Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/0118

 
 

 

 

 

 

 

 

 

 

 “Х ө х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн

түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын

хэсэгт холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 М.Батсуурь

Танхимын тэргүүн, шүүгч:   Ч.Тунгалаг

Шүүгчид:                                  Д.Мөнхтуяа

                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                        Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0013 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн сонгон шалгаруулалтын “Дүнгийн нэгтгэл”-ийг хүчингүй болгуулах”

Хэргийн нөхцөл байдал:

2. Арьсны өвчин судлалын Үндэсний төвөөс өөрийн байрны 1 давхарт байрлах 25 м.кв талбай бүхий нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан, уг сонгон шалгаруулалтад “Х ө х” ХХК оролцсон. Тус сонгон шалгаруулах Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн материалыг үнэлэн, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүнгийн нэгтгэлийг гаргаж, уг дүнгийн нэгтгэлээр “АТ ф” ХХК 75.7 оноо, “Д х к” ХХК 97.6 оноо, “Х ө х” ХХК 96.18 оноо авч, тус сонгон шалгаруулалтад “Д х к” ХХК шалгарч, Ажлын хэсгээс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/148 дугаар албан бичгээр “Х ө х” ХХК-ийг сонгон шалгаруулалтад тэнцээгүй талаар хариуг хүргүүлжээ.

3. “Х ө х” ХХК-иас Ажлын хэсгийн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ “... Маягтын дагуу зарлаагүй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолыг зөрчсөн, үнэлгээ хийхдээ илт ашиг сонирхлын зөрчил үүссэн, “Д х к” ХХК-ийн баримт бичгийн бүрдэл дутуу, үүнээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрсдэл багатай талаарх тодорхойлолт байхгүй, санхүүгийн баримтууд зөрүүтэй, хэдэн ажилтантай ямар байгууллага болох талаар ирүүлсэн баримтууд дутуу, эм зүйч нарын мэдээлэл тодорхойгүй, нийгмийн даатгал төлдөг эсэх нь тодорхойгүй, 5-с дээш үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтын материалд заасан баримтын бичгийн бүрдлийн шаардлагад нийцээгүй, дутуу баримтууд бүрдүүлж өгсөн нь хууль бус байхад өндөр оноогоор үнэлж, дүгнэн шалгаруулсан нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргажээ.

4. Хариуцагч Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах  ажлын хэсгээс “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолын 2.2-т заасны дагуу эмнэлгийн үйл ажиллагаанд харшлах үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өмчлөлд бус барилгын талбайг түрээслэх түрээслэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, сонгон шалгаруулалтын зарыг байгууллагын вэб хуудасны ил тод, олон нийтэд нээлттэй нийтэлсэн,  2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Өдрийн сонин-ны №045(6411) дугаарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын хавсралтад заагдсан маягтын дагуу зарласан, сонгон шалгаруулалтын дүн, мэдэгдэл, үндэслэл бүхий хариу тайлбаруудыг байгууллагын вэб хуудасны ил тод буланд нийтэлсэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дээрх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж шалгарсан байгууллагатай гэрээ байгуулсан, хамгийн өндөр оноо авч шалгарсан “Д х к” ХХК-ийн хувьд “С” ХХК-тай түншлэлийн гэрээтэй хамтран оролцсон. “С” ХХК нь 2006 оны 04 сарын 21-ний өдөр өдөр үүсгэн байгуулагдсан, өнөөдрийн байдлаар 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, 2-р зэрэглэлийн эмийн сан, эм барих чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага, Түрээслэгчийн сонгон шалгаруулалтын материалд компани дангаар оролцох тусгайлсан шаардлага тавиагүй бөгөөд түншлэлийн гэрээгээр түншлэгч нар оролцохыг хориглоогүй тул ямар нэгэн зөрчилгүй болохгүй, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын 3-т зааснаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ гэж зааснаар хамгийн өндөр үнийн саналтай компани шалгарсан... “ гэжээ.

5. Гуравдагч этгээд “Д х к” ХХК-иас “Арьсны өвчин судлалын Үндэсний төвөөс тус төвийн байр, поликлиникийн 1 дүгээр давхарт байрлах 25 м.кв нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерт “С” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж хамтран оролцож, улмаар шалгарсан, сонгон шалгаруулах урилгад аливаа компани дангаар оролцох тусгай шаардлага тавиагүй, манай компани нь 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа, 2 дугаар зэрэглэлийн эмийн сан, эм барих чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “С” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж хамтран оролцож улмаар хамгийн өндөр үнийн саналтай компаниар шалгарсан, манай компанийн хувьд тендерийн баримт бичигт дурдсан баримтуудыг бүрдүүлсэн, уг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнийн саналыг санал болгож манай компани шалгарсан, хариуцагчаас 2020 оны 03 сарын 05-ны өдрийн сонинд нийтлэгдсэн түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлсэн, уг урилгад сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут, материал нээх хугацаа, хаяг байршил, 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн хурлын зааланд гэснийг тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч уг тендерт оролцсон,  тендер нээх үед үүнтэй холбоотой гомдол санал гаргаагүй атлаа байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй, “Х ө х” ХХК нь хариуцагч Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийг манай компанитай хувийн ашиг сонирхол байгаа гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулсан,  тус газраас зохих хариу өгсөн, уг сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдсан” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны  шүүхийн шийдвэр:

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0013 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ө х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дүнгийн нэгтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

7.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 123.2.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч;

8. Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дугаар заалтуудыг баримталж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-ийг тус тус баримталж анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийн заалтуудыг огт хэрэглээгүй өөр заалтуудыг хэрэглэсэн байгаа нь хуулийг зөрүүтэй хэрэглэлээ. Анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийн зохицуулалтын агуулга нь захиргааны байгууллага Засгийн газрын тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх эрхтэй, мөн захиргааны үйл ажиллагаа явуулахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй гэсэн байх бөгөөд харин давж заалдах шатны шүүхийн хэрэглэсэн хуулийн зохицуулалтын агуулга нь захиргааны үйл ажиллагаа нь зарчмын хувьд зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн захиргааны акт гэдэгт юуг хамааруулж ойлгох, мөн төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Засгийн газар тогтоох гэсэн утгатай хуулиуд байна. Эдгээр хуулийн зохицуулалтуудын хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хоорондоо зөрүүтэй зохицуулалт, утга агуулга бүхий хуулиудыг хэрэглэснээрээ хяналтын шатны шүүхэд хандан гомдол гаргаж шийдвэрлүүлэх үндэслэл болж байгаагаас гадна аль аль шүүх нь зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий эрх зүйн харилцаанд огт хамааралгүй хуулиудыг авч хэрэглэснээрээ шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал болоод байна. Магадлалд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “... Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх ...” гэж зааснаас харахад хариуцагчийн бусад түрээслүүлэхээр санал болгосон өмч нь уг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “... Төрийн нийтийн зориулалттай өмч ...” биш бөгөөд харин 5 дугаар заасан “... Төрийн өөрийн өмч ...” юм. Нэгэнт төрийн өмчит байгууллагын өөрийн өмч гэдэг нь хууль зүйн хувьд ойлгомжтой байх бөгөөд энэ тохиолдолд уг хөрөнгийг бусдад түрээслүүлэх үйл ажиллагаанд бусад этгээд хөндлөнгөөс аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан зөвлөмжийг заавал дагаж мөрдөх үндэслэлгүй юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан өмчлөгчийн эрхэд 51 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар халдах эрхгүй, уг тогтоол нь хуулиасаа давсан зохицуулалттай гэж ойлгогдож байх тул мөн л дагаж мөрдөх шаардлагагүй. Нөгөө талаасаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 нь “... үл хөдлөх эд хөрөнгө ...”-д хамаарахаар байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 182 дугаар зүйлийн 182.1-д заасан шаардлагыг хангаснаар үл хөдлөх эд хөрөнгө гэж үзнэ. Гэтэл түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгө бусдад түрээслүүлэх санал гаргаагүй, тийм харилцаанд ороогүй. Харин Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байр дотор байрлах өрөө /талбайг/-г түрээслүүлэх санал гарган улмаар түрээслүүлээд байна. Тодруулбал тухайн өрөө нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл байхгүй. Тэгэхээр мөн л дээр дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг хэрэглэх үндэслэлгүй байна.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаа этгээд нь Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах уг ажлын хэсгийг захиргааны байгууллага гэж дүгнэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Ажлын хэсэг өөрөө захиргааны байгууллага биш учраас сонгон шалгаруулалтын дүнгийн нэгтгэл нь захиргааны актын ямар ч шинжийг агуулахгүй. Нөгөө талаасаа дүнгийн нэгтгэл нь “...захирамжилсан...” шинж огт агуулаагүй учраас захиргааны акт мөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй болно. Хэдийгээр хариуцагч нь өөрөө төрийн өмчит хуулийн этгээд мөн боловч төрийн өмчит хуулийн этгээдийн зүгээс бусад этгээдтэй харьцаж байгаа эрх зүйн харилцаа болгон захиргааны эрх зүйн харилцаа байх ёстой биш. Төрийн өмчит хуулийн этгээд бусадтай иргэний эрх зүйн харилцаанд оролцох бүрэн боломжтой. Ер нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээс энэ хэрэг маргаан буруу харьяаллын шүүхэд хэрэг үүсгэгдэн улмаар буруу шийдвэрлэгдээд байна. Хариуцагчийн зүгээс нийтэд хандан талбай түрээслүүлэх гэрээний саналаа илэрхийлсэн. Уг саналд хэн ч түрээслэгчээр оролцохоор хариу санал өгөх эрхтэй. Гэхдээ олон этгээд түрээслэгчээр гэрээ байгуулах санал ирүүлж магадгүй учраас битүүмжилсэн үнэ хаялцуулах ажиллагаа явуулах аргаар түрээслэгчийг сонгон шалгаруулсан. Зарчмын хувьд үнэ хаялцуулах ажиллагаанд хамгийн өндөр үнийн санал хэлсэн нь ялах ёстой. Ер нь сонгон шалгаруулалтад шалгарсан түрээслэгч тухайн өрөө талбайг зориулалтын дагуу ашиглаад, гэрээнд заасан түрээсийн төлбөрөө саадгүй төлж гэрээний үүргээ биелүүлж байвал бусад зүйл нь чухал биш. Өөрөөр хэлбэл тухайн түрээслүүлсэн байр талбайд эмийн сан хэвийн ажиллахгүй байсан ч Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг үр дагавар үүсгэхгүй юм. Ийм учраас анхан шатны шүүх эхлээд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг ба давж заалдах шатны шүүхээс уг татгалзсан захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Энэ нь мөн л анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн явдал мөн.

10. Анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэхдээ хууль болон хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу шүүх хуралдаан явагдаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан ажиллагааг явуулаагүй. Тодруулбал нотлох баримт шинжлэх судлах ажиллагаа явагдсаны дараа зохигчдоос нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж, дарааллын дагуу нэхэмжлэгч тал эхлээд нэмж тодруулах зүйлээ хэлсэн ба үүний дараа хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэмж тодруулж хэлэх зүйл байгаа эсэхийг асуугаагүй, үг хэлэх боломж олголгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасан мэтгэлцэх зарчим хангагдаагүй, улмаар нотлох баримт шинжлэн судлах, асуулт хариултын үе шат явагдаж дууссаны дараа шүүх хуралдааны төгсгөлд эдгээр бүхий л үе шатыг нэгтгэн дүгнэж хэргийн оролцогч талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Гэтэл зөвхөн нэхэмжлэгч талын үгийг сонсоод хариуцагч болон гуравдагч этгээдийн үгийг сонсолгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулсан явдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн бүх заалтыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

11. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн талаар миний бие давж заалдах гомдолдоо дурдсан ба давж заалдах шатны шүүх зөрчил мөн гэж дүгнэсэн боловч уг зөрчил нь шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрвээ би анхан шатны шүүх хуралдаан дээр төгсгөлийн үг хэлэх хуульд заасан боломжоо эдэлсэн тохиолдолд “...Н.Сугармаагийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ шүүх Н.Сугармаа нь ажлын хэсгийн хуралдаанд оролцохдоо илт нэхэмжлэгчийн талыг баримталж байсан, ажлын хэсгийн бусад гишүүдийг өгсөн оноогоо өөрчлөх, “Х ө х” ХХК-ийг ялуулах шаардлагатай байна гэсэн байр суурь илэрхийлж байсан, мөн өөрийнх нь хүсэлтээр албан тушаал бууруулсан шийдвэрийг эс зөвшөөрч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хөдөлмөрийн маргаан үүсгүүлсэн байгаа зэрэг нөхцөл байдлууд нь гэрчийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх ...” болон энэхүү гомдолд дурдагдсан байгаа хууль зүйн зохицуулалтуудын тухай, хэрхэн ойлгох талаар болон өөр бусад зүйлсийн талаар тайлбар хэлэхээр бэлдэж байсныг шүүх хэлэх боломж олгоогүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн байдал гэх мэт бүхий л талаасаа нэхэмжлэл хангагдах ямар ч үндэслэлгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Д х к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-оос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч;

12. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Дүнгийн нэгтгэл”-ийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс тухайн сонгон шалгаруулалтад орсон компаниудыг ижил тэгш үнэлээгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлсон болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх хэргийн оролцогчдын маргаж буй асуудлын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс хальсан дүгнэлтүүд хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч “Х ө х” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлд “...дүнгийн нэгтгэлд дурдсан гуравдагч этгээдэд өгсөн оноо өндөр байна, манай компани өндөр оноо авах ёстой” гэж дурдан өөрийн компани болон “А т ф” ХХК, “Д х к” ХХК-д өгсөн дүнгийн нэгтгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл 2 шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн ганц шаардлага болох ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог нэгтгэсэн дүнтэй холбоотой дүгнэлт огт хийгээгүй, харин нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд байхгүй дүгнэлтүүдийг хийсэн болно. Тодруулбал, магадлалын 9 дэх нүүрт “... хариуцагчийн материалын бүрдэл хангаагүй гуравдагч этгээд материалыг хасалгүйгээр хүлээн авч, материалыг дүгнэн, үнэлгээний хуудсаар бүрдэл дутуу материалд өндөр оноо өгч шалгаруулсан нь тус компанид давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна ...” гэж дүгнэн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гуравдагч этгээд компанийг эхнээс нь хасах ёстой байсан гэдэг агуулгаар бус гуравдагч этгээдэд илүү оноо өгсөн гэдэг агуулгаар маргасан байтал анхан болон давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийг хасах ёстой байсан гэж дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх уг мэтгэлцэх зарчмыг шүүх хуралдааны явцад хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тодруулбал, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууна” гэж заасны дагуу шүүх хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны завсарлахын өмнө нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг тодруулах ёстой байтал уг ажиллагааг хийгээгүй. Зөвхөн нэхэмжлэгчээс нэмэлт тайлбар авч, хариуцагч болон гуравдагч этгээдээс уг тайлбар авах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн болно.

14. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн Н.С, Б.Б нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч болон гуравдагч этгээдэд огт танилцуулалгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 37.10-д “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй”, 37.10.1-д “Үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж тус тус заасан. Уг заалтын дагуу нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдаж буй 2 гэрч гэх хүмүүс уг хуулийн шаардлагыг хангахгүй байгаа талаар тайлбарласаар байтал анхан шатны шүүх Н.С-г гэрчээр асуусан, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, “ ...түүнийг үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогчийн хувиар буюу үүрэг гүйцэтгүүлсэн этгээдийн санаачилгаар гэрчийн мэдүүлэг өгсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхив.

16. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “Төрийн ...өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 8-д “...төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна”, 10-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална” гэжээ.

17. Ийнхүү Засгийн газраас төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх харилцаанд баримтлах журам батлах эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлсний дагуу тус газраас 2020 оны 51 дүгээр тогтоолоор Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг баталсан байна.

18. Энэхүү баримт бичиг нь хэлбэрийн хувьд зөвлөмжилсөн байхаас үл хамааран түүний биелэлтийг хангуулах нь заавал биелэгдэх шинжийг агуулсан, зохион байгуулалтын баримт бичиг юм. Уг баримт бичигт заасан үйл ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлэх нь төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн үүрэг байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...тус жишиг баримт бичгийг зөвлөсөн тул заавал дагаж мөрдөх шинжийг агуулаагүй” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

19. Төрийн өмчийн эд хөрөнгө болох Арьсны өвчин судлалын Үндэсний төвөөс өөрийн байрны 1 давхарт байрлах 25 м.кв талбай бүхий нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг дээрх 2020 оны 51 дүгээр тогтоолд заасан журмыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр явуулахдаа “тендерийн урилга”-д тусгагдсан бүрдүүлэх материалын бүрдэл хангаагүй компанийн баримтыг хүлээн авч, сонгон шалгаруулалтад оруулан материалыг үнэлэхдээ журмын холбогдох заалтуудыг зөрчиж, зааврын дагуу сонгон шалгаруулалтыг дүгнээгүй гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд буруу биш юм.

20. Тодруулбал, Олон нийтэд зарласан сонгон шалгаруулалтын урилгад 1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар/; 2.Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан, өмнө нь ижил төстэй хийж гүйцэтгэж байсан ажлын тайлан/; 3.Санхүүгийн чадварыг нотлох баримт /сүүлийн 1 жилийн дансны хуулга, сүүлийн 2 жилийн аудитын тайлан татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт/; 4.Эмийн сангийн нөөц 50.0 сая төгрөгөөс багагүй байх; 5.Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар; 6.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тодорхойлолт; 7.Талбай түрээслэх үнийн санал зэрэг материал бүрдүүлж ирүүлэхээр заасан атлаа эдгээр материалын 2, 5, 6-д заасан баримтыг дутуу ирүүлсэн Д х к” ХХК-ийн материалыг хүлээн авч, үнэлсэн нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 2.2.3-т “Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын материалыг нээж, бүрдлийг шалган тэмдэглэл үйлдэнэ”, 2.2.4-т “Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна”, 2.3.2-т “ажлын хэсгийн гишүүн бүр сонгон шалгаруулалтын материалтай бүрэн танилцсаны үндсэн дээр энэхүү зааврын дагуу дүгнэнэ”, 2.3.3-т “Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн нийлбэрээр оролцогчийг шалгаруулж, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчээр сонгон шалгаруулна” гэж тус тус заасныг зөрчсөн нь мөн  журмын 4.3-т заасан үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох үндэслэлтэй байх бөгөөд энэ талаарх 2 шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл бүхий болжээ.

21. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд ...” гэж зааснаар Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байнгын бус үйл ажиллагаатай захиргааны байгууллагад хамааруулан үзнэ.

22. Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг үнэлж, дүгнэснээр гуравдагч этгээд болох “Д х к” ХХК-ийг шалгаруулсныг тус захиргааны байгууллагын шийдвэр гэж үзэх бөгөөд тус шийдвэр нь дүнгийн нэгтгэл хэлбэртэй боловч шалгарсан компанид гэрээ байгуулах эрх үүсгэж, улмаар төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдсан эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн “Дүнгийн нэгтгэл нь... төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх эрх олгох шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагаа учир Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актад хамаарна... уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчийн өмгөөлөгчийн “ ...ажлын хэсэг захиргааны байгууллага биш учраас сонгон шалгаруулалтын дүнгийн нэгтгэл нь захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн харьяаллын маргаан биш...” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдол эрх зүйн үндэслэлгүй.

23. Нэхэмжлэгч компаниас Төрийн өмчийн эд хөрөнгө болох Арьсны өвчин судлалын Үндэсний төвөөс өөрийн байрны 1 давхарт байрлах 25 м.кв талбай бүхий нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн шийдвэр буюу дүнгийн нэгтгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, уг шаардлагын хүрээнд шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэлийн  шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан гэж үзэхгүй тул энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан энэхүү хяналтын тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-т заасан гомдол үндэслэлгүйгээс гадна мөн 13, 14-т заасан “...нэмэлт тайлбар хэлэх боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, гэрчийн мэдүүлэг авч болохгүй хүнийг гэрчээр асуусан” гэх гомдолд давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

24. Давж заалдах шатны шүүхээс төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Анхан шатны шүүх ... хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасантай нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...маргаан бүхий эрх зүйн харилцаанд огт хамаарахгүй хуулийг хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хоорондоо зөрүүтэй зохицуулалт, утга агуулга бүхий хуулиудыг хэрэглэсэн...” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

25. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээд “Д х к” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         М.БАТСУУРЬ

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                       Ч.ТУНГАЛАГ

              ШҮҮГЧИД                                                                         Д.МӨНХТУЯА

                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                          Х.БАТСҮРЭН