| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0433/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 08
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Д.О ,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818008690514 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б 1975 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн “Буянтын хөндий” гэх газар иргэн Д.О тай маргалдан зүүн гарыг нь мушгиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн “Буянтын хөндий” гэх газар иргэн Д.О тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, зүүн гарыг нь мушгиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би даргадаа Д.О тай хамт ажиллаж болохгүй байна гэдгээ хэлсэн. Би Отгоо эгчийн гарыг нь мушгиагүй. Д.О д ингэж ажиллаж болохгүй шүү дээ гэхэд Отгоо эгч над руу дайраад баруун гараараа шанаадаад байсан. Гар нь өвдөөд болих байх гэхэд, намайг олон хүмүүсийн өмнө ална гээд боогоод чирэхэд нь би гарыг нь тавиулаад түлхсэн.
...миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хамтарч ажилласан. Би Сүхээтэй /Баянмөнхтэй/ “олсон алтаа нийт 8 хүндээ хуваана, өөр хэн нэгэнд хуваахгүй, хамтарч алт олборлоно, хэн нэг нь дангаараа алт олборлохгүй” гэж тохиролцсон байсан. Гэтэл шүүгдэгч надгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр нүхэндээ орчихсон, алт олборлож байсан учир би Баянмөнхтэй уулзъя гэхэд тэр надад “би сумын төвд байна” гэж хэлээд надтай уулзаагүй. Дараа нь шүүгдэгчтэй уулзаж “яагаад ганцаараа нүхээ онгойлгосон юм бэ?” гэхэд “дарга намайг ажиллаж болно гэсэн учир би ажиллаж байсан” гэж надад хэлсэн. Би “чи надад энэ талаараа ядаж утсаар хэлж болох байсан шүү дээ” гэхэд шүүгдэгч намайг хэл амаар доромжлоод байсан. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би суман дээр ирсэн зочид төлөөлөгчдийг гаргаж өгөөд, ажлын харуулын байранд ирж хоол идээд дуустал шүүгдэгч “Отгоо эгч надаас зөндөө алт авсан, надад 3 хүний хувь өгсөн, 50 хувийг нь өгнө гэж хэлчхээд 3 хүний хувь өгсөн” гэж олон хүний дэргэд эвгүй байдалд оруулсан. Маргааш өдөр нь намайг луйварчин авгай гээд олон хүний дунд хэлж, тэвчишгүй байдалд оруулсан учир би бариад авахад миний гарыг мушгиад түлхэхэд миний гар эвгүй болчихсон. Тухайн өдөр цас орсон байхад жижиг тэрэгтэй өгсүүр газар явж чадахгүй байхад энэ хүн том машинтай байж намайг авч яваад эмнэлэгт хүргээд өгч болох л байсан шүү дээ. Шүүгдэгч нь надад эмчилгээний зардал төлөөгүй, би эмчилгээний зардалд 300000 төгрөг, ажил хийж чадаагүй учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2 сарын цалин, нийт 780000 төгрөг нэхэмжилж байгаа. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хохирогч Д.О ын Шарын гол сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хэргийн 3/,
-Гэрч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Отгонжаргалын дуу л хадаад байсан. Би тэгээд хэрүүл болоод байхаар нь яваад өгсөн. Манаачийн өрөөнд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд сонсоход Отгонжаргал гэх хүний гар хугарсан байна гэж сонссон. ” гэх мэдүүлэг /хэргийн 11/,
-Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Намайг сонсоход алтаа булаацалдаад байгаа юм шиг “миний алт, мөнгө идсэн заваан авгай” гээд Баянмөнх гэх залуу нь орилоод байсан. Та 2 болиоч гээд би гарын үсэг зурах гээд эргээд харахад гар нь эвгүй болсон байсан. Өөрөө “гар яачхав аа” гээд гараа харуулаад байсан. Би харахад гар нь хугарсан байсан, хугарсан нь илт харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч Н.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний гарыг Баянмөнх ийм болгочихлоо гээд надад үзүүлсэн чинь гар нь бугуйн ар хэсгээрээ тахийсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,
-Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баянмөнх чичилж байсан гарыг нь барьж аваад хажуу тал руу нь дарах шиг болсон. Айхтар ард талд нь гартал мушгисан зүйл уг нь харагдаагүй.
...би дундуур нь орж салгаад та нар гарч хэрүүл хий гээд Баянмөнхийн барьж байсан гарыг тавиулсан.
...чи хүний гар хугалаад хаячлаа анхан шатны тусламж үзүүл эмнэлэг яв гэж хэлсэн. Тэгтэл Баянмөнх “надад ямар хамаатай юм” гээд тоохгүй гараад явсан. Тэгээд Мөнхцэцэг эгч Отгонжаргалыг машиндаа суулгаад аваад явсан. Араас нь жаахан байж байгаад залгасан чинь “эмнэлэг дээр ирчихсэн байна, гипс тавьж байна” гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,
-“…Д.О ын биед зүүн шуу ясны битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын зүгээс “хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, санаатай хүндэвтэр хохирол учруулаагүй” гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.
Хэрэг учрал болсон цаг хугацаанд шүүгдэгч Б.Б , хохирогч Д.О нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн гарыг мушгисан үйлдэл нь хууль бус үйлдэл гэдгийг шүүгдэгч Б.Б ухамсарлаж байсан бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирч болохыг мэдэж байсан боловч хууль бус үйлдлээ зогсоогоогүй байна. Шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.О ын зүүн гар хугарсан байх тул “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.О ын эрүүл мэндэд “...зүүн шуу ясны битүү хугарал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.О ын эмчилгээ хийлгэсэн 125365 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Мөн хохирогч Д.О нь хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл албан ёсоор төлдөггүй боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 480000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Б.Б өөс нөхөн төлбөрт 480000 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Б өөс нийт 605365 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн “Буянтын хөндий” гэх газар иргэн Д.О тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, зүүн гарыг нь мушгиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б өөс 605360 /зургаан зуун таван мянга гурван зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О-д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ