| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2022/04600/И |
| Дугаар | 210/МА2023/01103 |
| Огноо | 2023-06-02 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмчийн бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2023/01103
2023 06 02 210/МА2023/01103
Монгол Улсын Консерватори ТБАГУТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01084 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Монгол Улсын Консерватори ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Гэгээрэл сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1447 дугаар шийдвэрийг үндэслэн явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018126 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаар байр, агуулахын хэсэг хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлж өмчлөх эрхтэй болсон.
Энэ үеэс хойш өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхээр Гэгээрэл сууц өмчлөгчдийн холбоонд албан бичиг хүргүүлж, суллаж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч суллаж өгөхгүй, хууль бусаар эзэмшиж байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэгээрэл сууц өмчлөгчдийн холбоо нь уг агуулахын талбайг тус байрыг барьсан гүйцэтгэгч Өлзийт учрал ХХК-аас авсан. Нэхэмжлэгч нь сургалт боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаатай, газар эзэмших эрхийн 000010701 дугаар гэрчилгээ авсан нь хууль бус байна. Учир нь тус газарт сууц өмчлөгчдийн холбооны эзэмшилд байдаг, бүх дулааны магистрал, халуун хүйтэн усны шугам байдаг. Үүний засвар үйлчилгээг нэхэмжлэгч хариуцах боломжгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Консерватори ТБАГУТҮГ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203018126 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаартай байрны агуулахын хэсэг тоот, 30 м.кв талбайг хариуцагч Гэгээрэл сууц өмчлөгчдийн холбооны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Монгол Улсын Консерватори ТБАГУТҮГ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэгээрэл сууц өмчлөгчдийн холбооноос 70,200 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Консерватори ТБАГУТҮГ-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Манай сууц өмчлөгчдийн холбоо нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 41 дүгээр байранд 2 орцтой нийт 32 өрхтэй. Барилгыг барьсан компанийн зураг төсөлд сууц өмчлөгчдийн холбоо болон техникийн өрөө гэсэн албан ёсны эскизтэй батлагдсан. Манай сууц өмчлөгчдийн холбооны гадна талаас ордог В1 давхарт байрлалтай өрөө юм. Үүнийг бусдад шилжүүлснийг мэдээгүй, бусдад өмчлүүлнэ гэж бодоогүй. Гэтэл аль хэдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулчихсан, агуулахын зориулалттай болгож өөрчилсөн байна. Уг өрөөнд барилгын дулааны магистрал, халуун хүйтэн усны бүх шугам байрладаг. Бид ариун цэврийн болон угаалгын өрөөний асуудлыг шийдвэрлэсэн. 32 айл хохирох гээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбарын агуулга:
Шүүх маргааныг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, ямар нэгэн хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхгүй байна. Хариуцагчийн давж заалдах гомдолд шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан агуулгад нийцэхгүй гомдол гаргасны зэрэгцээ давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргахыг хүсэж байгаа нь ойлгомжгүй байгаа нь гомдол бүхэлдээ үндэслэлгүй болохыг харуулж байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Монгол Улсын Консерватори ТБАГУТҮГ нь хариуцагч Гэгээрэл сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаар байр, агуулахын хэсэг хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1447 дугаар шийдвэрээр Өлзийт учрал ХХК-аас 38,000 ам.доллар гаргуулан Хөгжим бүжгийн коллежид олгож шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Хөгжим бүжгийн коллеж болон С.Тунгалагийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, дээрх 38,000 ам.долларын төлбөрт тооцож С.Тунгалагийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018126 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаар байр, агуулахын хэсэг хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий 1/11509 дугаар албан бичиг, Хөгжим бүжгийн коллежийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 179 дугаар хүсэлт, С.Тунгалагийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн өргөдөл баримтуудыг үндэслэн Хөгжим бүжгийн коллежийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн байна.
3.2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын Консерватори ТБАГУТҮГ (хуучнаар Хөгжим бүжгийн коллеж)-ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж дүгнэх үндэстэй.
3.3. Хариуцагч Гэгээрэл сууц өмчлөгчдийн холбоо нь тус үл хөдлөх эд хөрөнгөд барилгын дулааны магистрал, халуун хүйтэн усны бүх шугам байрладаг тул хариуцагчийн эзэмшилд байх ёстой, мөн үл хөдлөх эд хөрөнгийг барилгын гүйцэтгэгч Өлзийт учрал ХХК-аас шилжүүлж авсан гэж маргаж, мөн энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
3.3.а. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаас үзэхэд, Өлзийт учрал ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй, зоорийн зориулалттай, нийт 1147.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс 30 м.кв талбайг иргэн Д.Буянтогтохтой байгуулсан 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захиалгын гэрээг үндэслэн шилжүүлснээр анх агуулахын зориулалтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018126 дугаарт Д.Буянтогтохын өмчлөлд 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн, улмаар Д.Буянтогтохоос С.Тунгалагт 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.
3.3.б. Түүнчлэн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байх бөгөөд орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан.
Гэвч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд барилгын дулааны магистрал, халуун хүйтэн усны бүх шугам байрладаг, мөн барилгын гүйцэтгэгч Өлзийт учрал ХХК-аас шилжүүлсэн гэх татгалзлаа хариуцагч нь баримтаар нотлоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018126 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 12/1 дугаар байр, агуулахын хэсэг хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01084 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.ЗОЛЗАЯА