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн шийдвэр гараагүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

 


[1] Хас банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаатай болох нь тогтоогдсон.