Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 16

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.П  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1818008130549 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.П 1991 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Б.П  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох 4 дүгээр бригадын ертөнцийн зүгээр урд зүгт төв асфальтан зам дээр иргэн Т.Ганцогийн өмчлөлийн 4067 УНД улсын дугаартай “хюьндэй соната” маркийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б, 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдож,  П , Г.Т нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.П  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох 4 дүгээр бригадын ертөнцийн зүгээр урд зүгт төв асфальтан зам дээр иргэн Т.Ганцогийн өмчлөлийн 4067 УНД улсын дугаартай “хюьндэй соната” маркийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  2 дугаар бүлгийн 2.3.б, 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдож,  П , Г.Т нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:        

 

-Шүүгдэгч Б.П ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүргэн ах Ганцогтын 4067 УНД улсын дугаартай машиныг жолоодоод төрсөн эгч Б.П , түүний хүүхдүүд болох Үйлстөгөлдөр, Г.Т нарын хамтаар Улаанбаатар хотоос 7 цагийн орчим гараад 9 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт явж байгаад замын хажуу руу унасан. Тэгээд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг орж үзүүлээд хүргэн ах Ганцогт ирж бид нарыг Улаанбаатар хот руу аваад явсан.

...гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-7/,

-882331 дугаартай жолооны үнэмлэхийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 10/,

 

-Хохирогч П гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр миний төрсөн дүү Б.П  машин жолоодоод би урд суудалд 1 сартай Г.Төгөлдөр-Эрдэнэтэй хамт, арын суудал дээр Г.Үйлстөгөлдөр унтаж явсан юм. Тухайн үед Б.П  намайг дуудах шиг болсон чинь замын хажуу руу унасан. Би шоконд ороод юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд удалгүй ухаан ороод сэрэхэд миний хүү Г.Т миний хажууд доошоо харчихсан уйлаад байж байхаар нь дээш өргөж аваад байж байтал 3 настай Үйлстөгөлдөр машин дотроос уйлаад гараад ирсэн. Машины 4 дугуй нь дээшээ харчихсан Б.П  дотроос гарч чадахгүй байсан.

 ...Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.П  нь миний төрсөн дүү юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14, 17-18/,

 

-Гэрч Т.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 сарын 15-ны өглөө 06 цаг өнгөрч байхад манай эхнэр Б.П , хүү Үйлстөгөлдөр, Г.Т болон эхнэрийн төрсөн дүү нар Сэлэнгэ аймаг руу миний эзэмшлийн 4067УНД улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Эхнэрийн дүү Б.П  машиныг жолоодож явсан юм. Тэгтэл 09 цагийн орчим нэг танихгүй хүн утсаар залгаад "таны машин Хонгор сумын орчим уначихсан байна, хүүхдүүд чинь гайгүй, эхнэр чинь босч чадахгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос гарч Дархан ороход манай эхнэр хүүхдүүд Дарханы эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт хэвтсэн байсан. Би тэр өдрөө эмнэлгийн машинаар Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэг рүү эхнэр хүүхдүүдээ авч ирээд эмчилгээ хийлгэсэн.

...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/,

 

-“Жолооч Б. Б.П  нь Соната-6 маркийн 40-67 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч Батболд овогтой Б.П  нь Соната-6 маркийн 4067 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлэг 9.1-т  “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн дүрмийн 2-р бүлэг 2.3 б/ хамгаалах бүсээр тоглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. гэсэн заалтуудыг зөрчсөн. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь Хюьндэй Соната-6 маркийн 4067 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Батболд овогтой Б.П  асуулт 2 дээр байгаа Моннол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 28/,

 

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 32-36/,

-“Б.П ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун зулайн хуйханд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн  тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12957 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 40/,

“ Г.Ү-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13019 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 44/,

-“Г.-ийн биед дагз ясны баруун талд хөндлөн хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа О.З см зузаан, тархины эдийн цус хуралт 1.8х1см, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 12962 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 48/,

-“...П гийн биед зүүн талын 4,5,6,10,11 дүгээр хавирга нугалмын хажуу шугамаар зөрөө багатай, 7,8,9,10 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар зөрөөтэй, 5 дугаар хавирга суганы дунд шугамаар зөрөөгүй хугарал, баруун талд 5,6,7,8 дугаар хавирга эгэмний дунд шугамаар зөрөөтэй, 7,8,9,10,11 дүгээр хавирга нугалмын хажуугийн шугамаар хугаралтай, зүүн талын эгэм гадна төгсгөлийн хэсгээр хугарал, баруун уушгины дунд дэлбэнгийн авчилт, баруун зүүн талд цээжний хөндийд шингэн хуралт, бүсэлхий нуруунд шарх, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 12961 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 52/,

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн тэмдэглэл, өвчний түүх /хэргийн 71-99/,

-Хохирогч, яллагдагч нараас гаргасан “...бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн.” гэх баталгаа /хэргийн 107/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.П ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.П ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П  “...миний хувьд болон манай гэр бүлийн хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.П  нь миний төрсөн дүү юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.П оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.П  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох 4 дүгээр бригадын ертөнцийн зүгээр урд зүгт төв асфальтан зам дээр иргэн Т.Ганцогийн өмчлөлийн 4067 УНД улсын дугаартай “хюьндэй соната” маркийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б, 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдож,  П , Г.Т нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.П  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Б.П ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.П  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.П ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.П ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 882331 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.П ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.П ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.П ид согтууруулах ундааны зүйл хэрэглэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.П ид анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.П ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 882331 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ